Иргэн Та…

2011 оны 2 сарын 11

 

Иргэн И гэрээсээ гарлаа. Нөгөө замаараа гэлдрэв. Сүүлийн яг хоёр сар явсан замынхаа дагуух энхэл донхол, хашаа хороо, булан тохойг бүр цээжилж орхиж. Өглөө эртхэн ирвэл танил байшинд жаал сэлүүхэн. Тийм үед л хүлээлгийн танхимд зургаан ширхэг сандал байдгийг, дөрвөн хүн тохой нийлж зогсоод мэдүүлэг бөглөчихөөр босоо ширээ харагдахыг, бас ч үгүй босоо ширээг тулгаж зассан баганад дэлгэц зоочихсон, лавлагаа авах компьютер асаалттай байсныг анзаарах вий.
Иргэнд ээлтэй утас гээд дөрвөн оронтой дугаар ба 70113937 гэсэн танил цифр бас үзэгдэнэ. Иргэн И санаа алдав. Энэ утасны цаана хэн суудаг юм бол доо, хөөрхий…Харилцуурыг  хэн нэг нь авдагсан бол жаал юм асуугаад авахсан. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар хэмээн энэхэн өрөөг нэрлэдэг юм аа. Эзэлдэг талбай нь жаахаан. За даа, 130, хэтрээд 170 ам. метр талбайтай л болов уу даа. Жижгэвтэр байгууллагын оффисын өрөө ийм биз… гэх зэргийг бодолхийлэн тэрбээр зогсов. Эд хөрөнгөө өмчлөх ба эд хөрөнгийн бусад эрхтэй холбоотой асуудлаар иргэдээс материал авдаг байцаагч нар ганц нэгээрээ орж ирсээр байна. Бяцхан өрөөнд нийтдээ 14 цонхоор үйлчилдэг. Иргэн И-г байцаагч нар бараг таних байх. Өглөө болгон зогсож харагддаг. Тэгж байгаад нэг материал дутуу гээд буцаад явдаг хөгшин. Тэтгэврийн хүн тулдаа тэсээд яваад байгаа юм аа, зайлуул. Ажил албатай нэгэн бол түүнээсээ халагдаж, донгодуулахаар өдөр хоногийг хийдүүлээ шүү дээ.
Иргэн И аминдаа жижиг тэрэг авчих санаатай зээл хөөцөлдсөн билээ. Зээл ч яахав, лизинг юм болохоор бүтсэн ба барьцаа гэдэг зүйл дээр ингэж гутлынхаа зулгийг эргэтэл сажилж яваа юм. Хашаа байшингаа барьцаанд тавиад, хоёр жилийн зээл явчихад юу байхав, уг нь. Шударгаар амьдарч сурсан хүн юм хойно иргэн И зээлийн хүүг батлагдсан графикаар нь төлөөд л явна. Тэгээд төлж барагдуулмагц хашаа байшингаа барьцаанаас гаргаж  орхино. Уг нь улаа зулгартал эргэлдэх асуудал биш. Гол нь манай хүн хашаа байшин, газар юугаа өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байсан юм. Газар эзэмших гэрчилгээ билүү, тэр ногоон цэнхэр өнгөтэй хуудас цаасыг жаазлах шахуу нандигнаад л явсан чинь өмчлөх эрх гэдэг юмаа хууль ёсны болгож энд бүртгүүлэх учиртайг сая ойлгожээ. Бүртгэлийн газар гэж нэрлэсний учир ийм байжээ, хөөрхий. Асар чухал байгууллага болохыг нь энд эргэлдсэн сарын хугацаанд яс махандаа шингэтэл ойлгов. Өмчлөх эрхээ гэж… Ядахад гэрчилгээн дээрээ гэрийнхээ хэдийг бүгдий нь оруулж бүртгүүлэх гээд нэр зоочихсон биш ганц сар хөөцөлдөөд дийлмээргүй бичиг цаасны ажилтай болчихов. Байсгээд  иргэн И Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын хажууд байрлах нотариатуудаар орно. Хөгшнийхөө, охиныхоо, хүүгийнхээ иргэний бичиг баримтыг баталгаажуулах, нөгөө машины зээлийн барьцааны гэрээ болоод санхүүгийн түрээсийн гэрээ гэх олон хуудас цаасыг нэг бүрчлэн нотариатаар баталгаажуулна. Ядахад оочер дугаар гэж дийлдэхгүй. Нотариат гэх хөх хаягтай умгар хаалганы цаана хөл гишгэх зайгүй. Багахан өрөөнд дөрвөн нотариатч зэрэгцэж суугаад ажиллалаад байгаа хэрнээ өдөржин хүн тасрахгүй. Их сайн бизнес юм даа л гэж И гуай зайлуул бодож амжина. Тийм гэрээг баталгаажуулахгүй, тэр төрлийн гэрээг бол баталдаг юм энэ тэр гээд нотариатч хүүхнүүд хангинана. Айвуу тайван тайлбарлаад өгөх хүн үгүй. Дандаа бүхимдсан яарсан улсууд бие биеэ түлхэлцээд аахилаад зогсдог. Нотариатаар хэдэн цаас батлуулж аваад мань И ч ухаангүй яарсан хүн нөгөө Бүртгэлийн газрынхаа хаалгыг дахиад татна. Ядаж байхад хэдэн үйлчилгээ нь хоорондоо хол зайтай, тусдаа байранд хийгддэг. Залуус бол яах вэ, гүйж гараад л Нотариат ороод, дахин ухасхийгээд Хадгаламж банк ороод тэмдэгтийн хураамж өгчихөөд ороод ирдэг. Зарим нь бүр сурчихсан, нэг нь  Үл хөдлөх дотор дугаарлаж зогсоод, нөгөө  нь бичгүүдээ бүрдүүлээд ороод ирдэг. Иргэн И яахав ганцаараа наашаа цаашаа элдвийн хаалга онголзуулаад, зарим бичгээ нөгөө газартаа орхиж сандраад. Бүр нэг удаа хүүхдийнхээ иргэний үнэмлэхийг нотариатын скайнер дотор үлдээж харьчихаад бөөн эрэл болсон. Өглөө эрт ирсний хэрэг гэж нэг их гарсангүй, дахиад л нааш цааш навсаганасаад таарав. Нэг хавтас дүүрэн бичиг цуглуулжээ.
Нотариат хэсч хэдэн төгрөгөө төлсөөр яваад овоо зардал ч гарч. Зарим гэрээг нь бүр 50.000 төгрөгөөр баталгаажуулсан. Тэглээ гээд дүүрсэн хэрэг нэгэнт хөөцөлдөж өдий хүргэсэн зүйлээ замын дундаас хаялтай нь биш. “Ерөөсөө хоёулаа хашаа байшингийн эрхийн гэрчилгээн дээрээ хэдэн хүүхдийнхээ нэрийг юунд бичүүллээ дээ, халаг, нотариатаар орох тоолонд тэр чинь хаана байна, энэний чинь зөвшөөрөл гарын үсэг алив гээд буцаж няцмаар юм болж байна” хэмээн  хөгшиндөө хэлж үзэв. Юу гэсэн үг вэ, өмч хөрөнгөө хэндээ итгэж үлдээх болж байна. Гэрчилгээн дээр үр хүүхдийнхээ нэрийг хамт бичүүлэх нь бидний эрх биз дээ” хэмээн эмгэн нь томрох юм. Эмгэн яахав дээ, гадуур ажил хөөцөлдөж,  Бүртгэлийн газар гэгчид өнжиж үзээгүй болохоор ингэж ярьдаг юм. Нөгөө 140 ам. метр өрөөнд өдөрт 700-800 хүнд үйлчилдэг гэж сонсвол эмгэн лав итгэхгүй. Бөөн уур уцаар болчихсон, бичиг цаас нь буцсан улсууд хар хур гэлдээд юун нөгөө иргэн Та ма…
Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын ачаалал өдрөөс өдөрт нэмэгдэж, умгар тэр өрөөнд иргэний амин  чухал эрх болох өмчлөх эрхийн асуудал туйлаас бүдүүлэг нөхцөлд шийдэгдэж байна. Уг нь эмгэний хэлдэг түмэн зөв, өөрийн гэх хашаа байшингаа эдийн засгийн эргэлтэд оруулж, барьцаалж байгаад машин байтугай байрны зээл, юм юм хөөцөлдөх эрх иргэнд бий. Газраа өмчилж авсан иргэн түүнээ барьцаалан, бизнесийн эхлэл хөрөнгө ч зээлж болно шүү дээ. Алив нөгөө, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн яалаа…Гэртээ цайгаа уугаад сууж байгаа эмээ бол ингэж хууль дүрэм яриад л байгаа юм. Хөөрхий иргэн И бол Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар орж ирэх тоолондоо бараг амьтан И болчих шахан шахцалдана. Өдөртөө 800 хүн бужигнадаг газарт зургаан ширхэг сандал, дөрвөн хүн зэрэгцэж зогсоод бичихүйц нарийхан ширээ байдгийг түрүүнд хэлсэн шүү дээ. Тэгэхээр нөгөө мэдүүлэг гэгчийг бараг хажуугийн хүнийхээ ууцан дээр тавьж байгаад бичих хэрэг гарна. Мэдүүлэг гэж юу юм бэ гэж үү? Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хийдэг 29 төрлийн үйлчилгээний алиныг авах гэж буйгаа дэлгэрүүлэн бөглөж бичдэг хуудас. Энэ хуудасгүй бол юу ч бүтэхгүй. Мэдүүлгийг Бүртгэлийн газраас л авчихдаг гэж санана уу? Тийм амар юм гэж хаана байх вэ, хажуугийн Хадгаламж банк руу ор. Хадгаламж байнкны байрыг олохын тулд G Mobile-ийн саарал байшинг цээжил. G Mobile-ийг олсон бол ОНЦ. Тэр байшингийн чинь зүүн талаар ороод, хоёрдугаар давхарт гараад нэг хаалгыг олоорой. Хажууд нь ХААН банкны хаалга байгаа, андуурч тэнд оочерлосон бол иргэн И шиг өөрийнхөө мангарыг гайхаад дахиад Хадгаламжийн хаалгыг татна уу. Хадгаламж банкинд ямархан оочер хүлээж байгааг И гуайгаас асуугаарай. Тэмдэгтийн хураамжийг тэнд төлнө. Үйлчилгээ хийлгэх тоолонд 3000 төгрөг төлнө. Тэгээд нэг бүсгүйгээс “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг” хэмээх хуудас цаас аваарай. Он гарахын өмнө энэ цаасыг мөнгө төлж аваад байсан, төдөлгүй үнэгүй өгч байгаа гэж нөгөө охин хэлсэн, хэн мэдэх вэ , тэмдэгтийн хураамжийн дүрэм журам өөрчлөгдсөн юм шиг байна лээ. Нөгөө мэдүүлгээ иргэн И Хадгаламж банк дотор яаж ийгээд бөглөхийг хичээдэг. Үл хөдлөх рүү ороод, юм бичих ширээ байтугай зүгээр зогсох зайгүй болохоор хүмүүс банкны байранд  жоохон зай олдсон дээр нь аахилж уухилаад мэдүүлгийг бөглөдөг. Хэрэв буруу бөглөсөн бол бүх зүйлийг эхнээс нь давт. И гуай сар гаруй нервдээд яваагийн учир нэг иймэрхүү. Үл хөдлөх, Хадгаламж банк, Нотариатын хооронд бичиг цаас барьсан ууртай хүмүүс, машин тэрэг нь бөглөрч түгжирсэн иргэд өдөржин шоргоолж шиг гүйлддэг.

Иш Батболд сайд аа “Бид хамтдаа хөгжинө, чадна” гээд бичиг цаас бэлэг сэлт Та цагаан сараар айлуудаар тараагаад байсан. Хүний хөгжлийн сан, Хүний хөгжлийг дэмжих жил, Иргэнд ээлтэй утас, Монгол хүн 2020 хөтөлбөр гээд хаа сайгүй яриад байгаа харагддаг. Иргэн И гэртээ ирээд л зурагтаар иймэрхүү үг сонсдог ба өглөө гараад Үл хөдлөх дээр мал болтлоо мөөрөлддөг билээ.  Иргэн болгонд өгөх 1 сая 500.000 төгрөгийг авах гэж хүмүүс амьтан болтлоо оочерлож хэрэлдсээр л байна. Иргэн И иймэрхүү том том бодлогын чанартай зүйлийг бүхимдан ярьдаг болсон ба Батболд даргыг зурагтаар харах тоолондоо “Худлаа даа, Та…” хэмээн бувтнах аж. Мянганы сорилтын сангаас  20 орчим тэрбум төгрөг өгөх гэж байгааг тэрбээр зурагтын мэдээнээс сонссон юм. Хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын байрыг сайжруулна, бас бус ажлуудыг тэр мөнгөөр хийнэ гэсэн. Тэгэхгүй бол үнэхээр Монгол оронд үл хөдлөх хөрөнгийн харилцаа хөгжихгүй юм гэдгийг эмээ өвөө нар хүртэл мэдэхээр болжээ. Мянганы сорилтын сангийн мөнгөөр хэр их зүйл амжуулахыг мэдэхгүй, гэхдээ иргэн И-гийн энгийн ухаанаар ч бодсон энэ бол аль нэг тусламжийн илүүдэл хөрөнгөөр шийдчих асуудал биш, төрийн бодлогын түвшинд асар их хөрөнгө оруулалт, ул суурьтай төлөвлөлт шаардсан ажил юм. Батболд сайд бол тараах мөнгөндөө сайн PR хийгээд байна аа, түүнийг олж авах гэсэн хүмүүс л иргэн хэмээх нэр байтугай юу болохоо ойлгохоо байтлаа үнэ хүндээ алдан царай дарцгааж явна. Энэ тухай бодож үзсэн дарга байна уу. Мянганы Сорилтын сангийн америкчуудад даатгачих ажил юм гэж үү. Эсвэл өнөө Сото гэдэг сахалтай хүнээр хийлгээд болчих төсөл байв уу. Улсын бүртгэлийн шинэчлэл үнэхээр хийгдэж байгаа бол тэр нь өмнө байсан гурван сандал дээр саяхан гурван сандал ширээ нэмж тавьсан явдал бололтой. И бол жирийн ажилчин хүн. Гэхдээ түүний бөндгөртөө тунгааж байгаар америкчууд ч биш, Сотогийн бизнес ч биш, Монголын төр өөрөө зөндөө юм хийх хэрэгтэй байгаа.
Манай улсад ердөө 20.000 моргейжийн зээл байгаагийн  учир энд бий. Хашаа, газраа, байр сууцаа хүмүүс эдийн засгийн эргэлтэд оруулах ямар ч нөхцөл бүрдээгүй байна. Улмаар үл хөдлөх хөрөнгийн бизнес цэцэглэх бус, харин буруу гарын арын хаалганы үйлчилгээний алба сүүдэрт нь томорсоор байна. Банкны зээлийн бүх төрлийн үйлчилгээ чухам өмчлөх эрхийн бүртгэлийн энэ бүдүүлэг тогтолцооноос болж улам бүр хүнд сурталтай, ойлгомжгүй болсоор. Тэгэхээр дам дамаа банк өөрөө өндийж босох чадваргүй болж байна. Алив нөгөө Ардын намын даргын амласан…И тэргүүтэй иргэд ингэж бухимдаад явах болжээ. Яасан ийсэн, Ардын намын батлах тэр хэнд чухал юм, харин  иргэнд өмчлөх эрхийн гэрчилгээгээ бариад санхүү хөрөнгийн жаахан эх үүсвэртэй болж, өөрөө өөрийгөө тэжээх л хэрэгтэй  байгаа шүү дээ. И гуай бол ач хүүгээ сургуульд нь зөөчих унаа авъя гэж бодсон ухаантай. Гэр хорооллын түүнд унаа шиг хэрэгтэй юм алга. Ач хөвүүн энэ хавар бэлтгэл ангид орох гээд, бас ч гэж ээж нь хүүгээ хотын төвд гайгүй сургуульд өгөхийг захиад байдаг. Солонгост ажил хийдэг охин нь  И гуайд машин авах эхлэлийн хэдэн төгрөг явуулчихсан, одоо дээр нь үлдсэн хэдэн цаасыг банкны лизингээр авч болмоор байдаг. Лизинг авъя гэхэд барьцаалах хашаа хороотой хүн юм хойно, уг нь юундаа ч ингэж толгой гудайж явах билээ дээ. Тэгсэн атал л хөөцөлдсөн ажил нь бүтэхгүй, хөөцөлдөх тусмаа иргэн И-гийн өөртөө итгэх итгэл нь унтарч, хүн хүн царай алдаж бичиг барьж гүйсэн, жижигхээн амьтан болсоор байгаа билээ. Эмгэнээсээ намхан болтлоо доошоо навтайжээ, ганц сарын дотор.
Үл хөдлөхийн хэдэн байцаагчийг иргэн И буруутгадаггүй. Анх их ширүүн дориун, яах ийхийг тайлбарлаад өгөх хүн олдохгүй, их зантай байцаагч нар шиг санагдаж л байсан юм. Гэхдээ тэднийг өдөржин бүүдийсэн гэрэл дор, агааргүй, бохир өрөөнд, олон хүний орилоон хашгираан дунд ажиллаж байгааг хараад өрөвдөх шахуу болжээ. Арваадхан хүн нэгдүгээр давхарт материал хүлээн авч, хоёрдугаар давхрын хонгил шиг заваан өрөөнд мөн л хэдэн бүсгүй баахан бичиг цаас нухаж харагдсан. Гэрэл  чийдэн гэж бүүдийсэн, шийдэх асуудал хэмээх нь түмэн олон. Ажлын нөхцөл гэж аймаар.  Ирэх жилүүдэд Монгол  улс 100.000 моргейжийн зээлтэй болно хэмээн зурагтаар нэг дарга ярихыг И сонсоод, хн….хэмээн ундууцав. Бүртгэлийн байраа арай томруулчихаад олон юм яриасай гэж чанга хэлэв. Гэр орондоо мань хүн ингэж бухимддаггүй, төлөв амгалан нэгэн боловч сүүлийн үед яагаад ч юм уурлаад байх болжээ. Насаараа амьдарсан хашаагаа барьцаалж байгаад, ач хүүгээ сургуульд нь дөхүүлэх унаа авчихад яагаад болохгүй байгаа юм хэмээн дэмий л дотроо гомдоно. Нотариатч ууртай хүүхэнд гомдоно, дандаа хүн пиг шаваастай байдаг Хадгаламж банкны даргад “юм” санана, зурагтаар “Тантай хамт” гэж яриад суудаг Ерөнхий сайдын тараасан бэлгийг дахиж ёстой авахгүй хэмээн тангаргалдаг.

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт иргэн И амьдралынхаа нэг сарыг барсан бол он гаргаад Улсын бүртгэлийн ерөнхий газарт хадагдах хувь зохиолтой байжээ. Охин нь сар шинээр гэртээ ирж амжихгүй, тэгээд ч цаг агаар сэрүүн улиралд хүүтэйгээ уулзаадахъя гэсэн юм. Энэ хавар сургуульд элсэх хүүдээ жаал жуул юм бэлдэж, хамт хэд хоноё гэж ээж нь бодно биз дээ. Тэгээд яахав И гуай л ач хүүгийн гадаад паспортын асуудлаар явна шүү дээ. Өнгөрсөн өвөл зурагтаар гарч байсан түмэн хүний буман оочер он гаргаад арай намжжээ. Оны сүүлийн өдөр Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж хурууны хээгээ дарж, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар ерөнхийдөө бүртгэлийн ажил шувтарсан юм. Бүртгэлийн ажлын дүн улсын хэмжээгээр 94.3 хувьтай гарсан  нь өндөр үзүүлэлт. Саявтар хорих ангиуд, гэрээт цэргийн ангиудаар тооллого дуусч, одоо гадаадад амьдарч байгаа монголчуудаа шинэчилсэн бүртгэлд хамруулахаар Улсын бүртгэлийн ерөнхий газар Элчин сайдын яамд ба Консулын газруудтай хамтран ажиллаж байна. Иргэн И нямбай нэгэн тул бичиг баримтын зөрчилгүй, архивын лавлагаа авах гэж өвлийн хүйтэнд олон дахин дугаарлаагүй. Ахмад хүн учраас хөгшин тэр хоёрын төрсний гэрчилгээ болох лавлагаа мэдээж хэрэгтэй байсан. Түүнийг авахдаа төвөгшөөгөөгүй. 70 жилийн түүхтэй Монгол улсын иргэний бүртгэлийн алба анх удаа иргэнийхээ бичиг баримтыг ингэж тулган, шинэчилж байгааг зүгээр л дэмжсэн билээ. Гэхдээ манай хүн 1970, бүр 1980 оноос хойш төрсөн залуус гэрчилгээгээ хаячихсан гээд хэдэн зуугаараа архивын лавлагаа авахаар дугаарлаж байгааг хараад бухимдсан. Бичиг баримтдаа хайхрамжгүй хүн олон болжээ. Тэмдэгтийн хураамжийг он гаргаад нэмснийг ч дэмжжээ. Иргэний үнэмлэхээ хаясан хүмүүс дахиж авахдаа 25.000 төгрөг төлөх болсон. Зөв шүү дээ.
100 айлын тэр хэсэгт хөл хөдөлгөөн шингэрнэ гэж байх биш, гэхдээ өнгөрсөн өвлийг бодвол гайгүй ээ. Архивын хэсэг арай амсхийв бололтой. Шинэчилсэн бүртгэл эхэлсэн долдугаар сарын 5-наас хойш 160.000 орчим иргэнд лавлагаа гаргаж өгчээ. Өмнөх жилүүдэд бол дунджаар 70.000 хүн лавлагаа авдаг байсан гэсэн. Гэхдээ гадаад паспорт сунгах, шинээр олгох хэсэг гэж алим унах зайгүй, агаар ч үгүй, өөдөөс инээх хүн нэгээхэн ч үгүй нэг ийм танхим байх. Нөгөө Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй ижил дүр зураг энд бий. Баяр дөхөөд ирэхээр гадаад паспортын нэг байцаагч өдөрт 100 гаруй хүнд үйлчилдэг. Хажуугийн өрөөнд бас иргэний бичиг баримт хаясан гээсэн, шинээр авах гээд хонины найр үргэлжилж байлаа. Мөн л умгархан өрөөнүүдэд улсын бүртгэлийн нэн чухал ажлууд орилоон хашгираан, үймээн шуугиан дунд өрнөнө. Иргэний үнэмлэх шинээр авах хүн лав 6 дамжлагаар орж гарч байна. Иргэний бүртгэл хариуцсан нэг байцаагч өдөрт багадаа 270 хүнд үйлчилдэг гэнэ.
Ач хүүгийн гадаад паспортыг шинээр авахын тулд Голомт банкинд мөнгө тушааж, маягт авах ажил эхлээд гарав. Хажуугийн байшин руу орж оочерлосоор байтал 10.00 цаг дөхжээ. Өглөө эртлэн эхний хүн болох шахуу Улсын бүртгэл дээр ирсэн хүн чинь эргээд гадаад паспорт олгодог газартаа ороод ирэх үед далан хэддүгээр хүн болон дугаар авав. Гадаад паспортын материал хүлээн авдаг байцаагч нар долоон цонхноос үйлчилдэг. Долуулаа зэрэг үйлчлэхгүй нь хэцүү. Цаагуураа бас давхар ажлуудтай наашаа цаашаа яваад л байгаа харагдана.  Дугаар тэмдэглэсэн муу цаасаа сайн атгаад зогсов.
Үйлчлүүлэгч Та…хэмээн үйлчилгээний автоматаар дугаар зарлана. Эелдэг дуугаар эрхэм үйлчлүүлэгчийг төддүгээр цонхонд очно уу хэмээн хэлдэг. Дараагийн дугаар зарлатлаа их удна аа. Өрөөнд чихэлдсэн хүмүүс өөрийнх нь ээлж дөхөх дусам дуу шуу орж энэний дараа минийх… энэ тэр гэж хажууд шахцалдах танихгүй хүнд онгирно. 12 цаг дөхөх үед арайхийж И-гийн дугаар дуудагдав. Хүүгийн эрүүл мэндийн даатгалын дэвтэр хэрэгтэй, төрсний гэрчилгээг нотариатаар батлуулна гэхчлэн бүтэлгүй И гуай эргээд гараад явлаа. Нээрээ нялх хүүхдэд зүгээр л хэн дуртай нь паспорт авчихна гэж юу байх вэ. Энэ мэтээр хоёрдугаар өдөр дугаарлаж хэргээ бүтээсэн боловч яг паспорт авах мөчид ач хүүгийн нэрний нэг үсэг зөрж бичигджээ. Бөөн ууртай хүн оочерын урдуур уухилж ороод, хүүхдийн нэр яагаад буруу бичив гэтэл та нэрийг нь тулгаж харахгүй яасан юм хэмээн байцаагчид эргээд загнуулжээ. Тэр олон хүнд үйлчлээд завгүй суугаа байцаагч бүсгүй өөрөө бичсэн нэр усаа И гуайд үзүүлээгүй шүү дээ. Дарга дээр нь орно оо хэмээн уурлаж үзэв. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар хонь шиг номхон загнуулж байсныгаа бодвол одоо мань хүн бүхимдсандаа чанга чанга үг хэлдэг болсон юм. Гадаад паспортын хэлтсийн дарга зайлуул, олны хөлд жижигхэн өрөөндөө баахан паспорт хураачихсан ,гарын үсэг зурж сууна. Бидний гадаад паспорт дээр энэ хүний мутар дурайдаг аж. Хажуугаар нь хэл ам хийсэн олон хүн орж гараад тэрбээр тун хэцүү нөхцөлд өнөөх чухал ажлаа хийж сууна. Түүнийг хараад иргэн И-гийн уур гарч, зүгээр л учраа хэллээ. Дарга ч манай байцаагчийн буруу байна аа гээд дор нь асуудлыг шийдээд өгөв. Дор нь ч юу байхав, дахиад маргааш өглөө ирж дугаарлана гэсэн үг. Гэхдээ хүн шиг харилцсанд нь баярлаад И мөнөөх даргад “Гялайлаа миний дүү” гэж хэлээд гарлаа. Маргааш нь түүнд ач хүүгээ авчирч царайг нь харуулж байж паспортыг нь ав гэсэн билээ. За тэр ч яахав. Хоёр сар шахам бүртгэлтэй холбоотой ажил хөөцөлдөхдөө иргэн И юм юм ойлгох болжээ. Энэ жилээс гадаад паспортыг нэг ба таван жилээр авах хоёр төрлийн үйлчилгээний горимд оруулж байна. Дамжлагаа цөөлөх гэсэн алхам юм болов уу даа.
Эд хөрөнгийн эрхийн бүртгэл, Иргэний бүртгэл, Архивын лавлагаа, Хуулийн этгээдийн бүртгэл гээд хэсэг тус бүр Улсын бүртгэлийн ерөнхий газар хэмээх том нэр дор зангидагддаг. Одоогоор иргэн И Хуулийн этгээдийн бүртгэлээр орж гараагүй, зовлонг нь мэдрээгүй боловч яваандаа охин нь Монголдоо ирээд жижиг аж ахуй байгуулан, амьдралаа залгуулах үед компанийн нэр уснаас өгсүүлээд бас л түмэн  бичиг цаас хөөцөлдөх ажлыг хийх биз ээ. Улс орны хамгийн чухал цэг 100 айлын түгжрэл дунд, G Mobile-ийн байрны орчимд ийнхүү шахцалдан төвлөрдөг. Нэгдсэн удирдлагаар аппарат нь хангагдах ёстой газрууд нэг иймэрхүү бүүдийж пөөнийсөн орчинд энд тэнд ажилладаг. Орчныг дагаад бүхимдал үүсч, иргэн хүмүүн илжиг мал болтлоо чихцэлдэн хэрэлдэцгээж байна. Яг энд ажиллагсад иргэний шинэчилсэн бүртгэлийн ажлыг нугалсан юм. Өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн хагас жилийн хугацаанд бүртгэлийнхэн уртасгасан цагаар, заримдаа 24 цагтайгаар, 700 гаруй гэрээт ажилтан нэмж авч байгаад шинэчилсэн бүртгэлийг улсын хэмжээнд хийжээ. Одоо тэдний ажлын дүн мэдээнд тулгуурлан иргэн болгонд данс нээх гэнэ. Хувь хишиг хүртэх данс. Тэгэхээр ихээхэн чухал ажлыг бүртгэлийнхэн гүйцэтгэжээ. Бас асар бүдүүлэг нөхцөлд амин чухал бүртгэлийн ажлууд хийгдсээр байна. Иргэн И-гийн майжийтлаа явсан бүртгэлийн замналыг зурагтаар харин их л товчлон, гоёор ярина. Иргэддээ газрыг нь өмчлүүлж байна, эдийн засгийн эргэлтэд И гуйан минь хашаа орсон доо, тантай дандаа хамт байж дансанд тань хишиг хувь хийсээр байх болно оо, хүнд суртлыг хогийн саванд хийсээн гэх мэт. Иргэн И хурдхан сувгаа солив. Иргэний , эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой 128 төрлийн үйлчилгээг энэ жилээс цөөлж 86 болгосон хэмээн Бүртгэлийн газрын дарга нөгөө суваг дээр ярьж байхыг сонсоод И-гийн хамар шархирсан билээ.