2010 оны 7 сарын 5
БНХАУ ба ОХУ нь манай талд угтуулан тавих нөхцөлөө зааж эхэллээ. Угтуулан тавих нөхцөл гэгчийг уг нь Монгол улс өөрөө гаргаж тавиагүй билүү?
Тавантолгойн нүүрсний ордоос олборлолт хийх оператор гадаадын компанийг сонгох хамгийн гол шалгуур нь Монголын Засгийн газрын санал болгож буй угтуулан тавих нөхцөлийг зөвшөөрсөн этгээдтэй хамтран ажиллах явдал байлаа. Энэхүү нөхцөл нь дотроо зургаан хэсэгтэй. Зургаагийн дотор Тавантолгойн их ажлын үндсийн үндэс болох “Урьдчилгаа төлбөр” гэгч заалт бий. Оюутолгойн гэрээний 250 сая ам. доллар шиг бэлэн мөнгөний чек гэж андуурав. Тавантолгойн урьдчилгаа төлбөр гэсэн ойлголт бол маш өргөн агуулгатай зүйл. Дотор нь, Тавантолгойн нүүрсний транзит тээврийн үнийг бууруулах,Тавантолгойн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нэвтрүүлэх боомтуудын зөвшөөрөл авах гэсэн хоёр нэн чухал асуудал багтсан юм. Энэ хоёр дээр нэмээд ОХУ-ын талд Монголын малын махны экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг борлуулах таатай нөхцөл олж авахыг хойд хөршөөс хүсэх санаатай байлаа. Америкуудад жишээ нь, Тавантолгойд оператораар ажиллахыг хүсвэл Монгол улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна уу гэхчлэн угтуулан тавих нөхцөлүүдээ манай тал хэлэх санаатай байсан юм. “Байсан” гэхийн учир нь Тавантолгойн сонгон шалгаруулалтын угтуулан тавих нөхцөлийг хэлэлцэхээс Хятад ба Оросын тал цааргалсаар байна.
Монголын Засгийн газар Тавантолгойн операторын сонгон шалгаруулалтын өмнө төмөр замын бодлого УИХ-аар батлуулах, Ашигт малтмалын хуульдаа өөрчлөлт хийхээс гадна Транзит тээврийн хэлэлцээр хийхийг хоёр хөршдөө санал болгосон юм. Хятад ба ОХУ-аас транзит тээврийн хөнгөлөлттэй үнэ авч тохиролцохгүйгээр Тавантолгойн бүтээгдэхүүн баялаг болохгүй. Хоёр хөршийн төмөр замын тээврийн сүлжээний графикт албан ёсоор ороогүй цагт нүүрс үнэ цэнтэй эд биш. Яг энэ гол асуудал дээр Засгийн газрын түвшинд яриа хэлэлцээр ямар нэг ахиц олоогүй байна. Шалтгаан нь, ОХУ ба БНХАУ Тавантолгойн сонгон шалгаруулалтаас операторын эрх авах үндсэн болзлоо өнөөх манай талын санал болгосон угтуулан тавих нөхцөлүүдээр эргүүлээд илэрхийлж байгаа юм. Хэрвээ Оросын компанийг сонгохгүй бол Алс Дорнодын уудам замаар Тавантолгойн нүүрсийг дотоодын тээврийнхээ тарифыг гурав дахин нугалсан өндөр үнээр зөөнө өө. Хятадын компани оператор болоогүй нөхцөлд тус улсын төмөр замын тээврийн маш их ачаалалтай графикт Тавантолгойн нүүрстэй вагон хэзээ ч нэвтэрч чадахгүй ээ. Далайн боомт ашиглах боломжийг ч Монголын нүүрсэнд тийм амархан олгохгүй ээ…Энэ бол манай хоёр хөршийн тулгаж буй болзлууд. Яг гурван сарын өмнө Ерөнхий сайд С.Батболд ард түмэндээ хандан, Тавантолгойн ордод оператороор ажиллах гадаадын компаниудад угтуулан тавих зургаан нөхцөл санал болгож байна хэмээн зарласан бол тэр хүчин зүйлүүдийг хөршүүд маань өнөөдөр бидэнд эргүүлээд хэлж эхлэв.
ОХУ ба БНХАУ-ын өндөр дээд хэмжээний айлчлалын түвшинд мэдээж “Авч үзнэ, нааштай шийднэ, хамтран ярилцана” гэх үгс протоколд үлдсэн. Ажил хэрэг болсон зүйл харин алга. Тиймээс Монголын Засгийн газрын хамгийн их санаа зовж буй асуудал нь Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх коридор ба транзитын үнэ тогтвортой хямд байх эсэх болоод байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэт цааснаас хэн хэдийг авах тухай монголчууд өнөөдөр хоорондоо маргаж байгаа нь манай нүүрс мөнгөний зах зээлдээ хүрэх ложистикийн бүх нүх сүвийг алган дээрээ тавиад сууж буй хөршүүдэд их инээдтэй, марзан санагдах биз. Транзит тээврийн хэлэлцээрийг энэ оны гуравдугаар улирлаас хийнэ ээ хэмээн хөршүүд маань манай Засгийн газарт бүдэг бадаг хариу өгсөн байдаг ба үнэн хэрэгтээ тэд оператор сонгон шалгаруулах хүртэл ямар ч алхам хийхгүй, үйл явдлын өрнөлийг анхааралтай хүлээнэ.
За тэгвэл үйл явдлын өрнөл Төрийн ордонд халуухан буцалж байна аа. Тогоон дотроо. “Эрдэнэс Тавантолгой”-д 50 хувийг өг, ард түмэнд 10 хувийн хувьцаа май, 40 мянган аж ахуйн нэгждээ нэжгээд хувьцаа адилхан нөхцөлөөр хямдхан өг, ингээд цаана нь юм үлдвэл гадаадынханд илүүчилнэ биз гэх мэтээр юмтай хүн эдээ хувааж сууна аа. Ерөнхий сайд С. Батболд Тавантолгойг ашиглах тоглоомын дүрмээ энэхэн өдрүүдэд гурав дахиа өөрчилж буй юм. Хоёрдугаар сарын эхний долоо хоногт тэрбээр “Тавантолгой ордын хувьцааг Монголын төр 100 өөртөө авна” гэж үндсэн зарчмаа зарласан юм. Ингээд Бүтээгдэхүүн хуваах гэрээний зарчмыг сайн судал хэмээн Ажлын хэсэгт үүрэг өгч, хоёр сарын дараа тайлагнаарай гэж билээ. Засгийн газрын Ажлын хэсэг яг хоёр сарын дараа буюу дөрөвдүгээр сарын эхээр Ерөнхий сайдад судалгаа, тайлангаа танилцуулав. Төдөлгүй С. Батболд эфирт гарч ирэн, ард түмэндээ мөнөөх угтуулан тавих нөхцөлийг зарласан билээ. Ингэж тоглоомын дүрэм хоёр дахь удаагаа, илүү дэлгэрэнгүй хувилбараар гарч ирлээ. Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд “Энэ төслийг ажил болгох хэрэгтэй байна” хэмээн ядрангуй нүдээрээ танхимыг тойруулан харах үест түүний төлөвлөгөө бас л өөрчлөгдсөн, өөрөөр хэлбэл Тавантолгойн нүүрсний сав газрыг хоёр хувааж ашиглах өмнөх хувилбар нь нэг, цогцоор нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эзэмшүүлэх гэсэн вариантаар солигдсон байлаа. Түүнчлэн Хөрөнө оруулалтын гэрээг “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай Засгийн газар байгуулна гэв.
Өнгөрсөн гурван сарын хугацаанд Засгийн газарт маш их шахалт ирсэн бөгөөд түүний нэг нь үндэсний компаниуддаа Тавантолгойг өг гэсэн кампанит ажил байлаа. Өмнөх төлөвлөгөө ёсоор Цанхи ба бусад гэсэн газарзүйн хуваалт хийх л юм бол Тавантолгойгоос мөнгө олох гэсэн дотоод, гадаадын мянган сонирхолд асуудал хуваагдаж идэгдэж болзошгүй нь гэсэн үүднээс Ерөнхий сайд ордыг цогцоор нь эзэмшүүлэх хувилбарыг хурдхан шүүрч авав.
Гэхдээ С. Батболд Тавантолгойг яагаад Цанхи ба бусад хэсэгт хоёр хувааж ашиглуулах санал анх гаргаснаа тайлбарлахгүй байна. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудал хэдэнтээ хөндөгдсөн бөгөөд ОХУ ба Хятадын консорциумыг Тавантолгойн оператороор адилхан сонгох хувилбар нь манай улсын аюулгүй байдалд тэнцвэртэй нөхцөл болж өгнө хэмээн үзсэнээс үүдэн, хоёр хэсэгт хуваах шийдэлд хүрч байсан билээ. Ингэхдээ ОХУ, Хятадын консорциумыг дан дангаар нь Тавантолгойн олборолтод оролцуулахгүй, оросуудыг БНСУ, Японы компаниудтай хамтруулах, хятадуудыг Америкийн компанитай хоршин оролцохыг дэмжиж байлаа. Энэ бүхэн нь Монгол улсын үндэсний эрх ашгийг хамгаалах, ОХУ ба Хятадын хэт нөлөө манай уул уурхайн салбараар дамжин орж ирэхээс сэргийлсэн, алсаа харсан, тэнцвэртэй хамаарлыг нутагтаа бий болгох гэсэн хүсэл байсан юм. Мэдээж Ерөнхий сайд энэ бүх нарийн ширийн зүйлийг чуулганы танхимд ил яриагүй. Дөрөвдүгээр сарын эхээр түүний зарласан зургаан зарчим дунд “Монгол улсын үндэсний эрх ашигт нийцүүлэн шийдэх”гэсэн ганц өгүүлбэр л харагдсан. Үүнийг өдгөө хүн бүр өөрийнхөө үзэмжээр ойлгож харж байна.
Тавантолгойн нүүрсний орд газрыг эзэмших асуудлаар Засгийн газар монголчуудтайгаа хэлэлцээрийн ширээний ард сууж байна. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг монголчууд гадныхантай хийсэн бол өнөөдөр их өөр нөхцөл байдал үүсчээ.Эхлээд монголчуудтайгаа үг хэлээ ололцох, гаднаас ажиглан тандаж буй орос, хятадуутай эн тэнцүү ярилцах давхар хэлэлцээрийг Засгийн газар хийж байгаа юм. Хэн, хэдэн хувийг авах ярианы ард ихийг эзэмшсэн нь тэр хэмжээний хөрөнгө оруулалтаа гаргадаг энгийн дүрэм тодорч ирнэ. Баасан гаригийн хуралдаан дээр гишүүдийн өнгөцхөн бурж байгааг сонсохул монголчууд Тавантолгой ордыг ашиглахад хэрэгтэй бүх хөрөнгөний бараг 70 хувийг өөрөө гаргах юмсанж. Дээр нь ард иргэддээ, бас аж ахуйн нэгжүүдэд “юм” өгнө гэв ээ. Угтуулан тавих нөхцөлөө ярихтай манатай. Уг нь тэр угтуулж гаргасан зам коридороор л ашиг орлого маань орж ирэх ёстой юм.
Цагаан сарын бэлэг нь хүрэхгүй байгаа өвөө шиг зовчихсон царайтай суух Ерөнхий сайдаас 999 компани “юм” нэхээд, гишүүд бас тойрогтоо юм хум илүү гарвал өгчих санаатай, хувьцаа нэхэх хөдөлгөөн гудамжинд дүрэлзчих гээд, бүр 2020 онд төрөх хүүхдэд бас хувь өг гэсэн шаардлага сонсогдоод хэцүү еэ. Орос, Хятадын угтуулан тавих нөхцөл дээр монголчууд нэмэгдэж урьдчилгаа нэхэх болов. Тавантолгойн оператор компанид угтуулан тавих нөхцөл дотор дэд бүтцийн бүтээн байгуулалтад хоёр тэрбум ам. доллар гаргах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэр байгуулах гэсэн хоёр болзол бас бий. Одоо эдгээр болзлыг хэнд хэлэх болж байна вэ? “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны үлдсэн 30 хувь дээр хөрөнгө оруулах операторууд тэр олон угтуулах нөхцөлийг хэр зөвшөөрөх юм бол. Ингэж явсаар Орос, Хятад, Монгол гурав Тавантолгой ордын хувьцаа эзэмшигч болж таарах вий.