МОСКВАГИЙН STARBUCKS

2010 оны 11 сарын 25

 

Хуучин Арбат малгайлан унах цасанд дарагджээ. Пушкиний хүрэл хөшөө норчихсон, эргэн тойронд нь бүүдийх эртний гэрлэн дэнлүүд өвлийн үдшийг өнө эртэд өртөөлөх аж. Амгалан Арбатын гудамжинд Starbucks цөөнгүй нээгдсэн юмсанж. Шинэ, хуучин ийн сүлэлджээ. “Ээж тайван суугаад кофегоо уучих” гээд Алигэрмаа охин маань бор өнгөтэй зөөлөн буйданд өөрөө шигдлээ. Бага охин Алисиа маань номонд дуртай. Starbucks-ийн тавиурт байсан хэдэн номыг шуухитнан эргүүлж эхлэв. Москва шинэ жилийн гоёлоо зэхсэн байна. Хуучин Арбатын чулуун гудамжаар дэгжин москвачууд хөлхөлдөнө. Шүхэр дэлгэсэн нь цөөнгүй. Гудамжны эсрэг талын “Сказка” дэлгүүрийн цонх, шилэн хорго сэлтийг алтан саатай бөмбөлгөөр чимжээ. “Му Му” рестораны хаалгаар Москвагийн гангацуул, их хотын зочид орж гарна.
Их хот шинэчлэлийн өмнөх нам гүмд автсаныг энд ирсэн өдрөөсөө л анзаарав. Дэлхийн үйлчилгээний аварга сүлжээнүүд Москва, Оросын уудам зах зээлд дуртайяа нэвтэрсэн байх атал уугуул газрынх нь алхам тутамд хоцрогдол илт анзаарагдана. Францын супермаркетийн аварга сүлжээ Auchan Москва болон нийслэл орчмын хотуудыг нэлэнхүйд нь хэрсэн байна. Оросууд ордог ганц том супермаркеттай болсон гэхэд хилсдэхгүй агаад өөр зуураа “Ашан” хэмээн түүнийг нэрлэдэг. Ikea, Auchan болон элдэв Mall-ууд нэгдээд 200 орчим дэлгүүрийн цогцолбор, 30 орчим ресторан, хүүхдийн амралт тоглоомын өрөө бүхий аварга худалдааны үйлчилгээний төв Москвагийн хаа сайгүй бий. Гагцхүү шинэ амьдралын хэмнэлтэйгээ огт хөл нийлүүлэлгүй хоцрогдсон хотын замын түгжрэл Москваг дэлхийн санхүүгийн том төв болгох гэсэн Путиний мөрөөдлийг үлгэр болгосоор байна. ОХУ-ын нийслэл дэх хуучин, шинийн энэхүү хэт ялгарал бол үндсэндээ уудам Орос орны бодит дүр төрх юм.

 

Орос орон улс төр ба эдийн засгийн хос шинэчлэлийн зааг дээр иржээ. Нэн даруй шинэтгэл хийх шаардлагатай болсныг оросууд дэлхийн эдийн засгийн хямралын үеэр ойлгосон билээ. Нефть бүтээгдэхүүний үнийн уналт ба эдийн засгийн хямралын сургамж Оросыг өөрөөр удирдах учиртайг ард түмэнд нь ойлгуулаад байна. В. Путиний тогтворжуулалтын арван жил өндөрлөжээ. Одоо Орос хөдөлгөөнд ороход бэлтгэгдсээр байгааг төвөггүй мэдэрч болно. Москва хотын шинэ Мэр телевизийн суваг бүрт ярилцлага өгч, тэр тоолондоо нийслэлийн дэд бүтцийн асуудлыг яаралтай шийдэх төлөвлөгөөгөө цухалзуулсаар байна. Энэ бол зүгээр нэг Москвагийн замыг засах төдий аж ахуйн асуудал бус, ерөөс Орос орны социалист аж ахуйн зохион байгуулалтыг эвдэхээс өөр аргагүй цаг үе ирснийг давтаад байгаа дохио юм.

 

Бид гурав хотын төвөөс охиныхоо оюутны байр хүртэл сажилж эхэллээ. Арваннэгдүгээр сарын нойтон цас замын хөдөлгөөнийг улам түгжиж, такси дотор “Авторадио”-гийн хөтлөгчийг сонсохоос өөр ажил үлдсэнгүй. Олимпийский цэнгэлдэхэд анх удаа 3D дэлгэц байрлуулсан шоу болох гэж буй аж… У природы нет плохой погоды, Надо благодарно принимать…хэмээх танил аялгуу FM-ээр дараа нь эгшиглэв. Тийм дээ, буурал Москва нойтон цасанд дарагдахдаа үлгэрийн өнгө төрхөө улам илчлэх юм, уучлахаас өөр аргагүй дэндүү эртний танил дотно Москвагийн гудамжаар явж байлаа…

 

Юрий Лужковыг хотын Мэрийн суудлаас буулгасныг олонх москвачууд дэмжсэн. Энэ бол нэг даргын сандал суудлын өөрчлөлт байгаагүй. Орос оронд бэхэжсэн губернаторуудын феодалын дэглэмийг халах ажлын үргэлжлэл юм. Лужковоос өмнөхөн, энэ оны гуравдугаар сард Татарстаны феодал Минтимер Шаймиевийг Ерөнхийлөгч Медведев суудлаас нь булгасан. 73 настай Шаймиевын дараа ийнхүү 74 нас сүүдэр зооглосон Лужков огцорч байна. Иосиф Кобзоныг эс тооцвол өөр хэн ч түүнийг өмөөрөөгүй бөгөөд Орос орон шинэ сэргэг салхийг асар хүсэмжилж байна. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард Орлов мужийн Амбан захирагч Егор Строевийг албан тушаалаас нь мөн огцруулсан юм. 20 жил мужийг тэргүүлсэн баяныг Медведев тийнхүү зайлуулсан билээ. Бүс нутгийн Амбан захирагч нарыг шинэчлэх кампанит ажил нь өөрөө Орос орны өнцөг булан бүрт улс төрийн шинэтгэл хийх гэсэн зорилго агуулжээ. Энэ ажлыг төгс гүйцэтгэхийн тулд мэдээж Москвагийн Мэрийг солих шаардлага Медведевт тулгарсан юм. “Ю. Лужковын удирдлагын арга барил” хэмээх ойлголт, хэлц үг Оросын улс төрд байдаг. Тэр нь Амбан захирагч нарын дагаж дуурайдаг менежментийн шаблон болтлоо ужгирсан байх аж. Ингээд “хар кепка” халаагаа өгсөнд шинэчлэлийн талынхан баяртай явна. Медведев Лужковыг буулгасан явдал нь цагтаа Путин Ходорковскийн бизнесийн сүлжээг гартаа авсантай улс төрийн агуулгын хувьд дүйцнэ хэмээн Оросын тоймчид бичиж байна.

 

Орос орныг юу хүлээж байна вэ? 2012 оны сонгуулийн бэлтгэлдээ Медведев мэдээж орсон. Гэхдээ түүний нэг шазруун шинж чанарыг одоо нэгтгэн харахыг хүсье. Алаг нүдтэй, зөөлөн инээмсэглэх энэ эрхэм дотоод төдийгүй гадаад улс төрийн амьдралд хурц шийдмэг алхмууд цөөнгүй хийх болж. Хамгийн сүүлийн жишээ нь АПЕК-ийн уулзалтын өмнөхөн Курилийн арлуудад очиж амрахдаа Японтой харилцаагаа эрс хурцатгах галаар наадаж буйгаа тэрбээр мэдэж л байсан. Түрүүнд нь Өмнөд Осет ба Абхазын тусгаар тогтнолыг зарлаж, Гүржтэй дайтсан зэрэг нь Д. Медведевийн хатуу байр суурийг нотолсон юм. Тэрбээр шинэтгэл хийхийг шаргуу эрмэлзэх тусмаа В.Путинтэй үл ойлголцох вий гэсэн болгоомжлол байдаг. Өөрөөр хэлбэл, Оросын Ерөнхийлөгчийн улс төрийн шинэтгэлийн төлөвлөгөө Засгийн газрын тэргүүн В. Путиний эдийн засгийн шинэчлэлтэй уялдаж, бие биенээ дэмжиж чадах эсэхээс өөрчлөлтийн үр дүн харагдах юм.

 

Ийм Орос оронд манай Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар ойрмогхон цуврал айлчлал хийх гэж байна. Удахгүй эхлэх Ерөнхий сайд С. Батболдын айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд ОХУ-ын Зам, тээврийн сайд болон Оросын төмөр замын дарга нар Улаанбаатарт бууж мордсоор байгаа юм. Оростой хамтарсан төмөр замын “Дэд бүтцийн хөгжил” ба ураны “Дорнод Уран” компаниудыг байгуулах явцыг Оросын талаас шавдуулсан ажлын айлчлалууд яам, агентлагийн түвшинд хэдэнтээ болсон билээ. Улмаар Дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээрийг Монголын талтай хоёр этгээдийн түвшинд, Хятадын оролцоогүйгээр даруйхан хийчихье гэсэн шавдуу шаардлагууд ч Оросын талаас ирсээр байна. Тавантолгойн тендерийн өмнөхөн Дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр зайлшгүй хийх шаардлагатай учраас Ерөнхий сайд С. Батболдын энэ удаагийн айлчлал ихээхэн асуудлыг шийдэх түвшинд болно. В. Путин Ерөнхийлөгч байх үеэсээ, дараа нь Ерөнхий сайдын зиндаанд эхлүүлсэн олон ажлаа өдгөө үр дүнд хүргэхийг чармайх нь мэдээж. Монголын ашигт малтмалын орд газруудын ашиглалтаас ОХУ-ын компаниудад аль болох их өгөөж хүртээх гэсэн В. Путиний эрмэлзэл барианы цэгтээ тун дөхөж ирээд байна. Нөгөө талаас, Тавантолгойн тендерт зөвхөн Оросынх, Хятадынх бус, харин цөөнгүй орны том компаниуд оролцсон олон улсын нэгдсэн Консорциум шалгаруулахыг Монголын тал эрмэлзэж байгаа. Энэ хоёр ашиг сонирхол нэг л эвлэж өгөхгүй байгаа бөгөөд оросууд ямар ч тохиолдолд “Дэд бүтцийн хөгжил” компаниараа дамжуулан Монголын нүүрсний тээвэрлэлтэд давуу эрхтэй оролцохыг эрмэлзсээр байх болно. Дорнодын сав газар дахь ураны ордод Оросын тал мөн л давуу эрх буюу 51 хувь эзэмшихийг хэсэг хугацаанд тулгасан ба манай улсын Цөмийн энергийн тухай хуулийн дагуу хяналтын хувь монголчуудад үлдэх ёстойг ямар ч гэсэн хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болсон юм. Оросууд улс төр, эдийн засгийн салбарт хатуу байр суурьтай яриа хэлэлцээр өрнүүлж эхэлснийг бид харж байна. Ийм нөхцөлд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал эхэлнэ.

 

Буцах замдаа гарлаа. Нөгөө алдартай Химкинскийн ой харагдаж байна. Химкинский дүүргийн шинэчлэлийн хүрээнд, Москва ба Санкт Петербургийг холбосон зам тавих төслийн дагуу эндхийн ойг сүйтгэх төлөвлөгөө гарчээ. Эсэргүүцэгчид ч олон. Яг биднийг буцах үеэр Химкинский орчимд эсэргүүцлийн цуглаан болж байлаа. Шүүмжлэлтэй материал нийтлүүлсэн сэтгүүлчийг зодож, амь насанд нь халдахыг оролдсон билээ. Тиймээс уг цуглаанд сэтгүүлчид оролцон үг хэлэв. Эргээд л энэ сэдэв Москвагийн үр ашиггүй төлөвлөлт, нийслэл дэх барилгын ажлууд хуучин Мэрийн бизнес болсон тухай шүүмжлэлтэй холбогддог. Огцрохоосоо өмнөхөн Ю. Лужков Оросын эрх баригчдад хандан, Москвагийн замыг цогцоор нь шинэчлэхийн тулд 4 тэрбум рубль гаргаж өгөөч хэмээн хүссэн юм. Ийм хэмжээний мөнгө байх юм бол 15 жилийн хугацаанд үе шаттайгаар замын шинэчлэл хийнэ гэжээ. Хариуд нь хэвлэлийнхэн 4 тэрбум рублийн төслийг задалж шүүгээд, ганц километр замыг 700 сая ам. доллараар тавих төсөл хэмээн шуугицгаасан…Оросын амьдрал ороо бусгаа байна. Гэхдээ шинэчлэл хийх хэрэгтэй гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч эхэлсэн нь дэвшил мөн. Путиний тогтворжилтийн жилүүд гэх үгс моодноос гарч, тэрбээр үе үе шүүмжлэлд өртдөг болжээ.

 

Шереметьево буудалд бяцхан Алисиа бид хоёрыг ээлжит адал явдал хүлээж байгаа гэдгийг гадарлана аа. Ачаагаа өгч, паспортын хяналт өнгөртлөө хоёулаа гурван цаг орчим дугаарлав. Арбатаар зугаалж явахдаа Алисиа хэдэн хөшөөний нэр цээжилжээ. Эгч нь хэлж өгсөн байх. Пушкин, Гоголь… гэнэ. Москвагаас эрхэмсэг үгс цээжлээд буцжээ. Гурвалсан морьд нь эрчилсэн уудам Орос орон бахархах зүйл олонтой, шийдэх асуудал ч ихтэй. Бид хоёрыг Шереметьевод дугаарлаж зогсох үед эгч нь РУДН-ийн концертийн танхимд монгол аялгуу тоглож байлаа. Улс тунхагласны ойн баярыг Москвагийн монголчууд өргөн тэмдэглэдэг уламжлалтай ба оросууд ч тэрхүү хүндэтгэлийн арга хэмжээнд дуртай оролцдог. Цасан гоёлтой Москвагийн төвд цав цагаан даашинзтай охин маань “Сэтгэлд шингэсэн говь”-ийг эгшиглүүлсээр үлдэв.