2010 оны 8 сарын 25
Бөөрөнхий “Атар”-ыг 60 төгрөгөөр хямдруул хэмээх тушаал буужээ. УИХ-ын 2008 оны сонгууль болох гэж байлаа. Сонгуульд зориулсан SALE зарлахыг тухайн үеийн МАХН-ын дарга талх үйлдвэрлэгчээс шаардсан юм. Талх үйлдвэрлэгч хувьсгалт намын даргын үгэнд орсонгүй. Харин ийм SALE-ийг шатахуун импортлогчид тухайн үед зарлаад байсан бөгөөд хямдралын аян үргэлжлэх хугацааг “Сонгууль дуустал” хэмээн МАХН-ын дарга тодорхойлж өгөв. Нефть импортлогчид дуугүй л “За, за Дарга аа… “хэмээсэн билээ. 2007 оны арваннэгдүгээр сараас дараа жилийнх нь “Мартын 8” хүртэл Монголын зах зээлд шатахууны үнэ нэг ч төгрөгөөр хөдлөөгүй юм. Энэ бол Гиннесийн номонд зүй ёсоор орохуйц үнэ ханшийн царцалт байлаа. 2008 оны Мартын 8-ны дараахан нэгэн чухал хурал Төрийн ордонд болов. Дэлхийн зах зээл дээр нефть, улаан буудайн үнэ ханш огцом өсч байсан цаг тул Монгол улсын Засгийн газар Үнэ тогтворжуулах комисс түүхэнд анх удаа байгуулсан юм. Мөнөөх Үнэ тогтворжуулдаг комисс ээлжит хуралдаанаараа нефть импортлогчдыг Засгийн газрын үгэнд сайн орсныг сайшаан дэмжээд, шатахууны үнийг үргэлжлүүлэн царцаахыг үүрэгдэв. УИХ-ын 2008 оны сонгууль явагдаж дуустал юм хумны үнэ царцах учиртай гэсэн чиглэл гарав. Өөрөөр хэлбэл дотоодын зах зээл дээр хагас жил илүү хугацаанд нефтийн үнэ хөдлөөгүй. Харин дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний ханш дурдсан хугацаанд 53 хүртэл хувиар өссөн байлаа. Чухам энэ үеэс Монгол улс зах зээлийн замаар явна уу, эс бөгөөс эрх барьж буй намын дарга, Ерөнхий сайдын улс төрийн шийдвэрээр бизнесийн амьдралыг шахаж эхлэв үү гэсэн эргэлзээ нийгэмд түгсэн билээ.
Одоо энэ эргэлзээ улам бүр даамжирч, гурил үйлдвэрлэгчдийг тойрсон гурвалжин асуудал үүсгээд байна. Засгийн үгийг дагадаг бизнесийн нэг хэсэг, жамаараа эрэлт нийлүүлэлтээрээ явна гэж зүтгэсэн нөгөө тал гэсэн зарчмын ялгаа эрхэм хэрэглэгч Танд ч мэдрэгдэж буй биз ээ.
2008 он буюу Монгол улсад зах зээлийн жам ёсны хөгжлийг захиран тушаалтаар халахыг оролдож эхэлсэн үед бас нэг марзан удирдамж гарсан ба тэр нь нийтийн тээвэр эрхлэгчдийг ниргэсэн явдал. Зорчигч тээврийн тасалбарын үнийг 200 төгрөгт барь гэсэн даалгавар гарав аа. Хугацаа нь бас сонин. 2008 оны гуравдугаар сараас долдугаар сарыг дуустал автобусны тасалбарын үнэ хөдлөхгүй шүү гэжээ. Сонгуулийн дараа яаж ч болмоор аятай, дахиад зах зээл рүүгээ эргэж орох шинжтэй шийдвэрүүд гарч байлаа, тэр өдрүүдэд. Сонгуулийн өмнөх социализм ханхалсан цагт газар тариалан, гурилын үйлдвэрлэлийн салбарыг ч МАХН-ын дарга “зохицуулах” гэж чармайсан юм. ОХУ-аас 100 мянган тонн буудай маш хямд оруулж ирэх “улс төрийн тусламж” тулгасны дараа “Алтан тариа” ХХК Казахстанаас оруулж ирэхээр гэрээлсэн хямд буудайнаасаа татгалзсан санагдана. Төдөлгүй, тавдугаар сар гараад гурилын хомсдол хариугүй нүүрлэх үес Оросоос ачуулсан гэх өнөөх хямд буудай цаг хугацаандаа ирээгүй л байлаа. Ингээд Ерөнхий сайд өөрийн биеэр оролцож байж асуудлыг шуурхайлав гэсэн мэдээ түгэв. Ер нь л Ерөнхий сайдгүй бол үйлдвэрлэл, бизнес, талх тариа, автобусны тасалбарын үнэ хүртэл шийдэгдэхгүй янзтай болов. Эдийн засаг, бизнест төр, тухайлбал эрх баригч нам улс төрийн зорилгоор хутгалдахын ноцтой үр дагавар нь нийгмийн бүтээлч уур амьсгал, бие даан идэвхтэй амьдрах гэсэн эрмэлзлэлийг эвдэн бусниулдаг. Ерөнхий сайдууд бүгдийг шийддэг болжээ. Хамгийн сүүлд гаргасан “буянтай шийдвэрийг” уншигч Та хэрхэн ойлгож байна вэ?
Дараагийн кампанит зохицуулалт эхлэв. Оюутнуудын сургалтын төлбөрийг Хүний хөгжлийн сангаас өнгө гэнэ. Хүний хөгжлийн сан гэж ёроолгүй баян авдар хаанаас гараад ирсэн юм бэ? Сайн боловсрол эзэмшье гэвэл төлбөрөө төл. Онцсайн сурвал, авьяас чадалтай бол төлбөрөөс чөлөөлөгд. Бусад тохиолдолд хөлсөө төл. Ийм энгийн зарчим байдаг учраас л Их, дээд сургуулийн захирлууд Ерөнхий сайдын социалист шийдвэрийг эсэргүүцэж байна. Яахав, төрийн мэдлийн томоохон сургуульд албан тушаалын шагнал маягаар очсон тэтгэврийн өвөө нар бол Засгийн шийд гарснаас хойш түүнийг биелүүлнэ гэж ярьж л байгаа. Тэдэнд Монгол улсын боловсролын чанар хамаагүй. Ийнхүү Монголд бүхнийг шийддэг, бултыг ивээн тэтгэдэг Засгийн газар, намын дарга нар гараад иржээ. Тэд зах зээлийн жам ёсоор бүрэлдэн бий болсон бүхий л шинэлэг хандлагыг эвдэж эхэллээ. Хүн болгонд нэг сая таван зуун мянган төгрөг заавал бэлэглэх завхрал хүрээгээ тэлж байна. Энэ нь зүгээр нэг мөнгө өгөх, авах тухай ойлголт бус, шинэ цагийн монголчуудын бие даан хөгжин дэвжих гэсэн эрмэлзлийг өглөгөөр хүлэн боомилох гэсэн, бие хүмүүсийн хүсэл тэмүүллийг тэгшхэн хэмжүүрээр тайран огтлох санаархал юм.
Уул уурхайн салбараас дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 33 хувийг бүрдүүлдэг Чили улс Эх орны баялгийн сантай. Харин энэхүү санд хуримтлагдсан уул уурхайн орлогыг хэрхэн зарцуулах вэ гэсэн тов тодорхой дүрэмтэй. Зарцуулалтын томъёотой гэсэн үг. Уг томъёоллыг Парламентаар, ард түмнээр хэлэлцүүлж баталсан. Чилийн Эх орны баялгийн сан байгуулагдаад бараг хорин жил болж байна. Харин манай Хүний хөгжлийн сан хэзээ байгуулагдсан, хэр хэмжээний хөрөнгө тэнд байгаа юм бэ? Хуримтлал хараахан бүрэлдээгүй сангаас Монголын бүх оюутны идэвхгүй, чанаргүй сургалтын төлбөр хийхийг хэн зөвшөөрсөн юм бэ? Уул уурхайн салбарт ажил хэрэг дөнгөж эхэлж байна. Ашиг орлого хуримтлагдах хугацаа гэж байх ёстой. Тэрхүү хуримтлалыг улс орны хөгжлийн хэрэгтэй цэгт, үр дүнтэй зарцуулах учиртай. Энэ бол нэг, хоёр намын сонгуулийн шоунд цацагдах хөрөнгө биш. Уул уурхайн салбарын орлогоо хорин жилийн турш хуримтлуулсан Чили улс залуучуудаа өндөр хөгжилтэй орнуудад сургах шинэ Сан байгуулсан ба тэр нь нийт 6 тэрбум ам. долларын нөөцтэй. Түүнчлэн улс оронд ашигтай хөрөнгө оруулалтын төслүүдийг эхний ээлжинд санхүүжүүлэх томъёолол гарган, түүнийгээ олон нийтээр хэлэлцүүлж гэмээнэ зарцуулдаг байх юм. Манай томъёо хаана байна? Төлбөрөө бүтнээр нь тушаасан хүүхдүүд сургуулийнхаа Санхүүтэй хэрүүл хийж, “Ерөнхий сайд зарим хэсгийг нь буцааж ав гэсэн” хэмээн бухимдацгааж байгаа нь манай Хүний хөгжлийн сангийн зарцуулалтын зарчим юм уу?
Өнөөдөр гурил үйлдвэрлэгчдийг шахаж байгаа, залуусыг үнэгүй, амтгүй хоолонд сургаж буй, нийгмийн амьдралын энгийн асуудал болгоныг сонгуулийн амлалт, намын даалгавар мэтийн дур гутам ойлголтуудаар зориуд улстөржүүлж эхэлсэн шийдвэрүүд нь Монгол хүний бүтээлч идэвхийг үгүйсгэх боллоо. Хамгийн хортой үр дагавар нь энэ.
Засгийн шийдвэрийг дагасаар яваад нефть импортлогчид яасныг хэрэглэгч Та сайн санаж буй биз ээ. Сонгууль ч өндөрлөсөн, харин Засгийн газар амласан нөхөн олговроо хагас дутуу өгсөн. НӨАТ-аас чөлөөлнө гэж сонгуулийн наана мэдээж хэлж байсан. Харин дараа нь НӨАТ-ын зөрүүг нефть импортлогчдод өгөөгүй. Зөвхөн НӨАТ-ын алдагдал 4.4 тэрбум төгрөг болов. Энэ зөрүүг хэрэглэгч Та хэтэвчнээсээ төлснөө санаж байна уу? 2008 оны наймдугаар сарын 7-нд шатахуун импортлогчид бензиний үнийг огцом нэмэв. Ингэхгүй бол тэд дампуурах байлаа. Дараа нь юу болсныг ой сайтай уншигч Та санаж байгаа биз дээ? Шударга бус өрсөлдөөнийг яадаг газар билээ, тэдний байцаагчид “Аанхаан…” гээд шалгалт хийгээд эхэлсэн. Яг өнөөдөр гурил үйлдвэрлэгчдийг яаж байгаа билээ, тийм л явдал болсон…Тэгж байгаад Ерөнхий сайд хөдөөнөөс ирээд зохицуулаад өгөх байх аа…