14 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН ХОНГОРЗУЛД

2008.11.25

“Би урьд нь алдартай сэтгүүлч болоод ээжийнхээ өвчнийг гадаадад эмчлүүлнэ гэж боддог байлаа. Харийн сүүлийн үед нэртэй сэтгүүлч болж, байгаад ээжийгээ хэлмэгдэж шоронд орсон буруугүй гэдгийг хүмүүст мэдрүүлнэ гэж боддог болсон. Намайг сурагч байхад Монголд тийм муухай юм болж ээж минь хэлмэгдсэн юм гээд л ирээдүйн хүүхдүүдэд үнэн түүхийг хүргэнэ” гэж Б. Хонгорзул охин ярьжээ. Дөрөвдүгээр ангийн хүүхэд ингэж ярьсан байлаа. “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Б. Цэцэгдэлгэрийн Хонгорзул охинтой хийсэн эл ярилцлагыг уншаад зүрх өвдсөн юм. Дүү нь хоёрдугаар ангид сурдаг. Эмээтэйгээ гурвуулаа үлдсэн…

Хонгорзулын ээж Б.Болормаа яагаад шоронд сууж байгаа юм бол? Долдугаар сарын 1-ний өдөр цагаан байрны өмнө цагдаа нар гудамжны хүүхдүүдийг зодож дээрэлхээд байхыг Болормаа хараад боль аяд гэж уурласан, цагдаа хариуд нь хараал ерөөл урсгахаар нь хайрга аваад шидчихсэн. Тэгсгээд гэртээ харьсан явдал болж. Хальт шидсэн хэдэн хайрга газарт бутарсан. Харин Болормаагийн амьдрал тэр өдрөөс хойш хагацал зовлонгоор дүүрчээ. Долдугаар сарын нэг нартай өдөр гудамжинд явж байхад нь цагдаа түүнийг бариад авчээ. Хайрга шидсэн хором нь телевизийн камер, зураглаачийн дуранд өртсөн ч юм уу, эсхүл онц байдал зарласан тэр өдрүүдэд цагдаа онцгой ширүүн байж, гудамж хэсүүчлэн “эрүүгийн этгээдүүдийг” бүргэдийн нүдээр олзлон таньж байсан ч юм уу.

Монголын сэтгүүлчид мэргэжлийн өндөр ур чадвартай ажилласан долдугаар сарын 1-ий өдөр. Магадгүй сэтгүүлчид болж буй үйл явдлыг эхнээс нь элдэв тайлбаргүй шууд дамжуулаагүй байсан бол ард иргэд юу болж өнгөрснийг үнэнээр нь хэзээ ч мэдэж чадахгүй өнгөрөх байсан биз. Эрүүгийн хэдэн элемент МАХН-ын байрыг шатааж гэмт хэрэг хийсэн гэсгээд яг л онц байдлын дөрвөн өдөр Үндэсний телевизээр цацаж байсан болхи найруулгатай зохиомол мэдээнүүдээр иргэдийн тархийг угаагаад өнгөрдөг шиг юм болох байсан биз ээ. Цагдаа иргэд рүү буудсаныг эмнэлгийнхэн ярьжээ. Төдөлгүй эмнэлгийн ажилтнууд амаа хамхив. Цагдаагийн байгууллагад байлдааны сум байхгүй, ер нь сүүлийн хэдэн жил байлдааны сумны бараа хараагүй гэж ярьж байсан дарга нарын ярианы бичлэгийг одоо дахин үзүүлбэл дэндүү гутамшигтай сонсогдоно. Өдгөө сэтгүүлчдийн тэр өдөр хийсэн бичлэг, авсан гэрэл зургийг иргэдийг яллах баримт, нотолгоо болгон ашиглаж байна. Eagle телевиз долдугаар сарын 1-нд шууд сурвалжлага дамжуулаагүй бол бүх зүйл сайн сайхан өнгөрөх байсан юм шиг өнөөдөр МАХН-ын гишүүд хэвлэлүүдийг дайрч байх нь эмгэнэлтэй. Тэр өдөр жирийн сэтгүүлчид ажлаа хийж байлаа. МАХН-ын дарга тэднийг цагаан байрандаа дуудаж, хэвлэлийн хурал хийгээд, гадаа байгаа зандалчдыг харав уу хэмээн ховлосон боловч сэтгүүлчид гарч ирээд иргэдээс яриа авч дамжуулж байсан билээ. Намын байрны цонхоор нарийн бичгийн дарга Амарсанаа жагсагчдыг сэмхэн хараад, хөшигнийхөө цаагуур хурдхан орчихыг ч үзүүлэв. Хөөрхий амьтан.

Харин Хонгорзул охиныг би хөөрхий зайлуул гэж бодсонгүй. Мундаг сэтгүүлч болоод ингэж бичнэ хэмээн ярьж байгаа дөрөвдүгээр ангийн охины өмнө сайхан ирээдүй, үнэний өмнөөс эгцлэн харах зориг, үл нуугдах шулуун шударга амьдрал байгаа юм. “Ээж шоронд ороогүй байсан бол манайх их гоё амьдралтай айл” гэж охин ярьжээ. Ээж нь бууз хийж зах дээр зардаг. Заримдаа өдөрт арван мянган төгрөг олдог. Гурвуулаа тэр мөнгөөрөө сайхан амьдардаг. Аз жаргалтай амьдрахад хангалттай орлого. Ээж нь шоронд орсны дараа охидын амьдрал харанхуй болсон гэж зүгээр энд бичих амархан л даа. Зүрхээрээ мэдрэх гээд үзвэл тэсвэрлэхэд хэцүү явдал. Болормааг баривчилсны дараа хоёр охин эмээ дээрээ очсон. “Бид нарын өлсөх хамаагүй. Ээж бие муутай. Бамбай нь гуравдугаар үедээ орсон. Шоронд ухаан улдаж унасан гэсэн” Хонгорзул сэтгэлдээ ийм зовлонтой явдаг. Гаднаас нь хараад бяцхан зүрхний шаналлыг хэн ойлгохов дээ. Ангийнхаа охидтой элдвийн юм яриад л, бусад жаалуудын адил жаргалтай насны төлөөлөл. Ээж нь зах дээр бууз зарж амьдардаг айлын хүүхэд гэхээр заавал дорой гундуу байх юм биш. Том хөөрхөн хацартай, алаг нүдтэй гоё охин. Миний авч явсан сэтгүүлийг хараад Хонгорзул сонирхсон байж магадгүй. “Англи, монгол хэл дээр юм, уншихад хэцүү байх аа” гэсэн чинь хажуунаас ангийнх нь охин “Наадах чинь англиар уншиж чадна аа” хэмээн магтаж байна. Хонгорзул онц сурдаг гэсэн. “Сэтгүүлч болно гэсэн хэвээрээ, тээ?” гэж асуулаа. “Хэвээрээ” гээд инээж байна. Сайн охин. Дөрөвдүгээр ангийн Хонгорзул хоёрдугаар ангийн дүүгийнхээ хамт тэдний бяцхан гэрт тохиолдсон аймшигтай явдлыг даваад гарч чадна. Охидын үгээр бол аймшигтай явдал. Эрх баригчдын лүндэгнэснээр бол балмад танхай этгээдүүдийн үйлдсэн бусармаг хэрэг. Гэхдээ Хонгорзулын тув тунгалаг нүдэнд бол бусармаг хүмүүс нь цагаан байрныхаа цонхоор жагсагчдыг сэмээрхэн харчихаад цаашаа уусан алга болсон тэр үзэгдлүүд. Сэтгүүлчдийн дуран авайд ч долдугаар сарын 1-ний хий үзэгдлүүд тэр чигээрээ үлджээ.

Зуны дунд сарын тэр өдөр олон хүний багийг хуулжээ гэж бодогддог юм. Цуглаанд оролцсон хүмүүсийн шидсэн хуванцар савыг хурдхан цуглуулж борлуулах эрэлт хэрэгцээтэй хүмүүс дуран авайд тодхон буув. Уурсаж бухимдсан мянга мянган харц ганцхан зүгт чиглэснийг гэрэл зургийн хальсанд сэтгүүлчид буулгажээ. Овоо босгосон тэр хүний зүг хуванцар лонх, хараал, чулуу, виски юу эсийг онилсон гэх вэ.

Би Ерөнхий сайдын тухай шүүмжлэн бичихдээ түүнийг ойрын тооцоотой улстөрч юм аа гэдгийг ямагт онцолж ирсэн. “Ерөнхий сайд та юу хийхээ мэддэг, яаж хийхээ мэддэггүй шүү” гэж гишүүн Л.Гантөмөр УИХ-ын чуулган дээр хэлж байсан санагдана. Үүн дээр нэмээд, Ерөнхий сайд та эхлүүлсэн ажлынхаа эцсийн хариуцлагыг хэзээ ч үүрдэггүй шүү гэж хэлье. УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд нөлөөлөх бүх башир технологийг олон удаагийн сонгуулийн явцад хуримтлуулсан МАХН-ын даргын зүг тэр өдрийн мянга мянган харц чиглэсэн байсан. Үүнийг одоо хэчнээн камерын бичлэг устгаад үгүйсгэж чадахгүй юм. 2007 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр парламентын танхимд тунхагласан таван төгөлдөршлөөс өдгөө ядаж нааштай ахицтай яваа ганц ч ажил үгүй. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэгжүүлсэн эдийн засгийн алдаатай шийдвэрүүдийн үр дагаврыг засахын тулд өнөөгийн Сангийн сайд үйлээ үзэж байна. Хариуцлагын тухай хамгийн их ярьдаг боловч хар толгойдоо хир халдаах дургүй ганцхан хүн Монголд бий болжээ.

Өнөөдөр “балмад танхай” 246 хүн ял аваад байна. Тэдний дунд мөн л “балмад танхай, бүлэглэн дээрэм хийсэн” Б.Болормаа багтжээ. Олон нийтийн харцыг эдгээр 246 болон “балмад танхай” Г.Баасан, А.Саруул гэх мэт хүмүүсийн зүг хандуулахыг оролдсоор байна. Гэвч овоо босгосон хүн өөрөө уучлаарай гэх ёс суртахуунгүй байх цагт мянга түмэн Баасангууд хашгирсаар байх юм. Хариуцлага, ёс суртахуун хамгийн дээрээсээ төлөвшөөгүй цагт доодчуулаа хэчнээн гүвээд, хуулиа чангалаад юу ч өөрчлөгдөхгүй.

Сав л хийвэл хэрүүл заргад орооцолдож явдаг Г. Баасанд хэн дуртай байлаа. Харин өнөөдөр түүний хэлж ярьж байгаад үнэн бий. А.Саруул гэдэг эмэгтэйг сүүлийн хэдэн сар телевизээр харж эчнээ таньдаг болсон. Шоронд орсон хүмүүсийн ар гэрийнхнийг өмөөрч талбай дээр сууж байлаа. Дараа нь өөрөө шоронд орж үзэв. Одоо Баасанг хамгаалаад явж байгаа харагдана. Боловсролтой юм, сайхан ч эмэгтэй. Мөрөөрөө ажлаа хийгээд явж чадах тэнхээтэй бүсгүй. Гэхдээ л тэр гэрээсээ гараад ирсэн байна. Ганц охиныхоо сайхан ирээдүйн тулд тэсэлгүй хоёр үг хэлмээр байгаа байх. Харин охин нь ээжийнхээ 14 хоног саатуулагдахыг харсан. Хонгорзул шиг хатуу өдрүүдийг тэр охин ч давжээ. Томчууд хүүхдүүдийн өмнө нүгэл үйлдэж байна. Томчууд хийсэн хэргийнхээ хариуцлагыг хүүхдүүдийн ээжүүд, багачуудын үе тэнгийнхэнд үүрүүлжээ.

Арвандөрөвдүгээр сургуулийн Хонгорзулд аз жаргал хүсье. Дүүд нь зөвхөн гэрэл гэгээг ерөөе. Баасан, Саруул, үнэний төлөө зориглон үгээ хэлсэн хүн болгонд сайн сайхныг хүсье. Энэ цагт энгийн үнэний шүүгч үгүй юм хэмээн итгэл бүү алдраарай. Цаг хугацааны хүрд эргэх тусам амьдрал өөрийнхөө өнгөөр тодорч, үнэнийг хулгайлах гэсэн хүмүүсийн баг үгүй болно. Телевизийн бичлэгүүдийг хараарай. Тэнд байсан бүх хүн ганцхан зүг тийш харсан байгаа. Тэр өдөр сэтгүүлчид үүргээ биелүүлжээ.