БӨМБӨЛӨГ

2008.04.15

“Хямрал айсуй” гэж Жорж Сорос ярьж байна.

-Хямрал хэр удаан үргэлжлэх бол?

-Улстөрчид хэр түргэн “олж харахаас “шалтгаална даа. Гэхдээ тэд хямралыг олж харахыг хүсэхгүй байна хэмээн тэрбумтан Блуумбергийн сурвалжлагчтай ярихдаа тэмдэглэлээ. Америкийн төдийгүй дэлхийн эдийн засагт нүүрлээд байгаа хямралын талаар өдгөө санхүүгийн шинжээчид олонтаа цохох боллоо. Энэ оны хоёрдугаар хагасаас улс орнуудын эдийн засагт үр дагавар нь илүү мэдрэгдэнэ гэсэн дүгнэлтийг Дэлхийн банкнаас гаргаад байна.

Ертөнцийн баруун бөөрнөөс бөмбөлөг эхлээд хөөрсөн агаад энэ бол эдийн засгаа засч залуурдаж чадаагүй орны улстөрчдөд зориулан гаргасан нэр томъёо юм. Бөмбөлөг хэмээн өхөөрдөн нэрлэсэн, мөн чанартаа бодлогын алдаа билээ. Монгол оронд ч эдүгээ инфляцийн бөмбөлөг таргалж томроод, дээр өндөрт хөөрч доороос нь бид оосорлож, газардуулж дийлэхээ больжээ. Хоёрдугаар сард 18 орчим хувьтай гарсан инфляцийн үзүүлэлт энэ сард дахин нэмэгдэх нөхцөл бүрдээд байна. Энэ удаагийн нэмэгдэл огцом өгсөх магадлалтай нь мөн л бодлогын алдааны үр дагавар билээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундаас энэ жилийн гуравдугаар сарын 15 хүртэл бензин шатахууны үнийг хүчээр барьсан арга хэмжээний зорилго, хүрсэн үр дүн юу байсныг өнөөдөр зориглож хэлэх албан тушаалтан үгүй биз ээ. Дээрх хугацаанд дэлхийн зах зээл дээр баррель нефьтийн үнэ 20 орчим ам. доллараар нэмэгдэж, оросууд экспортын нэг тонн шатахууныхаа үнийг нийт 160 доллараар өсгөсөн байх аж. Жамаараа хадаж буй зах зээлийн үнэд бензиний эцсийн хэрэглэгч болдог монголчууд энд “төрийн зохицуулалт” хийж суугаа нь цагаан сар хэмээгч баяраас л болсон гэсэн тайлбар зүүхээс өөр аргагүй ядсан арга юм. Гурван сар барьсан ханшийг саяхан чөлөөлж, компаниуд алдагдлаа бөөнөөр нь бүтээгдэхүүнийхээ үнэд шингээв. Хүрсэн үр дүн бол ердөө энэ. Төсвөөс компаниудад татаас өгсөн. Гэвч дутуу хагас олгосон тэр мөнгө алдагдлыг нь бүрэн нөхөөгүй. Тэгвэл тэр 12 тэрбум төгрөгийн татаасаар шатахууны нөөц бүрдүүлэхэд шаардлагатай төхөөрөмж суурилуулж болох байсан уу? Ингэсэн бол алс ирээдүйдээ бидэнд хэрэгтэй байв уу?

Арай алсханыг харсан аливаа арга хэмжээг авах улстөрч одоохондоо үгүй байна. Сонгууль хаяанд иржээ. Бөмбөлөг үлээгээд хөөргөөд байх нь баярын жавхаатай гэнэ. Гурван сарын турш үнэ ханш өсгөөгүй Ерөнхий сайдад зориулсан бөмбөлөг тээр дээр хөөрч явна. Араас нь гуравдугаар сарын инфляц томроод өөрөө нисээд явчихав. Түүнийг буудчих. Пан!

Нефть болон хүнсний бүтээгдэхүүний ханш огцом өсч байгаа энэ бэрхшээлт үед хөгжиж буй цөөнгүй улс оронд үнийг захиргааны аргаар тогтоон барих оролдлого хийгээд байна. Тэгэхээр энэ нь ганц манай Ерөнхий сайдын алдаа биш агаад татаас нэрээр шатахуун импортлогчдодоо төсвөөс асар их мөнгө олгосон нь зүүн Азийн зарим орны төсвийг хүнд байдалд оруулж эхэллээ гэсэн дүгнэлтийг Дэлхийн банк хагас жилийн тайландаа дурджээ. Бөмбөлөг хөөргөж тоглодог жишээ Америкт ч давтагдлаа. Холбооны нөөцийн газрын захирал Бэн Бернанк тус улсын эдийн засаг энэ оны хоёрдугаар хагас, ирэх жилийн турш эргээд өсөлтийн түвшиндээ хүрнэ гэх мэтээр 200 хуудас илтгэл бичээд үлээгээд хөөргөчихсөн билээ. Энэ нь даанч худал амлалт гэдгийг энгийн америк иргэн Wal-Mart сүлжээний дэлгүүрт ороод шууд л мэдэрч чадна. Бараа бүтээгдэхүүний үнэ Америкт тасралтгүй нэмэгдэж, долларын ханш унан, инфляц өссөөр байна. Гэсэн ч худал ярих, түр зуурын арга хэмжээ авах нь арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл ашигтай гэж эрх баригчид үзэж байгаа юм.

Гоё бөмбөлгүүдийн араас эдийн засгийн хямрал дэлхийг торлон сүлжсээр байна. Америкчууд инфляцаа тогтоон барьж чадахгүй бол Хятад руу хямрал шилжин байрших тун магадлалтай болжээ. Хоёр их гүрэн эдүгээ 500 тэрбум ам. долларын худалдаа хийдэг. Хятадын банкуудад америк долларын асар нөөц хуримтлагдсан. Эргээд юань долларыг дарангуйлах магадлал өндөр. Юанийн ханш чангарсаар байвал манай худалдаачид импортын инфляц нэмж чирж ирсээр байх нь. Энэ мэтээр үгүйсгэж үл болом, хоорондоо гинжлэн нягт холбогдсон хямралын ирмэг дээр бид ирээд байна.

Дэлхийн хямралыг дооглох зуур

Орон сууцны зээлийн хямрал Монголд ойрхон нүүрлэж болзошгүй юм. Сүүлийн жил хагасын хугацаанд манай орон сууцны зах зээл дээр үнэ ханш огцом өсч, байдал эрүүл бус хандлагатай болсныг ил хэлэх хүн үгүй байна. Энэ бол 2000-гаад оны эхнээс Америкт өрнөсөн үйл явцын хялбаршуулсан хувилбар. Эдийн засагт мөнгө маш ихээр урсан орж ирэхтэй зэрэгцэн, орон сууцны зээлийг баруун солгойгүй олгож байсан саяхны Америк жишээ. Эрсдэлтэй, найдваргүйг үл тоон зээл олгож, эргээд арилжааны банкууд төлбөрийн чадваргүй болсон түүх Монголд давтагдах магадлал өндөр болжээ.

Барилгын компаниуд үнэ өсгөөд байгаа мэт дүр зураг харагдаж байгаа боловч эрүүл бус энэ мөнгө хүүллийн ард арилжааны банкууд өөрсдөө бий. Чухам тэд барилгын компаниудад зээл олгож, дараа нь сууц худалдан авагчдад өндөр хүүтэй зээлийг мөнөөх “өөрийн” сууцаараа барьцаалан өгч, товчхондоо ам. метр нь 1000 доллар хол даваад байгаа эрүүл бус хүүллийг зохион байгуулж байна. Ийм наймааны явцад барилгын компаниуд дундаас нь ашиг унагах байдлаар оролцох болжээ. Америкт үл хөдлөх хөрөнгийн зах зээл хямралд автсан талаар бид уншиж сонсож суугаа боловч эндээ, Монгол нутагт байдал нэг л хачирхалтай тогтцоор яваад байгааг үл анзаарах аж. Америкийн Холбооны нөөцийн газар одоо эрсдэл хүлээсэн арилжааны банкуудаа хөл дээр нь торгоох гэж 260 тэрбум долларыг тодорхой графикаар тэтгэлэг маягаар түгээж байгаа. Холбооны нөөцийн газар цаг тухайд нь хяналт тавиагүй гэсэн үг. Тэгээд одоо татвар төлөгчдийн асар их мөнгийг хямралыг саармагжуулах зорилгоор цацаж байна. Энэ бол бодлогын алдаа билээ.

Монголбанк өнгөрсөн зунаас мөнгөний бодлогоо чангатгаж, бодлогын хүүгээ аажмаар өсгөж эхэлсэн. Гэвч уг арга хэмжээ зөвхөн үйлчилгээний салбарт орж буй мөнгөний их урсгалыг хумих л өрөөсгөл хандлагатай байна уу даа гэсэн эргэлзээ төрөх юм. Түүнчлэн Уго Чавесаас санаа аваад, цементийн үйлдвэрээ улсын мэдэлд нийгэмчлэх мэргэн санаагаар орон сууцны үнэ ханшийг Засгийн газар зохицуулна гэдэгт эргэлзэж байна. Ер нь Венесуэл, Монгол хоёр бие биеэсээ харилцан туршлага солилцдог ах дүүсэг хандлага сүүлийн үед цухалзах болов. Венесуэлийн засаг захиргаа нефьтийн компаниудаас гэнэтийн ашгийн татвар авч эхэлсэн нь манайхтай бодлого ижилсэж буйн жишээ биз ээ.

Инфляцийг буудчих

Сонгууль өнгөртөл хэрэглээний барааны үнийн индекс гэгчийг тодорхой зарлахгүй байж болно. Тийм арга статистикчдад бий. Хэрэв инфляцийг бодитойгоор тооцон гаргавал хоёрдугаар улирлын дүнгээр 20 хувь хүрэх “боломжтой”.

Хөрш ОХУ-д инфляц мөн 20 хувийн босго давахад ойрхон болжээ. Харин манайхаас ялгаатай нь тэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн хэт өсөлтөөс хамгаалах арга хэмжээг шуурхай далайцтай авах бололцоотой. Оросын дотоодод бензиний хүрэлцээ муудаад эхэлмэгц экспортоо эрс багасгасныг манай уншигчид одоогоор дуулаагүй яваа байж магад. Энэ оны эхний хоёр сарын мэдээгээр оросууд автобензинийхээ экспортыг 35, дизель түлшний экспортыг 12 хувиар тус тус багасгасныг Холбооны гаалийн алба өнгөрсөн долоо хоногт мэдээлэв. Ингэснээр Оросын уудам нутагт шатахууны хүрэлцээг зохистой түвшинд барихаар оролдож буй юм. Түүнчлэн сүү, талх, гурилан бүтээгдэхүүний ханш огцом өсч байгааг эдийн засгийн аргаар зохицуулах оролдлого хийж эхэллээ. Улаан буудайн экспортыг түр хориглов. А. Гордеев Хөдөө аж ахуйг хөгжүүлэх тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт хийх санаануудаа ДУМ-д хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

Харин хятадууд инфляцийг тогтоон барихын тулд нүүрснээс түлш гаргадаг боловсруулах үйлдвэрүүдийг нэн шуурхай байгуулж эхэллээ. Хятадын эрх баригчид улс орныхоо эдийн засагт нүүрлээд байгаа хамгийн том аюул бол өсөн нэмэгдэж буй инфляц хэмээн зарлаад, алсыг харсан алхмуудыг яаралтай авч буйн ганц жишээ энэ ээ.

Тэгвэл “монгол” инфляц шинэ нэртэй болсон шүү. Түүнийгээ бид “импортын” инфляц гэж алдар юуг нь солиод, одоо тоохоо ч больсон мэт санагдана. Хэрэглээний барааны үнийн өсөлтийн харьяаллыг гадаад, дотоод гэж хэчнээн өөрчилсөн ч тэр үзүүлэлт бидний амьдралд нэрмээс болон “өөриймссөөр” байх аж. Нөөцөө хавар гаргаж махны үнийг хянадаг арга хоцрогдсоныг эдүгээ бид харж байна. “Меркури” хүнсний захаас нэг килограмм үхрийн мах 4500 төгрөгөөр худалдаж авлаа. Уг нь нөөцийн махыг 2100 төгрөгөөр борлуулах бодлого бий. Энэ тоог аанай л баярын бөмбөлөг дээр бичээд бүр эртүүд хөөргөчихсөн л дөө. Махны ханшийг тогтоон барих хуучны бодлого манайд явахаа больжээ.

Дэлхий дахиныг хамраад байгаа инфляцийн өсөлтийг улс орнууд алсын хараатай бодлогоороо тогтоон барихыг оролдож буй билээ. Шатахуун, буудай, будааны үнэ рекорд түвшиндээ хүрч байна. Орлуулах, хэмнэх, төсвийн зардлаа багасгах арга хэмжээг юуны түрүүнд улс орнууд авсаар. Харин Монголд эхлээд худал хэлж байна. Энэ оны хоёрдугаар хагасаас инфляцийг нэг оронтой тоонд оруулан нарийхан болгоно хэмээн Монголбанкны дэд ерөнхийлөгч мэдэгдэв. Араас нь залгуулаад, намуудын мөрийн хөтөлбөрт халамжийн мөнгө тусгалаа олж байна. Аль нь үнэн үг, зөв бодлого юм бэ дээ? Шатахууны үнийг хүчээр барихынхаа хамт төсвийн ажилтан 120 мянган хүний цалинг мэдэгдэхүйц хэмжээгээр өсгөв. Бизнесийн салбарынханд ажилтнуудынхаа хөдөлмөрийн хөлсийг нэмэх бололцоо харин гараагүй байгаа. Хувийн хэвшлийнхэн төсвийн 120 мянган ажилтны нэмэгдсэн цалинг олж өгөх гээд татварт ашиг орлогоо суутгуулаад зүтгэж явна. Энэ бүх гажуудал нь дэлхийн зах зээлээс айсуй их хямралын өмнө улс орны эдийн засгийг улам бүр хамгаалалтгүй болгож байна. Монголд одоо “сонгуулийн” инфляц моодонд ордог улирал айлсжээ. Мөнгө амлаж, бөмбөлөг нисгэх бүрийд маргаашийн амьдрал маань эрсдэлд орж байна.

Бодлого хаачив

Монголын зах зээлд асар их мөнгө урсан орж ирж байна. Ашигт малтмалын ордуудыг ашиглаж эхлэх үед энэхүү урсгал улам бүр түрнэ. Харин мөнгөний урсгалыг зохицуулдаг бодлого нь хаана байна вэ? Холыг харсан бодлогогүй, нөхөн олговор, цалингийн нэмэгдэл мэтхэнээр хоёр гурван сардаа хүмүүсийн сэтгэлийг худалдан авдаг арга барилаар тэр их мөнгөн урсгалыг зохицуулах боломжгүй. Хөрөнгө оруулалт ихээр цутган орж ирж буй Хятадын эдийн засагт хямрал нүүрлэх вий гэсэн болгоомжлолыг санхүүгийн шинжээчид хийсээр байгаа билээ. Монгол, Хятадын жишээ нь далайцаараа зүйрлэшгүй ялгаатай боловч агуулга ав адилхан.

Улс төр нь эдийн засгаа дарангуйлж, эрүүл ирээдүйг харсан шийдвэр гаргахад саад болсоор байна. Америк долларын ханш унах тусам нефьтийн үнэ өснө. Өнгөрсөн зун нэг тонн нь 170 доллар байсан улаан буудай одоо 300 доллар хүрч, Оросын зах зээл дээр үүнээс ч өндөр ханштай боллоо. Айсуй аюул гэгч нь монголчуудын хувьд эхний ээлжинд чухам эдгээр юм. Түүнээс цаашлаад, дэлхийн эдийн засаг ойрын хоёр гурван жилд дахин шалгалт өгөх, шинэ сорилтыг даван туулах асуудалтай тулгарав. Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дэх гажуудлын үр дагавар өмнөх хямралуудтай харьцуулахад хоёр дахин урт хугацаанд дэлхийн эдийн засагт нөлөөлнө гэсэн шинжээчдийн таамаглалыг мөн л бодлогын түвшинд бид анхаарах ёстой.