ЗАДГАЙ МӨНГӨНИЙ ЧИМЭЭ

2009.03.01

Төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлжээ. Улсын төсөвт 300 сая орчим ам. доллар нэн яаралтай хэрэгцээтэй байна. Хүмүүсийн ярьдгаар, бэлнээр. Энэ мөнгийг олж чадахгүй бол гуравдугаар сард цалин, тэтгэвэр олгож чадахгүй. ОХУ-аас 300 сая ам. долларын зээл авч, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбартаа зориулахаар Засгийн газар төлөвлөж байсан билээ. Хямралын үед хүн амын хүнсний хэрэгцээг хангах нь амин чухал асуудал болохын учир зээлийн зориулалтыг ийнхүү хөдөө аж ахуйд хэмээн тодотгосон байх юм. Харин Төрийн сан төсөөлж байгаагүй хурдан хоосорч буйг харвал дээрх зээлийг аль нэг салбар гэлтгүйгээр гуравдугаар сарын хэрэгцээндээ зарцуулахаас аргагүй болж байна.

Битүүний өдөр хуралдсан Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар ОХУ-аас авах 300 сая ам. долларын зээлийг дэмжсэнгүй. Ардчилсан намын гишүүд, Ногоон намын гишүүн, бие даагч нарын төлөөлөл уг хуралдаан дээр олонх болж байсан билээ. Гишүүдийн дийлэнх нь аль нэг улсаас хоёр талын зээл авахаас болгоомжилж байлаа. Тэрний оронд Олон улсын валютын сангаас авах боломжтой 120 сая ам. долларын зээлийн хэмжээг хоёр, гурав дахин өсгөсөн байдлаар ярилцаад үзэх нь зөв гэсэн байр суурьтай байсан юм. Олон улсын санхүүгийн байгууллагын зээл нь хоёр талын зээлийг бодвол хөнгөлөлттэй нөхцөлтэй, үндэсний аюулгүй байдалд хожмын хор холбогдол багатай гэж УИХ-ын гишүүд үзлээ. Гэвч Монгол улсын эдийн засагт 300 сая ам. доллар ойрын үед гал унтраах зардал төдий болж хувираад байна. Эдийн засагт илүү их санхүүжилт хэрэгтэй. Их мөнгийг Хятад улс хөнгөлөлттэй нөхцөлөөр өгье гээд байна гэнэ. Оросууд 300 сая ам. доллар авбал ав гээд байна…

“Дөрөвдүгээр сар гэхэд зээлийн түрүүч орж ирэх нэн хэрэгцээтэй” байгаа тухай Монголбанкны Ерөнхийлөгч Ээлжит бус чуулган дээр мэдэгдэж байлаа. Орж ирэх ам. долларын зээлийн дийлэнх хэсгийг Төв банкинд хуваарилна. Тэр өдрөөс эхлэн Монголын Төв банк мөнгөний бодлогын тухай ярих сөгөөтэй болох билээ. Өнөөдөртөө Монголбанк улс оронд зайлшгүй хэрэгцээтэй хүнс, эм, шатахууны импортын төлбөр хийх долларыг хямгадан, нөөцөөсөө бага багаар гаргаж байна. Зүгээр л авдраа манасан эмээтэй адилхан ажилтай болжээ.

Оросоос авах 300 сая ам. долларын зээлийн тохиролцоог нэгдүгээр сард Эрхүү мужид Ерөнхий сайд ажлын айлчлал хийхдээ эцэслэн шийдсэн юм. Нэгдүгээр сарын 22-23-ны тэр өдрүүдийг уншигч мартаагүй бол Монголд их том хурал болж, хямралыг хэрхэн давах тухай эдийн засагчид, бизнесийнхэн, улстөрчид ярилцаж байсан билээ. Төрийн ордонд болж асан тэр хурал дээр Ерөнхий сайд үзэгдээгүй ба Эрхүү мужийг зорьсон түүний томилолт асар ач холбогдолтойн учир тэрбээр хямралын талаар эрдэмтдийн “олон юм” ярихыг үл тоон хилийн дээс алхаад оджээ. Төсвийн данс улайж буй үед нэн яаралтай мөнгө олох шаардлага гарчээ гэсэн үг. Бас тэрхүү мөнгөн зээлний нөгөө талд Тавантолгойн орд газрын олон улсын тендерт “Оросын төмөр зам” хувьцаат компани оролцох мандатаа авахыг яарч байсан юм. Эрхүүгийн айлчлал нь зээл болоод Тавантолгойн нэг өрсөлдөгчийн асуудлыг ийн давхар хөнджээ.

“Оросын төмөр зам” хувьцаат компани нь өдгөө “Улаанбаатар төмөр зам” хувьцаат нийгэмлэгийн Оросын талын 50 хувийн албан ёсны эзэмшигч болохоо нотлох баримт бичиг, техникийн ажлуудаа цэгцэлж дуусаад байна. Одоо тендерт оролцох баг бие халаалтдаа гарах цаг иржээ. Оросын талаас “Оросын төмөр зам”-аар ахлуулсан, дээр нь өөр гурван тэрбумтны нэр хавчуулагдсан хүчирхэг баг Тавантолгойн тендерт орох юм. Тэрбумтан О. Дерипаска, В. Вексельберг, А.Мордашов нарын гурвал цухалдуу хурдаар довтолгон айсуй. Монголд том бизнес эхлүүлэх гэнэ. Хурдан галт тэрэгний жолооны ард В. Якунин ахай сууж буй.

Тавантолгойн нүүрсний ордын ашиглалтын ажлыг төмөр замгүйгээр яахин төсөөлөх билээ. Харин төмөр замыг Якунингүйгээр хэрхэн ойлгох вэ. Яг ийм шалтгааны улмаас “Оросын төмөр зам” хувьцаат нийгэмлэг нь Монголын талтай хамтран төмөр замын шинэ байгууллага бий болгох, тэр бүтцээрээ дамжуулан Тавантолгойн ордын тодорхой хэсгийг эзэмших эрх авах хувилбартай юм. Монголын баялаг ордуудын хувь зохиол эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэхэн өдрүүдэд яаруу шамдуухан шийдэгдэх болсны учир ийм.

Хямралыг Тавантолгойн ирээдүйтэй холбон харах бас нэг шалтгаан нь Оросын тэрбумтнууд өдгөө том нэрнээс цаашгүй хүмүүс болж байна.

О.Дерипаскагийн хөрөнгө хямралын улмаас 28 тэрбум ам. доллараар багассан аж. Орд газрын тендерт ороод байхаар бэл бэнчин муутай болж буй Оросын тэрбумтнуудын гол найдвар нь өнөөдөр В. Якунины төмөр зам ба В. Путины улс төрийн дэмжлэг. ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар тэрбумтнуудаа дэмжихээ албан ёсоор зарлаад байна. Монголын Тавантолгойн орд газрын тендерт Оросын бизнесмэнүүдийг зүтгүүлэх улс төрийн хүчирхэг дэмжлэгийг Путин амлажээ. Нотолгоо нь 300 сая ам. долларын зээл. Энэ мөнгө Монголын эдийн засагт өнөө маргаашгүй нэн хэрэгцээтэй байгаа билээ.

Улсын төсөв онцгой бэрхшээлтэй ийм үед гадаадаас зээл, санхүүжилт авах төрөл бүрийн гарц хайн манай улстөрчид, Засгийн газрын гишүүд идэвхтэй ажиллажээ. Бүр арванхоёрдугаар сарын дундуур Хятадын Засгийн газраас зээл авах ажлыг хөөцөлдөж эхэлсэн юм. Хятадууд тодорхой тоо амлаагүй боловч мөнгө өгнө, өгнө хэмээж. Өөрөөр хэлбэл, Монгол улс дэлхийн эдийн засгийн хямралын давлагаан дор их хөршүүдээсээ эрсдэлтэй зээл сураглаад байна.Тэд мөнгө өгч таарна. Геополитикийн ашиг сонирхлоо тэд мөнгөн дүнгээр хэмжихгүй.

“Бидэнд хэрэгтэй байгаа мөнгө манай хөршүүдийн хувьд халаасны задгай мөнгөтэй адил юм” хэмээн Ерөнхий сайд С. Баяр Ээлжит бус чуулган дээр хэлжээ. Тэгвэл задгай мөнгөний үнэ цэнээр үндэсний ашиг сонирхол арилжигдах вий гэсэн болгоомжлол бий. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ийм сэдвээр хэчнээн хуралдаад ч өнөөдөр хоосорч улайж байгаа төрийн санг хамгаалах аргагүй болоод байна.

Яг ийм хүнд нөхцөлд Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн хэлэлцээг дуусгалаа. Д. Зоригт тэргүүтэй Ажлын хэсэг амжилттай ажилласныг тэмдэглэе. Монголын багт өмнөх туршлага байгаагүй. Ажлын хэсгийн ард шинжээчдийн хүчирхэг баг туслалцаа үзүүлээгүй. Ажлын хэсэгт зориулсан төсөв мөнгө гэж үгүй. Нэг үгээр тэд хүнд нөхцөлд ажилласан юм. Д. Зоригт сайдад том тактик л байсан. Тэр нь “өндрөөс буух” тактик. Монголын талын саналуудыг “ханасан” хувилбараар нь хөрөнгө оруулагчтай хэлэлцэх амбийц ихтэй төлөвлөгөөтэйгээр Ажлын хэсэг хэлэлцээрт орсон билээ. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 11-нд Монголын талын Ажлын хэсэг байгуулагдаж, хөрөнгө оруулагчидтай эхний бие халаалтын уулзалтуудаа хийж байхад энэ хэлэлцээр цаашид яаж үргэлжилнэ дээ гэсэн айдас төрж билээ.

Гадуур хямрал болоогүй юм шиг, зэсийн үнэ унаагүй юм шиг манай тал зүтгээд үзсэний хэрэг ч гарчээ. Хэлэлцээр ямар ч байсан өндөрлөв. Одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл үнэлэлт дүгнэлтээ хэлээд, эхлээд танхимын хуралдаанд оруулаад, эцэст нь чуулганаар хэлэлцүүлнэ. Энд тэмдэглэх ёстой зүйл гэвэл хөрөнгө оруулагчдын баг болох “Айвенхоу Майнз Монголиа Инк”, Рио Тинто нь нөхцөл байдалд уян хатан хандсан юм. Өдгөө Рио Тинто өөрөө 40 тэрбум ам. доллар дөхсөн өртэй, санхүүгийн хувьд бэрхшээлтэй байна. Тэрхүү өрийнх нь 19 тэрбумыг Хятадын тал хөнгөлж өглөө. Хятадын төрийн мэдлийн “Чайналко” компани Рио Тинтогийн өрийн тодорхой хэсгийг худалдаж авснаараа Австрали, Чили, АНУ дахь уурхайд нь хувь эзэмшихээр болж байна гэсэн үг. Нөгөө манай сэтгүүлчид, УИХ-ынхны байн байн очиж туршлага судлаад байсан Юта муж дахь Кеннекотын зэсийн уурхайн 25 хувь нь Хятадын мэдэлд очжээ.

Эдийн засгийн хямрал болоод ордуудын хувь заяа ахин дахин ингэж холбогдоод байна. Өнөөдөр хэлэлцээний ширээний ард АММИ ба Рио Тинтогийн хамтарсан баг сууж буй авч Оюутолгой ордод хөрөнгө оруулах санхүүч сүүлийн үгийг хэлэх юм. Уул уурхайн томоохон компаниудын ард хөрөнгө оруулалтын том банкууд эсвэл аль нэг улс орны хэтэвч байдаг. Рио тэргүүлсэн багийнханд санхүүжүүлэгч олдох нь гарцаагүй. Гэхдээ Рио-д Хятад улсын нөлөө ямар богино хугацаанд халдварлаж байгааг харахгүй байхын арга алга.

Өнгөрсөн жилийн сар шинийн өмнөхөн “Чайналко” компанийн тэргүүн захирал Сияо Яцин “Рио Тинто” компанийн хувьцааны 12 хувийг худалдан авснаа баяр ёслолын байдалтай зарлаж билээ. Өнөө жил мөнөөх л ноён Яцин Рио-гийн өрнөөс төлөлцөж байна. 19 тэрбум ам. долларыг нь шүү. Ёстой л манай Ерөнхий сайдын хэлдгээр “халаасны задгай мөнгөө” тоолох аятай богино хугацаанд яасан том санаануудаа хэрэгжүүлж байна вэ.

Өнөөдөр Монгол улсын Засгийн газар Оюутолгойн орд газарт Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээр амжилттай болсныг сурталчлах ухуулгын ажлуудыг зохион байгуулалтай хийж эхлээд байна. Гэрээ сайн болсон талаар олны танил хүмүүсээр яриулах, түүнээ өдөр тутмын сонинуудад төлбөртэй нийтлүүлэх кампанит ажлыг эхлүүлжээ. УИХ-ын сонгуулийн өмнө болоод долдугаар сарын 1-ний үйл явдлын дараа яг ийм зохион байгуулалттай бэлтгэсэн материалуудаар хэвлэлүүдийг бөмбөгдөж билээ. Тэгвэл өнөөдөр тэр өдрүүдийнхээс шал өөр нөхцөл байдал улс оронд бий болсныг Засгийн газар ойлгох ёстой юм.

Хямралын үед олон нийт Засгийн газрын зөв бодлогод итгэж байх нь хамгийн чухал хүчин зүйл байдаг. Тэр тусмаа мэдээлэл нээлттэй, ил тодорхой байх нь онцгой ач холбогдолтой. Хямралыг дагасан паник дэлхийн улс орнуудад газар авч байна. Терроризмаас илүү аюулт зүйл бол эдийн засгийн хямрал хэмээн АНУ-ын Тагнуулын төв газрын жил тутмын тайланд дурджээ. Ард иргэдийг паникаас хамгаалахын тулд Засгийн газрын нээлттэй ярилцлагууд үгүйлэгдэж байна. Бодит байдлыг тайлбарлах, хийх гэж буй ажлуудаа хэлэх, хүмүүст зүгээр л итгэл найдвар төрүүлэх хэрэгтэй юм.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ 16 зүйлтэй. 160 гаруй заалттай. Үүнээс зөвхөн 11 заалтынх нь тухай Монголын ард түмэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонссон. Сонсоод баяр хүргэсэн. Тав илүү жил хүлээлгэсэн Оюутолгойн ашиглалтын асуудал гацаанаас гарсанд нь баяр хүргэсэн юм. Энэ гэрээний төслийг төд удалгүй чуулганаар хэлэлцэх гэж байгаад ард нийтийн олонх нь сэтгэл хангалуун байгаа юм. Нийгмийн сэтгэл зүй нэгэнт ийм хандлагатай байхад төлбөртэй ярилцлагууд сонинд тавьж, төсвийн мөнгийг салхинд хийсгэх нь зүгээр илүү ажил.

Аливаа худал, өнгө зассан зүйл хүний сэтгэлд хүрдэггүй. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн хямрал нүүрлэхгүй, холуур тойрно хэмээн мөн л мэдээллийн хүчирхийлэл хийж байлаа. Тэр үед Засгийн газар үгэн зэвсгээр наадаж байхынхаа оронд хийх ёстой ажлаа гүйцэтгэж чадсан бол хямрал үргэлжлэх хугацааг богиносгох боломж байсан. Харин одоо оройтсон арга хэмжээ болгоны төлөөсийг компаниуд, иргэд үүрч байна. Ам.долларын зөрүүнээс монголчууд ямар их алдагдал амсч байгааг тооцогтун. Энэ асар том тоо бол худал мэдээллийн уршиг, нууцалж бөглөрдөг араншингийн төлөөс юм.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний үлдэх 150 орчим заалт бүр нэн чухал харилцааг зохицуулж байна. Тухайлбал, Монгол улсын Засгийн газар ба хөрөнгө оруулагч талын хооронд маргаан гарсан тохиолдолд олон улсын арбитрын шүүхээр шийдэх үү, манай арбитрын шүүхээр зохицуулах юм уу. Олон улсынх бол алиных нь вэ. Москвагийн арбитрийн шүүх үү, Парисынх уу гэхчлэн Ажлын хэсгийнхэн толгой гашилгасан, тохиролцох гэж зүтгэсэн нарийн асуудал тоо томшгүй. Тэр болгонд Монголын иргэд тайлбар нэхэж муйхарлаагүй. Ерөнхий зарчмаа тохирч чадсанд нь, царцсан ажлыг хөдөлгөсөнд нь талархаж байна.

Байгаль орчны нөхөн сэргээлтийн санг хөрөнгө оруулагч тал уурхай ашиглаж эхэлсэн жилдээ байгуулах уу, өмнөх 2007 оны гэрээний төсөлд туссан шиг үйл ажиллагаагаа дуусахаас өмнө уг санг байгуулах уу? Энэ мэтээр өдгөө хэвлэл мэдээллээр огт гараагүй сэдвүүд бий.

Чухам нарийн ширийн тэр асуудлуудыг эргэж тодруулах, нягтлах хэлэлцэх үүрэг УИХ-ын гишүүдэд үлдэв. Нэгэнт Засгийн газрын эзэмшилд 34 хувийг нь авна гэж тохиролцсон тохиолдолд тэрхүү 34 хувьдаа ногдох хариуцлага хүлээнэ. Нийгмийн захиалга нь Засгийн газрын эзэмших хувийг нэмээд бай гэсэн уриан дор хөтлөгдсөн болохоор яая гэхэв. Ямар ч байсан хувьцааны ногдол ашгаараа 34 хувийнхаа төлбөрийг хаах нь. Гол нь Рио Тинто компани Хятадын талтай цаашид ч ашиг сонирхол ойрхон ажиллаад байх нөхцөлд Оюутолгойн зэс, алтыг олборлогч ба борлуулагч тал нэг субьект болчих вий гэсэн болгоомжлол байдаг. Тийм нөхцөлд ордын 34 хувийн хувьцаа эзэмшигч Монголын төр, засагт борлуулалтын үнэ ханшийг хөрштэйгээ тохирох халуухан уулзаа гарч мэдэх юм. Тэр тусмаа хямралын давлагаанд живчихгүйн тулд Хятадын Засгийн газраас их хэмжээний зээл авах юм бол давхар хамааралтай болж ирнэ.

Ордуудын хувь заяа хямралын сүүдэр дор нэг ийм хамаарлын шижмээр холбогдчих гээд байна. Стратегийн ордуудаа дагуулан гео эдийн засгийн шинэ хөрштэй болох тухай монголчуудын мөнхийн мөрөөдөл бий! Энэ мөрөөдлөө гуравдугаар сарын хоолой тулсан хэрэгцээтэй холбож уяхаас өөр гарцгүй болоод байх шиг. Хямдхан тайлал биш үү.

Монголд тав илүү жил болж, гэрээ хэлэлцээнд сүүлийн цэг хатгахыг тэвчээртэй хүлээсэн “Айвенхоу Майнз Монголиа Инк” компанид өнөөдөр баярлалаа гэж хэлэхэд ер илүүдэхгүй гэж бодож байна. Тэд Монголд нэг тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тэднийг Монголд байх хугацаанд татварын орчин дөрвөнтээ өөрчлөгдсөн байх юм. Нөөц ашигласны татвар нэмэгдэв. Орлогын албан татвар буурав. Гэнэтийн ашгийн татвар мэндлэв. Тэгснээ алтанд ногдуулдаг 68 хувийн татварыг цуцлах шийдвэр өнөө маргаашгүй гарах нь. Иймэрхүү өөрчлөлтүүд аливаа бизнесийн хувь заяаг шийдчих хялбархан. Харин АММИ компани Монголын давлагаа савлагаат амьдрал дунд тэвчээр заан таван жилийг өнгөрөөсөн. Өнөөдөр энэ компани санхүүгийн чадавхгүй шахам болоод байгаа. Рио Тинто Оюутолгойд голлон тоглохоор бэлтгэж байна. Санхүүжүүлэгч нь харин хэн юм бол? Уул уурхайн мундаг компаниуд тендерт оролцож яллаа, авлаа гэх мэдээлэл түгэх авч тэр компанийн цаана хөрөнгө оруулалтын банк, санхүүжүүлэгч давхар бий. Монголын Засгийн газар тэдгээр санхүүжүүлэгчидтэй дам хэлэлцээ хийж байна. Санхүүжүүлэгч хэн байхаас Монголын гео эдийн засгийн нүүдлүүд хамаарна гэсэн үг. Тавантолгойн тендерт оролцох сонирхолтой АНУ-ын Пибоди Энержи компанийн ард Америкийн ашиг сонирхол оршиж буй бол BHP Billiton-ыг Тавантолгойн тендерт битгий оролцоосой хэмээн хятадууд дотроо залбирч байгаа. Рио Тинто компанитай Хятад улс найзлаад байгаагийн гол шалтгаан нь дэлхийн уул уурхайн гигант компани BHP-тэй өрсөлдөх санаархлаас үүдэлтэй. BHP-гийн санхүүгийн зөвлөх “Голдман Сакс”-ын төлөөлөгчид өнгөрсөн намар Монголд ирж, Ерөнхийлөгчтэй уулзаад буцсан юм. Тавантолгойн тендерийн зөвлөхөөр ажиллах шалгаруулалтад “Голдман Сакс” ороод мултарсан билээ.

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд хөрөнгө оруулагчаас 125 сая ам. долларын урьдчилгаа авах заалт оржээ. Сайхан л сонсогдсон. Гэхдээ энэ мөнгийг манай талд хэсэгчлэн өгнө. Тэгэхээр төсвийн асар томорсон цоорхойг нөхөх мөнгө биш байх нь. Мөнгө хаанаас олох вэ? Хятад, Катар хоёр өгнө гэжээ. Хоёр талын зээл гэдэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Тэгвэл олон талын зээл олдох нь уу? Өөрөөр хэлбэл олон улсын санхүүгийн байгууллагуудаас улс оронд өгдөг харьцангуй зөөлөн нөхцөлтэй, үндэсний аюулгүй байдалд халгүй зээл хаана байна? Олон улсын валютын сантай хөтөлбөр тохирч чадвал олон талын нөхцөлөөр зээл авах боломжтой төдийгүй манай улсын зээлжих боломжийг гадаад ертөнцөд эрх зүйн чадамжтай болгоно. Яг энэ асуудлаар ярилцахаар хоёрдугаар сарын эхээр ОУВС-гийнхан болоод Дэлхийн банкны Дэвид Доллар Улаанбаатарт ирж билээ. Хандивлагчдын техникийн уулзалтын товыг нь хоёрдугаар сарын 11-ний өдөр хэмээн зар түгээсэн байлаа. Харамсалтай нь төсөвтөө олигтой тодотгол хийж, төрийн зардлыг танаж чадаагүй байлаа, бид тэр үед. Цаг хугацаа алдсаны нэг үр дагавар энэ юм. Хямрал холуур тойрно гэж суухынхаа оронд төсвийн төлөвлөлтийг үндсээр нь өөрчилчих цаг байсан. Нэгэнт хөтөлбөр тохирох тал хэлэлцээнд бэлэн биш байсан учир Валютын сангийнхан гуравдугаар сарын эхээр эргэн уулзах болзоо тавиад буцав. Одоо Байнгын хороогоор хэлэлцэж байгаа төсвийн тодотголыг тэд “тоох” учиртай болоод байна. Ингэхгүй бол аль нэг улсаас мөнгө авах сүүлийн хувилбар л бидэнд үлдэх нь. Гуравдугаар сарын эхний долоо хоногт Валютын сангийнхан хөтөлбөрийн хэлэлцээ эхлүүлэх эсэх шийдээ хэлэх аж.

Цагаан сарыг үл анзааран ажилласан цөөн мэргэжилтэн бий. Сангийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газрынханд цагаалах шинэлэх зав зай хомс л байсан болов уу. Өнөөдөртөө жаахан хугацаа тулчихаад байна, гэхдээ Сангийн яамны мэргэжилтнүүд шинэ цагийн жишигт нийцсэн эрүүл төсвийн төсөл бэлтгэж байна. Төсвийн удирдлага, санхүүжилтийн хууль гэгч долоон жил амьдралд хэрэгжээгүй хуулийг өнөөдөр мөрдүүлэх концепцтэй төсөл бэлтгээд байна. Нийгмийн хамгаалал, дэд бүтцийн зардал хоёртоо зүгээр л дарлуулчихсан төсөв баталдаг зуршлыг мэргэжилтнүүд өөрчлөхөөр ажиллаж байна. Боловсрол, эрүүл мэндийн салбарын зардалдаа илүү ач холбогдол өгдөг зах зээлийн үеийн шинэ төсөв хийх гэж оролдож байгаа юм. Түүнчлэн мэргэжлийн хүмүүсийн хийсэн тооцоог Их хурал дээр сонгуульд зориулаад задалчихдаг зуршлыг хуулиар хорих эрх зүйн орчин бүрдүүлэх гэж байна. Үүнийг Төсвийн хариуцлагын тухай хууль гэх ба хаврын чуулганаар хэлэлцүүлнэ гэж яамныхан найдаж байна. Улсын төсвийг хөтөлбөрөөр төлөвлөдөг шинэ зарчим нэвтрүүлэх санаатай гэнэ. Үндсэн хөтөлбөрийг дагуулан дэд хөтөлбөрүүд төсөвлөдөг ба тодотгол хийх тохиолдолд ач холбогдлынх нь эрэмбээр хасч зохицуулах боломжтой. Энэ бүхнээс харахад манай яам, агентлагууд зах зээлийн зарчмаар бодож сэтгэх чавдартай, шинэ үеийн мэргэжилтнүүдээр цус сэлбэсээр байна. Гагцхүү стандартын бус цаг үед стандартын социалист менежмент амь бөх ноёрхсоор байх аж.

Хямралын давлагаа ийнхүү биднийг шинэ цагийн алхаанд нийцэхийг шахаж эхэллээ. Зээлийн хэрэгцээ нь эргэн тойрноо эрүүлээр харахыг шаардаж байгаа юм. УИХ дахь Монгол-Японы парламентын бүлгийн есөн гишүүнд талархах ёстой гэж бодогддог. Тэд Японоос хөрөнгө оруулалт татах, орд газруудынхаа ашиглалтад Японы компаниудыг татан оролцуулахын тулд идэвхтэй ажиллаж байна. Гео эдийн засгийн шинэ түнштэй болох эрхэм зорилгын талаар зүгээр нэг ярих бус, ажил хэрэг болгохоор тэд хөөцөлджээ. Өдгөө Японы Марубени тэргүүтэй компаниуд Дорнодын ураны бассейнд оросуудтай хамтран ажиллахаар бараг тохиролцоод байгаа. Энэ гуравдугаар сард “РосАтом” ба манай “АтоМон”-ын хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах бололтой. Ураны төсөлд япончуудыг татан оролцуулбал тэдний өндөр хөгжсөн технолог хэн хэнд маань хэрэгтэй. Уран ашиглах талаар Монгол-Орос-Японы гурван талт хэлэлцээр хийх нь манайд ашигтай. Цэрэг, зэвсгийн үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг “РосАтом”-ыг ганцаарчлан тахин шүтэх юм бол Монголын ураныг цөмийн зэвсгийн зориулалтаар ашигладаг гэсэн хардлага олон улсад түгэх юм. Япончууд түүнчлэн газрын ховор элементийн судалгаа хийх, Тавантолгойн тендерт оролцох хүсэлтэй. Японы зах зээлд коксжих нүүрсний хэрэгцээ Хятадынхаас арав дахин илүү.

Гео эдийн засгийн өөр нэг сонирхлын тухайд, Тавантолгойн тендерт БНСУ-ын 11 компанийн хамтарсан консорциум оролцох сонирхолтой байгаа. Тэд Оросын баг буюу Якунины галт тэргэнд багтаад суучих санаатай гэнэ. Ашигт малтмал олборлох, наймаалах тал дээр туршлагагүй солонгосчууд оросуудыг бараадан Тавантолгойгоос ашиг хүртэхийг чармайж байна. БНСУ, Японд эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд нэн хэрэгцээтэйн учир эдгээр улсын компаниудад тендерт оролцох боломж нээж өгөх хэрэгтэй юм. Солонгосууд Дорнод хүртэл оросуудтай хамтран төмөр зам татах сонирхолтой байгаа бол тэр санаагаа хэрэгжүүлэг. Оросуудад төмөр зам тавих туршлага, солонгосуудад мөнгө нь байхад хамтарч яагаад болохгүй байхав. Хятадын Шансийн төмөр замын шугам, Транс Монголын, Транс Сибирийн төмөр замууд дахь улс төрийн нөлөөнөөс монголчууд хэзээнээсээ болгоомжилж ирсэн. Төмөр замын шугамаараа нүүрс тээвэрлүүлэхдээ татвар авна гээд хоёр их хөршийн удирдагчид хөмсөг зангидаад суучих нөхцөл нээлттэй шүү дээ. Тэгэхээр манай улсын нутаг дэвсгэрт төмөр замын шинэ шугам бий болж, Зүүн хойд Азийн том зах зээлийг чиглэнэ гэдэг гео эдийн засгийн хувьд найдвартай алхам биш гэж үү!

В.Якунин нэгэнтээ “Ази, Европыг холбосон төмөр замын шугам Монголоор дайрч болох юм” хэмээн Оросын хэвлэлд ярилцлага өгсөн билээ. Түүний авангард санаа хэрэгжвэл бидэнд тустай. Якунины мөрөөдлийн галт тэргийг хүлээж суухад юуны буруу байх вэ.

Өнөө маргаашдаа хэрэглэх мөнгө хайсан, тэгсэн атлаа өнө ирээдүйн том мөрөөдлүүд цээжиндээ тээсэн зурвас цагийг бид элээж байна. Өмнийн их говь минь бүтээн байгуулалтын нүргээнийг дохиолон чимээгүй дүнсийжээ. Эндээс босгох мөнгөөр ирээдүйгээ тодорхойлно л гэх. Их хөршүүдийн геополитикийн том нүүдлүүдийн өмнөөс монголчууд гео эдийн засгийн нүүдлүүдээ хийж байна. Д. Зоригт сайд шиг жижигхэн биедээ том амбийц өвөртлөөд монголчууд ирээдүйгээ төсөөлж байна. Харин хөршүүд халаасандаа задгай мөнгө шажигнуулж байна гэх. “Арван ембүү хараад” алгаа тосох вий дээ. Задгай мөнгөн чимээний тухай ам нээн ярилцах ёстой хүмүүс нь Монголын ард түмэн. Мэдээллийн битүү хатуу бодлогоо зөөллөхийг нөхцөл байдал шаардаж байна. Хадгаламжид төрөөс баталгаа гаргаад байгаа боловч харилцах данснаас асар их хэмжээний мөнгө урсан гарч байгааг тайлбарлах хэрэгтэй юм. Эрсдэлийн сангийн мөнгийг банкуудад зээлдүүлнэ гээд байсан. Арилжааны том банкууд бүгд энэ зээлээс зугтаасан шүү дээ. “Анод”-ыг хяналтдаа авсныхаа дараа Ерөнхий сайд “Банкуудыг цэгцлээд авах бодолтой байна” хэмээн ярьжээ.

Банкны системийг бужигнуулах биш, яг тэр үед төсвийн зардлаа цэгцлээд авах хэрэгтэй байжээ. Тэгсэн бол Валютын сангийнханд сарын дараа ирээрэй, одоо завгүй байна гэсэн тэнэг хариулт өгч суухгүй байлаа. Хямралын оргил үед хойшлуулсан нэг сар гэдэг асар их алдагдлын дүн юм.Тэр алдагдлыг Монголын импортлогч компаниуд үүрч байна.

Яаралтай зээлийн яриа хөөрөө Төрийн ордноор нэг таржээ. Монголд мөнгө өгөх газар олдоно. Гагцхүү болзол нөхцөлийг нь харьцуулах шаардлагатай болоод байгаа юм. Дөрөвдүгээр сар гэхэд эдийн засагт зээл орж ирэхгүй бол Монголбанк импортын төлбөрүүд хийх, хааяа хааяа хэдэн доллар гаргаж ханшийг тав арван төгрөгөөр буулгах арга чаргагүй болно.

Бодит байдал ийм байна. Шинийн нэгний наран сайхан мандан ургасан тухай яриагаар нийгмийн сэтгэл зүйг удтал зөөллөнө гэвэл юу л бол. Хийсэн болон, хийх ажлуудынхаа талаар нээлттэй ярилцах нь хямралын үед нийгмийг паникаас хамгаалдаг гагц жор юм. Төлбөр захиалгатай ярилцлагууд, сар шинийн мэндчилгээ сэлт хэвлэлд тавьж, төсвийн мөнгийг үрэн таран хийдэг стандартын арга барилаа стандарт бус цаг үед өөрчлөөд үз.