Гэрээний ил тод байдал

2010 оны 6 сарын 22

 

Тогтвортой байдлын гэрээ ил тод байх зарчим бий. Энэ нь гэрээ байгуулахын өмнөх ба дараах хоёр үе шатны ил тодын зарчим.

 

УИХ өдгөө хэлэлцэж буй том гэрээ ил байна уу, хаалттай сэдэв үү? Тавантолгой ордыг ашиглах Тогтвортой байдлын гэрээ байгуулах зөвшөөрөл өгөх хэлэлцүүлгүүд өнөөдөр явагдаж байна. Өөрөөр хэлбэл гэрээний эдийн засгийн агуулга ил болоогүй, зөвхөн улс төрийн том шийдэл буюу гэрээ байгуулах эсэхийг, хэдэн оператор сонгохыг ярилцаж байна. Тэгвэл гэрээний эдийн засгийн агуулга гэж юу вэ?

 

“Эйфел шиг өндөр, Манхэттэн мэт том Оюутолгой орд бол…” хэмээн Роберт Фрийдланд Оюутолгой ордын хүдрийн хэмжээсийг зүйрлэж ярьдаг. Бүр Эйфелийн цамхгийг хоёр давхарласан лугаа өндөр хэмээн тодруулж байгаад Оюутолгойг сурталчилдаг аж. Түүний тэрхүү нүдэн баримжаат гэмээр хялбаршуулсан төсөөлөл хөрөнгө оруулагчдад тун чиг наалдацтай сонсогддог агаад энэ хэрээр Фрийдланд хувьцааныхаа үнийг өсгөж сурсан хүн. Чихэнд наалдацтай, жүжигчилсэн харьцуулалтынхаа дараа ноён Фрийдланд нэгэн хурал дээр “Монгол улсын эзэмших 34 хувийг Айвенхоу Майнз санхүүжүүлнэ. Тус компани Монголын Засгийн газрын 250 сая долларын үнэлгээ бүхий бондыг худалдаж авна. Бидэнд Засгийн газар нь таван жилийн дараа 287.5 сая доллар буцааж төлнө” хэмээн ярьжээ. Энэ бол Оюутолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдахаас хэдхэн хоногийн өмнөх “презентэйшн” бөгөөд гэрээний эдийн засгийн агуулгын нэг хэсэг юм.

 

Чухамдаа эдийн засгийн цогц агуулга хэрхэн хийгдсэнээр гэрээний өгөөж хэмжигдэнэ. Тиймээс Тогтвортой байдлын гэрээ байгуулахаас өмнөх ил тод байдал гэдэг нь ямар заалтууд нь олон нийтэд нээлттэй байх, аль хэсгийг хэлэлцэгч талууд хаалттай ярихаас үүдэлтэй. Гэрээ хэлэлцэх журам дүрэм байна аа гэсэн үг. Ийм заалтууд хаалттай яригдана, тэр заалтыг хэлэлцэх явц олон нийтэд нээлттэй байг гэх мэт. Оюутолгой ордын гэрээ Сангийн яамны цахим хуудсанд тавигдсан гэдгээр ил тодыг хэмжих аргагүй. Харин тодорхой заалтууд дээр Засгийн газар ба компани хэрхэн хэлэлцэж, ямар үр дүнд хүрснийг нийгэм нээлттэй сонсч байх зарчим биелэгдсэн эсэхээр ил тодын асуудал тодорхойлогдоно.

 

Өнөөдөр УИХ-ын хэлэлцэж буй Тавантолгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээний ноорог гишүүн, сэтгүүлч болгоны гар дээр байгаа учраас гэрээ ихээхэн нээлттэй эд болохгүй. Харин тэрхүү ноорог дээр тоочиглон үлдээсэн гурван цэгүүдийн оронд ямар тоон үзүүлэлт тавих нь хамгийн гол зүйл билээ. Нөөцийн хэмжээ, усны зарцуулалтын тооцоо, байгаль орчны нөхөн сэргээлтийн санд урьдчилан хийх мөнгөн дүн, нүүрсний үнийн дундаж, олборлолтын график, ложистикийн хувилбарууд, боломжит боомтууд, тухайн боомтын үнэ, хүчин чадал, боомтыг хэн эзэмшдэг, манай нүүрсний төрөл, боломжит худалдан авагчид гэх мэт эдийн засгийн агуулгууд нийлж гэмээнэ Тавантолгой ордын бодит өгөөжийг төсөөлөх боломжийг бидэнд өгнө. Өнөөдөр Тавантолгой ордын гэрээ эдийн засгийн агуулгагүй яригдаж байна. Тэндээс гарах нүүрс ямар түвшинд өрсөлдөх чадвартай вэ гэсэн асуулт дандаа цэгэн тоочигоор тэмдэглэгдсэн буюу хариултгүй, хаалттай үлдэж байна.

 

Мэдээж наадмын наана улс төрийн шийдвэр гарна. Гэрээг байгуулна аа, ерөнхий зарчим ийм байна гэх мэт. Тиймээс ч Тавантолгой ордын ноорог дээр улстөрчид сэтгэгдлүүдээ халуунаар нь илэрхийлсээр байна. Лав өнгөрсөн хагас сарын хугацаанд иймэрхүү байр сууриуд үргэлжлэн гарлаа. Харин одоо судлаачид, мэргэжлийн хүмүүс илүү тооцоо дүн шинжилгээ бүхий хөрсөн дээр буулгасан баримтууд ярих цаг ирж байна. Тооцоо судалгаа хийхийн тулд тэдэнд ганц хоёр тоо хэрэгтэй нь дамжиггүй. Үүнийг л гэрээний ил тод байдал хэмээдэг. Эдийн засгийн өгөөж олж харахын тулд ядаад Тавантолгой ордоос гарах нүүрсний дээжийн хамгийн эхний шинжилгээ хийгдсэн байх ёстой. Нүүрсээ одоо байгаа гурван төрлийн ангиллаар нь борлуулах уу, эсвэл илүү нарийвчилсан төрлүүд болгон бирж дээр гаргах юм уу. Худалдан авагч нь хэн юм бэ. Хятад, БНСУ, Япон авна гэсэн борлуулалтын ангилал ба үнэ зах зээл дээр байдаггүй шүү дээ. Харин нүүрсний төрөл тус бүрээр, худалдан авах хэлцлийн нөхцөлөөр Тавантолгойн баялгийн үнэ тодорхойлогдоно. Тухайлбал Шанхайн бирж дээр Тавантолгойн нүүрсний урьдчилсан ба улирал, хагас жилийн борлуултын үнийн санал гарч таарна. Энэ ажлыг хийх, хар ухаанаар бол хамгийн сэргэлэн трейдер, брокер хаана байна? Олон төрлийн нүүрсийг мөн л янз бүрийн худалдан авагч бий.

 

Хэрвээ “Эрдэнэс МГЛ” Тавантолгойн хувьцааг эзэмшигч эзэн авхай ахул мөдхөн нээх гэж буй дэлгүүрийнхээ бараа огноо, боломжит худалдан авагчдын судалгааг хэрхэн төсөөлж байгаа юм бол оо. Одоохондоо бид оператор компани хэн байх, хэд вэ гэдэг дээр хөмсөг зангидан ярилцаж байгаа. Орд газрынхаа хувьцааг 100 хувь эзэмшигчийн хувьд монголчууд оператор компанийг өөрийн үзэмжээр, шууд нэрлэнэ. Хамгийн гол асуудал нь Тавантолгойн өгөөжийг хамгийн өндөр болгох наймаа хэлцлүүдийг хийж чадах, ийм ажил хийдэг гэрээлэгчээ хянах мэдлэгтэй эсэх маань бидэнд нэгдүгээр асуудал билээ. Үүний тулд одооноос Нүүрсний тээвэр ложистикийн конференцд тогтмол оролцох, нүүрсийг биржийн ашигтай хэлцлээр борлуулах боломжуудыг судалж эхлэх цаг болжээ.

 

Тавантолгой ордын гэрээний эдийн засгийн агуулгыг ялимгүй нээлттэй болгож өгөөсэй гэсэн хүсэлт байна. Бие даасан судлаач шинжээчид ажлаа хийж, улстөржөөгүй дүгнэлтээ гаргаг. Үүний хамт гэрээний дараах ил тод байдал хэмээх хоёрдугаар зарчмыг ч бас нээж өгмөөр байна. Оюутолгой ордод гэрээ үзэглэсэн л бол бүх зүйл дуусаа гэсэн үг биш. Харин ч олборлолт эхлэх үест гэрээний менежментийг анх тохиролцсон хэмжээгээрээ хийж байгаа эсэхийг хянах нь илүү чухал ажил юм. Өдөрт хэдэн тонн хүдэр олборлож байгаа вэ, гэрээнд тусгасан үзүүлэлт амлалтуудыг мөрдөж буй эсэхийг хянах нь ил тод байдлын хамгийн гол үе шат.
Гэрээ гэдэг нь харилцан уялдаатай эдийн засгийн үзүүлэлтүүдийн цогц билээ. Нэг заалт дээр тохиролцсоны хариуд нөгөөд нь буулт хийх зарчмаар Оюутолгой орд дээр эдийн засгийн агуулгыг харилцан наймаалцсан бол Тавантолгойн гэрээний араг яс болох тоонуудыг эзэн монголчууд өөрсдөө зоож байна. Энэ тоо цифр бодитой эсэхэд мэргэжлийн хүмүүс хамгийн сайн мониторинг хийж чадна.