ТЭЗҮ

2010 оны 9 сарын 10

 

Засгийн газар завгүй. ТЭЗҮ хийгээд толгой өндийх сөгөөгүй болжээ. Энэ зуны сайханд бүтэн амарч чадаагүй хүмүүс гэвэл Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан. Дээр нь Зам тээвэр, хот байгуулалтынхан. Мэдээж, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны мэргэжилтэн судлаачид энд багтана.
Монгол улсыг хөгжүүлэх мега төслүүдийн ТЭЗҮ-ийг танхим нухаж хэсэг суулаа. Харин сүүлийн хагас сарын хугацаанд Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг анхааралтай ажихул Засаг ТЭЗҮ хийх гэж өөрөө зүтгэхээ жаахан хазаарлахаар болжээ. Есдүгээр сарын 1-ний өдөр Засгийн газрын хуралдаан дээр “Бүтээн байгуулалтын шинжтэй, цаг хугацаа шаардсан зарим томоохон зорилт, арга хэмжээ судалгааны түвшинд, төсөл, ТЭЗҮ боловсруулах зэрэг эхлэлтийн шатанд байгааг анхаарч, тэдгээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхгүй бол Засгийн газрын бүрэн эрхийн үлдсэн хугацаанд багтаж хэрэгжихээргүй болж байгааг тэмдэглэв” гэжээ.

 

Дараа нь есдүгээр сарын 8-ны өдрийн Танхимын хуралдаанаас “Төрөөс дэд бүтэц болон уул уурхай, боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор томоохон бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж байгаа өнөө үед томоохон төсөл, хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах чухал ач холбогдолтой байгаа аж. Иймээс…томоохон төсөл хөтөлбөрийн хүрээнд гэрээ хэлэлцээр байгуулахад эрх зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг олон улсын нэр хүнд бүхий туршлагатай Зөвлөх компаниар гүйцэтгүүлэх шаардлага байгааг харгалзан, Зөвлөх компани сонгон шалгаруулах тухай тогтоол гаргалаа” гэсэн мэдээлэл цацагдав. Олон нийт хараахан онцолж ойшоогоогүй буюу эсхүл олон улсын арбитрын шүүх дээр манайхан ялагдаад байгаа учир Зөвлөх авах нь хэмээн явцуу хүрээнд энэхүү мэдээллийг ойлгосон. Угтаа, Засгийн газрын хуралдаанаас сүүлийн өдрүүдэд гаргаж буй шийдвэрүүд нь Монгол орны хөгжлийн нэн чухал асуудлуудыг хөндөж эхэллээ. Эхний ээлжинд найман тэрбум ам. долларын санхүүжилт шаардсан төслүүдийн ТЭЗҮ-ийг чанартай сайн гүйцэтгэх тухай яриа энд гарч байна. ТЭЗҮ бодитой,үндэслэл сайтай байж гэмээнэ хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах, их хэмжээний санхүүжилт авах боломжтой болно. Удаад нь, төслүүд эрх зүйн хувьд олон улсын жишиг түвшинд хүрсэн байх санааг давхар онцолсон тогтоолуудыг Засгийн газар хуралдаанаараа баталлаа.

 

Хамгийн гол ололт нь, Ерөнхий сайд танхимтайгаа хамт төслийн ТЭЗҮ нухаад суудаггүй юм гэдгийг эрхбиш ойлгож эхлэв. Бизнесийн мэргэшсэн байгууллагууд ийм ажил эрхэлдгийг дэлхий нийтийн жишээн дээр харж мэдрэв бололтой. УИХ-ын өнгөрсөн хаврын чуулганаар Зэс хайлуулах үйлдвэрийн Техник, эдийн засгийн үндэслэлийг зургаан сарын дотор хийж гүйцэтгэх хугацаат даалгавар Ерөнхий сайдад өгснийг эрхэм уншигч санаж байгаа. 300-400 сая ам. долларын дундаж өртөгтэй томоохон объектийн ТЭЗҮ ийнхүү цаасан дээр хүү хаа гээд хийсвэрээр буугаад ирэв. Араас нь дахин 25 том төслийн ТЭЗҮ хийгдэх учиртай. Энэхүү хорин хэдийн жагсаалтыг яг нэг жилийн өмнө Засгийн газар баталсан билээ. Зэс хайлуулах үйлдвэрийнх шиг “зургаан сарын дотор ТЭЗҮ хий” гэсэн тушаалыг Парламент нь буулгаад, яам агентлагууд тэр чигээрээ судалгаа шинжилгээн дээр ажилладаг зарчим цаашид явахгүй ээ. Томоохон төсөл хөтөлбөр гэдэгт “Тавантолгой” төсөл, Хар металлургийн цогцолбор, Кокс химийн үйлдвэр, Газрын тос боловсруулах үйлдвэр, Нүүрс химийн үйлдвэр, Барилгын материалын үйлдвэр, “Шинэ төмөр зам” төсөл, “Тавантолгойн цахилгаан станц” төсөл, “Эрчим хүчний тавдугаар станц” төсөл, “Хүн амыг орон сууцаар хангах” төсөл гэхчлэн 200 сая ам. доллараас багагүй өртөгтэй аварга бүтээн байгуулалтууд багтаж буй юм.

 

Та бидний харж байгаагаар эдгээрээс эхний ээлжинд “Тавантолгой” төслийн ажил бага багаар урагшлан, эхний нээлттэй тендерүүд зарлагдлаа. “Шинэ Улаанбаатар” төслийн аймаар том төсөв цаасан дээр гарч, “Шинэ төмөр зам” төсөл ч хөрөнгө оруулагчдад зориулан нээлттэй тендерээ энэ долоо хоногт зарлах гэж байна.

 

Нэг үгээр, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос нэгэнтээ гаргасан мөрөөдлийн жагсаалт хэрэгжилтийн шатандаа оржээ. Ингэхдээ Засаг дангаараа бүх бэлтгэл ажлыг үүрч дийлэхгүйн учир төсөл болгон дээр олон улсын туршлагатай Зөвлөх компани сонгон шалгаруулах тухай тогтоолыг танхим хуралдаанаасаа гаргасан гэсэн үг юм.

 

Эрхэм уншигч хэрэв анзаарсан бол Улаанбаатарын зун намартайгаа найралдсан ногоохон энэ өдрүүдэд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтууд тухайлсан салбар чиглэлээр үр дүнтэй зохиогдож байна. Ерөнхий сэдвийн дор, бүхэл мах шиг болоод өнгөрдөг чуулга уулзалтуудыг сонирхогчид ч цөөрчээ. Банкны салбарт хөрөнгө оруулагчид, хөрөнгийн зах зээлийг сонирхогчид “Чингис” зочид буудалд хуралдан ярилцсан бол Монголын уул уурхайн үйлдвэрлэлд техник, тоног төхөөрөмж нийлүүлье хэмээн Германы компаниуд, Засгийн газрын төлөөлөл Гадаад харилцааны яаманд тов тодорхой сэдвээр санал солилцлоо. Германчууд түүнчлэн дэд бүтэц, барилгын салбарт хөрөнгө оруулахаа илэрхийлжээ. Харин энэ бямба гаригт “Шинэ төмөр зам” төсөлд хөрөнгө оруулахыг хүсэгчид, бүтээн байгуулалтад оролцох сонирхолтой газруудын төлөөлөл хуран чуулна. Мега төслүүдээс Оюутолгой, Тавантолгойн дараа хөдөлгөөнд орж буй том ажил нь төмөр замын бүтээн байгуулалт юм. Бүр хоёр жилийн өмнөөс ОХУ ба БНСУ-ын консорциумууд энэхүү бүтээн байгуулалтад хөрөнгө ба туршлагаа нийлүүлэн ажиллана хэмээн төлөвлөж Монголын Засгийн газарт саналаа төрөл бүрийн хэлбэрээр, янз бүрийн шугамаар илэрхийлсээр ирсэн. Эдгээр консорциум 1000 км төмөр замыг барих хөрөнгийг өөрсдөө босгоно. Үүний тулд хөрөнгө оруулагчдад зориулан Тавантолгой-Сайншанд-Чойбалсан чиглэлийн замыг рекламдах ажлуудаа эхлэх гэж байна. Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцохыг хүсч буй компаниудын дунд нээлттэй тендер зарлана гэсэн зарыг бол зүгээр ёс төдий зүйл хэмээн ойлгож байна. Энэ тендерт шалгарагч улс төрийн хүрээндээ хэдийнэ тодорсон.

 

Төмөр замын төсөл бэлэн болсны дараа Сайншандын цогцолборт багтах нүсэр том үйлдвэрүүдийн ТЭЗҮ хийгдэж эхэлнэ. Кокс химийн, Хар металлургийн, Нүүрс химийн гэхчлэн хоорондоо нягт уялдаатай ажиллах үйлдвэрлэлийн кластер бүтцийн ТЭЗҮ хийгдэх учиртай. Энэ бүхнийг монголчууд, тэр дундаа Засгийн газар дангаараа хийж дийлэхгүй учраас олон улсын туршлагатай Зөвлөхүүдийг ажиллуулах шийд гарчээ. Тэдний хөлсөнд зориулан мөн л их хэмжээний мөнгө төлөвлөж байна. Германы буцалтгүй тусламжийн гурван сая еврогийн дийлэнх хэсгийг, мөн Дэлхийн банкны зээлийн зориулалтыг зөвлөх үйлчилгээнд чиглүүлэн өөрчлөх яриа хэлэлцээр явагдаж байгааг Сангийн сайд С. Баярцогт тэмдэглэжээ.
Санхүүжилт
ТЭЗҮ сайтай төсөлд санхүүжилт найдвартай олдоно. Тэгвэл уул уурхай, аж үйлдвэрлэлийн төслүүд маань санхүүжилтээ ямар зарчмаар босгох вэ гэсэн асуулт гарна. Юуны түрүүнд “Тавантолгой” төслийг төр 100 хувь гартаа авсны хувьд хөдөлгөх хөрөнгөө өөрөө босгоно. Гадаадын томоохон хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулахдаа их хэмжээний урьдчилгаа мөнгө авах угтуулсан нөхцөл тавина гэсэн үг. Одоохондоо монголчууд уул уурхайн бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр гэсэн ойлголтыг л сайн мэдэж байгаа. Тэгвэл Тавантолгой орд дээр оролцооны урьдчилгаа, татварын урьдчилгаа төлбөрийг нэмж хөрөнгө оруулагчаас авах юм. Үүгээрээ “Оюутолгой” төслөөс давуу талтай, урьдчилгааны хэмжээ хамаагүй өндөр.
Засгийн газрын төлөвлөж байгаагаар гурван төрлийн урьдчилгааны дүн нэлээд том гарах нь. Тэрхүү хөрөнгөөр “Шинэ Улаанбаатар” зэрэг асар их санхүүжилт хэрэгтэй ажлуудаа эхлүүлэх ажээ. Түүнчлэн, Монгол улсын Хөгжлийн банкны дүрмийн санд Засаг өөрийн оролцоогоо энэхүү санхүүжилтийн нэг хэсгээс татаж хийнэ. Цаашдаа хамаг мөнгөө энэхүү Хөгжлийн банкаар дамжуулах төлөвлөгөөтэй байгаа. Хөгжлийн банкны менежментийг япончууд хийх магадлалтай ба тэд ч бас банкны дүрмийн санд хувь оролцоогоо хийх гэнэ. Дэлхийн банк мөн Хөгжлийн банкны дүрмийн санд оролцох сонирхолтой байна. Энэ мэтээр Хөгжлийн банк дахь Монголын оролцоог Тавантолгой ордын урьдчилгаа мөнгөнөөс татаж авах нь ээ. “Тавантолгой” төслийн урьдчилгаанаас та бидний халаасанд явдаг нөгөө нимгэн дэвтэрт бас мөнгө хийх гэнэ. Өөрөөр хэлбэл, Хүний хөгжил санд урьдчилгааны тодорхой хэсэг яваад орчихно. Оюутнуудын сургалтын төлбөрийг хавтгайруулан олгох ажлыг ч бас завсар зуур нь хавчуулахаар төлөвлөжээ. Оюутнууд аа, Тавантолгой мандтугай! Сонгууль бүр дөхөөд ирэх үест бол орон сууцны зээл, эрүүл мэндийн даатгал зэрэг шинэ шинэ халамжийн хэлбэрээр нимгэн дэвтрүүд маань зузаарах шинжтэй. 2012 оны сонгуулийн марафонд ийнхүү Тавантолгой татагдан орлоо.
Засгийн газраас эхний ээлжинд хэрэгжүүлэхээр заасан 26 мега төслийн хамгийн ууган нь болох Оюутолгойгоос бид урьдчилгаагаа хэдийнэ аваад идчихсэн билээ. Хаялга харамч энэхүү төслийн 34 хувийг зээлээр эзэмшиж байгаагийнхаа төлбөрийг харин Засгийн газар эргүүлээд мөдхөн хөрөнгө оруулагчид өгнө. Удаах нь болох Тавантолгойгоо хэрхэн хувааж идэх зарцуулалтын эхний хувилбарыг дээр өгүүллээ. Тэгвэл үлдсэн том төслүүдийг санхүүжүүлэх гарцыг Засгийн газар санхүүгийн шинэ арга хэлбэрээр гаргаж ирнэ. Энэ оны сүүлээр Монгол улсын Засгийн газар олон улсын зах зээлд бонд гарган худалдахаар төлөвлөжээ. Монголын Засгийн газрын бонд эрэлттэй байх болно гэсэн илэрхий бардам хүлээлтийг Сангийн яам илэрхийлж байна. Түүнчлэн, дэд бүтцийн том төслүүддээ Засгийн газар баталгаа гаргаж өгөх санхүүгийн шинэ механизмыг бий болгох гэнэ.

 

Санхүүжилтийн бас нэг хувилбар буюу төрийн өмчийн компаниудын үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах дээр гаргах ажил мөн л хэсэг хугацааны дараа хийгдэнэ. Энэ талаар одоогоор ам ярианаас хэтрээгүй. Нэг үгээр, Монгол орон руу хөрөнгө оруулалтын урсгал эхлэхийн өмнөх бэлтгэлийг Засгийн газар базааж байна. Ийм утгаараа Танхимын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд, тодорхой чиглэлээр хийж буй хөрөнгө оруулагчдын уулзалтын үр дүн өдгөө нэн сонирхолтой байна. Түүнчлэн, ар араасаа цувран Монголд айлчлах болсон өндөр дээд хэмжээний эрхмүүдийн хэлж ярьж буй саналууд ч анхаарал татсаар байна. Үүний зэрэгцээ, хэвлэлүүдээр олонтаа үзэгдэх болсон Зөвлөх үйлчилгээний олон улсын туршлагатай компани үүдээ нээсэн тухай шинэ мэдээллүүд өөрийн эрхгүй сонирхол татна. Тэдний дунд дэлхийд нэр хүндтэй нэгэн ч бий, Монголд бизнесийн сул орон зай олж харсан жюниорууд ч байгаа. Эх орны намар халуухан байна. Энэ бүхний дунд, монголчуудад маань дэлхийн хэмжээнд ажиллах туршлага, мэдлэг, хүн хүчний бололцоо дутагдсаар байгаа нь хамгийн тод мэдрэгдэх юм.