2008.10.15
“Финанс” сэтгүүлийн сүүлийн дугаарт Оросын шилдэг 500 компанийн жагсаалт хэвлэгджээ. Хөрөнгийн хэмжээ, өнгөрсөн оны ашиг орлогын үзүүлэлтээр эрэмбэлсэн уг жагсаалтад “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэг (РЖД ОАО ) гуравдугаарт нэрлэгдсэн байна. Тус нийгэмлэг зөвхөн өнгөрсөн жилд 84 тэрбум рублийн цэвэр ашигтай ажиллажээ. Ноён В. Якунины “вант улсын” тухай шинэ статистик онцлон өгүүлэхийн учир нь түүний хувьцаат нийгэмлэг Монголын стратегийн орд газруудын ашиглалтын явцад нэг голлон тоглогчоор тодорч мэдэхээр байгаа юм.
Хэдийгээр монголчууд бид Ашигт малтмалын хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дээрээ тохиролцож чадаагүй, Хөрөнгө оруулалтын гэрээний сураг чимээ алдраад удаж буй боловч их говийн чанадад өрнөх нүсэр бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэй гадаадын компаниуд бэлтгэл ажлаа хэдийнэ эхэлжээ. Юуны түрүүнд аварга бүтээн байгуулалтын дэд бүтцийн асуудлыг хаа хаанаа хөндөж эхлээд байна. Тавантолгой, Оюутолгой, Цагаан суваргын стратегийн орд газруудын баялаг ай савд говийн нийт эрдэс хүдрийн 75 хувь нь оршдог гэсэн тооцоо судалгаа бий. Тэгэхээр говийн зүүн хэсгийг чиглэсэн эрчим хүчний шугам, засмал зам, төмөр замын асуудал эхлээд хөндөгдөх, улмаар их говийн баруунтаах Овооттолгой, Сүмбэр, Нарийн сухайт тийш дэд бүтцийг холбох урт хугацааны ажлууд хүлээгдэж байна.
Энэхүү бүтээн байгуулалтад нэг талаас оросууд оролцохыг ихээхэн сонирхож байна. Нөгөө талд хятадууд төмөр замын сүлжээгээ манай улсын өмнөд хил тийш ойртуулан татах төлөвлөгөөгөө хэдийнэ гаргажээ. Харин Оюутолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа Канад, Их Британийн компаниуд баяжмал тээвэрлэх маршрутыг арай өөр чиглэлээр төсөөлдөг. Энэ бүхний хажуугаар Мянганы сорилын корпорациас Монголын төмөр замыг сайжруулах зорилгоор олгох 188 сая ам. долларын эргэлтийн санг хариуцах бас нэг байгууллага шинээр мэндлэх юм.
Нэг үгээр, хуулиа баталж, гэрээгээ байгуулмагц мөнгөн бороо асгарна гэх монголчуудын хялбаршуулсан ойлголтын нөгөө талд их бүтээн байгуулалт дагалдсан эрх ашгийн мөргөлдөөн гарах юм. Сонирхогч талуудын байр суурийг зохицуулах, өөртөө ашигтайгаар уялдуулах торгон менежментийг Монголын төр хийх цаг ирээд байна. Транс Монголын төмөр замаар В. Якунин хар хурдаараа довтолгон ирж яваа. Орос, Хятадыг холбосон төмөр замын сүлжээний тал хувийг эзэмшдэгийнхээ хувьд хурд хэтрүүлэх эрхтэй гэдэгтээ мань хүн итгэдэг байж мэднэ. Тэгвэл хятадууд оросуудаас юунд дутах билээ. Таван жилийн төлөвлөгөөгөө алга нижигнүүлэн батлахдаа тэд Монголын хилийг хөндлөн огтлох хоёр ч гарц тэмдэглэж орхисныг энэ нийтлэлдээ онцлон дурдъя. Дохиогоо хангинуулан өөд өөдөөсөө довтолгох Орос, Хятадын цувааг дарцаг гэрлээр замчлан зохицуулах Монголын төрийн бодлогын талаар ч хөндье.
Оросууд юу хүсээ вэ
Оросын бизнесийнхний хувьд Тавантолгойн коксжих нүүрсний баялаг орд газрыг эзэмших сонирхолтой. Жилдээ 30 сая тонныг авч ашиглахад даруй 200 жилд, 60 сая тонноор нь олборлоход 100 жилд хүрэлцээтэй нөөцтэй гэсэн судалгааны дүн бий. Чухам нүүрс тээвэрлэх ажилд л төмөр зам хамгийн хэрэгцээтэй. Нүүрснээс бусад орд газарт бол машинаар тухайн эрдсийг тээвэрлэх боломж бий.
“Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн тэргүүн В. Якунин өнгөрсөн хавар өгсөн ярилцлагадаа “Монголын төмөр замын сайжруулалтын асуудлыг өөртөө авахад бэлэн байна. Хариуд нь хөрөнгө оруулалтаа буцаахдаа бид байгалийн баялаг ашиглах лицензийг Монголын Засгийн газраас авах хүсэлтэй. Дараа нь лицензээ бид орд газрыг ашиглахаар сонгогдсон Оросын компанид шилжүүлэх юм. Виктор Вексельберг, Владимир Потанин нар намайг энэ төсөлд татсан” хэмээн өгүүлжээ. Оросын тэрбумтнуудын нэр усыг тэрбээр уг ярилцлагадаа иш татсаны учрыг манай уншигчид анзаарсан биз ээ. Тавантолгойн олон улсын тендерт цөөнгүй орон оролцох магадлалтайн дотор Вексельберг, Потанин, Якунин нарын байгуулсан хамтарсан консорциум хүчтэй өрсөлдөгч болох нь гарцаагүй.
Одоо орд газруудаас баялаг ачин сүнгэнэх галт тэрэгний цуваа уншигч таны нүднээ төсөөлөгдөж байгаа нь лавтай. Өнөөдөр цаг хугацааны хувьд алсад мэт санагдах ашиглалтын ажил хэмжээ далайц нүсэр байхынхаа хэрээр өрсөлдөөн нь ийнхүү бүр эртнээс эхлээд байна. Ноён Якунин томоохон орд газруудын тендерт “уригдан” оролцдог болоод удаагүй байгаа. Тун саяхан, өнгөрсөн зун болсон Удоканы ордын тендерт мөн л уригдаж залагдаж үзсэн туршлагатай хүн. Эрдэс болоод нүүрс тээвэрлэхэд төмөр замын сүлжээ зайлшгүй хэрэгцээтэй учир ийнхүү “рельс төмрөө” үнэлэн дэнчин хөрөнгө гаргадаг аж. Удокан тийш татах 42 километрийн салаа замыг 2.1 тэрбум рублийн балансын үнэлгээтэй хэмээн тухайн үед зарлаж байсан билээ.
Хэрвээ оросууд Тавантолгойн ордын ашиглалтад оролцож эхэлбэл нүүрсээ аль чиглэлээр тээвэрлэх вэ гэсэн асуулт гарна. Тавантолгойгоос төмөр зам татах маршрутын урьдчилсан судалгааг Дэлхийн банкны зөвлөх Ричард Баллок хийгээд байна. Ричард Баллок судалгааныхаа ажлыг тавдугаар сараас эхэлсэн бөгөөд энэ нь Дэлхийн банкнаас санхүүжүүлэн хараат бус байдлаар, мэргэжлийн хүн хийсний хувьд монголчууд анхаарч үзэх ёстой үнэ цэнтэй тайлан юм. Судлаач Баллок Тавантолгой төдийгүй Оюутолгойн ордыг дайрсан төмөр замын шугамын дөрвөн хувилбарыг санал болгожээ. Эдэн дотроос Тавантолгойгоос хойд чиглэлд шууд Мандалговь хүртэл төмөр зам татах маршрут хамгийн өртөг зардал ихтэй нь. Гэвч коксжих нүүрсний арвин баялгийг Мандалговиор дамжуулж хойд чиглэлд эргүүлэн улмаар Транс Монголын төмөр замд хүргэх хэтэрхий үнэтэй төлөвлөгөө зөвхөн Оросын тэрбумтнуудын толгойд төрж мэдэх юм.
Хятадуудын төлөвлөгөө
Хятад улс хөгжлийн ойрын таван жилийн төлөвлөгөөндөө манай ордуудаас эрдэс татаж авах ажлуудыг хэдийнэ тусгачихаад байна. Оросууд Тавантолгойг Транс Монголын төмөр замтай яаж ийгээд холбочих санаатай байдаг бол хятадууд Тавантолгой төдийгүй Оюутолгойг хамтад нь шугамдаад, Гашуун Сухайтаар дайруулан өөрийн нутагт “оруулаад” иржээ. Улмаар Бугат хүртэл төмөр замын шинэ шугам юу юугүй тавихаар зураас тэмдэглэгээ хийсэн байна. Ийнхүү Оюутолгойн зэсийн баяжмал одоогийн байдлаар тасархай шугаман тэмдэглэгээгээр өмнөд хөршийн үйлдвэрүүд рүү яваад оччихсон байх юм.
Хятад улс жилдээ 10 сая тонн баяжмал импортолдог, тиймээс Оюутолгойн эрдэс зах зээлдээ ойрхон байна хэмээн судлаач Баллок тэмдэглэжээ. Тавантолгой-Оюутолгой-Гашуун Сухайтын төмөр замын маршрут харьцангуй хямд төсөр, бодит боломжтой нь гэсэн дүгнэлтийг ч хийжээ. Түүнчлэн Хятадын Линхе, Секе хэмээх төмөр замын боомтууд манай өмнөд хилд хамгийн ойр дөт байрлалтайн хувьд ойрын үед Монголын хилийг огтолсон шинэ маршрутууд эдгээрийн ойролцоо бий болох магадлалтай гэнэ.
Зэсийн баяжмал төдийгүй коксжих нүүрсний хэрэгцээ Хятад улсад бий. Тиймээс тус улсын төв болоод баруун хэсэгт төвлөрдөг ган төмөрлөгийн үйлдвэрүүдийг Тавантолгойн сайн чанарын нүүрсээр хангах төмөр замын мөрөөдлийн маршрут Хятадын удирдагчдын санаанд аль хэдийнэ товлогдчихоод байна. Тэд таван жилийн төлөвлөгөөнөөсөө хальсан урт хугацааны төсөөлөлдөө манай зүүн хилд хамгийн дөт төмөр замыг байгуулахаар мөн л тусгажээ. Чойбалсангийн маршрут гэж тэрхүү төлөвлөгөөгөө нэрийдсэн бололтой. Хятадын хойд нутгуудыг Алс Дорнодтой холбох уг санаархал нь Оросын зүгээс ч дэмжлэг авах нь гарцаагүй юм.
Манай бодлого
“Манай мэргэжлийн хүмүүс зүгээр суугаагүй ээ, бид бас өөрсдийн судалгаагаа хийж байгаа” хэмээн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Баттөр ярив. Төмөр замын хамгийн боломжит маршрут хэмээн Р. Баллокийн тэмдэглэсэн Тавантолгой-Оюутолгой-Гашуун Сухайтын чиглэлийн замыг манай мэргэжлийн хүмүүс өртөг, үр ашгийн талаас нь харьцуулан судалж байгаа гэнэ. Түүнчлэн Тавантолгой, Оюутолгойгоо Зүүнбаянтай холбох өөр нэг маршрутыг судалж эхэлжээ. Магадгүй сүүлийн хувилбар нь ордуудын баялгийг Транс Монголын төмөр замын сүлжээндээ давхар холбохын олз гарзыг дэнслэх зорилготой байх. Уг хувилбарын бас нэг давуу тал нь “зам зуураа” Цагаан суваргын ордыг дайран өнгөрнө хэмээн тооцсоных биз. Хэдийгээр Цагаан суваргыг ашиглах тухай ярих нь одоо эрт байгаа ч алсаа харсан төлөвлөлтийг манай мэргэжилтнүүд хийж байгаа бололтой.
Аль ч маршрутыг сонгосон тохиолдолд Монголын Засгийн газар төмөр зам байгуулах санхүүжилтийг дангаараа хариуцаж чадахгүй. Хувийн хэвшилтэйгээ хамтрах, гадаадын хөрөнгө оруулагчидтай хоршихоос аргагүй. Ухаа худагаас Гашуун Сухайтын чиглэлд “Энержи ресурс” компани өөрийн хөрөнгөөр төмөр зам тавихаар болж байгаа нь ийм хамтын ажиллагааны эхлэл болох юм.
Мянганы сорилын сангийн мөнгийг ашиглаж болох уу
Мянганы сорилын корпорациас Монголд өгөхөөр амласан мөнгөний дийлэнх буюу 188 сая ам. долларын тусламжийг орд газруудын дэд бүтцийг бий болгоход ашиглаж болох уу гэсэн асуулт зүйл ёсоор гарч ирнэ. Тэгвэл тус сангийн санхүүжилтийг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт өгөхгүй. Харин эргэлтийн хөрөнгийн сан байгуулах маягаар ажиллуулах бие даасан тээвэр зуучлалын байгууллага бий болгоно гэсэн урьдчилсан чиглэл бий. Өөрөөр хэлбэл, бие даасан хувийн компани төмөр замын салбарт төрөх нь гэсэн төсөөлөл байна. Тусламжийн хүрээнд төмөр замын дохиоллыг шинэчлэх, вагон, зүтгүүрийн багахан хэсгийг солих хөрөнгө оруулалтууд хийгдэх бололтой. Ордууд тийш зам харгуй татах хэмжээний бүтээн байгуулалт МСК-ийн тусламжаар хийгдэхгүй юм. Харин төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн бага сага шинэчлэгдвэл лизинг, түрээсийн хэлбэрээр хорших хамтрах боломж ирээдүйд байж болох.
Төмөр замын салбарт ийнхүү хувийн компани, шинэ байгууллага мэндлэх гэж байна. Зөвхөн МСК-ийн тусламжтай холбоотой бүтэц биш. Тавантолгой, Оюутолгойн ордуудыг ашиглахтай холбогдсон дотоод, гадаад ложистикийн асуудлыг хариуцах өөр нэг бүтэц бий болно гэж мэргэжилтнүүд тооцоолж байна. Тэр бүү хэл “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн В. Якунин дээрх шинэ бүтцийг хамтран байгуулах талаар санаачлага гаргаж яваа аж. “Бид Монголын Засгийн газартай хамтарсан компани байгуулах, эсвэл тэдний санал болгосон компанитай хамтрахаар ярилцаж байгаа. Монгол улсын Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчид уг саналаа албан ёсоор тавьсан. Тэд одоогоор хариу өгөөгүй байна” хэмээн тэрбээр ярилцлагадаа тэмдэглэжээ.
Товчдоо, төмөр замын салбарт хувийн компани ажиллах эрх зүйн цоо шинэ зохицуулалт хэрэгтэй болох нь.
Уурхайн эзэн замаа засах уу
Энэ бол мөн л зүй ёсны асуулт. Жишээ нь Оросын уул уурхайн компаниуд ихэнх тохиолдолд төмөр замаа өөрсдөө эзэмшдэг. Эсвэл гуравдагч этгээд буюу хувийн компани тэдэнд ложистик үйлчилгээ үзүүлдэг. Хятадад Шинхуа корпорац нүүрс тээвэрлэх төмөр замын өөрийн дэд бүтэцтэй. Тэгвэл Монголын өмнөдөд одоогоор Оюутолгойг түшиглэсэн уурхайн сураг хамгийн ойрхон сонсогдож байгаа. Зэсийн баяжмалыг заавал галт тэргээр зөөвөрлөх шаардлагагүй, төмөр замын тээвэрлэлт нүүрсэнд хамгийн тохиромжтой гэсэн санаа бодол мэргэжилтнүүдийн дунд байх аж.
Энэ талаар “Оюутолгой” төслийнхөн одоогоор байр сууриа тодорхой илэрхийлээгүй байна. Юутай ч тэдний тооцоолж байгаагаар зэсийн баяжмалыг Хятадын хил хүртэл зөөвөрлөхийн тулд чиргүүл бүхий зориулалтын 200-250 машин өдөр тутам эргэлт хийх гэнэ. Тус бүр 2-3 чиргүүлтэй хүнд даацын ийм тэргүүдээр баяжмалыг зөөнө гэвэл говийн байгаль хэрхэн доройтохыг давхар бодох ёстой юм. Ямар ч байсан “Оюутолгой” төслийнхөн болж өгвөл бүтээгдэхүүнээ төмөр замын хамгийн ойрын шугаманд холбож зөөвөрлөхийг чухалчлах бололтой. Оюутолгойн уурхай тийш ажиллагсдаа тогтмол хүргэх, үйл ажиллагаандаа шаардлагатай тоног төхөөрөмж, материалыг найдвартай зам харгуйгаар шуурхай дамжуулахыг хөрөнгө оруулагчид хүсч байгаа нь ойлгомжтой. Хэдий тийм боловч Оюутолгойг зүглэх ачаа тээвэрлэлтэд төдийгүй тэндээс гарах зэсийн баяжмалд зориулсан төмөр зам байгуулах шаардлагагүй, харин Тавантолгойг дайруулан холбох тохиолдолд төмөр зам ашигтай гэж мэргэжилтнүүд санал нэгтэй тэмдэглэж байна.
-Тавантолгойн уурхайг эзэмшигч төмөр замаа давхар эзэмших нь зөв үү? гэсэн асуултыг Монголын мэргэжилтнүүд судлаач Р. Баллокоос сонирхов. Уурхайн төмөр замын судалгааг олон оронд хийсэн хүнээс туршлага, санаа авах гэсэн асуулт юм.
-Амаргүй асуудал байгаа юм. Жишээ нь Австралид уурхайн эзэд нь төмөр замаа давхар эзэмшиж байсан. Ингэхэд бусад жижиг орд эзэмшигчийн эрх ашгийг бодолцдоггүй, дарамтлах явдал гарсан тохиолдол бий. Ер нь иймэрхүү асуудлыг зохицуулах зохион байгуулалтын маш нарийн сүлжээ байх ёстой. Танай улсын хувьд хил дамнасан зам тавих магадлалтай учраас Хятадын талтай бас ярилцана гэсэн үг. Төрийн зохицуулалт их чухал.
-Төмөр зам байгуулах лиценз авчихсан компаниуд манайд байгаа. Үүнийг одоо яаж зохицуулах вэ?
-Иймэрхүү нөхцөлд Лицензийн гэрээг тэдэнтэй байгуулах хэрэгтэй.
-Хятадын компаниуд төмөр замын салбарт үйл ажиллагаа явуулах их сонирхолтой байдаг. Монголчууд юунд илүү анхаарах ёстой вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах сайн л гэдэг. Гэхдээ бие даасан судлаачийн хувьд хэлэхэд, үр нөлөөллийг сайн харах хэрэгтэй. Ялангуяа Монголын хувьд нэлээд онцгой нөхцөл учраас тооцоотой хандах ёстой юм гэж тэрбээр хариуллаа.
Монголын баялгийг ачиж зөөх салаа замуудын зургийг хаа сайгүй ноороглож байна. Хамгийн дөт замаар шуурхайлан тээвэрлэх төлөвлөгөөнүүдийг тасархай шугамаар цаасан дээр тэмдэглэцгээж байна. Ингэхдээ инженерийн төлөвлөлт, байгаль орчны үнэлгээ дүгнэлтийг нарийвчлан тусгаж буй нь юу л бол. Энэ бол бидний өөрсдөө нягтлан тунгаах ёстой асуудал юм. Хятад улстай транзит тээврийн шинэ хэлэлцээр хийх үүрэг Засгийн газарт оногдож байна. Монголын төмөр замыг шинэ нөхцөл байдалд Орос улстай хэрхэн хамтран эзэмших тухайд амаргүй яриа хэлэлцээр хийх болох нь. Түүнчлэн нүүрсний арвин нөөцөө хоёр хөршид төдийгүй БНСУ, Японд экспортлох давхар бодолтой байж, бүгдийг урьдчилан тооцоолох нь чухал. Ингэхийн тулд Хятадын хилийн боомтууд хүртэл найдвартай аялах маршрутын захиалгад багтах хэрэгтэй болно. Хэдийгээр Хятадын төмөр замыг нэвтрэлт сайтай, дэлхийн хамгийн сайн сүлжээнүүдийн нэг хэмээн мэргэжлийн хүмүүс үздэг боловч байнгын ачааллаас үүдээд сүлжээний төлөвлөгөөгөө тэд эртнээс хийдэг. Түүнчлэн хоёр хөршийн төр, засаг ачаа тээвэрлэлтийнхээ үнэ ханшийг санаан зоргоор нэмж чадах дарангуй араншинтайг хэлэх үү, сүлжээний захиалгаар ч боож хаах янз бүрийн нөхцөл байдал ирээдүйд гарахыг үгүйсгэмгүй. Оросын нутгаар транзит тээвэр хийхэд дотоодынхоо ачаанаас даруй гурав дахин өндөр хөлсөөр гадаад захиалгыг гүйцэтгэдэг тариф үйлчилж байна.
Энэ мэтээр Монголын төр, засаг орд газрынхаа баялгийн ирээдүйг одооноос тооцоолох ёстой юм. Нутгийн өмнөдөд бий болгох эрчим хүчний сүлжээ, засмал болон төмөр замын бүтээн байгуулалтуудад үндэсний компаниудаа татан оролцуулах, улмаар үйл ажиллагааг нь давхар дэмжих бодлого ч хэрэгтэй. Дэд бүтцийн ажлуудаас говийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ дүгнэлт, уурхай тойрсон суурин газруудын ирээдүйн төлөвлөлтийг бэлтгэх ёстой болох нь. Ингэхдээ Монголын төр алхам тутамдаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судлаач шинжээчидтэй хамтран ажиллавал хожмын эрсдэл бага гэдгийг Дэлхийн банкны зөвлөхүүд чухалчлан анхааруулж байна.
Нэгэнт Монголын төмөр замын түүхэнд хувийн хэвшлийн үйл ажиллагаа анх удаа нэвтрэх гэж байгаа нөхцөлд лиценз буюу төмөр замын тээвэр эрхлэх тусгай эрхийг ямар нөхцөлтэйгээр олгох вэ гэсэн чухал асуудал ч босч ирнэ. Ийм эрх авахын төлөө Хятад, Оросын компаниуд өрсөлдөх нь тодорхой. Энэ бүх асуултын тэмдгийн хажуугаар нүүрс олборлолтоор дэлхийд тэргүүлдэг “Пибоди энержи” компанийнхан Тавантолгойн олон улсын тендерт оролцох хүсэлтээ анх удаа нээлттэй илэрхийллээ. “Пибоди” говийн чанадад локомотивоо хөдөлгөхийг хүсч байна аа гэсэн үг. Дэд бүтцийн ажлууддаа Америкийн нэр хүндтэй компаниудыг татан оролцуулаарай хэмээн “Пибоди”-гийн удирдлагууд саяхан манай талд хүсэлт тавилаа. Тэгвэл дэлхийд нүүрс олборлолтоор хоёрдугаарт ордог Шинхуа корпорац Тавантолгойн тендерт ялалт байгуулах, улмаар өөрийн төмөр замаар Монголын коксжсон нүүрсийг Хятадын гангийн үйлдвэрүүд рүү зөөнө гэдэгтээ бараг эргэлзэхгүй байгаа билээ. Хойноос Якунин эрхэм ч яаруулж таарна.
Тэгвэл зүүнтээд солонгосчууд Тавантолгойн төсөлд оролцох консорциумынхаа бүтцийг хэдийнэ бэлтгэсэн байна. Засгийн газартайгаа хувийн томоохон компаниуд нь хамтарч байгаад төслийн тендерт оролцох хүсэлтэй гэдгээ уламжиллаа. Тэр бүү хэл Тавантолгойн нүүрсийг зөөвөрлөх шинэ маршрут санал болгож байна. Ордоос Чойбалсан хүртэл төмөр замаар тээвэрлэх өртөг зардал хамгийн ихтэй хувилбарыг БНСУ-ын тал оросуудтай хамтран амьдралд хэрэгжүүлэхээр тохироо хийсэн аж. Улмаар Чойбалсангаас ОХУ-ын Соловьевск өртөөг дамжуулан Сибирийн төмөр замаар зөөх агаад Ванино боомтоос цааш солонгосчууд үнэт баялгийг тосон авах гэнэ. Ийнхүү Тавантолгойн коксжих нүүрсний арвин баялаг хөрсөн дор байх зуураа хүний нутгийг зорин довтолгосон зураг төлөвлөгөөнүүд гарчихаад байна. Ингэхдээ гадаадын улс орнууд өөр хоорондоо нэгдэн хамсах маягаар төслийн тендерт оролцох дүр зураг харагдаж байна. Урагшаа, хойшоо урсан одох галт тэрэгний цуваа манай дохио зөвшөөрлийг л хүлээн амдах аж. Энэ бүх ашиг сонирхлыг Монголын төр, засгийн ухаалаг бодлогоор уялдуулан зохицуулах тун ч хариуцлагатай цаг мөч хаяанд иржээ.