ЗЭЭЛ ТӨЛӨХ ГРАФИК

2009.03.20

Үйлдвэрлэл 60 хувиар нэмэгддэг хоёрдугаар улирлын гараанд бид ирээд байна. Газар тариалан, алтны үйлдвэрлэл, барилга, засварын ажлууд эхлэх нь. Эдгээр бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх хөрөнгө манай эдийн засагт байхгүй бөгөөд бизнесийн цусны эргэлтийг сэлбэх мөнгөний асуудлыг хоёр талын хэлэлцээрийн хүрээнд аль нэг улс оронтой хийх юм. Юуны түрүүнд, Хятад улс 3 тэрбум ам. долларын зээлийг Монгол улсад олгох саналд нааштай хариу өгчээ. Энэ зээлийн нөхцөл нь 30 жилийн хугацаатай байхаар урьдчилан томъёлогдоод байна. Үндсэн зээлийг хэд дэх жилээсээ төлж эхлэх, зээлийн хүү, зориулалт ямар байх талаар тохиролцоо хараахан хийгдээгүй гэсэн тайлбараар албаны хүмүүс хариултаа хязгаарлав. Мөн, ОХУ Монголын хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 300 сая ам. долларын зээл өгөх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү мөнгө Монгол дахь Оросын бизнесийнхний мэдлийн банкаар дамжин эргэлтэд орно.

Улс орны маань эдийн засагт нэн хэрэгцээтэй санхүүжилтийг эрж сурах аянд өнгөрсөн оны сүүлээс манай улстөрчид мордсон билээ. Эрлийн үзүүрт хамгийн түрүүнд хариу өгсөн улс бол хойд, өмнөд хөршүүд. Тэд нөхцөл болзол тавьсангүй. Нэн даруй зөвшөөрцгөөв. Олон улсын валютын сангийнхантай Монголын Засгийн газар хөтөлбөр тохиролцож чадах эсэхийг хүлээсэн ч үгүй. Тэгэхээр дээрх зээлүүд нь тухайн орнуудын хувьд стратегийн зээл ажгуу.

Богино хугацаат зээлүүд

“Мөнгө олдоно, заавал олдоно” гэх Засгийн газрын тэргүүний итгэлтэй үгсийн чанадад хөршүүдийн стратегийн зээлийг илэрхийлсэн агуулга шингэжээ. Гэхдээ хөршүүдийн мөнгөн тусламжийн нөгөө талд манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг тэнцвэржүүлэх бусад эх үүсвэр хэрэгцээтэй болохыг Ерөнхий сайд эрхбиш ойлгоно. Эдийн засгийн гурав дахь түнш, дөрөв дэх хамаарал бий болгож авахын тулд монголчууд Валютын сангийн шаардлагуудыг эхлээд биелүүлэх учиртай болжээ.

Сүүлийн хагас сарын турш Монгол улс зээл авах, хандивлагч өгөх тухай хэл яриагаар нийгэм амьсгалаад байна. Тэдгээр зээлийн тоон дүнг тодруулан тавьж, Валютын сан болон Дэлхийн банкинд бид таалагдсаны учир ийнхүү ар араас нь зээл өгч байна гэх хөөрүү мэдээлэл түгсээр байна. Дээр нь Азийн хөгжлийн банк ядарсан цагт хүмүүнлэгийн гараа сунгалаа, баярлалаа гэцгээв. Угтаа энэ бол дэлхийн санхүүгийн гол институциуд Монголын хамтарсан Засгийн газарт хайраа илэрхийлсэн явдал бус, глобал хямралын үед нийтээрээ ууж байгаа шинэ эмийн жор, эмчилгээний хуудсанд орсон арга хэмжээнүүд юм. Дэлхийн хямралыг эмчлэх “Нэгдмэл арга хэмжээ” гэсэн жорыг улс орнууд хүлээн зөвшөөрч байгаа билээ. Хямралын эсрэг тодорхой ямар алхам хийх ёстойгоо хэн ч хэлж чадахгүй байгаа бөгөөд гагцхүү улс орнуудын авч байгаа арга хэмжээнүүд цогц байдлаар хэрэгжиж байж ямар нэг үр дүн гарна гэсэн мэдрэмж дэлхийн хүмүүст бий болоод байна. Их Британид саяхан болсон Сангийн сайд нарын уулзалтын үеэр ч нэг ийм л ерөнхий зүйлийг тохиролцсон. Мөдхөн Лондонд болох “Их 20”-ын уулзалтаар ч арга хэмжээнүүдээ хоорондоо уялдуулах, хямралын эсрэг дэлхийн цар хүрээтэй цогц арга хэмжээний талаар онцлон ярилцах чигтэй байна. Дор бүрнээ салангид байдлаар хямралтай хэчнээн тэмцээд үр дүн гарахгүй гэсэн ойлголтод хүрээд байгаа нь өнөөдөр хэлж болох ганц гаргалгаа юм. Ийм агуулгаар Олон улсын валютын санд онцгой эрх ямба өгчих шинжтэй. Валютын сангийн нөөцийг гурав дахин нэмэгдүүлэх саналууд гарав. АНУ болон Европын холбооны зүгээс тус санг “хямралын үеийн үндсэн зохицуулагч” болгох санаатай байгаа юм. Эдийн засаг нь нэн дордож буй улс орнуудад Валютын сангаас онцгой хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх эрх болоод нөөц бүрдүүлж өгөх санаачлага гараад байна аа гэсэн үг. Хятад улс эдийн засгаа хамгаалахын тулд 585 тэрбум ам. долларыг нөөцөөсөө гаргах төлөвлөгөөг өнгөрсөн онд баталсан бол үүнтэй бараг тэнцэх хэмжээний хөрөнгийг Валютын санд татвар хэлбэрээр өгөх санаачлагыг АНУ ба Европын холбоо гаргалаа.

Энэхүү том бодлогын хүрээнд Монгол улсад хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрүүд хэрэгжих гарц нээгдээд байгаа билээ. Зүүн Азийн бүсийн орнуудаас эдийн засаг нь уналтын ирмэгт тулсан улсуудын нэг хэмээн Монголыг санхүүгийн байгууллагууд тодорхойлж, манайд зориулсан яаралтай тусламжийн хөтөлбөр бэлтгэжээ. Түүнээ өнгөрсөн бямба гаригт баталгаажуулж, манай талтай яриа хэлэлцээ хийж эхлэх дохио дуулгав. Одоо Валютын сангийн удирдах түвшинд асуудлыг эцэслэн шийднэ. Дөрөвдүгээр сарын эхээр хөтөлбөрийн зээл Монголын эдийн засагт орж ирэх нь.

Тэгвэл өгөх мөнгөн дүнгийн нөгөө талд төлөх график ямар нөхцөлтэй байгааг, тэр тусмаа доноруудын зээлийг эргэн төлөх сүлжээ нь манай эдийн засагт дарамт болохгүйгээр өөр хоорондоо уялдах эсэх тухай бид санаа тавих цаг ирээд байна. Сүүлийн 14 хоногт яригдсан зээлүүд нь өнгөрсөн оны, энэ жилийн төсвийн цоорхойг нөхөх зориулалттай байгааг, эргэн төлөгдөх хугацаа дээд тал нь таван жил байхаар яриа хэлэлцээ хийгдэж буйг анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл, ойрын хоёр жилээс монголчууд үндсэн зээлийн төлбөр хийж, цаад тал нь 4-5 жилийн дотор зээлүүдийг бүрэн эргэн төлөх нөхцөлүүдийг тохиролцож байгаа билээ. Жилийн хүү нь 1.7-2 хувь байна гэсэн нөхцөл одоогоор олон нийтэд ил болоод байгаа юм. Олон улсын валютын сан ба Дэлхийн банкны зээлийн хүү ийм байх бололтой. Валютын сан зөвхөн төсвийн алдагдлыг нөхөх зориулалттай зээлийг улс орнуудад олгодог. Төсвийн алдагдал багасч, зарлагын бүтэц эрүүлжээд ирэх үест бусад хандивлагч мөнгө амлах магадлал өндөр болдог билээ. Түүнчлэн Дэлхийн банк Монголд 50 сая ам. долларын зээл олгоно гэж байгаа нь эдийн засгийн цаашдын өсөлтийг хангах хөтөлбөрүүдээ урт хугацаанд хэрэгжүүлнэ гэсэн дохио юм.

Олон улсын санхүүгийн байгууллагуудын эмчилгээний араас Монголтой сайн харилцаатай байхыг эрмэлздэг, улс төр, эдийн засгийн ашиг сонирхол нь манайтай нягт холбогддог хэд хэдэн улс зээл олгоно хэмээн ам гарлаа. Тэдгээр донор орны төлөөлөгчид “хөнгөлөлттэй” мөнгө өгнө гэсэн тодотголоор эхний мэдээллээ хязгаарлав. Япон улсаас Монгол улсад суух Элчин сайд 50 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл өгнө хэмээн тодорхой дүн дуулгаад байна. Албан ёсны жуух бичгээ Монголын Ерөнхийлөгчид гардуулж ч амжаагүй байх үедээ тэрбээр амлалтаа манай талд албан ёсоор илэрхийлжээ. Монголд үзүүлсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хэмжээгээр тус улс хандивлагчдын жагсаалтыг тэргүүлдэг агаад одоо харилцан ашигтай түншлэлийн түвшинд хамтарна шүү гэсэн байр сууриа япончууд өнгөрсөн оноос ил тод илэрхийлсэн юм. Валютын сангийн хөтөлбөр Монголд хэрэгжвэл 1:1 харьцаагаар манайхыг дэмжих бодлогыг Япон улс баримталдаг.

Японы жишээгээр тодорхой мөнгө амлах Элчин сайд одоогоор хараахан тодроогүй байна. Ямар ч атугай “Хөнгөлөлттэй” зээл өгнө, өмнө нь Монголд хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрүүдээ зогсоохгүй гэсэн ам гарч, хүлээлт үүсгэв. “Хөнгөлөлт” хэмээх үг сүүлийн хэдэн сарын хоолойгоор тулсан хэрэгцээн дунд монголчуудыг цаламдаж, чөдөрлөж байна. “Хайртай шүү” л гээд байдаг. Хайраа чухам яаж илэрхийлэхийг нь Сангийн сайд маань хүлээсхийгээд хацар нь ягаараад суух аж.

Хөнгөлөлт гэдэг нь урт хугацаатай, эхний цөөнгүй жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгддөг, жилд 3.75 хувиас дээшгүй хүүтэй байх нөхцөл юм. Сонгодог утгаараа. Харин манай тохиолдолд хоёр талын зээлийн “хөнгөлөлтүүд” чухам ямар хэлбэрээр хэрэгжихийг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй байна.

Арилжааны зээлийн тухай

Дээр өгүүлсэн стратегийн, хоёр талын болон богино хугацаат эмчилгээний зээлүүдийн зэргэцээ арилжааны зээл авах эрхийг Монголбанкинд УИХ нээж өгсөн юм. Төв банк энэхүү эрхийнхээ хүрээнд 200 орчим сая ам. долларын арилжааны зээл авахаар ажиллаж байгаа. Уг зээлд Азийн хөгжлийн банк баталгаа гаргана гэсэн амлалт өгчээ. Азийн хөгжлийн банк “батлан даасан” тохиолдолд арилжааны зээлийн хүү багасч, хөнгөлөлттэй нөхцөлд шилжиж болох юм гэсэн найдлага манай албаны хүмүүст бий. Арилжааны зээлийн сонгодог нөхцөл нь сар тутам 2-3 хувийн хүү төлөх графиктай. Жилийн хүү нь бол бүр талийна гэсэн үг. Азийн хөгжлийн банк манайд давхар баталгаа гаргаж өгвөл энэхүү хатуу болзол зөөлрөх магадлалтай, 2 хувийн хүүтэй болж нөхцөл сайжирч ч мэднэ гэсэн хүлээлт Сангийн сайдад байгаа юм.

Мөнгө босгох нэмэлт хувилбарууд

Валютын сан Монголын төсвийн алдагдлыг “эмчилчих” юм бол, төсвийн зарлагын бүтцэд маш том шинэчлэл хийгдчихвэл, инфляцийг бууруулах найдлага төрүүлэх юм бол бусад зээлдүүлэгч тодрох аж. Өгсөн мөнгө нь цаас болчихооргүй эрүүл зах зээлд хөрөнгө оруулагч мөнгө хаяна аа гэсэн үг. Олон улсын валютын сан Монгол дахь төслийн зээлээ хөтөлбөрийнх болгон өргөжүүлж байгаа тохиолдолд дэлхийн хөрөнгө оруулалтын томоохон сангууд, банкууд манайд итгэнэ. Ингээд хуримтлалын төрөл бүрийн сангийн төлөөлөгчидтэй уулзах Засгийн газрын цуврал арга хэмжээнүүд эхэллээ. Эхнийх нь Германд энэ сарын 26-нд “Монгол-Германы VIII чуулга уулзалт” нэртэйгээр, мөн Хонкогд гуравдугаар сарын 31-нд Mongolia-Asia Investment Forum нэртэй арга хэмжээнүүд тус тус зохион байгуулагдана.

Өөрсдөө юу хийж чадах вэ?

Дээр өгүүлсэн баримтууд нь хандивлагчдын идэвхтэй оролцоотойгоор хийгдэж буй зээлийн хэлэлцээрүүд юм. Эдийн засгаа эрүүл хөрсөнд гаргах нэг ёсны тулгалт, хатуу жор. Бид ойрын хоёр жилээс магадгүй 30 жилийн урт хугацаанд төрөл бүрийн зээлийн төлбөрийн дарангуйлал дор амьдрах болж байна. Ийм үед манай тал өөрсдөө санаачлага гаргах, санхүүжилт босгох хувилбаруудыг орхигдуулан, хэтэрхий назгай хандаж байгааг тэмдэглэе. Зөвхөн гадаадын зээлээр амь тариа хийхийг хүлээлгүй, дотооддоо экспортоо дэмжих, үйлдвэрлэх идэвхтэй алхам үгүйлэгдэж байна. Зэс болон алтанд ногдуулсан зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг хүчингүй болгох шийдвэрийг нэн даруй гаргах нь экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих нэг том алхам юм.

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ доод түвшиндээ нэгэнт хүрч, өдгөө аажмаар өгсөх мөчлөгт шилжиж байгаа энэ үед “Эрдэнэт” үйлдвэрийг 68 хувийн татварын дарамтаас чөлөөлбөл дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувийг өмнөх шигээ өгч чадахгүй гэхэд зохих хэмжээний орлого төсөвт төвлөрүүлэх бололцоо бий. Зэсийн үнэ 3150 ам. доллар байх үед “Эрдэнэт” алдагдалгүй ажиллах юм. Тэгвэл өнөөдөр зэс 3400 ам. долларын босгонд хүрээд байгаа билээ.

Үүний зэрэгцээ алтны зах зээлийн үнэ энэ оны турш өндөр байх таамаглал гарчээ. Цаашдаа ч алтны эрэлт буурахгүй гэсэн прогнозыг анхааран үзвэл 68 хувийн татвараар алт үйлдвэрлэгчдийг айлгах бус, харин бүтээгдэхүүнийг нь Монголбанк худалдан авах, үнийн өсөлтийн татвар ногдуулж буй 850 ам. долларын босгыг ч мөн хүчингүй болгох зайлшгүй шаардлага тулгарч байна.

Үндэсний үйлдвэрлэгчиддээ итгэл төрүүлэхүйц иймэрхүү арга хэмжээ өнөөдөр нэн хэрэгцээтэй байна. Хандивлагчдын зээл бүхнийг шийдэх мэтээр сүүлийн хэдэн сарын турш Монголын төр, засгийн байгууллагууд бодлогоо томъёолох болж. Улмаар үндэсний зарим үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд ногдуулах албан татварыг нэмэгдүүлэх арга хэмжээ хүртэл авахыг завдлаа. Төдөлгүй мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж эхэллээ. Ийм байдал нь дотоодын үйлдвэрлэгчдийн итгэлийг алдагдууллаа. Монголбанкнаас валютын ханшийг зах зээлийн хөрсөнд зөнд нь хаях бодлого хэрэгжүүлэх явцад үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн санхүүгийн баланс хасах үзүүлэлттэй гарч эхлээд байна.

Дөрөвдүгээр сарын нэгэн нартай өдөр хандивлагчдын зээл Төв банкны дансанд орж ирэх гэнэ. Тэр болтол долларын ханш жолоогүй хадаж, үндэсний үйлдвэрүүд эхнээсээ дампуурлаа зарлах дөхөж байна. Дампуурахгүйн тулд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмж эхэллээ. Үр дүнд нь инфляц өсөх хандлага гарч болзошгүй юм. Валютын сангийн “шоок” эмчилгээ Монголын эдийн засагт инфляцийг бууруулахад чиглэгдсэн гэх авч үр дүн нь эсрэгээр илрэх магадлалтай болжээ. Бизнесийнхэнд итгэл өгөх шийдвэр, гар сунгасан алхам үзүүлэхгүй аваас ханшийн зөрүүний алдагдалд Монгол орон өнөөдөр сөхөрч байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих лоозон, ханшийг хөсөр хаясан бодлогын зөрүү нь бизнесийнхний сүүлийн арван таван жилд босгосон нөр бүтээн байгуулалтыг цаас болгон хийсгэх аюул харагдаж байна. “Сайхан” нөхцөлтэй зээл арвыг цуглуулсан дорвол дотоод, гадаадын шууд хөрөнгө оруулалт ганцыг татах нь хожмын үр дагавар хамаагүй эерэг тусах билээ.