977

2010 оны 10 сарын 13

 

977 хэмээх арилжааны дугаартай танилц. Энэ бол Монголын үндэсний компани дэлхийн хөрөнгийн зах зээлд тоглогч болон гарч ирснийг зарласан код юм. Өнөөдөр Хонгконгийн бирж дээр Монголын хөрөнгө оруулагчид гарч ирэв. Энэхүү үйл явдлыг дэлхийн санхүүгийн зах зээлд “PIONEER” хэмээн нэрлэж буй бөгөөд Bloomberg болон ‘’Financial times’’ аравдугаар сарын 13-ны өглөөний шуурхай мэдээллүүддээ Монголын хөрөнгө оруулагчдын анхны бие даасан алхам гэж уг арилжааны ач холбогдлыг тодотгожээ. Хонгконгийн биржийн арилжааны танхим тэг дугуй хэлбэртэй агаад тод улаан өнгийн хантаазтай дилерүүд том гэгч дугаараараа өөр зуураа ялгардаг. Танхимын төв хэсэгт аажим эргэх арилжааны цахим самбарт тус биржид бүртгэлтэй компаниудын дугаар ба нэрс тасралтгүй урсана. Тухайн үнэт цаасны индексийн өсөлт, бууралт зай завсаргүй өөрчлөгдөх ба тэрхүү хөдөлгөөн бүрээс санхүүгийн нүсэр зах зээлийн ашиг орлого, алдагдал уналтын хэмжээ далайц харагддаг. Одоо энэ эмзэг мэдрэмтгий зах зээл дээр монголын компани гарч ирлээ. Аравдугаар сарын 13-ны өглөөний арилжаа эхэлмэгц Хонгконгийн биржид шинээр гурван компани IРО хийснийг зарлав. Үндэсний компанийхаа үнэт цаасны эхний өдрийн арилжаанд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож байна. Дэлхийн долоо дахь том бирж хэмээн албан ёсны статистикт Хонгконгийн биржийг эрэмбэлдэг. Харин энэ эрэмбэ сүүлийн жилүүдэд мөн чанараа шинэчлэн, Хонгконгийн бирж дээр хийгдэж буй арилжааны дүн 20 триллион ам. доллараар хэмжигдэх болжээ. Дэлхийн хөрөнгө оруулалтын том банк, сангууд тус биржид IРО хийж буй компаниудийг сонгон, санхүүжилт хийдэг нэг ёсны өрсөлдөөнд орсон байна. Зөвхөн уул уурхай, эрчим хүчний чиглэлийн компаниудын үнэлгээ эдүгээ 390 тэрбум ам. доллар болов. Mongolian mining corporation буюу Еnergy resource компанийн үнэт цаасыг хөрөнгө оруулалтын банк, сангууд ихээхэн сонирхсон бөгөөд тэдгээрийн дундаас JP Morgan, Citigroup Inc арилжааг нь удирдан явуулж байна. ММС-ийн хувьцаа “энэ хорвоод мэндэлсэн өдрөөсөө” эхлэн ширүүн өрсөлдөөн дунд орсон юм. Энэ долоо хоногийн даваа гаригт Хятадын Winsway coking coal холдинг тус биржид IРО хийснээ зарласан билээ. Монголын нүүрсийг түүхийгээр нь худалдан авдаг Winsway одоо гол өрсөлдөгчөө Mongolian mining corporation хэмээн үзэж байна. Монголчууд нүүрсээ Ухаа Худаг дахь Баяжуулах үйлдвэртээ угаагаад экспортолдог болох юм. Баяжуулах үйлдвэр ирэх жилийн гуравдугаар сард бүрэн ашиглалтад орно. Тэгэхээр түүхий нүүрс хямд худалдан авч, угаагаад Хятадын хойд нутаг дахь гангийн үйлдвэрүүдэд зардаг Winsway компани Монголын өрсөлдөгчдөө дуртай байхын аргагүй. Энэ бүхний хажуугаар хоёр компани Хонгконгд үнэт цаасаа зэрэг гаргалаа. Харин дэлхийн хөрөнгө оруулалтын банкууд Mongolian mining corporation-ий хувьцаанд илүү өндөр үнэ хэлснийг уншигч та өнөөдрийн биржийн арилжааны мэдээнээс харж болно. 977 дугаартай тэрхүү шинэ залуу тоглогч бол үндэсний менежменттэй, Монголдоо боловсруулах үйлдвэр байгуулж буй эх орны компаниуд. 977 үнэт цаасыг дунджаар 7.02 хонгконг доллараар хөрөнгө оруулагчид үнэлсэн бол Winsway компанийн нэгж хувьцаанд 3.25-4.50 хонгконг долларын санал өгчээ. Лхагва гаригийн өглөө Хонгконгийн биржид морин хуурын чавхдасын танил аялгуу түглээ. Одоо эдний нэгдүгээр давхрын том танхимд орон орны бэлгэдэл-дурсгалын эд зүйлсийн хамт монгол морин хуур шилэн хоргонд заларна. Хэн хэзээ “ирснийг” зарлах лугаа энэ дэлхийн элдэв соёл нэгэн дор цуглажээ. Хөнгөн цагаанаар урласан Матрёшкаг та төсөөлж байна уу. Оросууд энд хэдийнэ хөл тавьсныг нотлох ганган Матрёшка. Оросын “Русал” Хонгконгд IРО хийгээд удаагүй байна. Нийт 2.2 тэрбум ам. долларыг тэд эндээс босгож чадсан гэнэ. Хөнгөн цагааны магнат О. Дерипаска санхүүгийн хямралаасаа энд л амь гарч чадсан гэдэг. Дэлхийн мөнгөн хуримтлал Азид, тэр дундаа Хонгконгд улам бүр төвлөрсөөр байна. Дерипаскагийн араас “Лукойл” компани яваад үзэхээр шийдсэн юм байна. Энэ бирж хөрөнгө оруулагчдыг юугаараа тэгтлээ татаад байна вэ? “Маш энгийн дүрэм журмаараа” хэмээн Хонгконгийн биржийн Маркетингийн захирал Лоренц Фок хэлж байна. Тэрбээр Хонгконгийн тааламжтай талуудыг тоочихдоо “Энэ бол бизнес хийхэд хамгийн тааламжтай орчин, хөрөнгө оруулагчид бидэнд итгэдэг, хамгийн бага бөгөөд хялбар ойлгомжтой татварын систем энд үйлчилдэг” гэхчлэн ярилаа. Фрэйзерийн хүрээлэнгээс гаргадаг бизнесийн орчны индексээр Хонгконг энэ дэлхийн хамгийн таатай бизнесийн нөхцөлтэй газраар шалгарчээ. “Нэг улс, хоёр системийн давуу талыг” магтаад авахаа мартсангүй. Зах зээлийн нээлттэй орчин ба хууль дүрмээ дээдэлдэг улс орны удирдлага нийлээд хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж чаддаг гэхчлэн тэрбээр үргэлжлүүлэв. Монголын компанийн үнэт цаасны арилжаа эхлэхээс өмнөхөн ноён Лоренцтэй уулзсан билээ. ММС Хонгконгд IРО хийж байгаа үйл явдал юугаараа чухал ач холбогдолтой байж болох вэ гэсэн асуултад тэрбээр”Энэ бол Монголын компаниуд ил тод сайн засаглалтай болохын эхлэл. Компанийн үр дүнтэй шударга үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй болсноор Монгол орны ирээдүй илүү гэгээтэй байх болно” гэсэн юм. Арлын багахан улсад улирлын таатай үе эхэлжээ. Нарны илч налгар, борооны улирал бас ч гэж болоогүй. Цэнхэр тэнгисийг бужигнуулан байж хуучин, шинэ Хонгконгийн дундуур усан онгоцоор довтолгов. Санхүүгийн төв тийш цаг товчлон яарахдаа тахиралдсан гудамжаар суналзах таксийг сонгосонгүй, хонх хангинуулсан усан онгоцонд дайвалзаж явах нь дээр ээ. “Энд бүх хүн телевизийн дэлгэц харж байгаа биз дээ” хэмээн Лоренц Фок асуух, батлахын хооронд хэлсэн юм. Азийн төдийгүй дэлхийн санхүүгийн шинэ залуу төв нь Хонгконг болсныг нотлох зүйл олон. 2006 оны зургадугаар сарын 27-ны өдрийн арилжааг санхүүгийн ертөнц түүхэндээ тэмдэглэн үлдээжээ. Тэр өдөр Хонконгийн бирж дээр Хятадын үйлдвэр, худалдааны банкны хувьцааг арилжсан ба гүйлгээний нийт дүн 200 тэрбум хонгконг доллар буюу 28 тэрбум орчим ам. долларт хүрсэн гэдэг. Энэ нь биржийн түүхэн дэх хамгийн том мөнгөн дүнтэй арилжаа гэсэн үг. Өсөн тэлсээр байгаа Хятадын зах зээлийн нөлөөгөөр Азийн биржүүдэд “шувуу бүхэн цугларч”, дэлхийн санхүүгийн урсгал чиглэлээ энэ зүгт залуурджээ. 976 гарцаар монголчууд гадаад ертөнцтэй холбогддог. Эдүгээ 977 дугаартай үнэт цаас Монголын чансаа болон бие даан гарч ирлээ. Цогтцэций сумын урдхан багахан өндөрлөг бий. Говь нутгийнхан түүнээ уул хэмээн ярьдаг. Өндөрлөгөөс Тавантолгой бүхэлдээ харагддаг. Сонин нь, мөнөөх уулын энгэрт ‘Пионер’ хэмээн бүр социализмын үед бичиж үлдээсэн байх аж. Хуучин цагийн тэрхүү бичээс өнөөдөр Bloombergiin цацаж буй мэдээнд үл хуучрах агуулгаараа дахин тэмдэглэгдсэн байна.