ТОЙРГУУДЫН ТАНДАЛТ

2008.05.30.

МАХН-ын Бага хурлын IV хуралдаан эхлэх гэж байна. УИХ-ын 2008 оны сонгуульд нэр дэвшүүлэх хуанлийн хамгийн сүүлийн хугацааг сонгон энэхүү хуралдааныг товложээ. Сонгуульд өрсөлдөх гол намууд нэр дэвшигчээ зарласны дараа сүүл мушгин оноолт хийх энэ хувилбар нь том намын хувьд хэт хаширласан алхам юм.

Эхлээд Ардчилсан нам, төдөлгүй Үндэсний шинэ нам, удалгүй Эх орон нам, Их эвслийн намууд дараалан тойргийн оноолтоо зарласан билээ. Бие даагчид ч сонголтоо сонордуулаад байна. Иргэний зориг сүүл барисхийн хуралдаанаа мөн зарлав. Хувьсгалт нам ч эрхбиш хөдлөх цаг ирлээ. УИХ-ын чуулганыг түр завсарлуулж байгаад тухтайхан “үзэх” учиртай IV хуралдааны төлөөлөгч эрхэм нөхдөд ажлын амжилт хүсье. Бусад намын эгнээнээс бие даагчид жигүүрлэн нисч байгаа гашуун туршлагыг давтахгүйн тулд МАХН ийнхүү эцсийн мөчид хурлаа зарлажээ. Баасан гаригт Бага хурлын гишүүд сонгуульд баримтлах бодлого, зорилт хэмээх сүржин илтгэл сонсох юм. Дараа нь аймаг, нийслэлийн намын хороодын хурлаас нэр дэвших бололцоотой хэмээн шигшигдсэн хүмүүсээ шүүн ярилцана. Нэрсэд өөрчлөлт орох тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэлт явагдана. Гэхдээ нөхөн нэр дэвшүүлэх эрхийг Бага хурал Удирдах зөвлөлдөө шилжүүлэх ажээ. Өөрөөр хэлбэл, IV хуралдааны явцад гарсан аливаа маргааныг хөөн хэлэлцэх хугацаа үл олдох ба гомдогсод бие даан нэр дэвшүүлнэ хэмээн айлгах боломж хаалттай. Толгой даан сонгуульд оролцъё гэлээ ч 801 дэмжигчийн гарын үсгийг хагас, бүтэн сайн өдөр цуглуулчихдаг авьяастай аавын хүү хорвоод ховор биз ээ. Үүгээрээ МАХН сонгуульд зөвхөн ялалтын төлөө өрсөлдөх хатуу тактикаа ойлгуулж байна.

Түүнчлэн нөхөн нэр дэвшүүлэлтийн тактик боловсруулах эрхийг Удирдах зөвлөлдөө олгож байгаа нь “бие бүрэлдэхүүнийг зөв байршуулах” арга зам юм. Шатрын хөлөг бэлэн болжээ. Намууд бэрс, хүүгээ нүүдлийн хожоо харан байршуулаад байна. Өнөөдөр эл хөлгийн өмнө Хувьсгалт намын хашрууд улаан харандаа бариад сууж буй гэдэгт үл эргэлзэнэ. Жанжин штабын боловсруулсан тактикийн сүүлийн хувилбарыг энэ амралтын өдрүүд дамнуулан нягтлаад бэлэн болгох аж.

МАХН долоо бус, 77 хэмжиж байж огтолж буйн учир нь энэ удаагийн сонгуульд ганц суудлын үнэ цэнэ гэдэг асар том агуулга илэрхийлэх юм. Намууд нэр дэвшүүлсэн байдлаас харахул хүч тэнцүү өрсөлдөөн олон тойрогт өрнөхөөр байна. УИХ-ын сонгуулийн 26 тойрог тус бүр дээр өрсөлдөөн ямархуу байдлаар өрнөхийг тандахын өмнө энэ удаагийн сонгуулийн онцлогийг эхлээд анхаарцгаая.

Тойрог томорсны гавьяанд

Өмнө нь 76 жижиг тойрогт 2-7 хүртэл тооны нэр дэвшигч өрсөлдөж байлаа. Сунгаанаас ганц хүн тодорч гарна. Ялалтын өнгийг 2-3 сумын хэмжээний сонгогч шийддэг. Тэгвэл энэ жилийн сонгуульд аймгаараа, дүүргээрээ ганц тойрог болоод саналаа өгнө. Сонголтын босго өндөр болж байна. Аймгийн, бүхэл дүүргийн хэмжээний иргэд өөрийг тань хэрхэн үнэлж байгааг тодруулах нь. Цөөхөн хүний толгойг хялбар эргүүлчих боломж хумигджээ. Ийм утгаараа томсгосон тойргийн ач холбогдол гарч байна.

Шинэ хүн гарч ирэхэд хэцүү боллоо хэмээн халаглацгаах аж. Томсгосон тойрогтой мажоритор системийн онцлог нь хувь хүний хүчин зүйлд бус, намын мөрийн хөтөлбөрт илүү анхаарал хандуулахад сонгогчийг уриалсан утгатай. Хэрэв бид пропорциональ сонгуулийн системийг хуульчилж чадсансан бол ялалтын гол хүчин зүйл гагцхүү мөрийн хөтөлбөр байх учиртай байжээ. Гэвч монгол хүн мөрийн хөтөлбөр хэмээх амлалтын цаасанд санал өгөх цаг хараахан болоогүй байна. Сонгогч маань өөрөө төгөлдөршөөгүй байна гэсэн үг. Монгол сонгогч хувь хүний хүчин зүйлийг нэгдүгээрт тавьсан хэвээрээ. Тэгэхээр томсгосон тойргийнхон илүү таньсан хүндээ тал өгөх нь энэ удаагийн сонгуулийн мөн чанар болох нь ээ. Таньдаг ахад нь шинэ хүнийг “дайж” мордуулах тактик ч амжилтад хүргэх бололцоотой. Абсолют мажоритораас арай боловсронгуй, сонгодог пропорционалиас бас л хол эрлийз хувилбараар саналаа өгөх нь. Дээр нь нутгийн ахыг бүхнээс дээдлэн хүндэлдэг монгол зан нэмэр болох өвөрмөц сонгуулийн гараанд бид иржээ.

Дөрвөлжин

2008 оны парламентын сонгуульд дөрвөн хүний төлөө сонгогч саналаа өгөх боломжтой нийт 6 тойрог бий.

Өвөрхангай: Өврийн сайхан хангайд Ардчилсан намаас хүчтэй дөрвөн гишүүн нэр дэвшсэн хэмээн сайрхсан, бас эмээсэн яриа дуулдаж байна. Гэвч дөрвөн мандаттай тойргийн хувьд “бүгдээрээ хатуу самар даа” гэсэн сагсуу үгс оновчгүй. Г. Батхүү, З. Энхболд нар журмын нөгөө хоёр нөхрөөсөө ахиу санал авч мэднэ. Гэхдээ Монгол шуудан банкны Д. Зоригт сурталчилгаандаа мөнгө харамгүй зарцуулж явааг сонсохул бас л цөөнгүй санал зулгааж чадахаар. Тэгэхээр нөхөд бие биенийхээ саналын тооноос хуваалцаж таарна. Ямар ч тохиолдолд дөрвүүлээ хүчтэй гэдэг нь бүгдээрээ нийлж ялна гэсэн үг биш. Харин ч гараад ирж болзошгүй гурав дахь нөхрөө дөрөвдүгээр мундаг хүн хүссэн хүсээгүй чангааж унагах магадлалтай юм.

МАХН-ын хувьд Өвөрхангайн тойрогт Ардчилсан намтай оноо тэнцвэл том амжилт гэж үзэх сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаа. 2:2 гэсэн харьцаагаар мандат хуваахсан гэсэн эцсийн зорилготойгоор энэ тулаанд орно. УИХ-ын дарга Д. Лүндээжанцан Өвөрхангайн багийг ахалж сунгаанд “давхих” нь мэдээж. Лүндээ даргын нөмөр дор дэд сайд Чинзориг нарын хоёрдугаар ангиллын нэр дэвшигчид хүчээ үзнэ. Юутай ч “шинэ, харьцангуй залуу” гэсэн томъёоллоор МАХН энэ удаагийн сонгуульд цөөнгүй “битүү морь” сойж буй нь зөв тактик хэмээн үзэж байна. Бусад нам, бие даагчдаас Өвөрхангайн дөрвөн мандатад дөхөх хүн харагдахгүй байна.

Төв: Төв аймгийн дөрвөн мандат дөрвүүл Хувьсгалт намын халаасанд бий гэх сайрхлыг мөн л дээр өгүүлсэн томъёоллоор үгүйсгэх боломжтой. Бүхэл аймаг тэр аяараа МАХН-ыг дэмжих гэж үү гэсэн зарчмын эргэлзээ гарч ирж байгаа юм. Тэгвэл энд нутгийн ахын, хүүгийн хүчин зүйл илүүтэй үйлчлэх бололтой. Н. Энхболд, Су. Батболд, Ц. Сүхбаатар, Д. Дондог дөрвүүл парламентын бүрэн эрхийн хугацаанд нэр төртэй ажилласан хүмүүс. Тиймээс Ардчилсан нам Төв аймагт “ядаж нэгийг нь сугалах” тактиктай оролцоно. Болж өгвөл Дондог ахыг Ширчингийн Сүхбаатараар сольчих юмсан хэмээн Элбэгээ дарга өглөө үдэшгүй залбирч суугаа биз ээ. Олон мандаттай энэ тойрог дээр Ардчилсан нам цөөнгүй жилийн турш боловсон хүчний тааруу нөөцтэй суусаар байгаа нь хачирхалтай.

Хөвсгөл: Хөвсгөлийн сунгаа тун сонирхолтой болно. МАХН аймаг, нийслэлийн намын хороодын хурлаараа нэр дэвших боломжтой хүмүүсийг өнгөрсөн жилийн турш шигшсэн. Социологийн судалгаа ч хийсэн. Тэр бүх шүүлтүүр дундуур БСШУЯ-ны газрын дарга Ц. Даваасүрэн нэг номерын хүнээр гарч ирээд байсан гэх. Мөн Эрүүл мэндийн дэд сайд Ж. Цолмон рейтинг өндөртэй хэмээн хэвлэлээр магтуулаад байх.

Сонины холбооны Р. Хадбаатар баараггүй гэсэн найдлагаа ч зарласан. Харин Ө. Энхтүвшингийн нэр тэрхүү социологийн судалгаа, үүрийн сунгаанд хойгуур нэрлэгдээд байсанд гайхаж билээ.

Эндээс үүдээд МАХН-ын удирдах нөхөд нэг зүйлийг үл тоогоод байна уу гэсэн сэтгэгдэл төрдөг. Парламентад нэр дэвших хүмүүсийн чансааг зөвхөн намын үүрийн гишүүдийн санал хураалтаар бус, иргэдээс авсан санал асуулгын өнгөөр багцаалах нь бодитой биз ээ. Барак Обама, Хиллари Клинтон хоёр энэ хаваржин муж болгоноор хэсч, дэмжигчдийн санал цуглуулж өрсөлдсөн. Тэднийг аль нэг муж дахь Ардчилсан намын үүрийн гишүүдийн дэмжлэгээр уралдуулаагүй билээ.

Хөвсгөлийн сунгааг сонирхолтой болгох хүмүүсийн тоонд Эх орон намын дарга Б. Эрдэнэбат, Ардчилсан намын Л. Гүндалай нар багтана. Гүндалайн хувьд дөрвөн жилийн өмнө сувдан цэнхэр Хөвсгөлдөө нэгдүгээр хүн нь юм уу гэмээр их нэр хүндтэй явсан. Эдүгээ нутгийн уулс, ус далай аз хийморийг нь түшдэггүй л юм бол Гүндалай лав нийслэл хотод нэр хүнд тааруутай хүн. Энэ тойрогт О. Энхсайхан агсны дүү О. Отгонсайхан мандат өвөртлөх магадлалтай байж мэднэ. “Говийн” тодотголтой Ц.Сэдванчиг ус нутагтаа нэлээд зүйл хийж яваа буй за. Ардчилсан намын Ц.Оюунгэрэл хөдөөд хэр танигдсаныг мэдэхгүй юм. Боловсролтой, хөдөлмөрч эмэгтэй гэсэн. Гэвч Хөвсгөлийн зон олон цугаараа нэг тойрогт багтаж саналаа өгөх болохоор хотоос ирсэн бүсгүйн нэрийг хамгийн сүүлд дугуйлах юм биш биз.

Энэ мэтээр яах аргагүй Хөвсгөлийн дөрвөн мандат хаашаа одох нь эргэлзээтэй байна. Хүч тэнцүү “дундаж” хүмүүс энд төвлөрчээ. Тиймээс МАХН-ын жанжин штабынхан энэ тойргийн хувь заяаг шийдчих эрхмийн эрэлд өнөө маргааш сэтгэл тавих биз ээ.

Баянзүрх, Налайх: Ардчилсан намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн дөрвийн ахлагчийг тодруулах гээд үзээрэй. “Бриджийн” Ганхуяг уу, Б. Мөнхтуяа гишүүн үү, Ч. Сайханбилэг дарга уу. Гурвуулаа өнгөрсөн дөрвөн жил хийж бүтээсэн ажил ихтэй хүмүүс. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д. Ганхуяг олон чухал асуудал хэлэлцүүлэх явцад ноён нуруутай байж чадсаныг Баянзүрхийн сонгогчид үнэлсэн байх. Ч. Сайханбилэг оногдсон үүргээ онцсайн биелүүлж ирснийг өдгөө “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйгаар, түүнчлэн хөтөлбөрөөр хязгаарлалгүй далайцтай ажилласныг нь нийслэлийн сонгогчид илүүтэй үнэлж чадах юм.

Энэ тойрогт МАХН-аас нэр дэвшигчдийг эцэслэн тодруулахдаа дээрх эрхмүүдийг “бүдгэрүүлж” чадах бүтээлч сонголт хийхээр өдгөө штабынхан нь хөлсөө чийхруулж суугаа байх. Баянзүрхийн Засаг дарга асан Гантөмөр, нийслэлийн Засаг дарга асан Ц. Батбаяр гээд сүүийн үед жаахан мартагдсан хүмүүсийн нэр дуулдах юм. Тэд ч яах л бол. Харин Т. Ганди өөрийн тойрогтоо гараад ирэх магадлалтай.

Баянзүрхийн тойрогт Хувьсгалт намын авралын од болж буй хүмүүсийг нэрлэе. Эд бол бусад намаас болон бие даан нэр дэвшигчид. Харьцангуй олонд танигдсан эрхмүүд Баянзүрхэд “хуран чуулах” гэж буй болохоор тэрхүү цоохор баг Ардчилсан намынханд зориулах саналаас чангаах чадалтай. Эх орон намын С. Отгонбаяр налайхчуудаас дэмжлэг хүлээж дассан. Сэтгүүлч З. Алтайг энд мэдэхгүй хүн үгүй. Сайханбилэгт санал өгөх үү, Алтай найзын нэрийг дугуйлах уу гээд бодоод зогсчих хүн цөөнгүй л байх. З. Алтай сэтгүүлч танихгүй танилууддаа ч эчнээ найз нь болж чаддаг авьяаслаг уран бүтээлч. Ногоон намын Балсандорж, Чөлөөт ахмадын холбооны Г. Баасан гээд өнгө тод эрхмүүд саналын хуудаст нэрээ багтаах нь.

Баянгол: Мөн л хүч тэнцүү дөрвөн хүнээ Ардчилсан нам энд сойжээ. Аль нь бусдыгаа чирж сонгуульд орохыг хэлж мэдэхгүй нь. Томсгосон тойргоор санал авч буй нөхцөлд намын рейтингийг тодорхойлж чадах нэг лидер хажуудаа хүч сулавтар хүмүүсээ дагуулж орох нь оновчтой. Ийм зарчмаар харвал Батын Батбаатар багийн ахлагч уу, Нийгмийн даатгалын С. Эрдэнэ “локомотив” нь уу? Х. Тэмүүжин, С. Одонтуяа нар ирээдүйтэй залуус. Гэвч МАХН-ын Н. Баяртсайхан Баянголд ялалт байгуулах өндөр магадлалтай. 2004 оны сонгуульд тэрбээр Хан-Уул дүүрэгт Банзрагчийн Дэлгэрмааг ялж явлаа. Баянголын Засаг дарга П. Цогтбаатар ч хийсэн ажилтай, хэлэх үгтэй, дайчин хүн. Монголчууд “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй “гэх зарчмаар МАХН-ын хоёрыг, АН-ын нэгийг, дээр нь Ногоон намын Д. Энхбатыг дугуйлчихъя даа хө хэмээн зөөлөн зан гаргаж чадах улсууд.

Баянголд ҮШН-аас мөн л олонд овоо танигдсан Батцэрэг, эмч Отгонболд нар нэр дэвшжээ. Тэд мандатад хүрч чадахгүй ч нэлээд санал авах бололцоотой.

Энд нэг өөрчлөлт гарсныг хашир сонгогчид анзаарсан байх. Өмнөх сонгуулиудад Баянголд Ерөнхий сайд Намбарын Энхбаяр, туршлагатай гишүүн Ж. Бямбадорж гээд том тулнууд өрсөлддөг байж. 2004 онд Бямбадорж Батын Батбаатарт цэвэр тавиулснаас хойш дүүрэг дэх Хувьсгалт намын нэр нөлөө харьцангуй унасныг тэмдэглэе.

Сонгинохайрхан: Дөрвөн мандаттай Сонгинохайрханд МАХН ядаж хоёр санал чангаахаар хүчилж байна. Д. Тэрбишдагва тэргүүтэй эдний багт АН-аас Н. Алтанхуяг л эсэргүүцэл үзүүлж чадах болов уу. Харин С.Оюун, Б.Жаргалсайхан хоёр энд ороод ирвэл Сонгинохайрханд саналуудыг сайхан тэнцвэртэй хуваагаад авах нь.

Гурвалжин

Дөрвөн мандаттай тойргуудад гол төлөв тэгш хувааж авах боломж харагдаж байсан бол гурван мандаттай тойргуудад хэн олон ялалт байгуулна тэр нам энэ сонгуулийн үр дүнг тодорхойлох юм. Гурваас хоёрыг нь хэдэнтээ хармаалсан нам сонгуулийн ялагчаар тодрох гээд байна.

Тэгш тооны мандаттай тойрогт саналаа МАХН ба АН-д таллаж өгдөг өрөвч зан энд тус болохгүй нь ээ. Гурван мандаттай нийт 12 тойрог байгааг тооцвол намуудын тактикийн гол ажил зөв “гурвалжин” байгуулахад чиглэгдсэн байх учиртай.

Архангай: Р. Гончигдорж, С. Ламбаа, Н. Батбаяр гурваас аль нэг нь сугарч үлдэх байх. Шадар гурвын өрсөлдөгчөөр МАХН С. Төмөр-Очир тэргүүтэй гурвалаа мордуулна гэж байсан. АН-ын нэр дэвшигчид хүчтэй байгааг бодохул ахмад Төмөр –Очироос өөрийг сонгосон нь зөв байлгүй. Түүнчлэн ҮШН-ын Ц. Цолмон ус нутагтаа нэр хүнд сайн. Сайд дарга нарыг хүндэлдэг зангаараа нутгийнхан түүнд ая талтай байх нь мэдээж.

Баянхонгор: Х. Баттулга хонгор нутгийнхны сэтгэлийг татаж чадсан нь эргэлзээгүй. Чингэлтэйн 71 дүгээр тойрогт өнгөрсөн сонгуульд өрсөлдөж явсан Батжаргалын Батбаяр энэ удаа Баянхонгорыг барааджээ. Хотод төдийгүй хөдөөд ч хүлээн зөвшөөрөгдөж чадах түшээ. Эдний гол өрсөлдөгчид сурталчилгаагаа чимээ имээгүйхэн эртнээс хийсэн.

С. Баярмөнхийн “сонинтой сурталчилгаа” МАХН-аас Баянхонгорт нэр дэвшигчдийн рейтингэд эерэг нөлөөлсөн нь дамжиггүй. Г. Занданшатар казиногийн асуудалд нэр холбогдоогүйсэн бол “2:1-ээ, манай нам яллаа” гээд тэд бардам суух бололцоотой байлаа. Энд Эх орон намын Ц. Жаргал цөөн санал хүртэх биз ээ.

Баян-Өлгий: А. Бакей, А. Мурат, К. Ержан нарын өрсөлдөгчөөр МАХН-ын нарийн бичгийн дарга Сауле тэргүүтэй баг мордоно. 2004 оны сонгуульд Р. Сандалханыг ялж байсан Мурат, О. Нигаметийг дийлсэн Бакей нар аймагтаа нэр хүнд сайн хэвээр байж мэднэ.

Дорнод: Энд АН ядаж ганц мандатын эзэн тодруулна гэсэн бодлоготой байсан баймаар. Гэвч хүчтэй нэр дэвшигч харагдсангүй. ИЗН-ын М. Зоригт, МАХН-ын Д. Одбаяр нар дээр Ц. Шинэбаяр нутгийн олныхоо дэмжлэгтэй гараад ирж болзошгүй л юм. “Глобал удирдагч” сангийн Б. Отгонбат тэргүүтэй хүмүүс АН-аас нэр дэвшсэн юм байна. Тэд өрсөлдөгчдөө барахгүй л болов уу.

Завхан: АН-ын Ч. Цэрэнсодном, Я. Санжмятав нар ялалтын хоёр мандат аваад ирж чадах. Мөн Эх орон намын С. Мөнхбат, Ногоон намын Ширэндэв гэх хүмүүсийн нэр гараад ирсэн. МАХН Д. Оюунхоролоос дутуугүй хүчтэй өрсөлдөгч явуулж байж Завханаас хоёр дахь мандатыг булааж чадах юм.

Сэлэнгэ: Энэ тойрогт болох өрсөлдөөнийг хүмүүс “гоё” хэмээн тодорхойлж байна. Надад бол харамсалтай гэж санагдана. Э. Бат-Үүл, С. Баярцогт хоёрын нөгөөдөх нь хэн бэ? Гуравдугаар хүнээр О. Чулуунбат гарах өндөр магадлалтай. Тэгвэл Засаг дарга Ж. Баярмагнай яах бол. Энэ хүн нутаг орондоо нэр хүнд сайтай. Тэр том хүчин зүйлээрээ түрээд гараад ирлээ гэхэд сугарах эрхмүүд нь хайран юм.

Уг нь МАХН О. Чулуунбат шиг боловсон хүчнээ нийслэлийн лидергүй тойргуудынхаа нэгэнд дэвшүүлсэн бол аштай юу. Монгол сонгогч яаж ч ном уншаад, лекц сонсоод үл засарна. Намд бус, хүний сайнд өгнө хэмээн дотроо бат нут шийдчихсэн. Юу нь буруу байх билээ. Олигтой мөрийн хөтөлбөртэй нам алга. Цэвэр тунгалаг нам байхгүй. Ийм үед итгэсэн хүнээрээ л баримжаа авахаас яах вэ.

МАХН-аас Сэлэнгэд Д. Насанжаргалыг нэмж илгээх бололтой. Гэвч энэ тойрог хүчтэй дөрвөн хүндээ гурван мандат яаж хуваая гэж байхад бас юун Насанжаргал!

Увс: Ц. Нямдорж хотод хүч үзсэн ч яахав хэмээн бардамнасан яриа бий. Гэвч тэрбээр АН-ын Ерөнхий нарийн бичиг тэргүүтэй багт төрөлх тойргоо бэлэглэчихгүй биз дээ. Увсчууд Хувьсгалт намд дуртай хэдий ч одоо Б. Эрдэнэсүрэн, Ч. Авдай нарын ахмад гишүүн ногоон гэрлээр гараад ирэх нь юу л бол.

Сонгогчийн сэтгэл зүй хэмээх тооцоо томъёогоор илэрхийлэх аргагүй хүчин зүйл бий. Ирж яваа, улс орон өөдлөн дээшилж буй цагийн аяс юм болов уу, ямар ч байсан энэ удаагийн сонгуульд шинэ хүмүүст итгэл өгөх сэтгэл зүй бага багаар бэхжиж байна. Басхүү сонгуулийн сурталчилгаа хэмээн гүжирдэн гүтгэх арга барилд сонгогчид илэрхий зэвүүцэх болж. Уруудаж доошилсон, хар бараан шилжилтийн үе хэтэрхий удаан үргэлжилсэн болохоор ард түмэн одоо амгалан, өнгөлөг гэгээтэй болгонд хүүхэд адил тэмүүлж байна. Өдгөө нам, нэр дэвшигч болгоны ард нойр хоолгүй ажиллаж суугаа штабын нөхдүүд энэ өөрчлөлтийг мэдрэх цаг болж дээ. Хэрүүлч хараалч нь бус, ажилтай чадалтай нь дээшээ гардаг өдрүүд угтан золгож байна.

Ховд: Ховдод нэр дэвшдэг уламжлалт ахмадуудаа МАХН шинэ хүмүүсээр сэлбэх буй за. Энд Р. Амаржаргал өнгөлж яваа гэсэн судалгааны дүн харагдсан. Лав гурван мандатын нэг түүнд ирнэ. ҮШН-ын Д. Батцогтод намынхан нь их найдлага тавьж байна. Эх орон намын И. Эрдэнэбаатар ч чамгүй санал зулгаах хэмжээнд танигдсан хүн. Харин энд Эх орон нам нэмж Ч. Лхагваагаа залдаг нь ямар учиртай юм бол. Нутаг нутаг руу нь мордуулаад бай гэсэн сонгуулийн тактик баймааргүй юм аа. Эрдэнэбаатарынхаа саналаас “хорооно” гэж бодоогүй юм байх.

Хэнтий: Харахад Хувьсгалт нам Арвин, Бат-Эрдэнэ гээд хоёр том лидертэй мэт. Цагаа тулахаар Да. Ганболд, З. Мэндсайхан хоёрт цэвэр тавиулчихмаар хий ихтэй улсууд шиг санагддаг. Нутгийн чулуу бүлээн гэж найдах л үлдэж. Хэнтийн гурван мандатыг дээрх дөрөв 2:1 харьцаагаар хуваана. МАХН ялах уу, АН дийлэх үү… 2004 оны сонгуулиар Б. Бат-Эрдэнэ Да. Ганболдыг энд ялж явлаа. Одоо гурван мандат хоёуланд нь боломж олгож байна. Харин гуравдугаар хүн хэн байх бол оо. Хүрэлсүх минь байсан ч болоосой хэмээн нулимс унагаж буй хүн жанжин штабт бий л байх.

Дархан: Сонирхолтой тойргуудын нэг яах аргагүй мөн. ҮШН-ын
М. Сономпил Дархандаа нэр сайтай. Нэг их мундаг түшээ биш атлаа нутгийн олондоо тустай хүн санал цуглуулах магадлалтай болчих. Бас л монгол зан байх. Буруутгах аргагүй. Хуулиа төгөлдөршүүлж болно. Сонгогчийн сэтгэл зүй гэдэг хүчээр төгөлдөршүүлэх аргагүй эд. 2004 оны сонгуулиар өдгөө ГЕГ-ын даргын алба хашиж буй Д. Цэвээнжавыг Сономпил ялж явсан.

Өнгөрсөн дөрвөн жилд парламентын хуралдаан болгон дээр шахуу нүдээ эргэлдүүлээд маргаж суусан Л. Гансүх даргад итгэл өгөх хүн олон гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн 2004 онд Төв аймагт нэр дэвшиж байсан Ш. Түвдэндорж Дарханд ирж, зөвлөлийн даргадаа хань болж явна. МАХН-ын Д. Хаянхярваа мэдээж нэр дэвшинэ. Гэвч Хонгорын асуудал дэгдэх үед Засаг даргын зангарагтай байж чадсан эсэхэд нь эргэлздэг. Дархан хотоо цэвэр цэмцгэр болгосных нь төлөө талархах хүн бас цөөнгүй байх.

Хоёр том нам энд нэг нэг мандат авч, үлдсэнээ Сономпилд алдах бололтой. Их намын Ичинноров, Ногоон намын Пүрэвсүрэн нар хамт хүрээд ирснийг нь сайн ойлгосонгүй. Хонгорын асуудлаар нэлээд шуугиан тарьж байсан Пүрэвсүрэн экологийн асуудал ихээхэн ярих байх. Харин Ичинноров сонгуулийн будлианы талаар цөхрөлгүй маргах бололтой. СЕХ-ны байранд ирж шаардлага тавьж буйг нь сонсвол тэдний тэмцэл ихээхэн хурцдах ч магадгүй. Их эвслийнхэн Дарханд цөөн санал авах биз ээ.

Сүхбаатар: Нийслэлийн зүрхэн тушаа Л. Гантөмөр, М. Энхсайхан,
Ц. Мөнх-Оргил нар гурван мандат өвөртлөх боломжтой. Эд бол чансаа өндөр, итгэл даах хүмүүс. Энд Ногоон намаас өмгөөлөгч Л. Санжаасүрэн зэрэг хүмүүс нэр дэвшсэн. МАХН-аас Сүхбаатарын Батболд бас сунгаанд орох нь. Мөнх –Оргилынхоо энд хүрэхгүй биз ээ. Ирэх цаг хүчтэй хүмүүсийг тосон авч байна.

Чингэлтэй: Гурван мандат нь цөөдөөд байгаа тойрог. Эдүгээ Ерөнхий сайд С. Баяр Сүхбаатар дүүрэгт нэр дэвших үү, Чингэлтэйн лидер болж орох уу гэдэг эргэлзээ дагуулсан асуудал. Ерөнхий сайд Сүхбаатар дүүрэгт өрсөлдсөн дорвол хажуугийн Чингэлтэйд “зүтгүүр” болсон нь дээр баймаар. Энд Ц. Элбэгдорж дарга Бурмаа, Баярсайхан хоёроо дагуулан орж ирнэ. Эсрэг талд нь НИТХ-ын дарга Г. Мөнхбаяр, Засаг дарга Д. Очирбат нар хоёр мандатын төлөө ойрхон үзэлцэх бололтой. Ер нь хотын төвийн хоёр дүүрэгт лидерүүд ийнхүү шахцалдаж байгаа нь утгагүй. Нямдорж шиг “хотод үзсэн ч яадаг юм” гэх зориг дутаж дээ.Чингэлтэйн сюрприз үүгээр өндөрлөхгүй ээ. Өмгөөлөгч Ц. Монгол, сэтгүүлч Г. Уянга, Ихрүүдийн холбооны Үржинбадам гээд сонирхолтой төлөөлөгчид хуран цугласан байх аж.

Хос

Хоёр мандаттай найман тойрог бий. Яалт ч үгүй эдгээр тойрогт нэг хүчтэн, нөгөө “золиосын” хамт орж ирж байгаа. Хоёр саналаа МАХН-д, эсвэл бүгдийг нь АН-д бэлэглэдэг сонгогч харьцангуй цөөн. Тиймээс мандатаа эв найртай хуваах тойргууд бий. Дундговьд Б. Дэлгэрмаа, Р. Раш нар, Хан-Уулд Л. Болд, Д. Загджав, Орхонд Д. Одхүү, Г. Адъяа гэх мэтээр санал хуваагдах магадлалтай. МАХН-аас нэр дэвшигчийн нэрсэд өөрчлөлт орлоо ч ийм хуваалт эдгээр тойрогт болох биз. Жишээ нь Хан-Уул, Багахангай, Багануурын нэгдсэн тойрогт Идэвхтэн, Загджав хоёр хамт нэр дэвшиж, бие биенийхээ жаргах замд саад болохгүй байх. Ийм утгаараа өнөөдөр болж байгаа МАХН-ын Бага хурлын дөрөвдүгээр хуралдааны хаалганы цаана хоёр мандаттай тойрогт нэр дэвшигчдийн маргаан тэмцэл нэлээд өрнөх магадлалтай.

Дээр өгүүлсэн эв найртай тойргуудаас гадна “ойлгомжтой” аймгууд хэд хэд бий. Тухайлбал, Булганд Э. Мөнх-Очир, У. Барсболд нар өрсөлдөгчөө хүрээд ир, цэвэр тавья гэж байна. Говь-Алтай, Дорноговьд АН танигдсан боловсон хүчингүй шахуу хэвээрээ. Тиймээс МАХН-ын Бага хурлын гишүүн нөхөд найдвартай, өөрийн гэж бараг өмчилсөн эдгээр тойрогтоо залуусыг туршлагатай нэгэнд дагуулан дэвшүүлэхэд юу нь буруу байх вэ. Очирхүү, Туяа нар тус тусын унаган нутагтаа зовлонгүй ялалт байгуулах нь. Энэ бүхний хажуугаар Шаравдоржийг гомдоосон тойрог, Одончимэдийг уйлуулсан газар гэсэн шинэ тодотгол чимэг гарч ирээд байна.

Харин Өмнөговь, Сүхбаатар аймгуудад мандат хэрхэн хуваагдах нь тодорхойгүй. 2004 оны сонгуульд Ч. Улаан нутаг уснаасаа хамгийн өндөр хувиар санал авч байсан. Эдүгээ ч сүхбаатарчууд Сангийн сайд Улааныг дэмжих нь гарцаагүй. Хоёр дахь мандат “Монос” группийн Д.Эрдэнэчимэгт ирэх тун магадлалтай. ҮШН-ын Д. Дэлгэрцогт, МАХН-ын Р. Буд нараас илүү санал цуглуулах боломж Эрдэнэчимэг бүсгүйд бий.

Өмнөговьд АН-аас Д. Бат-Эрдэнэ, Ц. Баярсайхан нар нэр дэвшжээ. Ц. Оюунбаатар тэргүүтэй МАХН-ын өрсөлдөгчид хүч сулавтар хүмүүс. Жанжин штабынхан улаан харандаагаар тоочиглосон эргэлзээтэй тойрог яах аргагүй мөн.

Сурталчилгааны тактик

Нэр дэвшүүлсэн байдал, судалгааны дүнгүүдээс харахад энэ удаагийн парламентын сонгуульд МАХН ба АН хол зөрүүгүй мандат авах юм. АН анх удаа элдэв эвсэл гэлгүй дангаараа нэр дэвшүүлээд байна. Монголын улс төрийн хамгийн том хүчин МАХН-тай эн тэнцүү өрсөлдөх хэмжээний бие даасан, нэгдмэл нам нэгэнт өсч өндийжээ.

Нийгэм эрүүл саруул сэтгэлгээг хүсэн хүлээж буй ийм үед өрсөлдөгч намууд сурталчилгааныхаа богино хугацааг зөв ашиглах, түүний үр дүнгээс их зүйл шалтгаалах болоод байна. Гэнэн амлалтууд, улайрсан дайралтын сонгууль улиран одсоныг сонгогчийн сэтгэлээс уншиж сураарай.