“ИТГЭЛ” САНД БАЯРЛАЛАА

2011 оны 9 сарын 28

 

Эмчлэх, эдгэрэх боломжгүй хүмүүс энэ тасагт хэвтдэг. Улсын хэмжээнд ганц тасаг. Гэхдээ зөвхөн хавдраар өвчилсөн хүмүүст зориулагдсан. Цаана нь сүрьеэ, ДОХ мэт аюулт өвчний улмаас эмчилгээгүй болон шаналагсад бий. Тийм өвчтөн хэвтэх Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тасаг Монголд байхгүй.
Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн дөрвөн палатны хананд “Итгэл” сангаас энэхүү өрөөг тохижуулав гэсэн бичигтэй жааз өлгөжээ. Жижигхэн жааз орж ирэнгүүт нүдэнд туссан юм. Том тус, өгүүлшгүй буяныг “Итгэл” сан энд хэвтсэн хүмүүст өгчээ. Хүчилтөрөгч, дуслын аппаратууд тэнд бий. Түшлэгтэй сандал шиг энгийн хийцтэй “нойл” өвчтөний орны хажууд байгаа. Өвчинд шаналсан хүмүүст хоёр алхах ч холын даваа болдог. Хавдраар өвчилж, химийн тариа хийлгэсэн хүмүүс байнга бөөлжих, өтгөн шингэн гарахгүй түгжрэх зовиур өдөр тутам давтагддаг. Энэ бол бидний хажууд байгаа зовлон. Эдгэрэх найдваргүй болсон хүмүүсийн тухай хэн ч ярьдаггүй. Гэхдээ тэр хүмүүс өөрсдөө ямар их итгэл тээж, өдөр цагийг өнгөрөөж байгааг харцгаая.
“Цагаан сараар хүнд бэлэглэхэд зүгээр юм байна” гэж ээж маань тэмдэглэлийн том дэвтэр хараад хэллээ. Намрын навчис хязгааргүй шаргалтсан энэ өдрүүдэд бидэнд цагаан сар хязгааргүй алсад сонсогдсон. Гэхдээ итгэл үргэлж хажууд байх сайхан юм.
Тийм учраас дэлхийн анагаахын шинжлэх ухаанд хамгийн залуу салбар болон Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тухай ойлголт 30 жилийн өмнөөс орж иржээ. Итгэлийн шинжлэх ухаан юм. Монголд ийм тасаг нээгдээд яг 10 жил болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хавдрын өвчлөл цаашид нэмэгдэнэ гэсэн дүгнэлт гарсан аж. Түүнийг төгс эмчлэх, урьдчилан бүрэн сэргийлэх арга үгүй. Тэгэх тусмаа Монгол орон хавдар тархах өндөр эрсдэлтэй нийгмийн нөхцөлтэй. Элэгний С вирусын өвчлөл их, агаарын бохирдол гамшиг болсон, хүнсний нэн аюултай байдал зэрэг нь манай улсад цаашид хавдраар өвчлөгсдийн тоо нэмэгдэх гол хүчин зүйл болдог.
Хэдхэн хоногийн дараа , аравдугаар сарын эхний долоо хоногт манай улсад Хавдар судлалын алба байгуулагдсаны 50 жилийн ой болох гэж байна. Мөн аравдугаар сарын 7-ны өдөр Дэлхийн хөнгөвчлөх эмчилгээний өдрийг тэмдэглэнэ. Эдгээр өдрийг үндэсний хэмжээнд аян, кампанит ажил болгон тэмдэглэх ёстой байжээ. Хүн болгон хавдрын аюулын өмнө юу хийж, өөртөө хэрхэн тусалж чадахаа, өрөөлд ямар дэм өгөхөө тунгаах үндэсний санамж, санаачлагын өдрүүд болгон анхаарал хандуулах учиртай байлаа.
“Манай бизнесийн байгууллагууд урлаг, спортын одуудыг их дэмждэг, уул уурхайн салбарыг их анхаардаг.  Өвчтэй хүмүүст туслах тухайд эргээд биднийг рекламдах боломжгүй шүү дээ гэсэн ойлголт түгээмэл” гэж Хавдар судлалын үндэсний төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасгийн Эрхлэгч Ц. Гантуяа ярьж байна. Эргээд харахад үнэхээр Монгол оронд маань хүнээ гэж анхаарах, дээдлэх ажлууд тов тодорхой хийгдсэнгүй. Хөнгөвчлөхийн дөрвөн тасагт авч өгсөн амьсгалын аппарат, дуслын төхөөрөмж энд жилд хэвтсэн 780 өвчтөнд амьсгалах агаар, амьдрах итгэл өгч байгааг харж болно. Энэ жижиг зүйл гэж үү? Харин гадуур орилолдоод байгаа “Нийгмийн ардчилал аян”, “Эрүүл Монгол хүн”, “Хүний хөгжлийн жил” гэх хоосон үсэгтэй даавуунд хүмүүсийн анхаарал ямар их сарниж байна аа!
Яагаад Хавдар судлалын алба байгуулагдсаны хагас зууны ойг анхаарал татах далайцтай аян болгох ёстой байсан бэ? Хөдөөд хавдрын гурав, дөрөвдүгээр шатны өвчлөлтэй хүмүүс хэнд ханддаг вэ? Энэ бол эхний, хамгийн ойрын хажууд байгаа асуулт. Тэд сумынхаа эмнэлэгт хэвтэхийн тулд оношоо нуудаг. Учир нь хавдрын хүндрэлийн сүүлийн шатандаа орсон өвчтөнүүдэд төсвөөс мөнгө хуваарилдаггүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө гаргаж тэднийг эмчлэх тухай хуультай. Тэр даатгалын сангийн мөнгө хэнд хэзээ хүртээмжтэй олдож байлаа. Хуримтлал нь хэд ч байдаг юм, хэн менежментийг нь яаж хийдэг нь тодорхойгүй тэрхүү Санд найдваргүй ангиллын өвчтөнүүдийг даатгасан байх юм. Тиймээс орон нутгийн өвчтөнүүд хавдраас бусад, өөр онош тавиулж гэмээнэ улсын төсвөөс тэдэнд эм өгөх, тарих хийх мөнгө гаргана. Орон нутгаас нийслэлийг зорьж, ХСҮТ-д хэвтэж чадах хүн хэд байдаг билээ. Насаараа улсад ажиллаж, эрүүл мэнд, нийгмийн даатгал төлсөн иргэд ядрахын цагт нөгөө Сангаасаа хангалттай санхүүжилт авч чадахгүй байна. УИХ-ын хаврын чуулганаар уг нь Эрүүл мэндийн даатгалын хуулиудыг шинэчилж янзалсан. Гэхдээ хавдрын гурав, дөрөвдүгээр шатны өвчлөлтэй хүмүүсийн эмчилгээний зардлыг төсвөөс гаргана гэсэн заалт хуульдаа оруулсан боловч Эрүүл мэндийн даатгалын сангаас Аймаг, Дүүргийн нэгдсэн эмнэлэгт ийм ийм санхүүжилт олгоно гэсэн хуучин заалт нь хэвээрээ. Хуучин заалтыг хасахаа мартсан юм уу, ямар ч байсан цаасан дээрх ганц өгүүлбэрээс үүдээд хөдөөнөөс хавдартай өвчтөнүүд нийслэлийг бараадан арга ядсаар яваа.
Хөнгөвчлөх тусламж үйлчилгээний сургалтыг үндэсний хэмжээнд явуулахаар Мянганы Сорилтын Сангаас мөнгө гаргажээ. Ц.Гантуяа эмч эдүгээ сургалт явуулж, 2003 оноос хойш хуримтлуулсан туршлага мэдлэгээ өрхийн эмч нарт өгч явна. Өрхийн эмч нар өвчтөний наад захын зовиурыг хөнгөвчлөх чадвартай болчихвол гэр орондоо “эмчилгээгүй “ оноштой хэвтэж байгаа олон хүнд тус болно. Мянганы Сорилтын Сан Монголд сайн төсөл хэрэгжүүлж байна. Тэд бас агаарын бохирдлыг бууруулах “Цэвэр агаар” төсөл хэрэгжүүлдэг. Иргэний болон эд хөрөнгийн бүртгэл мэдээллийн цахим сантай болгох, байрыг нь томруулах ажлыг мөн л Мянганы Сорилтын Сан хариуцан хийж байна. Энд дурдсан гурван төсөл бол Монгол иргэн бүрийн өдөр тутмын амьдрал, эрүүл мэнд, эд хөрөнгө, эдийн засагтай нь шууд холбоотой хамгийн чухал гурван ойлголт. Америкийн ард түмнээс өгсөн мөнгөөр Сан ийм ажил хийж эхэлсэн юм байж. Хамгийн гол нь хүнээ дээдэлдэг манай төр яг юуг нь хийж байгааг асууя.
Ядаж хуулиа зөв бичиж, сайн уншаад баталсан бол хөдөөний өвчтөнд хэрэгтэй байлаа. Хөдөөний өвчтөн хот бараадаж, нийслэлээс гадаадыг зорин нисэх энэ урсгал бол манай улсын эрүүл мэндийн салбарыг үндсээр нь шинэчлэх цаг болсныг, тодорхой ажлыг хэн нэг нь зориглон хийх ёстойг сануулдаг.
Жижигхэн биетэй, хөөрхөн ааштай тэр сувилагч өнөө өглөө ээлжиндээ гарсан харагдана. Хавдрынхан өвчтөнүүдтэй сэтгэлээрээ харилцдаг. Хөнгөвчлөх тасагт 16 хүн ажилладаг бол Хавдар судлалын төвийн хэмжээнд 365 эмч ажиллагсадтай. Төсвийн цалин дээрээ “хэвийн бус нөхцөлийн” 10.000 төгрөг сард нэмж авдаг хэмээн сувилагч бүсгүй ярьж байна. Өрөөнүүд нь халаалт муутай, нэгдүгээр давхартаа засвар хийгээд тохь тух тааруу хэдий ч эмнэлгийнхэн халуун сэтгэлтэй. Нас дээр гарсан хүмүүс гадагшаа явж эмчлүүлэхийг хүсдэггүй. Сонговол “Сонгдо” эмнэлэг, бүр хүндэрвэл Хавдарт очих хоёр л замтай. Эмч, сувилагч нарын чадвар гадаадын мэргэжилтнүүдээс дутах юмгүй, гол нь эмнэлгүүдэд ихээхэн хөрөнгө оруулалт, тэгээд ухаалаг бодлогын дэмжлэг хэрэгтэй. Хавдарт жилд 6600 орчим өвчтөн хэвтэж эмчлүүлдэг. Дээр нь амбулаториор үзүүлэгсдийн тоог нэмбэл ачаалал өндөр. 1982 онд ашиглалтад орсон барилгаа хэсэгчилсан маягтай энд тэнд нь засвар хийсээр байх юм. Гол төлөв гадаадын байгууллагуудаас тоног төхөөрөмжийн тусламж эднийд өгч байгаа харагддаг. Гадаадын буяны байгууллагуудын ивээлд эмнэлгүүдээ Монголын төр илүүчлээд өгчихсөн аятай хачин сэтгэгдэл төрөх юм.
Айл бүрийн амьдралд, эргэн тойронд хавдрын аюул ойрхон сонсогдох болжээ. “Итгэл” санг тэргүүн хатагтай Болормаа ажиллуулдаг гэсэн. Ийм сангууд, үндэсний хэмжээний дэмжлэг хавдрын эсрэг тэмцэхэд бидэнд хэрэгтэй.