2008.05.02
Юм асууя аа… Сэтгүүлчид аргадсан царайтай ийнхүү асууж байна. УИХ-ын хаврын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хаалттай хэлэлцэх болсноос хойш юм ярьж өгөх гишүүн олдохоо больж, бие дааж мэдээлэл түгээе гэхэд ойлголт хомс таг суусан хэвлэлийнхэн арга мухардаж эхлэв.
Ээлжит бус чуулган зарлаад, хоёрхон өдөрт хэлэлцээд баталчих хуулийн төсөл шиг сайн мэддэг сэдэв манай сэтгүүлчдэд байхгүй мэт нэг хэсэг санагдаж байлаа. Өө ядах юмгүй, 51 ба 49 гэж эзэмшлээ хуваарилна. 51 хувийн эзэмшигч нь төр, иргэн байх уу, эсвэл иргэн, төр гэж байрыг нь солих уу гэдгийг яриад шийдчихнэ. Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг жаахан богиносгосон. Ер нь арваад өөрчлөлт хийсэн. Өмнөхөөсөө хамаагүй дээр хууль гарна даа. Хоёр өдөрт хэлэлцээд баталчихвал гэрээний төсөл дээрээ хөрөнгө оруулагч, манай тал хамтраад ажиллана. Тэр үеэр нь бид сонгуулиа явуулна. Төдхөн өмнийн говьд уурхай байгуулах ажил эхэлнэ. Мөдхөн ашиг орлого манай 51 хувийн эзэмшилд урсан ногдож, иргэн танд буянаа өгнө өө…
Ийм хялбаршуулсан ойлголт дунд монголчууд сүүлийн дөрвөн сарыг өнгөрөөжээ. Хуулийн шинэчлэн найруулсан төслийг бэлтгэх ажлын хэсэг “юм” хийгээд л байлаа. Хэвлэлийнхэн тэднээс өдөр алгасалгүй ярилцлага, тодруулга аваад л явлаа. Гэтэл нэг хачирхалтай өдөр парламент хаалгаа тасхийтэл хааж, хуулийн өөр шив шинэхэн төсөл дээр маргаад явчихав. Юм асууя аа.. Олигтойхон хариулт өгөх гишүүн алга. Хэвлэлийнхэнд үг бүү алд гэсэн гэнэ. Бат-Үүл гишүүн л бүтээгдэхүүн хуваах гэрээ яриад явна. Тэгснээ Эдийн засгийн байнгын хорооны хурал зарлаж, гишүүд хоорондоо хэрэлдээд уналаа. Арвины зөв үү, Бат-Үүлийн буруу юу, ялгах салгахын аргагүй ойлгомжгүй эд. Лав л их чухал асуудал.
Олон улсын шүүхэд дуудагдах айдас
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг нэгдүгээр сарын сүүлээр байгуулагдан, бараг дөрвөн сарын турш хэвлэлүүдэд нэг сэдвээр ярилцлага өгчээ. Тэр нь 34 хувь эзэмших байсныг 51 болголоо гэсэн үндсэн санаа. Ажил урагшилсныг нотолж хоёр намын дарга хэвлэлийн хурал хийв. Гэтэл Э. Бат-Үүл “Намын бодлого шийдвэр энэ тэр хамаагүй болчих гээд байна. Тавантолгой, Оюутолгой дээр ашиг сонирхлоо тогтоох гэсэн бүлэглэлүүдийн дайн болж байна” гэсээр хуулийн шинэ төсөл хэсэг гишүүний хамт санаачлан санал болгов.
Тэгвэл дөрвөн сарын уртад бид ямар өөрчлөлтийн тухай мэдээллээр бөмбөгдүүлж, хэр өгөөжтэй хуулийн төслийг парламент гуравдугаар сарын сүүлээр баталчих шахсан юм бэ. Ашигт малтмалын тухай хуулийн төслийн 5.4-т “Монгол Улсын Засгийн газрын эзэмших хувь хэмжээг 51 ба түүнээс дээш…Хувийн хөрөнгөөр эрэл хайгуул хийсэн нөөц байвал Засгийн газрын эзэмших хяналтын багцын доод хэмжээ 34 байж болно. Хамтран ашиглагч хуулийн этгээд анхны хөрөнгө оруулалтаа нөхөж гүйцсэний дараа Монгол Улсын Засгийн газрын эзэмших хэмжээ 51 байж болно” гэжээ. Оюутолгой төслийн тухайд Айвенхоу Майнз, Рио Тинто компаниуд анхны хөрөнгө оруулалтаа хэзээ нөхөж гүйцэх вэ? 2017 оноос Оюутолгойн уурхай ашигтай ажиллаж эхэлнэ гэсэн бизнес төлөвлөгөө байдаг. Тэр цагт бидний өдгөө дөрвөн сар ярилцаж байж хийсэн 51 хувийн эзэмшлийн санаа бодит зүйл болох нь. Дараа дараагийн Хөрөнгө оруулалтын гэрээний хувьд дагах зарчим юм гэдэг утгаараа хуулийн энэ өгүүлбэрийг “томоохон өөрчлөлт хийсэн” гэж хүчээр ойлгож болох л юм.
Гэхдээ байзаарай. Эзэмшлийн 51 хувь монголчуудад бодит “зүйл” болтлоо хол байгааг санхүүжилттэй холбоотой бэрхшээл харуулж байна.
Өмнө нь 34 хувийг эзэмшихийн тулд Монголын Засгийн газар хөрөнгө оруулагчаас зээл авахаар ярилцаж байлаа. Зах зээлийн хүү дээр гурван хувийг нэмж төлөөд явна. Хожим 34 хувьд ногдох ашгаараа зээлийн өр ба хүүгийн төлбөрийг барагдуулна. Энэ бол М. Энхболдын Засгийн газар хөрөнгө оруулагчтай байгуулчих шахсан гэрээний гол агуулга. Ногдол ашиг хэзээ хувааж эхлэх бол гэсэн асуулт аяндаа төрж буй биз ээ. Тухайн компани ногдол ашгаа хуваахаасаа наана үйлдвэрийнхээ өргөтгөл хөгжилд зориулах зэрэг арга хэмжээ авах магадлалтай. Нөгөө 34 хувиас монголчуудад унаж тусах ашгийн бараа алсад торойсоор аравныг өртөөлөх магадлалтай байсныг бид гадарлаагүй ээ.
Тэгвэл 34 хувийг 51 болгон томруулсан гавьяатай Ажлын хэсэг эзэмшлийн хувьдаа тохирсон санхүүжүүлтийг хэрхэн гаргах талаар хараахан ам нээгээгүй байна. Мөн л хөрөнгө оруулагчаас зээлэх хувилбар яригдаж байгаа гэдэгт эргэлзэхгүй. Басхүү бонд гаргах, томоохон биржүүдийн арилжаанд оролцох маягаар мөнгө босгоно гэсэн хэтийн бодолтой байгаа бололтой. Энэ бүхнийг задлан тайлбарлахдаа монголчууд бид Оюутолгойгоос авах 34 хувиа 51 болгон өөрчлөхийн төлөө таван жил тэмцсэнийг, эцэст нь хуулийн төсөлд мөнөөх л 34 гэсэн тоо дахиад тахийж байгааг гомдолтойгоор дуулгах байна.
Ашигт малтмалын тухай хуулиас хэрэв дээрх тахийсан муу цифрийг аваад хаячихвал Компанийн тухай хуулиа зөрчсөн гэдэг шалтгаанаар Айвенхоу Майнз Монгол Улсын Засгийн газрыг олон улсын шүүхэд өгөхөд бэлэн байгаа юм. Энэ талаар Ажлын хэсгийн гишүүн Ц. Дамиран гуай л зөөлөн дуугаар хааяа нэг үг унагах аж. За ингээд алдаж гээсэн таван жилийг ардаа орхиод, Ажлын хэсгийн дөрвөн сарыг зүүдэндээ мартаад, бүтээгдэхүүн хуваах гэрээ гээч бас юу гараад ирснийг сураглах цаг иржээ.
Бас нэг 55
Бүтээгдэхүүн хуваах гэрээг хөрөнгө оруулагч талтай байгуулах эсэх тухай өмнө нь ч ярилцаж байсан билээ. Гэнэтийн ашгийн татварыг алт, зэсэнд ногдуулах болсны дараа Айвенхоу Майнз компани энэхүү бүтээгдэхүүн хуваах гэрээний хувилбарыг манай Засгийн газартай ярилцаж үзсэн. Ер нь 68 хувийн татвар олон хөрөнгө оруулагчийг шооконд оруулсан ба Айвенхоу Майнз уг татвараас хамгаалалт хийх цөөнгүй хувилбарыг Засгийн газартай ярилцсан байдаг. Сүүлийн яриагаараа зэс боловсруулах үйлдвэр байгуулж өгье, тэр хүртэл гэнэтийн ашгийн татвараас чөлөөлнө үү гэсэн тохиролцоонд хүрчээ. Өмнөх хэлэлцээрүүдийн үед Монголын тал 34 хувиа эзэмших төдийгүй, элдэв төрлийн татвар хэлбэрээр ашгийн 55 хувийг авах тооцоо хийж байв.
Тэгэхээр ашиг хуваах 55:45 хувилбар ард хоцорсон он жилүүдэд бидний халаасанд байсан. Одоо Бат-Үүл нарын гишүүдийн өргөн бариад байгаа хуулийн төслийн мөн чанар нь тэгвэл юу байх вэ?
Ашигт малтмалын ордыг дэлхийн практикт хамтарч ашигладаг гурван хэлбэрийн нэгийг тэд санал болгожээ. Хэдэн жилийн өмнө монголчууд Бороо гоулд компанитай лицензийн гэрээ байгуулж, үр дүнд нь ашиг хуваасан мөнгө төгрөггүй хоцорсон жишээ бий. Түүнчлэн “Эрдэнэт”-ийн хувьд хамтарсан үйлдвэрийн гэрээ байгуулан ажилладаг. Одоо бүтээгдэхүүн хуваах гэрээг туршаад үзэх төсөл яригдаж эхлэв. Бүтээгдэхүүн хуваах гэрээний санал гарч ирээгүй байхад Оюутолгой болоод Тавантолгой төсөл дээр “Эрдэнэт” лугаа хамтарсан үйлдвэрийн гэрээний хувилбар яригдаж байсан гэсэн үг.
Бүтээгдэхүүн хуваах гэрээг гол төлөв газрын тос мэтийн хайгуулын эрсдэл өндөртэй баялагт зориулан талууд үзэглэдэг байлаа. Харин өдгөө дэлхий ертөнц стратегийн түүхий эдийн төлөө өрсөн дайрцгааж буй үед ашигт малтмалын тухайд ч ийм гэрээ хийх нь түгээмэл болжээ. Монголчууд таван жилийн уртад эзэмшлийн хувь ярин маргалдсан болохоор “Тэгвэл нөгөө хувь маань яах юм” гэсэн улигт асуулт урган гарах нь дамжиггүй. Хөрөнгө оруулагчтай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж буй тохиолдолд орд газрын нөөц 100 хувь төрийн мэдэлд байдаг аа. Энэ өмчлөлийн эрх нь нөөцийг олборлох, эсвэл борлуулах үед хөрөнгө оруулагчид шууд бус утгаараа шилждэг. Өөрөөр хэлбэл менежмент хийж буй компани үр ашигтай ажиллан, борлуулалтаа зөв зохион байгуулах үүрэг хариуцлага дор нөөцийг захиран зарцуулж байна гэсэн үг.
Монголын тал мөнгө гаргалгүй, хамгийн ойрын хугацаанд ашиг олж эхлэх хувилбар хэмээн ойлгож болох. Гагцхүү, бүтээгдэхүүн хуваах гэрээг зөвхөн Оюутолгой ордын хувьд байгуулах нь зөв үү, Тавантолгойд ижил хувилбар хэрэглэх нь тохиромжтой эсэхийг гишүүд сайтар тунгаах буй за. Юутай ч гэрээний ийм хувилбараар тооцоо хийхэд Монголын талд ногдох ашиг нь өмнө ярьж байсан 55-аас хамаагүй илүү унахаар байгаа билээ.
Бүтээгдэхүүн хуваах хуваарилалтын хамт 68 хувийн татвараа хэрхэн зохицуулах вэ гэсэн тооцоо судалгаа мэдээж үгүйлэгдэнэ. Шинэ төсөл өргөн баригдаад байгаа энэ өдрүүдэд хөрөнгө оруулагч тал мөн л шинэ тооцоон дээр сууж эхэлсэн гэдэгт эргэлзэхгүй. Тэдний хувьд дараалсан ийм цохилтууд амаргүй байгаа. Гэсэн хэдий ч тонн зэсийн үнэ 10.000 ам. доллар хүрнэ гэсэн таамаглал дор, Хятад улс энэ жилээс зэсийн хамгийн том худалдан авагч болно хэмээх статистикийн хөдөлшгүй баримт дунд Рио Тинто болоод Айвенхоу Майнз тэвчээр шалган хүлээсээр байна. Эдгээр компани Оюутолгой төслийн ажлаа хэсэг хугацаанд царцаагаад гараад явчих вий гэсэн болгоомжлол давхар төрдгийг ч нуухгүй.
Аль ч тохиолдолд
Монголын парламент ухаанаа уралдуулах цаг иржээ. Таван жилийн дуулиан шуугиан дунд хуулийн ямар заалт Монголын ирээдүйд тустайг, Хөрөнгө оруулалтын ямар гэрээ хамгийн оновчтойг парламентчид төдийгүй олон нийт гадарлах болов. Үндэсний эрх ашиг гэдэг аль нэг Засгийн газрын, намын, Ажлын хэсгийн, хоёр гурван хүний сонирхол бус. Тиймээс Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн ээлжит төслийг “богино зайны улс төр” хэмээн мөчидхөн сэтгэвэл манай хойч үе гишүүн танд гомдох биз ээ.
Хэлэлцүүлгийн явц хаашаа эргэхийг үл харгалзан хуульд заавал тусгах учиртай амин чухал заалт бий. Энэ бол байгаль орчноо хамгаалах саналууд. Өмнийн сайхан говьд их бүтээн байгуулалт өрнөх нь ээ. Бахархалтай хэрэг. Өндөр хөгжилтэй улсууд эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрүүдийг яагаад нутаг орондоо олноор нь байгуулдаггүй юм бол? Австрали, Америк, Канад, ӨАБНУ уурхайн түүхий эдийг бэлнээр нь гадагш гаргах нь түгээмэл. Тэд байгаль орчноо хамгаалах хар хайрцагны бодлоготой улс. Тиймээс уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнийг гол төлөв Хятад, Энэтхэгт хийж байна. Хятад, Энэтхэг улсад үйлдвэрлэлийн өртөг зардал хамаагүй хямд гэдэг хүчин зүйлтэй санал нийлнэ. Харин байгаль орчны хамгааллын асуудал бас л доод түвшинд байдаг шүү дээ.
Эндээс улбаалан төслүүдийнхээ хэтийн төлөвийн талаар гишүүд тогтож яриасай хэмээн хүсье. Том том уурхай байгуулна. Тэнд үйлдвэр босгох нөхцөл тавьж зарим хөрөнгө оруулагчаа гэнэтийн ашгийн татвараас чөлөөлнө… Гэхдээ энэ тохиролцоо Монголын талд хэр ашигтай юм бэ. Аль таван жилийн өмнө ярьж байснаа давтах цаг биш. Зах зээлийн байдал, экологийн нөхцөл их өөр болсон байна. Гэнэтийн ашгийн татвараас манай төсөвт орох хөрөнгө нь үйлдвэр байгуулах зардлаас хамаагүй өндөр тусч буй судалгаа тооцоог гишүүн та хийгээд үзээрэй. Мөн Оюутолгой төслийн гол хөрөнгө оруулагч болох магадлалтай Рио Тинто зэс утас үйлдвэрлэх чиглэлээр ажилладаггүй. Энэ бүхнийг харьцуулан тунгаахын цагт Их хурлын гишүүн танд хоосон маргаж суух цаг хугацаа хомс байгааг сануулъя. Ажлын хэсгийнхэн ч ажил хэрэгч харьцуулсан судалгаануудыг гишүүдэд танилцуулбал хэлэлцүүлэг өгөөжтэй болно.
Ус хэмээх чандмань эрдэнийн тухай байхуу цайгаа уунгаа бас бодоорой. Нүүрс коксжуулна, ураны үйлдвэрлэл явуулна, зэс хайлуулна, төмөрлөгийн үйлдвэрлэл эрхэлнэ.Бидний том төлөвлөгөө, төсөл бүрийн ард усны асар их хэрэгцээ бий. Эмзэг нандин эко системтэй говь нутаг тэр аварга бүтээн байгуулалтуудын аяыг даах уу. Зөвхөн зэс хайлуулах үйлдвэрийн эргэн тойронд тоос, цианид, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дан исэл дэгдэн, орчныг бохирдуулна. Тийм ч учраас байгаль орчинд хамгийн халгүй, орчин үеийн технологтой компанитай гэрээ байгуулах ёстой санааг Э. Бат-Үүл нар ярьж байна. Сайн технолог оруулж чадах компанид зориулан хуулийн үүд хаалгыг нээх, хөрш орнуудынхаа болхи технологт хаалт тавихад гэмгүй гэсэн санааг нь дэмжих хүн олон биз. Чухам байгаль орчны асуудал дээр үндэсний эрх ашгийн тухай түлхүү дуугараасай. Нөхөн сэргээлтийн санг урьдчилан байгуулах санаачлагыг анхааран үзээрэй. Хамгийн нухацтай хэлэлцэх учиртай хуулийн төслийг гишүүн та өмнөө дэлгэжээ. Таван жилийг үр дүнгүй алдсаны эцэст өнөөдөр шуурхайлдаг эд биш. Таны сонгуулийн ажилтай бүр огт холбоогүй, ажил хэрэгч энэ төсөлд анхаарлаа хандуулаарай.