ХЯМРАЛЫН ЭХЭНД ХИШИГ ТАРААХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ЗҮТГҮҮЛЭВ

2008.12.09

Эдийн засаг зогсонги байдалд орсныг Сангийн сайд олон нийтэд мэдээлж байна. Гэвч яг юу болоод байгааг тодорхой хэлж өгөх хүнгүй болсны нотолгоо нь “Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлж байгаагаар арилжааны банкуудын үйл ажиллагаа хэвийн гэсэн” хэмээх хөндлөнгийн тайлбарыг өмнөө барьж ярьдаг болсноор илэрхийлэгдэнэ. Банк, санхүүгийн байдал үнэхээр хэвийн үү гэсэн энгийн асуулт болгонд Монголбанкны Ерөнхийлөгчийн нэр усыг хавчуулаад, хариултаас бултах хувилбарыг Сангийн сайд хүртэл өөрөө сонгодог боллоо.

Гадуур юу болоод байна вэ? Банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар муудсаар байгааг харилцагчид анзаарч эхэлсэн. Харин хамгийн сүүлд Төсвийн байнгын хороонд хэлэлцсэн асуудлаас Төрийн сан хүнд байдалд орсныг иргэд гадарлав. Төрийн санд 2.6 триллион төгрөг эргэлддэг гэж Сангийн сайд хэлж байна. Гэхдээ тэрхүү их хөрөнгө эргэлддэг сан мөнгөгүй болсныг “зогсонги байдалд” орсон тухай мэдэгдлээрээ Сангийн сайд нотлов. Хүүхдийн мөнгө олголт тасалдаж, хөрөнгө оруулалтын ажлууд зогсч болзошгүй болсны улмаас Эрсдэлийн сангийн 300 гаруй тэрбум төгрөгийг захиран зарцуулах хууль эрх зүйн боломжтой болох гарцыг Сангийн яам эрэлхийлж байна. Эрсдэлийн сан нь Монгол улсыг хөгжүүлэх сангийн бүтцэд багтдаг. Тэгэхээр Монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгө төсвийн цоорхойг нөхөхөд зарцуулагдах болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, зарим бүтээгдэхүүний гэнэтийн ашгийн татвараас бидний олсон 1 тэрбум ам. доллар маань олигтой бүтээн байгуулалт, ирээдүйтэй хөрөнгө оруулалт болж үлдсэнгүй. Хямралын эхэнд төсвийн цоорхой бөглөх аянд дайчлагдаад дуусах болж байна.

Эрсдэлийн сангийн 300 тэрбум төгрөгийг уг нь арилжааны банкуудын хөрвөх чадварыг дээшлүүлэхэд зарцуулна гэж сар гаруйн өмнө Засгийн газар хуулийн төсөл хэлэлцүүлж байсан бол хорь гаруйхан хоногийн дотор асуудал өөрөөр эргэлээ. Арилжааны банкуудын хөрвөх чадвар буюу зээл олголтыг дэмжихээр үүцэлж асан мөнгийг өнөө маргаашийн яаралтай зарлагадаа зарцуулахаас аргагүй нөхцөл байдал үүсчээ.

Энэ оны эхэнд 1 тэрбум ам. доллартай байсан Монгол улс өдгөө 600 сая ам. долларын нөөцтэй. Ирэх жил валютын нөөц нэмэгдэнэ гэх магадлал бага. Бараг хагас жилийн өмнөхөн баян бийлэгжүү харагдаж байсан манай эдийн засгийн чадавх цөөн сарын дотор хүндрэлийн эхний шинж тэмдгийг илэрхийлж эхэллээ. Ийм үед Засгийн газраас авч буй арга хэмжээнүүд нь эдийн засгийн тооцоо судалгаанд үндэслэсэн байхыг цаг хугацаа шаардаж байна. Дараалсан сонгуулиудад зориулсан, улс төрийн зорилго агуулсан арга хэмжээнүүдээ Засгийн газар үргэлжлүүлэх боломжгүй болсныг эдийн засгийн хямралын гинжин давлагаа сануулав. Хямралын эхний доргилт дунд гурван их наяд төгрөгөөр хишиг түгээх хуулийн төсөл санаачилж суугаа Засгийн газрыг бодит ажлуудаа эхлүүлээч ээ, хийсэн зүйлсийнхээ эцсийн үр дүнг тайлагнаач ээ гэсэн хүлээлт нийгэмд байна. Арилжааны банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар дараалан муудаж эхлэх үест Монголбанкны тайлбарыг өмнөө бариад хариуцлагаас бултах аргагүйгээ Засгийн газрын танхим ухамсарлаж байх ёстой.

Монголын арилжааны банкууд дахь нэг их наяд төгрөг давсан хадгаламжинд Засгийн газар эрсдэлийн баталгаа гаргаж өгөөд удаагүй байна. Бусдын хадгаламжинд баталгаа гаргаж өгнө гэдэг нь 1.500.000 төгрөгний зурагтай хуудас тараахаас огт өөр, ихээхэн хариуцлага хүлээсэн шийдвэр юм. Монгол улсыг хөгжүүлэх санд одоо байгаа 455 тэрбум төгрөг иргэдийн хадгаламжийн эрсдэлийн баталгаа болж чадахгүй бөгөөд гагцхүү банк санхүүгийн үр ашигтай менежмент хийж байж төрийн хамгаалалтыг баталгаажуулна. Арилжааны банкууд хадгаламжийн өндөр хүү амлаж, төр тэр хадгаламжийнх нь арыг даана хэмээн хамтдаа ард иргэдээ төөрөгдүүлээд байвал ийм хоосон яриагаар банк санхүүгээ урт хугацаанд барьж торгоож дийлэхгүй. Тэртээ тэргүй өнөөдөр захын харилцагч төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болсоор байгаа банкныхаа нөхцөлийг мэдэрч эхэлсэн. Хямрал Монголын бяцхан эдийн засагт эхний доргилтоо үзүүлж байна. Харин хариу арга хэмжээг хэн авах гэж байна вэ? “Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлснээр бүх зүйл хэвийн” гэв үү? Хишиг тараах хуулийн төсөл яриад эхэлбэл хүн ард тайвширна гэж үү?