Чилихүү: -Зэс, молибдений орлогыг март гэдэг юм

2010 оны 1 сарын 13

Чилихүү: -Зэс, молибдений орлогыг март гэдэг юм

Монголхүү:- Тийм их мөнгийг мартах тэнэг хүн байх уу…


Чилихүү:

Сайн уу, Монголхүү. Найз нь сургуульд явах гэж байна. Гадаадын өндөр хөгжилтэй улсад сурна даа.

Монголхүү:

Найз аа, чи саяхан л мөнгө муутай, улсаас тэтгэлэг авъя гэхээр төрийн төсөв бас тааруу гээд байсан шүү дээ.

Чилихүү:

Эх орны баялгийн сангаас тэтгэлэг өгнө. 2010 оноос энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ гэсэн.

Монголхүү:

Эдийн засгийн хямралаас дөнгөж гарч байхад танай тэр яасан баян сан бэ?

Чилихүү:

Хямралд хамгийн бага өртсөн орны нэг Чили гэж сонссон биз дээ. Эх орны баялгийн сандаа мөнгө хуримтлуулж байсны ач шүү.

Монголхүү:

Зэс, молибдений үнийн өсөлтийн орлогоос тэр сангаа арвижуулж байна гэдэгсэн биш билүү. Хямрал болоод зэсийн үнэ унаж байхад танай баялгийн сан яагаад дундраагүй юм бол? Манай Монголд бол Монгол улсын Хөгжлийн сан гэж овоо юмтай авдар байлаа. Хямралын ганц жилийн дотор тэнд байсан хэдэн төгрөгөөр төсвийн алдагдал санхүүжүүлээд, “Анод” банкны алдагдлыг хаагаад дууссаан.

Чилихүү:

Тэгээд хямралыг давж чадсан уу?

Монголхүү:

Нэмж зээл аваад…Төсвийн алдагдлыг нөхөхөд зориулаад доноруудаас дахиад 300 сая орчим ам. доллар аваад одоо “идэж” сууна.

Чилихүү:

Манай Эх орны баялгийн сан ч бас хамаагүй үрээд байвал дуусчих л байсан эд. Гэхдээ чиличүүд бид зэс, молибдений орлогодоо танайхаас арай өөр аргаар менежмент хийдэг юм.

Монголхүү:

Ямар?

Чилихүү:

Улсын төсөв төлөвлөхдөө “зэс, молибдений орлогыг бараг л март” гэдэг юм.

Монголхүү:

Ойлгосонгүй. Уул уурхайн салбар танай дотоодын нийт бүтээгдэхүүний 33 хувийг эзэлж байхад тэр их мөнгийг мартдаг тэнэг хүн байх уу! Манай Монголд бол уул уурхайн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг эзэлж байгаа. Мөдхөн цайр, мөнгө, алт нэмэгдээд, ДНБ-ий тал хувийг уул уурхайгаас бүрдүүлнэ. Ураны ордуудаа ашиглаад эхэлбэл бүр 70 хувь хүрнэ гэсэн шүү дээ. Мундаг байгаа биз?

Чилихүү:

Уул уурхайн салбарын орлогыг чи мундаг сайхан зүйл гэж бодож байна уу? Миний бодлоор бол наадах чинь бүтээмжит мөнгөний агуулгагүй эд. Гэнэт олдсон шигээ бас хоромхон зуурт алга болж мэдэх зүйл дээ.

Монголхүү:

Уучлаарай найз аа, энэ мөнгөний ачаар чи өндөр хөгжилтэй оронд сурахаар явах гэж байгаа биш үү.

Чилихүү:

Зэс, молибдений орлогоос зүгээр шахуу орж ирж байгаа мөнгийг хувиргах ёстой юм. Эдийн засгийн чадавхтай мөнгө болгож өөрчлөх гэж сонссон уу? Нэг удаа газрын гүнээс утгаж гаргаад зарж олсон мөнгийг байнга баялаг бүтээгч хүч болгон өөрчлөх хэрэгтэй гэж ?

Монголхүү:

Ойлгоход аймаар хэцүү зүйл байна аа.

Чилихүү:

Найз нь бас ойлгоогүй л явсан юм. Тэгсэн одоо манай Чилид өндөр мэргэжлийн боловсон хүчнийг хөгжсөн орнуудад сургаж бэлтгэхэд зориулсан Сан бий болгох гээд хууль хэлэлцэж эхэлсэн. Санг одоогоор 6 тэрбум ам. долларын нөөцтэй байгуулна гэсэн дээ. Тэгээд над шиг жаалуудыг зэс, молибденээс олсон мөнгөөр сургах болж байна. Маш ойлгомжтой, их сайхан зүйл мөн үү?

Монголхүү:

Мөөн, гэхдээ мөнгө их байхаар бас их үрээд сурчих юм. Цааш нь хадгалж чадахгүй зараад л…

Чилихүү:

Тэгэнгүүт” төсвийн тогтвортой байдал алдагдлаа, эдийн засгийн аюулгүй байдал алдагдлаа” гээд ээж аав нар яриад эхэлж байгаа биз дээ. Ээж бол “инфляц их боллоо, 1000 песогоор юу ч авч чадахаа байлаа, наймаачид үнээ нэмээд” гэж үглээд эхэлдэг юм.

Монголхүү:

Манай аав бол “эдийн засгийн шингээх чадвараас хэтэрсэн бэлэн мөнгө гүйлгээнд гарлаа” гэж ярьдаг. Ээж бас тэрийг чинь инфляц гэж нэрлээд байдаг юм. Тэгсэн хэрнээ уул уурхайгаас бүр их орлого ороод байвал сайхан аа гээд ярихаар нь гайхаад байгаа.

Чилихүү:

Харин манай Чилид тэгж нэлээн хэсэг хугацаанд гайхаж байгаад зэс, молибденээсээ орж байгаа мөнгийг “хувиргадаг “болчихсон. Бараг 20 жилийн өмнөөс арга хэмжээ авч эхэлсэн гэсэн. “Уул уурхайн орлогыг март” гэж байгаад, төсвөө тэнцвэржүүлсэн орлогоор батлаад, илүү гарсан зэсийн орлогыг нь Эх орны хуримтлалын санд хийгээд байсан.

Монголхүү:

Өнгөрсөн жилийн хямралаар тэр мөнгөө гаргаж “идээгүй” юм уу?

Чилихүү:

Зэсийн үнэ дээшээ, доошоо болно гэдгийг шинжээчид гээд хүмүүс бараг арван жилийн турш нарийвчлан судлаад, урьдчилж хараад хэлчихдэг юм аа, манайд. Зэсийн үнийн зөвлөлдөх хороо гэж дуулсан уу? Танай Монголын яам, агентлагийн хүмүүс хааяа тэд нартай уулзаж ярьж байвал бас зүгээр шүү дээ. Тэр Зөвлөлдөх хорооны гаргасан зэсийн үнийн мөчлөгийн өөрчлөлтийг харж байгаад төсвийн орлогоо зохицуулдаг журам Чилид бүр 2005 онд гарсан. Тийм болохоор хямралаас хэн ч айгаагүй.

Монголхүү:

Орлогоо хоёр хувааж амьдардаг гэж ойлгож болох уу?

Чилихүү:

Тийм. Уул уурхайн салбарын орлогыг заавал дундажлан тооцоонд авч байхгүй бол хувирамтгай зүйл. Үнийн савлагаанаас болж нэг баярлаж, бас гонсойх энүүхэнд юм билээ. Чиличүүд бид үүнийг арьсаараа мэдэрсэн улс. Төсвийн орлого, зарлагыг тэнцвэржүүлээд, илүү гарсныг нь Эх орны баялгийн санд хийх ёстой. Бусад салбарын орлогыг бол суурь орлого гэдэг. Суурь орлого нэмэгдэж байвал их сайн гэдэг. Эдийн засаг төрөлжиж байна аа гэж үзээд.

Монголхүү:

Зэс, молибденээс илүү гарсан орлогоо хураана гэсэн. Хэдийг цааш нь хийхийг хэн хэлж өгөх вэ?

Чилихүү:

Хууль.

Монголхүү:

Ямар?

Чилихүү:

Төсвийн зарлагын хэмжээг автоматаар тохируулаад, тогтворжуулах хууль байдаг. Ер нь л над шиг хүүхдүүдийн ирээдүйг хамгаалахын тулд манай Чилид 2000 оноос хойш нэлээн хэдэн хууль гаргасан. Танайд ч бас шинэ хуулийн төсөл ярьж эхэллээ.

Монголхүү:

Харин тийм. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хариуцлагын тухай хууль, Нэгдсэн төсвийн тухай хууль гээд зөндөө нэр хэлж байсан. Цээжилж ч чадаагүй ээ.

Чилихүү:

Уг нь ойлгомжгүй зүйл биш л дээ. Зэс, молибдений орлогоо төсвийн зарлагадаа тэнцвэржүүлж хуваагаад, үлдсэн хэсгийг нь хуримтлуулах ерөнхий зарчмыг “Малгай хууль” гээд цээжилчих. Бусад зохицуулалт хийх хуулийг “органик хууль” буюу хүнээр бол махбодь нь гээд л бодчихгүй юу даа, найз аа.

Монголхүү:

Малгай хууль гэдэг нь хүнээр бол тархи, байшин барилгаар жишээлэхэд дээвэр хууль гэж ойлгож болох нь ээ.

Чилихүү:

Тийм. Манай Чилид түүнийг чинь Төсвийн хариуцлагын тухай хууль гэдэг юм.

Монголхүү:

Чамд суралцах боломж нээсэн зарчим хууль нь, тийм үү?

Чилихүү:

Тийм. Тогтворжилтийн сандаа хуримтлалтай болсноор Монголхүү чиний өмнө ч бас хязгааргүй баялаг бэлдэж өгөх тэр энгийн зарчим шүү дээ.