2011 оны 7 сарын 5
Тавантолгой ордын эргэн тойронд Монгол улсын хувьд төвөгтэй нөхцөл үүслээ гэж харж байна. Хэлэлцээрийн ширээний ард компаниуд ээлж дараалан суудаг байсан бол өнөөдөр Монгол улсын Засгийн газрын Ажлын хэсгийн өмнөөс гурван их гүрний нэгдэл ам нэгдэн, хүч түрэн саналаа хэлж эхэллээ.
Юуны түрүүнд манай Ажлын хэсэг улс төрийн тохиролцоо хийгээд байгааг олон нийтэд дуулгая. Тавантолгой ордын ашиглалтын эдийн засгийн тооцоог монголчуудад үзүүлээгүй. Тэрхүү чухал тооцоог зөвхөн гурван их гүрний компаниуд дотроо хэлэлцээрээр шийдэж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын Ажлын хэсэг Тавантолгой ордын хэлэлцээрт сууж байгаа гэсэн ерөнхий мэдээлэл байгаа боловч гол хэлцлийг ОХУ, Хятад, АНУ-ын компаниуд Япон, БНСУ-ын саналыг жийрэглэн хоорондоо тохиролцож дууслаа. Тохиролцооны харьцаа нь Хятад 40, ОХУ 36, АНУ 24 хувийн оролцоотой гэсэн тоо юм. Энэ тоог өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, сайшаан дэмжжээ. Тавантолгой ордод их гүрнүүд геополитикийн хэдэн хувийн давуу эрх эдлэх тухай улс төрийн хуваарилалтыг Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа дэмжсэн гэсэн үг. Харин энэхүү асар их баялгийн эдийн засгийн тооцоо буюу газрын доорх нүүрсний хэдэн хувийг хэн авах тухай мэдээллийг Монголын олон нийт огт мэдэхгүй. Эдийн засгийн тооцоог үзүүлээч хэмээн шаардахаа ч мэдэхгүй сууж байгаад туйлаас болгоомжилж байна.
Оюутолгой ордын эдийн засгийн тооцоог монголчууд мэддэг, хэлэлцэн, шүүмжилдэг байсан ба Монголын талд ногдох 34 хувийн өгөөжийг үржүүлж хасан үгээ хэлдэг байсан юм. Хэдийгээр 34 хувийг монголчууд тун бага өгөөж, нэмэх ёстой гэж шүүмжилсэн боловч Засгийн газар Оюутолгой орд дээр “улс төрийн шийдвэр гаргасан” хэмээн ард түмэндээ тайлбарласан билээ. Оюутолгой ордын хэлэлцээр шинэ цагийн монголчуудад анхны даалгавар байсан, уул уурхайн салбарт эхний галт тэрэг хөдөлгөсөн, уг ордын лицензийг Айвенхоу Майнз компанид аль хэдийнэ өгчихөөд байсан. Үүгээрээ Оюутолгой Тавантолгойгоос ялгарна. Оюутолгой дээр хэлэлцээр илүү төвөгтэй байжээ гэж харж болно. Харин Тавантолгой ордын ашиглалтын лиценз Монгол улсын Засгийн газарт байгаа. Тиймээс Ажлын хэсэг бүхий л нөхцөлөө хөрөнгө оруулагчдад тулгах боломж байсан. Засгийн газар боломжоо ашиглаагүй гэж дүгнэж байна. Ажлын хэсэг нь улс орны стратегийн чухал хоёр дахь орд дээр дахин “улс төрийн шийдвэр” гаргажээ. Энэ бол алдаа юм. Тэнэг хүн өмнөх алдаагаа давтдаг. Тавантолгой шиг дэлхийн хэмжээний орд дээр эдийн засгийн ирээдүйн тооцоо туйлаас чухал. Ордын эдийн засгийн тооцоог олон нийтэд тайлбарлах ёстой.
Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтын хэлэлцээр хүнд нөхцөлд болсон гэдэгтэй санал нийлнэ. Геоэдийн засгийн сонирхлыг гурван том гүрэнд хувааж өгсөх гэдэг утгаараа хүнд байсан. Гэвч манай Ажлын хэсэг геоэдийн засаггүй, харин геополитик хийжээ. Хэлэлцээр дутуу, яаруу хийгдсэн.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гаргасан хэвлэлийн мэдээнд Тавантолгой ордын нүүрс тээвэрлэлтийн зардлыг хассан борлуулалтын орологоос 5 хувьтай тэнцэх төлбөрийг “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д өгнө гэжээ. Тэгвэл тээвэрлэлтийн зардал хэд болох тооцоог хэн ч монголчуудад хэлж өгөөгүй. ОХУ транзит тээврийн тарифаа 52 хувиар буулгаж магадгүй гэсэн яриа гарсан, гэхдээ оросууд өдийг хүртэл ямар ч тоо бидэнд амлаагүй, хөнгөлөлт өгөөгүй, тэр бүү хэл Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 1949 оны Гэрээг шинэчлэх ямар ч хүсэлгүйгээ үйл хөдлөлөөрөө харуулсан. Аргаа барсан монголчууд ОХУ хурдхан Дэлхийн худалдааны байгууллагад элсээсэй хэмээн горьдож суугаа нь үнэн. Ийм ойлгомжгүй нөхцөлд “тээвэрлэлтийн зардлыг хассан орлогоос 5 хувийг манайх авах тухай” тохиролцоог Засгийн газрын хуралдаанаас өчигдөр орой алга ташин сайшаасан. Харин ард түмэн үүнийг эсэргүүцнэ гэдэгт итгэж байна.
Өнөөдрийн хувьд Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтын хэлэлцээрт үлдсэн гурван том компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газруудад хурал хуйтай, хүлээн авах боломжгүй, ямар ч мэдээлэл өгөхгүй гэсэн ганц хариулттай угтав. Мэдээлэл өгөх эрт байгаа нь харин ганц үнэн юм. Учир нь Монголын Засгийн газартай улс төрийн 40:24:36 гэсэн тохиролцоо хийсэн компаниуд одоо хүчээ нэгтгэн Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлийг тохирч эхэлнэ. Өөрөөр хэлбэл, Тавантолгой ордоос эзэмших хувиа улс төрийн хувьд баталгаажуулсныхаа дараа бидэнд эдийн засгийн тооцоо гаргаж өгнө гэсэн үг. Тэгвэл монголчуудын өөрсдийн хийсэн эдийн засгийн тооцоо хаана байна вэ? Тавантолгой ордын лицензийн эзэн Монголын Засийн газар өөрөө ямар тооцоо санал болгосон юм бэ? Өнөөдөр манай Засгийн газрын хэлж чадах ганц тоо бол хөрөнгө оруулагчаас урьдчилгаанд авах 1 тэрбум ам. доллар. Энэ нь Тавантолгой ордын урт хугацааны эдийн засгийн өгөөжийн дэргэд туйлаас бага цифр, тэгэх тусмаа Монгол улс энэхүү ордоосоо үүдээд гурван их гүрний тохиролцоо-тоглоом дунд орж мэдэх эрсдэлийн дэргэд 1 тэрбум ам. доллар гэдэг утгагүй өглөг юм.
Тавантолгой ордын ашиглалтыг хариуцах, лицензийг нь эзэмшигч гэж байгаа “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өөрөө өнөөдөр ямар ч мэдээлэлгүй байна. Засгийн газрын өчигдрийн хуралдааны тухай мэдээг чамаас сонсч байна гэх ТУЗ-ийн гишүүдийн зарим нь хөдөө томилолттой, сумдад амарч яваа хүн ч бий. Тавантолгой ордын олон улсын шалгаруулалтын дүн хэдийд эцэслэн гарахыг монголчууд Ройтерсийн өчигдрийн мэдээнээс олж сонссон юм. “Эрдэнэс МГЛ” компанийн хариуцлагатай албан тушаалтан Наадмын наана Тавантолгойн олон улсын хөрөнгө оруулагч шалгарна хэмээн Ройтерсийн сурвалжлагчид ярьж өгчээ. Харин Монголын сэтгүүлчид Тавантолгойн хэлэлцээрийн явцын талаарх хамгийн энгийн мэдээлэл авахын тулд ямар хүнд сурталтай учирч, гуйж царайчилж явсныг Mining Journal-ийнхаа хэдэн сэтгүүлчийн явсан замаас харж байлаа. Сэтгүүлийн маань хэд энэ тухай телевизийн нэвтрүүлэг хүртэл бэлтгэн цацсаныг үзэгчид санаж буй биз ээ. “Тавантолгой брэндийн эргэн тойронд” гэсэн нэртэй манай бэлтгэсэн нэвтрүүлэгт олон улсын шалгаруулалтын талаарх бүхий л мэдээлэл ямархуу хаалттай байсныг, төрийн байгууллагууд тус бүртээ өөр мэдээлэл өгч байсныг баримтаар өгүүлсэн юм. Гэтэл Ройтерс яагаад ч юм Монголын сэтгүүлчдээс илүү давуу эрхтэйгээр “Эрдэнэс МГЛ”-ээс мэдээлэл авдаг болохыг өчигдөр харав. Ройтерсийн мэдээг монголчууд бушуухан орчуулаад, цацаж байхыг үзэх юутай өрөвдөм.
Ерөөс Тавантолгой ордын шалгаруулалтын эргэн тойронд утга учиргүй зүйл олон байна. Ойлгомжгүй зүйлсээс хамгийн аюултай нь Тавантолгойгоор барьцаалан дэлхийн гурван том гүрэн хоорондоо үгсэх магадлал юм. Монголын Засгийн газар, Ажлын хэсэг, Ерөнхий сайд энэ хэлэлцээр дээр туйлаас хүчгүй байна. Ордын эдийн засгийн тооцоог олон нийтэд нээлттэй цацагтун. Тавантолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл хэмээх туйлаас ерөнхий, монголчуудын хувьд маш нууц, улс төрийн шийд давамгайлсан хэдэн хуудас цаас УИХ-ын гишүүдэд энэ долоо хоногийн сүүлээр очих байх. Чуулганы хуралдаанд нийтээрээ анхаарал хандуулагтун. Тавантолгой яагаад хөрөнгө оруулагчдад нээлттэй, монголчуудад хаалттай шийдэгдэж байна вэ?