2001.12.07
Монголын газрын зураг энэ байна. Баялаг нь бүрэн судлагдаагүй гэнэ. Тээр өмнөд хэсгээр нь юу байдгийг зөвхөн зээр, хулан бүрэн мэддэг байжээ. Харин 1990-ээд оны эхнээс энэ зураг дээр өм цөм дарцаг хатгах болов. SOCO, Harrods, Ivanhoe Mines… Америк, Англи, Австрали, Канадын компаниуд дэлхийн уул уурхайн үйлдвэрлэлд хамгийн их хөрөнгө оруулжээ. Тэдний далбаа эх орны эзгүй талд нэг нэгээрээ намирав. Харин сүүлийн үед мөнөөх далбаанууд чимээгүйхэн Хятад өнгөтэй болон хувирч эхэллээ.
Эхлээд SOCO ийм алхам хийхээр шийджээ. Монгол Улс дахь АНУ-ын ашиг сонирхлын бодитой илэрхийлэл, манай газрын тосны нөөцийн талаар үнэт мэдээлэл гаргаж, 100 хувийн хөрөнгө оруулалтаар ажил хэрэг эхлүүлэгч тус компани хувьцаагаа Хятадын хөрөнгө оруулагчдад зарж эхлээд байна.
SOCO Монголын нутаг дэвсгэр дээр нефтийн хайгуулд зориулан анхны том хөрөнгө оруулалт хийж, олон сая доллар зарцуулсан билээ. Ингэхдээ сонгосон талбайдаа ээлж дараагаар өрөмдлөг хийн үйл ажиллагаагаа аажмаар өргөжүүлэв. Талбай ашигласны төлбөрийн зардал нь жил тутам нэмэгдэх болжээ. Иймээс эрсдэл хуваах үүднээс хувьцаагаа зарж, рискээ хамт үүрэх хань хайжээ. «Риск хуваах» гэсэн тайлбарыг «SOCO Тамсаг Монгол» олон улсын компани өөрөө өгч буй юм. Мөнөөх шалтгааны улмаас нийт хувьцааныхаа дор хаяж 50 хувийг зарах төлөвлөгөөтэй байгаагаа тэд нуусангүй.
Монголд найман жил үйл ажиллагаагаа явуулж, асар их хөрөнгө хаясны эцэст гэнэт хэн нэгтэй эрсдэл хуваахаар шийдсэн шалтгаан юу вэ? Цаашдаа SOCO Монголыг орхин гарах уу?
Хэдийгээр «SOCO Тамсаг Монгол»-ын мэргэжилтнүүд, «Монголын Засгийн газартай 1993 онд байгуулсан гэрээний заалт баталгаатай тул бид элдэв дарамт бэрхшээлд автсан явдалгүй» хэмээн хэлж буй ч өөр бусад тайлбарыг давхар сонсоход илүүдэхгүй биз ээ.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн үед SOCO эх орны зүүн чанадад эрэл хайгуулдаа орсон билээ. П.Очирбатаас, SOCO компани хувьцаагаа зарж эхэлсэн шалтгааныг тайлбарлаж өгөхийг хүсэв.
-Тамсагийн сав орчимд 1.5 тэрбум баррель нефтийн нөөц байгаа талаар тэд анхны мэдээлэл гаргаж өгсөн. Хөрөнгө оруулалтын хэмжээг ч бодсон ажлынхаа эцсийн үр дүнг нь үзсэн бол мэдээж зүгээр. SOCO гараад явбал харамсалтай байлгүй яахав. Хувьцаагаа зарж эхэлсэн шалтгаан нь шинэ Засгийн газар татвар нэмэгдүүлсэнтэй холбоотой байж болох юм. Нийт талбайд нь бодож татвар ногдуулж буй байх. Гэтэл тэд ээлж дараатай ажиллана, гэрээт талбайдаа нэг зэрэг хайгуул хийхгүй. Иймээс нөөц талбайд нь татвар тавих нь буруу. Энэ шийдвэрээ больж өгөөч гэсэн хүсэлтийг Засгийн газарт SOCO тавьсан боловч хүлээж аваагүй болов уу гэв.
Засгийн газар бүрийн «хувийн» шийдвэр Монгол дахь гадаадын аливаа хөрөнгө оруулалтыг ойлгомжгүй байдал руу түлхэж байна. Төсвийн хүндрэлийг давах эхний оролдлогоо төрийн аппаратын орон тоог эрс хязгаарлан, бүтээмжийг нь нэмэгдүүлэх замаар бус, харин татварын дарамтаар шийдэхийг Монголын Засгийн газар болгон оролджээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах төрийн холыг харсан, тууштай бодлого 1990 оноос хойш хэрэгжсэнгүй.
Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчдыг 1997 онд Улаанбаатарт урин чуулж, сайхан эхлэл тавьсан ч жилийн дараа НӨАТ болон гаалийн татварыг нэмснээр ихэнх нь хөрөнгөө буцаан татав. Он наашлах тусам хөрөнгө оруулагчдын эрх ашиг Монгол нутагт хумигдаж байна. Холоос ирсэн хүмүүс буцах санаа өвөрлөж эхэллээ. Ойрын хөрш Хятад тэдний орон зайг эзлэх цаг айсуй. Монголын газрын тосны сав хятадуудын мэдэлд удахгүй очно.