ТАКТИК ӨӨРЧЛӨГДСӨН НЬ

2008.06.10

УИХ-ын сонгууль хүртэл хорь хүрэхгүй хоног үлджээ. Сонгогчдын 70-80 хувь нь сонголтоо хэдийнэ хийчихсэн үе. Эргэлзээ тээсэн хориодхон хувийг өөртөө татах алтан тактикийн мөчлөг ирээд байна. Аль нам, хэн гэдэг нэр дэвшигчид саналаа өгөхөө шийдэж чадаагүй яваа хэсэг бүлэг сонгогчид зориулсан сурталчилгааны торгон агшин иржээ. Шийдвэрлэх мөчид хэн, ямар алхам хийж байна вэ?

Сонгогчдоос санал тун ойролцоо авах магадлалтай МАХН болоод АН-ын тухайд дээр өгүүлсэн хорь орчим хувийн итгэлийг олох өрсөлдөөн чимээгүй өрнөж байна. Чимээгүй гэж тодруулсны учир нь хэн нэгнийг харлуулан гутаах тактик явцгүй болсноос үүдэлтэй. Өмнөх таван удаагийн сонгуулийн кампани бүр хов жив, гүтгэлэг дайралтаар дүүрэн байж. Энэ хаврын марафон ч ялгаагүй дайралт, ял тулгалтаар эхэлснийг сонгогч олон санаж байгаа. Ардчилсан намаас бэлтгэн явуулдаг “Зөв мэдээ”-нүүд Хувьсгалт намын хуудууг дэлгэхдээ ял асуусан аймаар өнгө аясаар бараантаж байлаа. Хэдэнтээ ийм цуврал цацсаны эцэст Ардчилсан нам сурталчилгааны тактикаа “зөөллөөд” байна. Хамгийн хэрүүлчийг нь бус, хамгийн эрүүл сэтгэлгээг нийгэм эрэлхийлж байгааг тус намын кампанит ажлын ерөнхий менежер эрхбиш мэдэрчээ.

Өдгөө “Зөв мэдээ” харьцангуй бодитой баримт цацаж, хэрүүл уруулаас залхаад байсан үзэгчийг цөөн хором цэнхэр дэлгэцийн өмнө “барьж” чадахаар болжээ. Ардчилсан нам сурталчилгааныхаа тактикийг сүүлийн мөчид зөв залж эхэллээ.

Тэгвэл МАХН-ын сонгуулийн кампанит ажлын өнгө төрхөнд өөрчлөгдсөн зүйл ажиглагдав уу? Мэдээж тэд мэдрэмжтэй байхыг хичээсэн. Мөрийн хөтөлбөрөө хамгийн түрүүнд танилцуулж, 12 төгөлдөршлийн хүрээнд 271 багц зорилт хэрэгжүүлэх амлалт нь ард олонд үнэмлэхүй таалагдана гэсэн хүлээлттэй байжээ. Гэвч МАХН-ын мөрийн хөтөлбөр сонгогч олонд таалагдсан гэдэгт эргэлзэж байна. Таагүй хандлагыг анзаарсан сонгуулийн менежерүүд мөрийн хөтөлбөрийг тайлбарлах, ухуулах ажилд мордсон билээ. Товчилсон хөтөлбөр нь өгнө, тараана, үнэгүй, хөнгөлнө гэх үгсээр хэт бялуурсныг залруулахаар дэлгэрэнгүй хавсралтаа түгээж эхэллээ. Түүнчлэн МАХН-ын нарийн бичгийн дарга нар үзэгч олонд цэнхэр дэлгэцээр тайлбар танилцуулга ухууллаа. “Макро эдийн засгийг илэрхийлэх хоёрхон тоо манай хөтөлбөрт туссаан. Эдийн засгийн жилийн дундаж өсөлтийг 10 хувиас дээш гаргана, нэг хүнд ногдох ДНБ-ийг 5000 ам. доллар болгоно. Энэ хоёр тооны цаана асар их тооцоо судалгаа бий” гэх мэтээр ярив. Өмнө нь ерөнхийлөн нэгэнт танилцуулсан үзүүлэлтийг дахин телевизээр “базаж” ярьж залхуурах хэрэг байсан гэж үү. Сурталчилгааны сүүлийн өдрүүдэд ч МАХН алдаагаа давтсаар байгааг тэмдэглэе.

УИХ-ыг сонгох кампанит ажилд зангиатай эрхмүүд дайчлагдан, нэр дэвшигчид ухаантай, учир жанцантай зүйлс ярьцгаах аж. Гэвч сонголт хийхийн наана түр эргэлзсэн олон нийтийг даллах тод өнгө гэгч бас л чухал хүчин зүйл юм. Нэр дэвшигчдийн тохитой томоотой ярианд иргэдийн анхаарлыг хандуулах, тэдний сонирхлыг тасралтгүй барьж байх учиртай хүчин зүйл нь юу вэ. Ардчилсан намын хувьд сонгуулийн кампанит ажлынхаа гол баатраар залуусыг сонгожээ. Ирж яваа цагийн эрч хүчийг үнэт зүйлээ болгон онцолсон нь тэр. Хоёр сая Чингис сэрлээ, ирлээ гэж айлгаж цочоож байсан тактикаа орхиод, энэ цагийн залуусын дүр төрхийг товойлгож эхэлсэн нь оновчтой залруулга болжээ. Ийм үнэт зүйлийн нөгөө талд МАХН уламжлал, тууштай бодлогоо онцолж байна. Тэд орилж хашгирсан, улайран хэрэлдэх кампанит ажлаас эхнээсээ татгалзсан юм. Томоотой түшээгийн имиж дор эдний нэр дэвшигчид сурталчилгаагаа хийж байгаа. Сүүлдээ төлөв төвшин нь дэндээд, гунигтай хуучинсаг үзэл бодлын үнэр ханхлуулж эхэлснийг сонгогчийн хувиар дуулгая. Нарийн бичгийн дарга Л. Амарсанаа, Н. Сүхбаатар нарын унжруу сунжруу яриаг гүйцээж сонсох тэвчээртэй үзэгч хэд байх бол. Тэдний оронд ядаж У. Барсболд, Ё. Отгонбаяр нар түлхүү үзэгдэж байвал илүү эрч хүч, итгэл үнэмшил сонгогчдод төрүүлэхсэн. Сонгуулийн кампанит ажил гэдэг зөвхөн ухаантай илтгэл, тооцоо судалгаа шингээсэн тоо баримтын хүчээр амжилтад хөтлөхгүй. Өнгө төрх, үйлдэл байдал гээд нүд сэтгэлийг татах бүхий л хүчин зүйлсэд жижиг гэлтгүй ач холбогдол өгөх учиртай. Иймэрхүү “жижиг сажиг” асуудлыг манай сонгуулийн менежерүүд үл тоодог бололтой.

Магадгүй Хувьсгалт намын сонгуулийн сурталчилгаа өдгөө ийм даруу өнгө төрхтэй үргэлжилж буй нь 2004 оны хавар дэндүү шоудсанаас, дараа нь гашуун ялагдал хүлээснээс үүдэлтэй биз ээ. Дөрвөн жилийн өмнө нийслэлийн гудамж болгонд МАХН-ын нэр дэвшигчийн самбар сүндэрлэн, намын байрны өмнө хийсэн том шоу нь ард олныг алмайруулж байж билээ. 2004 оны сонгуулийн дараа танилцуулсан судалгааны материалд нийт төрийн өмчийн байрыг үнэгүй ашигласан байдлыг намуудаар авч үзвэл 80 хувь нь МАХН, арга хэмжээнд ашигласан төрийн унааны 98 хувь нь, төрийн албан хаагч ашигласан байдлын 99 хувь нь мөн л тус намын кампанит ажилд дайчлагдсан хэмээн тэмдэглэжээ. Энэ бүх завхралыг олж харсан сонгогч олны нэг хэсэг Эх орон-Ардчилал эвсэлд санал урвасан түүхтэй. Түүх хуучраагүй энэхэн өдрүүдэд МАХН-ын шинэ удирдлага хэт шоудах бус, харин хийж бүтээж яваа ажлаараа сурталчилгаа хийх тактик сонгожээ.

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан бусаар эхлээд бараг хагас жил болох нь. Хагас жилийн уртад сүүл барин кампанит ажилдаа орж байгаа бие даагчид болоод бусад намаас нэр дэвшигчдийн гол уриа юу байна вэ? Улс төрийн жижиг нам онцгой амлалтаар өөрийгөө бусдад таниулах нь элбэг. Үндэсний шинэ намын хувьд хүүхэд бүрт өгөх 20.000 төгрөг нь кампанит ажлын далбаа болон намирч байна. М.Энхсайхан чухам хүүхдийн 10.000 төгрөгийн бодлогоороо 2004 онд Эх орон-Ардчилал эвсэлд ялалтын хаалга нээж өгсөн билээ. Өдгөө хүүхдийн мөнгийг ҮШН өөртөө өмчлөв. Гэхдээ дөрвөн жилийн дараа сонгогч асар цамаан болсныг М. Энхсайхан анзаарч байгаа болов уу. Ардчилсан нам “Эрдэнийн хувь” нэрээр ард түмэндээ 1000 америк доллар жил болгон өгөхөөр амлаж байна. Хариуд нь МАХН “Эх орны хишиг” нэрээр нэг сая таван зуун мянган төгрөг хүн бүрт өгье гэв. Уг нь сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнөхөн МАХН иргэн бүртээ зориулан 50.000 төгрөгтэй дүйцэх хөрөнгө оруулалт хийх тухай ярьж байлаа. Кампанит ажлын явцад тактик өөрчлөгдөж 1500 орчим ам. доллар өгсөн ч яадаг юм гэв. Сонгууль хүртэлх хорь хүрэхгүй хоногт эрдэнийн хувь цаашид хэрхэн өсч томрохыг хэлж чадахгүй нь. Лав Иргэний эвслээс нэр дэвшиж буй О. Магнай иргэн бүртээ алтан хувьцаа эзэмшүүлнэ, тэр нь 5000-10.000 ам. доллар байж болох тухай ярилаа. Эх орны баялгаас хувь хишиг хүртээх сайн дурын өглөгийн дүн хэмжээ сурталчилгааны сүүл хэсэг рүү нэмэгдсээр байна. Дуудлага худалдаа явагдаж буй аятай намууд өрсөн үнэ хаялцахыг сонгогч та анхааралтай ажиглаарай. Хувьсгалт нам “Эрдэнийн хишиг”-ээ 1500 болгосны дараа Ардчилсан нам “Баян Монгол” корпорац байгуулахаа зарлав. Уг корпорац байгуулагдсан эхний жилд хувьцааны ногдол ашиг хэлбэрээр иргэн бүрт 1800 ам. доллар олгох тооцоо гарлаа хэмээн сонордуулах нь тэр ээ. Ашигт малтмалаасаа ийм их мөнгө хүртэх сонгогчид нөгөө хүүхдийн 20.000 төгрөгийг илт голох янзтай. Энхсайхан даргын намд барих том далбаа ховордож эхлэв бололтой.

Энэ мэтээр дуудлага худалдааны арга барил даамжрах тусам хоёрхон сарын өмнө намын удирдлагууд юу ярьж байсныг өөрийн эрхгүй санахад хүрлээ. Сонгуульд өрсөлдөх намын удирдлагуудтай бизнесийнхний төлөөлөл төрийн ордонд уулзсан билээ. Баялаг үйлдвэрлэгч тэдгээр бизнесмэн уг уулзалт дээр сонгуулийн хөтөлбөр нэрээр ард түмний тархийг мөнгөн амлалтаар угаахгүй байхыг онцлон хүссэн. Улмаар инфляцийг бүү хөөрөгдөөч хэмээн улстөрчдөөс шаардсан. За зү болон зөвшөөрч суусан намын дарга нар эдүгээ бэлэн мөнгөний амлалтаа өдөр ирэх тусам өсгөн өрсөлдөж байна. Улс төр нь эдийн засаг, бизнесээ дарангуйлах болсон энэ өдрүүдэд Иргэний зориг нам нийгмийн хүлээлтийг чамгүй мэдэрсэн хөтөлбөр зарлалаа. ИЗН-ын дарга С. Оюун “Хувийн хэвшил амжилттай хөгжихийн тулд эн түрүүнд бизнесийн орчин дахь төрийн дарангуйлалт оролцоог халах хэрэгтэй. Улстөрчид нийгмээсээ, түүн дотор бизнес эрхлэгчдээсээ хоцрогдоод байна уу гэсэн шүүмжлэл гардаг” хэмээн тэмдэглэжээ.

Бизнесийнхний бодол санааг намын удирдлагууд чих зөөлөн сонсох магадлалтай сонгуулийн кампанийн үеэр Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас өөр нэг ажил сэдсэн нь хоёр том намын даргатай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ байлаа. Цэвэр орчин, цэвэр технолог, цэвэр хүнс бодлогыг хамтран хэрэгжүүлэх амлалтыг намын дарга нараас авч байгаа нь энэ. С.Баяр, Ц.Элбэгдорж нар санамж бичигт гарын үсэг зурав. Энэ үеэр МАХН-ын дарга С. Баяр “Одоо улс төр зарим талаар бизнест садаа болох болсонд эмзэглэж байна. Улсын хөгжлийг улс төр бус, эдийн засгийн хөгжил тодорхойлох ёстой” гэж хэлсэн нь тэрбээр бизнест хандаж буй социалист баримжаагаа ялимгүй өөрчилсөн томъёолол юм. Ийм зөөлөрсөн хандлага нь сонгуулийн кампанит ажлын оргил цагт хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн саналыг татах зөв тактик болжээ.

Төдөлгүй Залуучуудын холбооны дарга Ц. Элбэгдорж, Ё.Отгонбаяр нартай мөн л гэрээ байгуулахаар яарав. Залуусыг дэмжих бодлого баримтална аа хэмээн намын удирдлагууд ч Д. Зоригтбаатартай гар барин сайхан зан гаргах аж.. Ийнхүү кампанит ажлын шувтаргаар намын удирдлагууд чих зөөлөн гэж жигтэйхэн. Авто тээврийн тухай хууль, Ахмад настны болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эсэргүүцлээ. 120.000 иргэний эрх ашгийн асуудал хэмээн ярьсаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д. Дорлигжав тун ч шуурхай хөдөлж байх юм. Ээлжит бус чуулган зарлаж, иргэдийн асуудлыг эргэн ярилцъя хэмээн УИХ-ын даргыг шавдуулав. Тэрбээр өрсөлдөгч намын нөхдөөс түрүүлж хөдлөхөөр яарчээ. Төдөлгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд АН-ын байрны өмнө босгосон майхнаа хурааж аваад, МАХН-ын цагаан байрны үүдэнд өлсгөлөнгөө үргэлжлүүллээ. У. Барсболд дарга бодож бодож болгоов уу яав иргэдтэй уулзлаа. Хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дахин авч үзэх амлалт өгснөөр асуудлыг намжаав. Энэ мэтээр сонгуулийн наахна нам, нэр дэвшигчид элдэв сорилтын өмнө шаламгай гавшгай, мэдрэмжтэй байцгаахыг хичээх аж.

Том намын дарга нар гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурж явах зуур жижгүүд болоод бие даагчид өөр өөрсдийн өвөрмөц өнгө төрхтэй өрсөлдөөний хөтөлбөр танилцуулсаар. Эдний дунд Иргэний эвслийн дэвшүүлж буй зорилтууд содон. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг хуулийн механизмтай болох ёстой, ингэвэл парламентын гишүүн хүн илүү ёс зүйтэй, айх ичих жудагтай болно хэмээн Ж. Батзандан сонгогчдод ярьж явна. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсийг өнөөгийнх шиг сараар нь тооцох бус, цагаар хэмжиж олговол ажилгүйдлийг багасгах, залуус хөлс хүчээрээ орлого олох эх үүсвэр болно хэмээн Иргэний эвслийнхэн танилцуулж байна. Тэгвэл бие даагч Б. Лхагважав НӨАТ-ын буцаан олголт компаниудад биш, хэрэглэгч түмэнд зориулагдах ёстой гэж онцоллоо. Бараа бүтээгдэхүүн худалдан авсан талоноо хадгалцгаа иргэд ээ, НӨАТ-т төлсөн мөнгөө эгүүлэн авцгаа, би та нарт энэ хуулийг амьдралд хэрэгжүүлэх амьд баталгаа нь болоод өгье хэмээн тэрбээр уриалах аж. Иргэн хүний эрх ашгийг хөндсөн чухал асуудал. Тиймээс бие даагч эрхмийн төлөө саналаа өгөх сонгогч цөөнгүй биз ээ.

Сурталчилгааны кампанийн шувтаргаар ийнхүү бие даагчдын тодорхой амлалт, жижиг намуудын содон саналууд хүч түрэн сонсогдож эхэллээ. Тэр нь төрийн бодлого болон хэрэгжтэлээ хаа ч билээ гэх хүн байх ч амбицтай амлалт үр дүнгээ өгөхөөс зайлахгүй. Зөвхөн МАХН, АН-ын мөрийн хөтөлбөрөөр иргэд сонголтоо хязгаарлахгүй нь тодорхой болжээ. Аль нам хүчинд саналаа өгөхөө хараахан шийдээгүй яваа нийгмийн хэсэгт нөлөөлж чадах өвөрмөц алхмын эрэлд нэр дэвшигчид ийнхүү бэдэрч явна. Магадгүй том намуудын тактик үлдэж буй хэдхэн хоногт санаанд оромгүй байдлаар эргэж болзошгүй нь. Ялангуяа гурваас дөрвөн мандаттай тойргуудад нэг намын журмын нөхдийн санал тарамдах магадлал өндөр. Тиймээс намын гишүүд нэрээ татах эх оронч санаачлагын аян өрнөх вий гэсэн таамаглал байна. МАХН-ын нэр дэвшигчид ийм хувилбараар сонгуулийн кампанит ажлын төгсгөлийг сонирхолтой болгож мэдэх. Евро- 2008-ын амтат өрсөлдөөнтэй зэрэгцээд Монголын улстөрчдийн марафон хамгийн сонирхолтой хэсэгтээ орлоо.