2008.04.22
Хөх цэнхэр өнгөөр өвч гэрэлтсэн цэлгэр танхимд “Нэгдмэл Орос” нам ялалтаа тунхаглав. Шинэчлэгч өнгөнд тэр чигтээ уусахыг Оросын социалистууд яарах аж. Тэд час улаанаас учиргүй эмээдэг энгийн айдастай. Коммунистуудтай төрөл ойртох вий гэсэн мөнхийн болгоомжлол “Нэгдмэл Орос”-ыг нэлэнхүйд нь хөхөлбөр туузаар ороожээ.
Чухам энэхүү айдсын чанадад тус намын рейтинг торгоож байдаг билээ. Борис Грызлов хэдий хуучинсаг төрхтэй харагдавч хэзээ ч коммунист болохгүй. Түүний тэргүүлдэг “Нэгдмэл Орос” нам Геннадий Зюгановын Коммунист намаас хол тусгаарласны хүчинд өдгөө Орос орон даяар хүчирхэг дэмжлэг аваад байна. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт нээгдсэн тус намын IX их хурлын явцыг анхааран сонсохдоо хөрш их гүрэнд маань ойрын жилүүдэд ямархан өөрчлөлт хэрэгжиж, бодлого чиглэл нь хаашаа зүглэхийг тандахыг оролдсон билээ.
Их Оросын түүхэнд байгаагүй эв нэгдлийн тухай барууны зарим хэвлэл дуу алдахад хүрсэн. Ойрын жилүүдэд “Нэгдмэл Орос” намын бодлого тус улсад биеллээ олно гэсэн үг. Мөн л энэхэн мөчөөс эхлээд Орос улс дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай таван орны тоонд багтах шаргуу зорилт тунхаглаад байна. Эдийн засаг нь ийм боломж амлажээ.
Ноён Грызлов намаа Путинд өгч байх мөчид Forbes сэтгүүл хорвоогийн хамгийн баян 100 хүнийг зарлаадахав. Эхнээсээ есдүгээрт монголчуудын танил Олег Дерипаска “авга” оржээ. “Үндсэн элемент” хэмээх түүний компанийн нэр талын Монголд сонсогдох нь олширсон шигээ дэлхийн бизнесийн ертөнцөд танил болж байна. Араас нь А. Мордашев, P. Абрамович гэхчлэн Оросын тэрбумтан 16 эр алдраа мандуулсан харагдана. Дэлхийн тэргүүн баян 100 эрхмийн дунд нэр төрөө мандуулах нь бахархалтай явдал. Харин тэрхүү алдрын титмийн талаар энгийн орос эр бол үл ялиг мөрөө хавчисхийн тоомжиргүй өгүүлэх нь лавтай.
Эдүгээгийн тэрбумтнуудыг өлгийдөж авсан тэртээ өдрүүдийн өмч хувьчлалын тухай болоод ваучер гэгч хачин үгнээс тосгоны орос эр жийрхсэн хэвээрээ яваа. Өмч хувьчлалыг гардан хийсэн баруунтнууд л өдгөө ч алдаагаа хүлээн зөвшөөрөх дургүй байдаг гэнэм. В. Путиний засаглалаас өмнө Орос оронд баруунтнууд хүчээ авч “радикал” арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсний гавьяа шагнал нь Forbes-ийн баячууд юм. Ваучерын үр сад өлгийнөөсөө өндийжээ.
Оросын баялгийг гартаа авсан олигархууд Forbes-ийг ийнхүү өнгөлж байх мөчид “Нэгдмэл Орос” намын шинэ тэргүүн В. Путин болоод шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Д. Медведев нар улс орондоо эдийн засгийн шинэтгэл хийнэ хэмээн зарласан юм. Байгалийн монополиудыг задлах санаатайгаа, өрсөлдөөнийг хүчтэй болгохыг эрмэлзэнэ гэдгээ В. Путин эчнээ Ерөнхий сайдын хувьд өнгөрсөн мягмар гаригт зарлалаа. Өөрөөр хэлбэл, оросуудын олонхийн дэмжлэгийг нэгэнт авсан “Нэгдмэл Орос” эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийх шив шинэ бодлого хэрэгжүүлэх гэж байна. Зориг зүрхтэй үзэх ч бололтой. Учир нь Оросод одоо баруунтнууд байхгүй. Сөрөг хүчин үгүйтэй адил. Барууны хүчнүүдийн холбоо гэгч хүч тарамдсан улс төрийн байгууллага үхсэн амьд нь үл мэдэгдэх болсон агаад тэртээ ваучерын үеийнхээ онигоонд хааяа хаяахан хавчуулагдчихаад л, сувилалд удаж буй сульдаа нэгэн аятай харагдах юм. Монголын баруунтнуудыг үгүйлсэн гарчиг дээр хаяж орхиод өдий болтол тэдний тухай үг унагахгүй байгаад Ардчилсан намын гишүүн – уншигч лав бухимдаж эхэлсэн байх аа. Нээрээ манай улс төр дэх барууны хүчин амьсгал хураагаад, амар сайхандаа жаргаад хэдэн жил болсон шүү дээ. Харин “Ардчиллынхаа хоёр дахь амьсгалыг үйлдвэржилтээр баталгаажуулъя аа” хэмээн өнөө олон үгт Элбэгдорж ашгүй нэг хүнд хэрэгтэй, чихэнд наалдацтай санаа цухуйлгаж, энэ улсад барууны чиг баримжаа эрхбиш гол тасраагүйг мэдрүүлэв.
Баруунтан үгүй өдрүүдэд юу болж бантагнасныг эргэн харцгаая. Хойд хөршид бол Forbes-ын баячууд олширч, талх, сүүний өндөр үнэд цохиулсан хөгшид хажуугаар нь бухимдсан. Харин манай Монголд хөгшин залуу, ажилтай ажилгүй бүх хүний цалин нэмэгдсэн. Өнгө өнгийн хавтастай дэвтэр гаргаад л халамжийн цалинд орон даяараа дугаарладаг гэрэлт коммунизмын эхний үе шатандаа бид дэвшин орж амжсан билээ. Монголын баруунтнууд үүрэглэх зуур хамгийн зогсонги байдалд орсон хэсэг бол хувийн салбарт ажил эрхлэгсэд. Тэдний цалин нэмэгдэх бололцоо гараагүй ээ. Бодлого хөгжил хэт зүүнтээ хэлбийсний дараа Засгийн газрууд “Сул зогс!” команд өгч эхэллээ. Үнэ ханшийг цаашид барих боломжгүй болсон хэмээн зарлав. Төв банк арилжааны банкуудын олгож байгаа чанаргүй байж мэдэх зээлийг хянахыг оролдож эхлэв. Инфляцийг захиргааны аргаар өнгөрсөн оны сүүл үеэр барьж болоод байсан. Одоо бол инфляц хяналтаас гарсныг хүлээн зөвшөөрч байна. Оросод ч, Монголд ч ойролцоо нөхцөл байдал үүсээд байна. Тавдугаар сарын 1-нээс хойш засаг ямар ч бараа бүтээгдэхүүний үнэ ханшийг хүчээр барихгүй гэж Оросын Эдийн засгийн яамны төлөөлөгч баасан гаригт мэдэгдлээ.
Дараа нь яах бол? Эдийн засгийг социалист баримжаагаар удирдан залах бодлого мухардалд ороод байгаа мөчид хэн түрүүлж дуугарах ёстой юм бол? Ерөнхийдөө дэлхийн эдийн засаг ч ялгаагүй ацан шалаанд шахагдаж эхэлсэн. Цэвэр агаар, шинэ бодлого, өөр хандлага гэхчлэн цэцэрхэх хүн ч олширч байна. Юуны өмнө нийгмийн бухимдлын уур амьсгал мэдрэгдэж эхлээд байна. Томруулж яривал дэлхий дахинд, тухайлбал Африк, Египетэд эсэргүүцлийн үг хэл, жагсаал гарав. Тодруулж наашлуулбал, С. Ганбаатар Сүхбаатарын талбайд шингэн дуугаар орилоод эхэллээ. Эдийн засгийн бодлогоо өөрчлөхийг, эргэж харахыг шаардсан дуу хоолой чангарч байна. Шинэ бодлогын эрэлт хэрэгцээнд Ардчилсан нам үйлдвэржилтийн аян зарлаж хариуллаа. Харин оросууд баруунтангүй амар жимэр амьдарч байтал…
Хэрэв уншигч та анзаарсан бол нөгөө хөх цэнхэр танхимын гоё уур амьсгал дунд гурван фракц төрж амжсан билээ. “Нэгдмэл Орос”-ын удирдлагууд мөнөөх гурван хэсгийг одоохондоо клуб хэмээн өхөөрдөн нэрлэжээ. Эхний клуб нь либерал консерватив бодлогыг түлхүү дэмждэг. Өөрөөр хэлбэл, барууны хүчний дуу хоолойн эрэлт хэрэгцээ эндээс үнэртэж байна. Нөгөө нь, социал консерватив буюу хатуухан хэлбэл коммунист чиг хандлага үе үе цухалзуулж мэдэх нөхөд энд багтсан. Хоёр клубийн дунд төвийг сахисан “Эх орончдын” гэх тодотголтой гишүүд жийргэвч болж байгаа. Хэдийгээр В. Путин ялгуусан хүчирхэг намын бэлгэ тэмдгийн удирдагч байхыг зөвшөөрсөн авч яг л түүний менежмент хийх энэ цаг үед “Нэгдмэл Орос” фракцад хуваагдах хандлага гарах нь тодорхой болжээ. Тиймээс ч Путин эдийн засгийн шинэтгэлийн бодлогоо хүчтэй зарлах нь. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд суурилсан дундаж давхрагыг би дэмжинэ ээ гэж мань Путин яаран тунхаглах болсны учир нь бодлого дэндүү зүүнтээ хазайж, тэтгэврийнхэн, Forbes-ийнхон хоёр л уудам Оросыг өдгөө илэрхийлэх болчихсонтой холбоотой.
Монголын баруунтнууд үйлдвэржилтийн аян зарлаж, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого санал болгосон нь эдийн засгийн амьдрал дахь эрүүл бус савлагааг тэнцвэржүүлэх сайн дохио юм. Гэвч энэ жингийн туухай жаахан хүч муутай байгааг тэмдэглэлгүй өнгөрч чадахгүй нь. Нөгөө талд намирах улаан туг илүү хурц өнгөтэй байхыг анзаарахгүй сууж чадсангүй. Нийтлэл эхлэх төдийд хөх цэнхэр өнгөний тухайд хэрэггүй нэг дурсаагүй билээ. Коммунист намынх лугаа дотоодын хатуу хяналт “Нэгдмэл Орос” намд байхгүй, час улаан өнгөнд бид дургүй хэмээн Грызлов сахлаа хөдөлгөж байна. Тэгвэл бадамлянхуа бэлгэдэлтэй МАХН дотор харин барууны чиг баримжааг үхэлдэн эсэргүүцэгчид амь бөх байж мэднэ. Бодлого, мөрийн хөтөлбөрүүд өөрийн өнгөөр тодхон ялгарч, сонголт тууштай хийх боломж Монголын улс төрд байх нь намуудын үндэс суурь бэхжих хөрс юм аа. Бүх нам хүүхдийн, халамжийн мөнгө ярьж хэвлэлийн хурал зарлаад суувал жингийн туухайн нөгөө тавгийг хэн дүүргэх юм бэ.