2010 оны 1 сарын 28
Уул уурхайн салбарын удиртгал хөгжим сүүлийн такт руугаа хэмнэл шилжиж байна. Симфони оркестрийн зүгээс сүрлэг удиртгал нэгэнт эгшиглүүлсний араас одоо үндсэн цомнол үргэлжлэх шатандаа орно. Удиртгалын үеэр өнгө зөрөөд байсан зэмсгүүд хөг хэмнэлдээ зүгширч, нэг дуугаар ноотоо тоглож эхлэв. Монголын уул уурхайн салбарт ажил хэрэгч уур амьсгал мэдрэгдэх болжээ. Яамай даа. Энэ салбараас эдийн засагт ихээхэн мөнгө урсан орж ирэх тооцоо судалгаа эхнээсээ харагдах болов. Овоо шүү…
Гэвч, тэрхүү мөнгөн урсгалд ямар менежмент хийв ээ гэдэг шалгуураар дэлхийн улс орнууд янз бүрийн ангилалд ялгардаг аж. Хөрөнгөө оновчтой удирдаж чадаагүй нь “Голланд өвчтэй” эсвэл “Эмчилгээнд саяхан орсон”, үгүй бол “Голландын гоц хүндрэл”, “Онцгой синдромтой” гэхчлэн оношлогдож, эдийн засгийн сурах бичгүүдэд ичмээр нэр цолтойгоо жишээ болон мөнхөрсөн байх юм. Энэ бол энгийн үгээр, уул уурхайгаас орж ирсэн нөөц хөрөнгийг илүү сайн нөөц хөрөнгө болгох менежмент хийж чадаагүй улс орнууд гэсэн үг.
Хэдэн жилийн турш бидний цээжилтлээ ярьсан “Голланд” вирус гэрийн маань хаяанд ирсэн энэхэн өдрүүдэд уул уурхайн орлогыг хэрхэн оновчтой удирдах талаар бодитой ярих цаг иржээ. Монгол улс вакцинаа бэлдэж байна. Юуны түрүүнд, уул уурхайн орлого эдийн засагт өсөлт бий болгох ёстой гэсэн үндсэн томъёо тодорхой байна. Эдийн засагт өсөлт бий болгоно гэдэг нь макро орчин маань маш тогтвортой болно гэсэн үг. Зэсээс, алтнаас, нүүрснээс…гэхчлэн шинэ шошгуудтай орж ирж буй шуудайтай мөнгийг “эдийн засгийн өсөлт” гэгч онол ханхалсан ойлгомжгүй зүйл рүү хэрхэн хөрвүүлдэг юм бол доо?
Зэс ухаж байж олсон мөнгөө миний амьдралд олон жилийн турш үр ашгаа өгөх өгөөжтэй орлого болгон хувирга гэсэн ерөнхий томъёолол байна. Үүний тулд дэлхийн улс орнууд хуримтлалын сангууд байгуулдаг. Сангууд дотроо үүрэг зорилго олон янз. Тэтгэврийн зузаатгалын зориулалттай нэг хэсэг сан бий. Үрчлээтэж хөгшрөх нь хэзээ нэг цагт хэн хүнд зайлшгүй ирэх тавилан болохоор ямар ч улсын төр, засаг иргэнийхээ тэтгэврийн ирээдүйг ямагт урьдчилан баталгаажуулдаг. Үүний тулд төрөл бүрийн хэлбэрээр хуримтлал бий болгох механизмтай. Хуулиар заавал төлөх мөнгө, иргэний сайн дураар хуримтлуулах хэлбэр, ажлын газар нь боловсон хүчиндээ зориулж төлж өгдөг шимтгэл гээд тэтгэврийн даатгал болоод зузаатгалын хуримтлалууд эдүгээ дэлхий дахинаа моодонд оржээ.
Мөнгө хураадаг бас нэг хэлбэр нь хөрөнгө оруулалтын янз бүрийн хуримтлалууд. Манай Монголд Хөгжлийн сан хэмээх жаахан хуримтлал саяхныг болтол байсан. Одоо нэр ус хувираад, Хүний хөгжлийн сан болчихож. Хямралын оргил үед Хөгжлийн санд байсан хуримтлал манай эдийн засгийг ангалаас зайлуулан аварсан билээ. Сайхан сан байж билээ, зайлуул. Засгийн газрын Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Хөгжлийн сан үгүй болж, Хүний хөгжлийн сан мэндлэв. Сангийн нэр өөрчлөгдсөн төдий биш, зорилго зориулалт нь ч өмнөх Хөгжлийн сангаасаа зүс тэс ондоо байна. Юуны өмнө энэ сангаас бэлэн мөнгө тараах гэж байна. Хүүхдийн мөнгө авдаг байсан ягаан, цэнхэр дэвтэр хэрэггүй боллоо. Шинэ дэвтрийг хуруу гарын био танилттай хийнэ гэв үү дээ. Бас Цагаан сарын өмнө, эсвэл хойно мөнгө өгнө. Тэгснээ эхлээд хүүхэд, хөгшдөд өгвөл ямар вэ гэхчлэн бантан буцалж эхэллээ. Уг нь Хүний хөгжлийн сан дэлхийн улс орнуудад бас л байдаг эд. Гагцхүү тэр сангуудын хөрөнгийг зарцуулах томъёо нь маш тодорхой. Хуримтлалыг юунд зарцуулахаа оновчтой томъёолох гэж зарим газарт орон даяараа хэлэлцүүлэг хийсэн байхад нөгөөд нь бараг тав, зургаан жил тал талаасаа ярьж байж нэгдсэн шийдэлд хүрчээ. Манайхны жишээ аван ярьдаг Аляскийн байнгын сангийн хуримтлалыг тус мужийн ард иргэдэд хэрхэн хуваарилбал оновчтой вэ гэсэн маргаан бараг таван жил үргэлжилж, улмаар Үндсэн хуульдаа өөрчлөлт хийж байж нэг мөр шийджээ. 2008 онд Аляскийн сангаас мужийн иргэн болгонд 1200 ам. доллар тараасан байх юм. Юутай авууштай сан бэ, энэ чинь… гэж бодоод сууж байтал саяын хямралаар Аляскийн сан юу ч үгүй хоосорсон гэсэн баримт дуулдаад эхэллээ. Тэгэхээр энэ нь манай хувьд “онцсайн” жишээ лав биш ээ.
Юутай ч Монгол улсын Хүний хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт одоогоор тодорхой томъёогүй байна. Зарцуулалтын дүрэмгүйгээр дайраад орчихлоо гэсэн үг. Манай сангийн орчимд дуулдаж буй ганц “дүрэм” гэвэл”Цагаан сарын өмнө үү, дараа нь уу”, “Эхлээд хүүхэд хөгшид, дараа нь бусдад” гэх мэт найр наадмын бэлэг, хишиг түгээлтийн бужигнаан маягтай ажил явагдаж байгаа. Бүр сонин содон дүрэм бол “УИХ-ын дараагийн сонгуулиас өмнө төдийг тараана” гэсэн үндэслэл билээ. Эгдүүтэй үндэслэл биш гэж үү? Хүний хөгжлийн сан маань хэдийгээр дэлхийн жишгээр нэр усаа авч байгуулагдсан боловч хөрөнгө зарцуулалт нь ийнхүү ойлгомжгүй дүрмээр явж байна. Энэ бүхэн нь уг сангийн тухай хуулийн амьдрах нас богино, мөд өөрчлөлт орох вий гэсэн эргэлзээг төрүүлдэг. Хууль өөрчлөгдөх ч яахав, Голланд вирусын өмнө бид хэд дархлаагүй болчих вий.
Эдүгээ дэлхий дахинд бэлэн мөнгө тараадаг сан бараг үгүй. Аляскийн сангаас харин тус мужийн иргэдэд хувьцааны ногдол ашиг гэж доллар май май гээд өгдөг. Хойд туйлын хүйтэн цаг агаартай газарт, зах зээлээс нэн хол Аляскийг сонгон амьдарч байгаагийнх нь төлөө оршин суугчдадаа өгч байгаа нэг ёсны мөнгөн урамшуулал, талархлын бэлэг юм. Аляскийн сангаас өөр бэлэн мөнгө шууд тараадаг буяны сан хаана ч байхгүй. Учир нь дэлхийн Хүний хөгжлийн сангууд май гээд мөнгө сарвайхаасаа илүүтэй иргэний боловсрол, эрүүл мэндэд хөрөнгө оруулахыг чухалчилдаг. Ийм хөрөнгө оруулалтын үр дүнд нөгөө дээр хэлсэн эдийн засгийн өсөлт гэдэг зүйл бий болно гэсэн алтан дүрэм барьж ажилладаг ажээ. Нефть, алт, зэснээс орж ирдэг тоос шороо ханхалсан мөнгийг урт хугацааны үнэт зүйл болгох зарцуулалтын маш тодорхой дүрэм тэдэнд байна аа. Сан гэгч мөнгө ургуулдаг ваар сав биш юм болохоор тэнд элэгдэл хорогдол маягийн зардал хүртэл гарч таарна. Хөрөнгө оруулалтад мөнгө гаргалаа, санхүүгийн зах зээл дээр арвижуулах санаатай мөн л тодорхой хэсэг мөнгө сангаас гадагшилна, менежмент хийж буй байгууллагад төлбөр өгнө гэх мэтээр үйл ажиллагааны зардал гарч таарна. Тиймээс ямар ч сайхан нэртэй бай сангийн үйл ажиллагааны дүнд нийт орлого ба цэвэр ашиг гэсэн ойлголт гарна. Ашиг тооцолгүй бүх орлогоо тараагаад байвал Аляскийн сан шиг богино хугацаанд хоосорно. Мөнгө зүгээр ургуулдаг авдар савтай болж, түүнийгээ хоосортол тараадаг юм биш ээ. Өнөөдөр манай нийгэмд түгээд байгаа Хүний хөгжлийн сан хэмээх бэлэн мөнгөний ёроолгүй машины тухай ойлголтыг газар аваагүй дээр нь залруулахгүй аваас нөгөөх “баялгийн хараал” гэх муухай үг бидэнд их ойрхон ирээд байна.
Төрөл бүрийн сангууд дотроос хамгийн ойлгомжтой томъёололтой хуримтлал нь эдийн засаг, нийгмийг Тогтворжуулах сан юм. Манай улсад ийм сан байгуулах судалгааны ажлууд ид хийгдэж байгаа бөгөөд Тогтворжилтийн сангийн амьдрах мөн чанарыг илэрхийлэх Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцэж байна. Улсын төсвийг дунд, урт хугацаанд тогтворжуулдаг болохоор, үндэсний хэмжээний дорвитой хуримтлал бий болгодог учраас, эцэст нь эдийн засгийн аюулгүй байдлын баталгаа болдог тул энэхүү Тогтворжуулалтын санг дэлхийн улс орнууд юуны түрүүнд бүрдүүлдэг. Хөрөнгө хуримтлуулах ба зарцуулах томъёолол нь ч бусад санг бодвол илүү ойлгомжтой. Төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос илүү гарсныг Тогтворжуулалтын санд хийгээд байх, эсрэгээр төсвийн орлого багассан үед яг өмнөх томъёоллоороо зарлага гаргах дүрэмтэй.
Монгол улсад хуримтлалын янз бүрийн сан бий болгох, уул уурхайн салбарын орлогоо тэдгээр сангаар дамжуулан зөв удирдах тухай ойлголт ийнхүү бүрдэж эхэллээ. Баялаг дагасан гадаадын шунахайнууд орж ирээд хамаг юмыг маань хуу хамах вий гэсэн айдас эдүгээ нийгэмд хүчтэй байна. Тэгвэл хий айж, биеэ битүү баглаад суулгүй, тоглоомын дүрмүүд тов тодорхой, гол нь олон нийт хүлээн зөвшөөрсөн, тэдэнд ойлгогдох, хяналт тавьж чадах томъёоллуудтай байж гэмээнэ манай эдийн засгийн аюулгүй байдлын дархлаа сайжирна.
Хуримтлалын сантай холбоотой нэг маргаантай өнцөг бий. Тэр нь хөрөнгө оруулалтын хэрэгцээ. Ялангуяа дэд бүтцийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт нэн даруй шаардлагатай байхад ямар мөнгөө цааш нь хураах билээ гэсэн байр суурь юм. Чухамдаа дэд бүтцийн сул хөгжлөөсөө болоод Монгол улсын өрсөлдөх чадварын индекс ямагт доогуур гарч ирсэн, эдийн засагт маань өсөлт бий болдоггүй. Тэгвэл дэлхий дахины нэг сайн жишээ бол хуримтлалын сангийн зарцуулалтын томъёог “Боловсрол ба эрүүл мэндийг дэмжих хүний хөгжлийн хөрөнгө оруулалтад, мөн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад” хэмээн чиглүүлээд өгч байна. Ийм тодорхой чиглэл зорилгогүйгээр санаанд орсон мөнгөн дүнг цагаан сарын өмнө ба хойно, баяр наадмын эхэнд ба дараа нь, 12 оны сонгуулиас наана бэлнээр аваарай гэхчлэн дурын дүрэмтэй явбал хуримтлалын сан гэгч манай эдийн засагт нэмэр биш нэрмээс болно оо. Баялгийн менежментэд суралцах цаг ирлээ.