2011 оны 3 сарын 30
Хураангуй жагсаалтад үлдсэн зургаан компанитай хийх хоёрдугаар шатны хэлэлцээр энэ долоо хоногт үргэлжилж байна. Тавантолгой ордод хамтран ажиллах нэг консорциумыг Монголын Засгийн газар сонгож мэднэ. Эсвэл, консорциумуудын нэгдлийг ялагчаар зарлаж магад. Эргэлзэхийн учир нь, нэг консорциум, үгүй бол консорциумуудын нэг нэгдэл байх ёстой гэх тов тодорхой чиглэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ч, УИХ-ын тогтоолоор ч ялгаж салгаж өгөөгүй юм.
Хураангуй жагсаалтад үлдсэн зургаан консорциум тус бүр тивийг төлөөлж байна. Ази, Европ, Хойд Америк, Өмнөд Америк, Австрали, Евразийн төлөөллийг жагсаалтад санамсаргүй үлдээсэн юм биш. Тавантолгой ордыг хамтран ашиглах Стратегийн хөрөнгө оруулагчийг сонгохдоо юуны түрүүнд “Улс орны хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх, улс төр эдийн засгийн тэнцвэртэй харилцааг бэхжүүлэх хувилбарыг гаргахыг” Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2010 оны дөрөвдүгээр сард зөвлөмж болгосон. Сонгогдох хамгийн магадлалтай консорциум үүсгэхийг гадаадын компаниуд, нэн ялангуяа төр, засгийн газрууд нь өнгөрсөн хугацаанд хичээсэн билээ. Харин одоо ямар үйл явдал хэдийд өрнөсөн талаар эргэн харах, өнөөдрийн өрсөлдөөний өнгө төрх, мөн чанарыг илэрхийлэх цаг ирсэн байна.
Тавантолгой ордын Стратегийн хөрөнгө оруулагчаар өрсөлдөгчгүй шахуу тодрох эрмэлзлэлийг ОХУ ба БНСУ-ын компаниудын нэгдэл шаргуу илэрхийлсэн ба энэхүү нэгдлийн эхний дүр төрх 2009 оны арваннэгдүгээр сард тодорсон юм. Монгол улсын Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалын үеэр эхний төслөө танилцуулж, салхи хагалсан нэгдэл бол ОХУ, БНСУ-ын консорциум. Оросууд Монголын төмөр зам дахь нөлөөгөө, Солонгосууд нь санхүүжилтээрээ түрж гарах эрмэлзэлтэй. Уг нэгдлийн онцлог нь ОХУ ба БНСУ-ын төр улс төрийн асар хүчтэй дэмжлэг үзүүлж ирсэн. Тавантолгой ордыг ашиглах яриа өрнөх үеэс Монгол оронд хамгийн олон айлчилсан дээд зиндааны эрхмүүд бол Орос, Солонгосын удирдагчид байлаа. Монголын дарга нар ч хариу айлчлалыг нэжгээд хийж, тэр бүртээ Санамж бичиг цөөнгүй үзэглэсэн юм. Эдүгээ нэгэн Санамж бичгийн дуулиан дэгдээд байгаа ба Ерөнхий сайд С. Батболдын БНСУ-д айлчлах үеэрээ байгуулсан хамтын ажиллагааны, тэр дундаа дэд бүтцийн салбар дахь хоёр улсын Хамтын ажиллагааны Санамж бичгийн ерөнхий агуулга хаврын салхинд арай л хурдтай тарж эхэллээ. Хараахан Гэрээ болоогүй Санамж бичгүүд эдүгээ Тавантолгой орд дээр тухайн улсын консорциумыг Монголын Засгийн газар хэдийнэ сонгочихсон мэт сэтгэгдэл төрүүлэх зорилгоор бушуу түргэн мэдээлэгдэж байна.
Яг сар гаруйн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO хийх Зөвлөх банкийг сонгох үеэр бас л ийнхүү дуулиан дагуулсан, тодорхой ашиг сонирхол илэрхийлсэн мэдээллүүд цацагдсан юм. Хөрөнгө оруулалтын дэлхийн нэр хүндтэй банкууд бие биенээ унагах сенсаац дэгдээхээр Монголын хэвлэлүүдэд өгөөш шидэж байлаа. Одоо түүний ижил БНСУ –ын консорциум хойд чиглэлийн төмөр зам тавих тендерт ялсан, улмаар ОХУ, Солонгосын нэгдэл Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагч болоход ойрхон гэх агуулгатай мэдээллүүд сүүлийн хоёр өдөр эрчимтэй түгэв. Өрсөлдөөн ширүүсч байгаагийн дохио энэ бөгөөд дэгээ гогцоо болгоныг Монголын Засгийн газрын Ажлын хэсэг үл анзааран, хараат бус хэлэлцээрийн өнгө аясыг хатуу бариасай гэсэн хүсэл өөрийн эрхгүй төрж байна.
Тавантолгой ордын том хөрөнгө оруулагчаар тодрох магадлал өндөр байгаа ОХУ ба Солонгосын консорциум нь өнгөрсөн хоёр жилд стратегийн олон нүүдэл хийжээ. Юуны түрүүнд Японы тэргүүлэх компаниудыг тэд нэгдэлдээ татаж авсан юм. Монгол улсын Засгийн газар нь угтуулан тавих нөхцөлүүдээ хатуу тавьж байсны үр дүнд ийнхүү хоёр улсын консорциум хүрээгээ тэлэхээс аргагүй болж, нүүрсний гуравдагч зах зээл гэсэн шалгуур дор Японы компаниудыг консорциумдаа татсан билээ. Одоо энэ нэгдэлд Японы Сумитомо, Иточу, Марубени компаниуд ороод байна. Улмаар манай Ажлын хэсгийн шалгуур нарийсах тусам тус консорциум хятадуудад нэмж сээтэн хаяхаас аргагүй болсон юм. 1100 километр төмөр зам татаж, дээр нь Сибирийн цэвдэг дундуур тээвэрлэлт хийн, эргээд Япон, Солонгосын зах зээл рүү орох төлөвлөгөөг илүү бодит байдалд ойртуулахын тулд хятадуудтай хамтрах хэрэг гарсан ба харин өмнөд хөрш В. Якунины саналд өөр хариу барьжээ.
Хятадууд өөрийн санаагаа үл тавих улс учир Орос, Солонгосыг дагаж намирсангүй, харин Японы Мицуиг хамтрагчаараа сонгоод удаагүй байна. Уг нь Оросын төмөр замуудын нэгдлийн санаа нь Консорциумдаа хятадуудыг хавчуулсан тохиолдолд транзит тээврийн гурвалсан тохиролцоонд хүрэх, улмаар зүүн хязгаарын Нөмрөгийн боомтоор Монголоос өмнөд чиглэлд нүүрс гаргах шинэ хувилбар зүтгүүлэх явдал байлаа. Гэвч дээр өгүүлснээр, хятадууд оросуудын төлөвлөгөөнд “хавчуулагдахаасаа” илүүтэй өөрсдөө санаачлагыг гартаа авахаар шийдэн, шинэ нэгдэл бий болгосон юм. Ингээд зогсоогүй оросуудтай хэтэрхий дотносоод байвал өмнөд хил дээрх өөрийн боомтуудын үйл ажиллагааг хязгаарлаж чадна шүү гэсэн сануулга арга хэмжээг өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа авсан юм. Шинхуа Энержи компани Пибоди Энержигээс өрх тусгаарлаж, Японтой ойртсон задрал- нэгдэл нь ийнхүү Тавантолгойн цуврал хэлэлцээрийн хоёр жилийн явцад хийгдсэн юм. Шинхуа Энержи , Пибоди Энержи гэсэн хослол анхны хувилбараараа хамтран зүтгээд явсан бол яах аргагүй хүчтэй өрсөлдөгч байсан. Ямар ч байсан Пибоди нь Шинхуагаас салж, харьцангуй жижиг Вэнсвэй дээр сонголт хийхээс аргагүйд хүрсэн шалтгаан бий. Тавантолгойн нүүрсийг гуравдагч зах зээлд борлуулах Монголын талын угтуулан тавих нөхцөлд биеэ нийцүүлэх гэж Шинхуа нь Мицуитай сүй тавьсан байхаас зайлахгүй.
Хятадын өөр нэг компани Вэнсвэйг дэлхийн зах зээлд мэдэх хүн цөөн. Харин өнгөрсөн жил Хонконгийн бирж дээр гарах үед нэрээ нэлээдгүй таниулсан байх. Вэнсвэй Монголын хил дагуу цагаа олж нүх гарцаа малтсаны хүчинд нүүрс зөөх дэд бүтцийн сүлжээтэй нэгэн болжээ. Үнэндээ Вэнсвэй компанийн Монголын хил дагуу цуглуулсан хямд нүүрсийг цааш нь Шинхуагийн төмөр замаар ачаад явдгийг бодвол Хятадын компаниуд өөр зуураа чанарын ялгаагүй, нэг нь нөгөөгийнхөө үргэлжлэл гэлтэй, бидний хувьд.
Хөрөнгө оруулагчийн шалгаруулалтад ОХУ-БНСУ-Японы консорциум өөр дээрээ дахин нэг оролцогч нэмэх эрмэлзэл байх аваас Шинхуа-Мициу нэгдэн бие давхар болох тун магадлалтай. Тэгвэл тэр нь Орос, Хятадын компаниудын тэргүүлсэн нэгдэл мөн чанартаа болж хувирна.
Цанхийн баруун хэсэгт олборлолт хийж, борлуулах зах зээлээ олох уг консорциум аль болох олон оролцогчтой байгаасай гэсэн эрмэлзлэлийг Монголын Засгийн газар тээж байна. Хэрэв Оросын төмөр замуудын нэгдэл, Япон, Солонгосуудын мөнгийг хармаалаад ороод ирвэл олборлолт, борлуулалт, тээвэр, боомтын асуудлаар Монголын нүүрс нэг этгээдээс хараат болох юм. Тиймээс Ажлын хэсэг хураангүй жагсаалтын хоёрдугаар шатны хэлэлцээрийг цөөнгүй хувилбараар хийж байна.
Зургаан оролцогчоос дараагийн ээлжинд ач холбогдлоороо эрэмбэлэгдсэн нэгдэл бол дээр цухас дурдсан АНУ-ын Пибоди, Хятадын Вэнсвэй. Албан танилцуулгад Пибоди Энержи дангаараа бичигдэж байгаа боловч тэд хамтарсан компаниа хэдийнэ байгуулсан. Тавантолгой ордын хөрөнгө оруулагчийн хэлэлцээр үргэжилсэн хоёр жилийн явцад Пибоди ямагт хүчтэй өрсөлдөгч байсан. Монголын Засгийн газрын дэвшүүлж буй угтуулан тавих нөхцөл дунд эднийх шилдэг технологиороо тэргүүлэгч юм. Гагцхүү тээвэр, боомтын асуудал дээр хүчин мөхөсдөж, аргагүй Вэнсвэйг хамтрагчаараа сонгосон биз ээ.
Угтуулан тавих нөхцөл бол Тавантолгойн олон улсын нээлттэй тендерийг дүгнэх гол шалгуур. Нүүрс тээвэрлэх төмөр зам, транзит тээврийн үнэ, боомтын шийдэл, шилдэг технологи, боловсруулах үйлдвэрлэлийн туршлага, дээр нь урьдчилгаа төлбөр. Эдгээр үзүүлэлтээр Ажлын хэсэг маань хөрөнгө оруулагч-консорциумуудад оноо тавьж байна. Хэлэлцээрийн хоёр жилийн явцад урьдчилгаа төлбөрийн хэмжээнд манай Засгийн газар нэлээд анхаарал хандуулж ирсэн ба эдийн засгийн сэргэлтийн явцад тэрхүү урьдчилгааны ач холбогдол нь ялимгүй багасаад ирлээ. Өдгөө нэгдүгээр нөхцөл транзитын хөнгөлөлт болчих магадлал бий. Оросын Төмөр замуудын нэгдэл солонгосуудаа чирээд ямар ч гэсэн шалгарна хэмээн итгээд байгаа үндэслэл чухам энд бий. “Тавантолгой” төсөлд оролцох хүсэлтэй БНСУ-ын компаниудын тоо эдүгээ 40 дөхөж байна. Төмөр замын барилгын ажилд оролцохоор Лотте группээр толгойлуулсан 28 компанийн төлөлөөлөгчид Монголд бууж мордсоор байгаа бол том тендерт оросуудтай Солонгосын 11 компани нэгдсэн. Эдний дунд БНСУ-ын Төмөр замын газар төрөө төлөөлөн явж байна.
Монголын нүүрс тээвэрлэлтэд зориулсан бууруулах коэффициентийг Владимир Якунин үе үе хэлдэг ба тэрхүү коэффициентийн хэмжээ Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудад өгдгөөс хамаагүй сайн шүү гэдгийг манай Зам тээвэр, хот байгуулалтын яамныханд байсгээд цухуйлгадаг. 65 хувийн тарифын хөнгөлөлт хэмээн түүнийг нь монголчууд нэрлэдэг. Зарим тооцооллоор 50 хувийн хөнгөлөлт гэсэн дүн гардаг. Хөнгөлөлтийг 25 жилийн турш Монголд эдлүүлнэ гэдэг. Уг нь транзит тээврийн тарифыг жил бүр тогтоох ёстой юм гэж тайлбар зүүхээ оросууд мартдаггүй. Энэхүү амлалтууд одоогоор Санамж бичгийн түвшинд яригдсан, мөдхөн Гэрээ болно гэсэн итгэл бий. Өнгөрсөн өвөл Ерөнхий сайдыг Москва яваад ирсний дараа тэрхүү Санамж бичиг баталгаажмаар түвшиндээ очиж, энэ хоёрдугаар сард Дэд сайд А. Гансүх Москва явж ярилцсанаар үйл явц хэсэг завсарлаад байна. Транзитын үнэ үйлчлэх тогтвортой хугацааг гурван жилийн давтамжтайгаар Гэрээнд тусгаж болзошгүй агаад тухай бүр нь сунгахдаа тарифт өөрчлөлт оруулах магадлалтай юм. Юутай ч Тавантолгойн нүүрсийг дамжуулан тээвэрлэх үнийн хэлэлцээр нууцын зэрэглэлтэй хийгдэж байна. Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтын сүүлийн шатны хэлэлцээр хүртэл оросууд чихрээ хайрцганд нь хадгалах биз ээ. Ямар ч байсан хайрцагт чихэр бий шүү дээ.
Транзит тээврийн хөнгөлөлтөөс гадна боловсруулах үйлдвэр байгуулах тухай Монголын Засгийн газар угтуулан тавих нөхцөлдөө тусгажээ. Тиймээс хураангуй жагсаалтад үлдсэн компаниуд нь гангийн, төмрийн хүдрийн үйлдвэрлэлээрээ дандаа дэлхийн хэмжээнд нэр нь гардаг газрууд. Хураангуй жагсаалтад хойхно нэр сонсогдож яваа Арселор Митал, Вале, Экстрата нь дэлхийн гангийн үйлдвэрлэлд байр сууриа нэгэнт олсон том компаниуд юм. Монголын Засгийн газрын тавьж буй угтуулан тавих нөхцөлүүдийн дотор энэхүү боловсруулах үйлдвэр байгуулах ажил ордог боловч өнөөгийн үйл явцыг ажиглахад транзит тээврийн гарцад илүү ач холбогдол өгч, угтуулах бусад нөхцөл хоёрдугаар эгнээнд шилжжээ.
Зургаан компани-консорциумын хоорондох өрсөлдөөн ширүүсэх шатандаа оржээ. Нэг консорциум, эсвэл нэгдсэн консорциум хэлбэрээр ялагч тодрох эсэх хэлэлцээр өрнөж байна. Хэлэлцээр эгзэгтэй үедээ ирсэн ба гадаадын консорциумуудын лообий идэвхжих хандлагатай. Төмөр замын бүтээн байгуулалтад оруулах санхүүжилтийнхээ дүнг өндрөөр зарлах магадлалтай болж байна. Хоёр хөршийн компаниуд тэргүүлсэн консорциумуудын нэгдэл өөртөө итгэлтэйгээр хэлэлцээрт орж эхлэв. Зарим тохиолдолд угтуулан тавих нөхцөлийг Монголын тал бус, харин хөршүүд маань бидэнд тулгаж эхэлсэн мэт сэтгэгдэл гүнзгийрсээр байгааг тэмдэглэе. Ийм үед хэлэлцээр хийж буй Ажлын хэсгийн хараат бус байдлаас гадна Засгийн газрын алсын хараа, нийт монголчуудын нэгдмэл зорилго чухал юм.