Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт

2010 оны 5 сарын 3

 

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зохиогдох олон арга хэмжээний тухай шинэ мэдээллүүд урсан ирсээр байна. “Ардчиллын төлөө тэмцэл: Өмнөд Ази дахь хэвлэлийн эрх чөлөө 2009-2010” нэртэй мониторингийн ажлын тайлан болно гэнэ. Мөн Пакистаны сэтгүүлчид 200 машины ралли зохион байгуулах гэж байна. Исламабадаас уг цуваа хөдлөхдөө дохио юугаа хангинуулан эсэргүүцлийн чимээ түгээх аж. Хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд, Засгийн газарт хандан сэтгүүлчдийн ажиллах нөхцөлийг сайжруул, аюулгүй байдлын баталгаа гаргаж өг гэсэн шаардлагыг ийнхүү 200 машины дохио сигнаал дор сануулах юм. Хэдхэн өдрийн өмнө Пакистанд ахмад сэтгүүлч Азмат Али Бангаш бичиж нийтлүүлсэн зүйлийнхээ төлөө бусдад алагдсан бол уг үйл явдлаас 24 цагийн өмнө Пакистаны “Самаа TV”-ийн зураглаач халдлагад өртөн амиа алджээ. Шинэ Зеландын алдартай шог зураач, улс төрийн тоймч тэргүүтэй сэтгүүл зүйн салбарынхан тавдугаар сарын 3-ны өдөр Парламентын гишүүдтэй халз мэтгэлцэхээр зар түгээгээд байна.

Дэлхийн хэвлэл мэдээллийн фронтынхон өдөр, шөнийг үл ялган бусдын эрх ашгийг хамгаалан үгээ хэлж, нэвтрүүлгээ цацдаг. Харин жил бүрийн тавдугаар сарын 3-ны энэ өдөр өөрсдийн эрх ашгаа илэрхийлэн, төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулдгийн зах зухаас дурдахад ийм. Монголын сэтгүүлчдийн тухайд тавдугаар сарын 3-ны өдөр уламжлал ёсоор энд тэнд жижиг арга хэмжээ зохион байгуулагдах байх. Гэхдээ шинэ үеийн сэтгүүлчдэд чухам юу хэрэгтэй байгааг шинэ цагийнхны нүдээр харъя.

Юуны түрүүнд сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллага ба хэвлэл мэдээллийн эздийн байгууллага тусдаа байх ёстойг нялх хүүхэд ч гадарлахаар боллоо. Тусдаа байгууллага болчихоор тэд нь хоорондоо зодолддог, хагарч бутардаг ч юм биш. Хамтарч ажиллах чиглэл ч бий, эздэдээ сэтгүүлчдийн байгууллага нь шаардлага тавих ёстой асуудлууд ч маш их хуримтлагдсан байгаа. Хамгийн эхэнд сэтгүүлчид цалингаа нэмүүлэхийг хүсдэг. Ажлын нөхцөлөө сайжруулмаар, техник технологийн шинэчлэл хийгээсэй гэж боддог. Хэвлэлийн редакцийн ирээдүйг удирдлагууд нь урьдчилан харж төлөвлөөсэй гэж сэтгүүлчид маш их хүсдэг. Сурвалжлан бичих томилолтоор хилийн чанадад ажилласан сэтгүүлч хэвлэлийн салбарт технолог хэрхэн хурдтай өөрчлөгдөж байгааг нүдээр хардаг. Арсенал -Манчестр Юнайтедийн нэгдүгээр сарын тоглолтыг Англи, Ирландын зарим паабд 3D технологоор дамжуулсныг үзсэн хүн ч бий байх. “Аватар” киноны алдар цуу чухамдаа тэрхүү технологийн дэвшлийг ашигласнаар өндөрт гарсан билээ. Кино ертөнц төдийгүй, хэвлэл мэдээллийн салбарт технологийн шинэ эрин эхэлж байна.

Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил анх удаа 3D технологоор дамжуулна. Берлин, Лондон, Мехико, Парис, Рио де Жанейро, Ром, Сиднейн хөл бөмбөгийн фэн клубуудэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гайхамшигт агшин болгоныг 3D-ээр цацан, цэнгэлдэхийн ногоон талбай, үзэгчдийн чимээ шуугиан хажууд ирж, довтлогчийн амьсгаа чихнээ сонсогдон, шүгэл, хөлс, уухай, орилж бархирах сэтгэлийн бүх хөдөлгөөн, ялалтын бөмбөг хаалганы тор саван сархийх агшин үзэгчийн мэдэлд ирэх буюу. Энэ бол телевизийн урлагт хувьсгал авчрах технологийн шийдэл билээ. Технолог өөрчлөгдөж байгааг дагаад ялангуяа спортын шууд нэвтрүүлгийн хэрэглэгчийн цар хүрээ эрс өснө гэсэн урьдчилсан судалгаанууд гарч байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн эрх чөлөө хязгааргүй болж ирнэ. Хэвлэл мэдээллийн салбарын бүтээгдэхүүнийг хэрэглэдэг олон нийтийн хүсэл, мэдээлэл авах боломж, мэдлэг боловсрол өдөр цагаар шинэчлэгдэж байна. Хэвлэлийн салбарт ажиллаж байгаа эзэн, сэтгүүлч хамтдаа өнөөдөр санаа зовних ёстой асуудал бол бидний энэхүү хоцрогдол юм.

3D технолог Монголд хүртээл болтлоо хаа байсан юм гэх дарга нар мэдээж бий. Арай холыг харж амьдрах нь яршиг төвөгтэй санагддаг байж магадгүй, тэгвэл хажууд ирчихээд байгаа өөр нэг асуудлыг хэвлэл мэдээллийн байгууллагын дарга удирдлагын сонорт хүргэе. Өдгөө моби-медиа гэсэн төрөл сонин ба телевиз, тэр бүү хэл электрон хэвлэлийнхний шинэ өрсөлдөгч, бидний хийсэн бүтээгдэхүүнийг хил хязгааргүй, асар хурдтай цацдаг мэдээний жинхэнэ машин боллоо. Моби-медиа хэрэглэгчийн тоо гэрлийн хурдаар өсч буйг дагаад сэтгүүл зүйн хэрэглээний төрөл зүйл өөрчлөгдөж эхэлсэн. Юуны түрүүнд шуурхай мэдээний эрэлт хэрэгцээ, гадаадын орнуудад бол спортын тэмцээнийг шууд дамжуулах үйл ажиллагаа, дээр нь моби энтертаймент төрөл хүч түрэн орж ирлээ. Дурдсан гурван төрлөөс гадна моби-хүүхдийн нэвтрүүлгийн эрэлт өндөр байгаа гэнэ. Гар утаснаасаа ийнхүү бүх мэдээллээ авчих боломжийг дагаад моби-реклам сурталчилгаа дэлхий дахинаа эрс өсч байна. Хамгийн сүүлийн судалгаагаар теле нэвтрүүлэг бэлтгэгч, утасгүй холболтын операторууд, моби реклам нийлүүлэгчид, технологийн, гар утасны үйлчилгээний компаниудын моби-медиа үйлчилгээний нийт ашиг орлого 2018 он гэхэд 90 тэрбум ам. долларт хүрэх гэнэ.

Сэтгүүл зүйн салбарынхны хувьд шинэ өрсөлдөгч гарч ирж байгаа ба тэр нь мэдээллийн асар их урсгалыг моби хэлбэрт оруулан цацагч хувийн компаниуд. Тэдний тоо хялбархан олшрох байх. Өдгөө Монголд моби-медиа үйлчилгээ явуулах эрхийг хоёр компани аваад байна. Орчин цагийн хэрэглэгчийн аяг жишиг ийм шуурхай мэдээнд тэмүүлж байгаа учраас моби-медиа төрлийг хаана бооно гэсэн ойлголт байхгүй. Гагцхүү мэдээллийн салбарынхан шинэ үеийг мэдэрч, эрэлт хэрэгцээнд нь бүтээгдэхүүнээ нийцүүлэн өөрсдөө өөрчлөгдөж амьдарч сурахыг цаг үе биднээс шаардаж байгаа хэрэг. Хамгийн сүүлийн жишээгээр, Тайванд моби-медиа үйлчилгээ явуулах лицензийг өдгөө зургаан компани авсан, ирэх жил дахин шинээр лиценз олгох өрсөлдөөнт шалгаруулалт болно. Түүнд нь АНУ-ын технологийн том компани өрсөлдөх сонирхолтой гэдгээ илэрхийлжээ.

Энэ бүх хандлага юуг өгүүлнэ вэ? Бидний уламжлалт ойлголтыг юуны түрүүнд өөрчилнө. Тэр телевизийн ард тэр гуай бий, энэ сонины нууц ноёнтон хэн юм болоо гэх хов жив сонин биш болно. Хэн гуайн телевизийг хэрэглэгч хүчээр үзээд, тархиа сайн дураар угаагаад сууна гэж юу байх вэ. Мэдээллийг цацах суваг сонин, телевизээр хязгаарлагдахгүй, интернэт, электрон сэтгүүл зүй, мобайл мэдээлэл, кабелийн шинэ сувгууд нэмэгдсэнээр хэрэглэгчийн сонголт эрх чөлөөтэй болно гэсэн үг. Тиймээс “энэ мэдээг тэр захиалж тавиулсан байх” хэмээн ярьж өдрийг барж суудаг хүмүүс юуны түрүүнд ажилгүй болно. Хэвлэлийн эрх чөлөөнийхөө өдрөөр бид хэд бие биедээ шагнал урамшуулал өгсөн шигээ хуучнаараа амьдарч байх зуурт хэрэглэгчийн эрх чөлөө гэгч “ховдог шунахай, ханах цадахыг мэдэхгүй, мэдээ залгигч өлсгөлөн мангас” гараад иржээ. Энэ шинэ хандлагыг Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хамгийн түрүүнд үнэрлэж мэдэрсэн нь www. news.mn сайт юм. Мэдээ нь улам бүр шуурхай болж байна. Сайн байна. Дээр нь шууд мэдээ цацах BBC маягийн баг гарч ирэхээр ажиллаж байгаа гэсэн. Бүр сайн хэрэг. Эдний “News” нэртэй медиа группийн менежментийг хорин хэдтэй залуу голлон хийж буй байх. Тэр залуу цаг үеэ илүү мэдэрч байна.

Сэтгүүлч бидний ажиллах орчин нөхцөл гэгээтэй тал руугаа ийнхүү өөрчлөгдсөөр байгаа юм. Одоо бид өөрсдөө улам бүр хоцрогдохгүйн тулд суралцах, тархиа хэн гуайгаар угаалгах биш, харин шинэ мэдлэгээр цэнэглэх шаардлагатай боллоо. Технологийн нарийн ширийн зүйлс гэлтгүй, эдийн засаг бизнесийн мэдээллийг бэлтгэхэд суралцахын чухлыг давхар онцолж буй юм. Дэлхийн хэвлэлүүдэд нийт мэдээллийн 60 хувь нь эдийн засгийн чиглэлийн мэдээ байдаг аж. Урьд нь сэтгүүлчид улс төр, урлаг хоёрыг “сайхан” бичээд болоод явдаг байсан бол одоо бизнес эдийн засаг, уул уурхайн чиглэлээр урьд үзээгүй сонсоогүй сэдвүүд гарч ирсээр байна. Мэдээллийн редакцууд болж өгвөл Хөгжлийн, технологийн шинэчлэлийн хэлтэстэй, гадаад харилцааны алба мэттэй болбол сайнсан. Тамгын газар мэтийн өнгөрсөн зууны аймаар нэртэй алба байгуулсан дорвол Хөгжлийн хэлтэс гээд ганц хоёр хүн нүдээ нээгээд, чихээ онгойлгоод, хоёр гурван жилийн дараах редакцийн төлөвлөлтийг гаргаад сууж байвал юутай сайн. Хөгжлийн хэлтэс сэтгүүлчдээ бодлоготойгоор сургаж, ажлын цагийг нь зохицуулдаг бол бүр зөв. Ялангуяа дарга удирдлагадаа шинэ мэдээлэл ав, цаг үедээ нийцэж үз хэмээн эвтэйхэн ойлгуулж дөнгөвөл шинэ цагийн сэтгүүл зүйн хөгжилд тустай юм.

2015 он гэхэд дэлхий дахинаа аналог телевизээс нэгдсэн журмаар татгалзах гэж байна. Тоон технологоор нэвтрүүлэг цацах дэлхий нийтийн энэхүү шаардлагад Монголын телевизүүд ч нэгдэж таарна. Манай арилжааны телевизүүд технологийн өөрчлөлтөд бэлтгэн өөрсдийн зүгээс хийх боломжтой зүйлсээ бага сагаар төлөвлөж байгаа. Телевизийн технологийн шинэчлэлийг хийхийн тулд Засгийн газраас санхүүгийн асар их дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болно. Сэтгүүлч, редактор, эзэн, Засгийн газар нэгдэж хамтран ажиллаж болох нэг зүйл бол энэхүү хэвлэл мэдээлийн технологийн шинэчлэл, сэтгүүл зүйн сургалтын ажлууд юм.Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол тавдугаар сарын 3-ны өдөр олонтаа давтдаг “ёс зүй, омбудсмэн, хэвлэлийн эрх чөлөөний хууль” гэх хэдэн үгээр хязгаарлагддаг ажил биш. Эрх чөлөө гэдэг нь мэдээллийн хязгааргүй орон зайд чөлөөтэй ажиллаж чадах сэтгүүлчийн өндөр чадамж юм. “Сэтгүүлчийн ёс зүй” гэх үгийг ч бас өөрийнхөөрөө харж сураарай. Энэ бол зүгээр л хүн чанар гэсэн үг. Бусдыг гүтгэн харааж сураагүй, эсвэл бялдуучлан нялуурч чаддаггүй, байгаагаар нь бичдэг, нэвтрүүлдэг бол чиний зүрх сэтгэл эрүүл саруул байна аа гэсэн үг. “Сэтгүүлчийн ёс зүй” гэх цаасан дээр буулгасан хоосон үг чамд хэрэггүй ээ гэсэн үг.