ҮРЧГЭР УУЛСЫН ӨЧИЛ

2009.07.31

Хн… Боомт хаагдаж дээ, янз нь. Зайлуул нутгийнхан маань жаал гурил будаа, бараа, юухан хээхэн цуглуулж аваад сэтгэл амрав бололтой. Аравдугаар сар гарч, сэрүү ортол энэ боомт нээгдэхгүй. Улиралдаа хорьхон хоног хил нээж байгаа болохоор аргагүй биз, ард түмэн тэр хэдэн өдөрт бизнесийн ухаан юугаа уралдуулан, амьхандаа сүйхээчилнэ. Иш, нутгийнхныхаа чадан ядан амьдарч явааг хараад их говийн үрчгэр уул би өмнөөс нь сэтгэл өвдөж, өр зүрхэндээ ингэдэг ч болоосой, тэгээсэй билээ хэмээн бухимдах юм.

Өнөөдөр долдугаар сарын 20. Гашуунсухайтын боомт 20 хоног ажиллаад, хаагдав аа. Улирал тутамд ийм хуваарьтай. Өмнийн говийн нозоором халуунд нутгийн олон юу эсийг сүйхээчлэх билээ. Хятадын хиль гаалийн ажилтнууд дуу чангатай ээ. “Ийшээ жагш” гээд монголоор хамаанд өгч сурсан байна. Манайхан зүтгээд, оочер журам мөрдөх дургүй хойно. Зуу зуун жил энд хүглийтэл суухдаа үрчгэр бор уул би юу эсийг үзэж өнгөрөөсөн билээ. Хүн зоны хөл бага, зээр хулан голдуу идээшин нутаглаж байсан он жилүүд ингээд ард хоцорчээ. Онгон цэлгэр говь нутагт сүүлийн жилүүдэд этгээд хачин зүйл их ээ олон нэмэгдсэн. Цагаан бичигтэй ногоон шил хаа сайгүй л байгаа биз дээ. Урд газрын шар айраг гэгчийн сав юм байх. Тэнд, энд овоороод байж байдаг болж. Нөгөө хилийн боомтоор хэдэн өдрийн турш урагшаа зөөсөн ноолуур, арьс шир эргээд нэг иймэрхүү идээ будаа болоод дуусах аж. Нутийнхан минь зайлуул амьдрах гэж зүтгэж явна. Тэрүүгээр энүүгээр бэлчиж яваа цагаан голдуу ямааны ноолуурыг чинь дээс шиг томж байгаад, гэзэг мэт сүлжиж аваад нууж хааж болох газар болгондоо чихээд урд хилээр гарах гэж зүтгэнэ шүү дээ. Биеэрээ орооно, машиныг бол бараг тэр чигээр нь задалж байгаад ноолуур чигжээд л гаргана. Нэг хэсэг урд ямааны арьс үнэд оров оо. Биеэрээ арьс хөрс ороочихсон “лухгар бүдүүн” хүмүүс хил гарах гээд дугаарладаг байлаа. Чацтай хүн эрэлттэй болох шахаж билээ. Ахиухан арьс биендээ ороогоод, скоочдоод гарчихвал бөөн баяр.

Гашуунсухайттай Өвөрмонголын Баяннуур аймаг хил залгана. Ганц мод хэмээх боомт бол нэг ёсондоо тосгон байлаа, саяхныг болтол. Хятадын энэхүү боомтод мөн л улирал тутам хорь хоног наймаа худалдаа өргөжнө шүү дээ. Нөгөө ноолуур, арьс ширээ чирсэн нутгийнхан маань Ганц модны хятад наймаачдыг баярлуулж, өөрсдөө ч хэрэгцээтэй эд бараагаа эргээд огтоно хулгана шиг зөөцгөөнө дөө. Одоохондоо энэ бүх арилжаа наймаа урсгалаараа, зөнгөөрөө л явж байна. Манай хил дээр Гааль, Гадаадын иргэн харъяатын асуудал хариуцсан ажилтан, Хилийн цэрэг, Мэргэжлийн хяналт гээд дөрвөн байгууллагынхан хэр чадлаараа ажиллаж байгаа харагддаг. Дор дороо шаардлагаа тавиад л, зайлуул. Бор зүрхээрээ гэж ярьдаг даа. Тэр үг энд мөн чиг тохирох зүйрлэл дээ. Боомтынхон бор зүрхээрээ ажиллаж байна аа, хөөрхий. Хязгаар нутгийнхан ч хар бороор л ингэж амьдарч байна. Хүглэгэр уулсын дунд сонсогдох түм буман бэрхшээл асуудлыг үрчгэр магнайдаа хураан цуглуулж суухдаа “Хязгаар нутгаа төр, засаг нь хайхрахаа больж дээ” хэмээн би уйтгарладаг.

…Өр зүрхэнд уянга хайрлах

Өвгөдийн заяатай амгалан хөдөө минь… нэг их танил аялгуу тал дүүрэн хангинах чинь. Нутгийн эр давхиж явна аа. Цогтцэцийн уугуул гэсэн. Дуучин Банзрагчийн фэн байх шүү. Фэн мэн гэж юу вэ гэдгийг өвгөн буурал би сайн мэднэ шүү. Нутгийн эр сайхан хоолойтой. Барагдах биш дээ, миний нутгийн тал. Говь говь л гэнэ. Үнэндээ бол үзэсгэлэнтэй талын дундуур зэрэглээ мяралзаанд хууртанхан, үзүүр төгсгөл нь хаана байгааг үл мэдэн давхих жаргал юм шүү. Ийм замыг дуу аяланхан туулан өнгөрөөхөөс яах билээ. Даланзадгадаас Гашуунсухайтыг чиглэн 300 хол илүү километр суналзтал давхиж явна даа мань эр. Ниссан маркийн бор хүрэн жийп тоос босгон хэчнээн хурдлавч газар хорно гэж ер үгүй мэт ээ. Говь нутагт хур харам л гэнэ. Үгүй шүү дээ. Үе үехэн ингээд ботгон нүд шиг том том дуслаар газар шороогоо аргаддаг юм даа. Тэгснээ харамч үүлсийн ааш хөдлөөд, салхинд мордоод арилаад өгнө. Ганц нэг дусал чийг татсан говийн хөрс зөөлөрч, агаар ч бүлээн болох шиг. Аагим халуун нь жаахан тайвшрах шив дээ. Байсгээд л ингээд машин тэрэг сүнгэнэдэг болсон доо, нутагт минь. Бор хүрэн Ниссаны өмнөөс “Жаран ес”, Фургон маркийн машинууд зөрж одох аж. Үрчгэр бор уулсын сонорт юу эс хүрэх вэ. Нутгийн талаар давхиж яваа хүмүүсийн яриа хөөрөө, ачаа бараанаас л амьдралын наад цаадах аяндаа харагддаг юм даа, хүүхдүүд минь. Ганц модноос Хятад телевизор, элдэв янзын цахилгаан бараа аваад явж байгаа хэд их л додьгор ярилцана. Аргагүй, гурван сар хүлээж байж жаал арилжаа наймаа аялуулж дээ. Гэртээ зурагт аваад ирж. Гэрлийн хязгаарлалт гэж гай байна аа хэмээн “Фургон” дотор яваа хүмүүс ярилцана. Зундаа цахилгааны хязгаарлалт хийдэг сумд говьд бий. Хоёр алхмын цаахна коксжих болоод хүрэн нүүрс овоорох атал говийн амьтан ах дүүс ингээд эрчим хүчний хомсдолтой амьдарч байх гэж, харамсмаар. Болдогсон бол зохицуулаад, санаа нэмэрлээд өгмөөр зүйлс нутаг оронд минь тоо томшгүй ээ.

Түрүүн өгүүлсэн боомтоос эхлээд энэ нутаг эзэнгүйдэх гээд байгааг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь. Манай хилийн цаадах Ганц мод ердөө жилийн өмнө бяцхан тосгон байлаа. Хятадын засаг захиргаа Ганц модыг нэг л жилийн дотор танигдахгүй болтол нь өөрчилчихлөө. Зам бариад л байх юм. Дэд бүтэц, дэд бүтэц…энэ үг юутай чухал болчихоод байна вэ! Хятадууд Ганц модны хилийн боомт хотдоо хурдны зам тавьчихаж. Өргөн, дардан. Тэр зам дагуу Монголын нүүрсийг зөөх гаалийн хяналтын зурвас татчихаж. Хэдхэн метр тутамд хяналтын камер зоочихсон нүүрс ачиж буулгах асар том талбай байна. Нүүрс хүлээн авах гаалийн хяналтын талбай, лаборатори, тэнд ажиллах хүмүүсийн байр гээд юун тосгон, дунд хэрийн хотын дайны дэд бүтцийн ажлыг тэд яг шоргоолж шиг шаргуу хийж байна даа. Ногоон өнгийн асар том хаалт бүхий гаалийн хяналтын талбай бол Монголын нүүрсэнд зориулагдсан эд. Салхин дээд хэсэгт нь 12 метр өндөр хаалт босгож, нүүрс тоос босохоос хамгаалжээ. 80, 90 тоннын даацтай мангар машинууд амаа ангайгаад оочерложээ. Монголоос нүүрс орж ирлээ л бол тэр аваргууд “залгиж” аваад, гаалийн талбай руугаа хяналтын камер дундуур ороод давхина. Хэдхэн алхмын цаана хятадууд хэрхэн бэлтгэж байгааг харав уу.

Нутгийн нозоорсон уулс юу ч мэддэггүй гэж санана уу. Зуу зуун жилээр говь нутагтаа зүүрмэглэн дүнсийхдээ би өнөөдрийнх шиг ийм олон хүн бужигналдахыг үзсэнгүй. Бужигнааныг зохицуулах төр, засгаа ингэтэл үгүйлж байсангүй ээ. Хоёр алхмын цаана нөгөө талын улс орон замаа засаад, агуулахаа базаагаад байдаг. Манай талаас хэдэн малчин ноолуур биендээ ороож хилээр гараад, гурил будаагаа татаж амьдарч байгаа ялгааг хараач. Өвгөрч үрчлээтсэн би “Стимуул пайкеж” гэж чухам юу болохыг та нарт ойлгосноороо хэлж өгье. Өнгөрсөн намраас дэлхийд хямрал болсныг намайг мэдээгүй гэж санана уу. Нутгийн замаар давхих машин тэрэгний бүхээгнээс ертөнцийн зовлон, жаргалыг сонсч суухдаа би Хятад улс хямралын эсрэг “Стимуул пайкеж” гэж 585 тэрбум ам. доллар гаргасныг сонслоо. Төрийн мэдлийн банкууд нь энэ их мөнгийг чухамдаа дэд бүтцийн төслүүдэд өгөөд л байх юм. Мөнгө дагаад хятадууд ажилтай болж байна. Зам, эрчим хүчний ажлууд хийгдэж байх юм. Хилийн цаана бодлоготой хөдөлж байна шүү дээ, хүүхдүүд минь. Хятадын төрийн мэдлийн Төмөр замын газар төдийгүй төмөр замын “Шенхуа” компани хоёулаа зэрэгцээд манай Тавантолгой чигтээ зэрэг зам тавьж байна, дуулсан уу хүүхээд. Хариуд нь манайд боомт нутгаа хөгжүүлэх бодлого энэ тэр гэж байна уу, таминь ээ. Адилхан хөгжиж байж л эн тэнцүү түншилнэ гэж зөнөг би бодох юм. Үгүй бол аварга амьтны аманд орох амархан шүү дээ.

Энүүхнээс 500 километрт байгаа Шивээхүрэнгийн боомтыг олон улсын, байнгын ажиллагаатай болгожээ, саяхан. Уг нь манай эндэх Гашуун сухайтыг бодвол Шивээхүрэнгээр нэвтрэх ачаа бараа одоохондоо лав бага, эргэн тойрондоо сүйдтэй том суурин газаргүй. Гэлээ гээд Нарийн сухайт-Шивээхүрэнг түрүүлээд байнгын ажиллагаатай болгочихоод байгаа нь бас л урд талын сонирхолтой холбоотой биз. Улс орнууд тун нарийн төлөвлөсөн нэгдсэн бодлоготой байх юм даа. Харин уугуул нутаг минь нэг л явцуу бодлогоор хөгжих ч биш, ахих ч юмгүй дороо эргэлдээд удлаа. Уужуу тайван ахад нь хүртэл уйтай санагдам их удлаа…

Цэнхэртэх талын дундуур цэг адил унаа тэрэг тонгочоод явна. Харин араас нь сүүл татуулах тоосны үзүүр хэдэн зуун метр үргэлжлэх юм. Ийм үед ах нь “Стимуул пайкеж”-ийн тухай эргэн санадаг. Зам харгуй татахгүйгээр газрын баялаг ордоо, түүнийг дагасан өч төчнөөн үйлчилгээ, бараа эргэлтийг хэрхэн зохицуулах билээ. Тавантолгойн нүүрсний ордоос Гашуунсухайтын хилийн боомт хүртэл 247 километр. Одоо энэ замаар өдөртөө 400 гаруй, бараг 500 дөхсөн машин нүүрс ачаад явж байна. Зүгээр нэг машин биш, ачсан нүүрстэйгээ нийлээд бодит жин нь 100 тонн татдаг мангас шиг юмнууд давхилдаж байна. Тооцоод үз. Бараг километр тутамд нэг гайхал явж таарч байна уу? Тэгвэл жижиг Тавантолгой гэж яриад байгаа Тавантолгойн орд газрын 4 ба 8 дугаар талбайгаас ингэж нүүрс зөөсөөр эдүгээ таван жил өнгөрсөн байна шүү дээ. Ийм хугацаа өнгөрч байхад энд хатуу хучилттай, тоос манардаггүй зам тавих тухай бодсон санаа тавьсан амьтан алга аа. Хий л эколог сүйрлээ, нутгийнхны эрүүл мэнд хохирлоо гэж хашгиралдахаас хэтрээгүй юм даа. Яагаад гэвэл орон нутгийн засаг захиргаа гэдэг орон нутгийн чанартай л арга хэмжээ авдаг. Чадал нь тэр. 247 километр, технологийн шаардлага хангасан зам тавих төсөв аймаг, суманд үгүй. Харин ч болж өгвөл жижиг Тавантолгойгоос ахиухан нүүрс Хятад руу гаргаж, төсөвтөө орлого оруулъя гэж л жижиг засаг захиргааны дарга нар бодно шүү дээ. Том бодлого, төрийн хараа хяналт хүрч гэмээнэ хязгаар нутгийн хөгжил эрс өөрчлөгдөнө. Гарц нь энэ. Түүнээс биш өнөөгийнх шиг Мэргэжлийн хяналтынхны хоёр машин давхиж ирээд л тоос шороотой тэмцэж байна гээд уурхайг хаадаг, долоо хоноод л 100 тоннын мангасууд бахь байдгаараа суналзаад эхэлдэг “арга хэмжээ” үргэлжилбэл хн…энд юу ч өөрчлөгдөхгүй.

Стратегийн ордууд байрладаг нутаг усаа, дэд бүтцийг нь, бүтээгдэхүүн зөөх боомтоо хөгжүүлэхгүйгээр баяжна, хөрштэйгээ эрх тэгш ярина гэж байхгүй дэг ээ. Төр нь хүчгүйдсэн нутагт иргэдийнх нь ааш аяг хүртэл эвдэрч өөрчлөгдөж байгаад өвгөн зүрх минь эвгүйрхэх болов.

Ханбогд сум 3100 хүнтэй. Өнгөрсөн жилийн тооллогоор тус суманд 90 жийп данслагджээ. Зах зээлийнхээ хаялгаар хангалуун сайхан амьдраад эхлэв үү гэтэл тэгсэнгүй. Сүүж уулын алтыг шигшиж баяжсан говийн шинэ баячуудын тухай дуулаа биз дээ. Хатанбулаг сумын нутаг дахь Сүүж уулыг нэг хэсэг “Ирак толгой” энэ тэр гэж домог шиг юм ярьдаг байсан даа.Тэндхийн нэг метр куб шорооноос 45 грамм алт угааж байсан гэдэг. Орон нутгийн овсгоотой болгон тэндээс түмпэн түмпэнгээр шороо зөөх болж, хоёрхон жилийн дотор нэг суманд 90 бандгар жийп эгнэж, 56 дэлгүүр нээгдэж…хн…Энэ чинь тэгээд жам ёсны хөгжил хөдөлгөөн мөн үү дээ. Судаг жалгын нэг асгасан цианиттай шороог өнөөдөр Мэргэжлийн хяналтынхан цуглуулж бөөгнүүлээд, саармагжуулж байна. Тээр харагдаж байгаа хэсэг газарт дахин угаалт хийгээд, булж ариутгаж байгаа юм гэсэн. Энэ бүхнийг хараад сэтгэл амгалан сууж үл төвдөх юм. Дахин угаахад л алт гараад байна гэдэг юм даа, нутгийн салхи шивнэснийг сонсоход. Тэгэхээр говь нутаг тэр чигээрээ баялаг. Энэ хэрээрээ зах замбараагүй шуналд нэрвэгдэж байна.

Говийн хармаг үзээгүй юм гэнэ дээ, энэ нэг сурвалжлагч зайлуул. Түрүүний сайхан дуулдаг нутгийн жолоочийн барьж яваа машинаас гарч ирээд л “варений шил байсан бол түүхгүй юү” гэнэ шүү. Хангай нутагт аньс нэрс сав саваар нь түүдэг шигээ ярьж байдаг. Ийм амьдрал мэдэхгүй сурвалжлагч нар үе үе ирээд л говь ингэлээ, тэглээ гээд баахан сүржигнэж бичдэг юм. Асуудлын мөн чанарыг ул суурьтай гаргаж хараахан чадахгүй юм даа. Нүүрс ачсан машинаас болоод тэнгэрт тулсан тоос бослоо, базарваань, Мэргэжлийн хяналт хаана байна гээд эхэлдэг юм. Яг үнэндээ нүүрс тээврийн 247 километр зам дагуу 100 орчим малчин айл нутагладаг. Энэ жил бол бороо хур тааруу байгаа болохоор малчид энүүхэнд Хүрмэн сумыг бараадаад нүүчихэж. Тэгэхээр харьцангуй цөөн тооны малчин өрхийг нүүрс тээврийн зам дагуу нутгаас нүүлгэх, өвөлжөө, худаг усны асуудлыг нь шийдээд өгөх, тэгээд замаа хатуу хучилттай болгох гээд давхар давхар ажлууд хийчихмээр байгаа юм, уг нь. Зүгээр нэг их тоос боссон тухай зэрэг зэрэг хашгиралдаад байхаасаа илүүтэй шийдвэрлэх гарц хайх ёстой л юм даа.

Нүүрс зөөж байгаа компаниудын хүлээх хариуцлага хаана байна гэж үү? “Тавантолгой” хувьцаат компанийн хяналтын 51 хувийг орон нутаг нь эзэмшдэг байхад энд хэн нь хэндээ хариуцлага тооцох вэ дээ. Аймгийн төсвийг бүрдүүлэх гэж, дээр нь улсад татвар төлдөг учраас юун “Тавантолгой”-г хаахтай манатай юм болж байна. Тэгэхээр Өмнөговь аймагт тулгамдаж байгаа асуудлуудыг орон нутгийн хэмжээнд зохицуулах аргагүй болсон байна. Уул уурхайн компаниудаас нөөц ашигласны татвар авч, түүгээрээ орон нутаг санхүүжиж байна. Нөөц ашигласны татварын 10 хувь суманд, 20 хувь аймагт, үлдэх нь улсын тогоонд шилжинэ. Нөөцийн татвар ахиухан ороод ирвэл улсын төсөв рүү бүгдий нь хамж татна. Сум болоод аймгийн төсөв гээд нэг тоо батлаад өгчихдөг, түүнээс илүү гарсан татварын орлого оллоо гэхэд Сангийн сайдад буцааж хураалгаад байх аж. Ингэхээр чинь орон нутагт санхүүгийн эрх мэдэл гэж алга, хөрөнгө оруулалт хийгээд хөрш Хятадын боомт хотууд шиг богино хугацаанд дээшлээд ирэх нөхцөл ч алга. Их говийн энгүй талд оволзох тоосны цаана ийм асуудлууд бугшиж байна. Тоосны асуудлыг шийдье гэвэл бүр тогтолцоотой нь томоор харах хэрэгтэй болоод байна.

Хувийн компаниуд зам барих эрх зүйн орчин бүрдээгүй байна. Гагцхүү улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр зам барих, эрчим хүчний шугам татах эрх зүйн орчинтой. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөл гэдэг нь саяхныг болтол нэн хатуу болзолтой байлаа. Зам ашиглалтад орсны дараа эхний болон хоёр дахь жилд нь нийт гүйцэтгэлийн 30 хувийг, гурав дахь жилд нь 40 хувийг тухайн компанид төсвөөс олгож байсан юм. Тун чиг хатуу нөхцөлтэй тендерүүд байгаа биз. Тэгэх тусмаа зээлээ төгрөгөөр аваад, гүйцэтгэлийн материалаа гадаадаас доллараар авдаг замын компаниуд хямралын эхэнд шатаж дууссан шалтгаан энэ шүү дээ. Яг ийм хүндрэлтэй нөхцөлөөс болоод Замын -Үүд хүртэл тавих авто замын ажил зогсчихсон. Эргэн төлөгдөх нөхцөл “амьдралгүй” болчихоод байгааг Засгийн газар саявтар ойлгожээ. Тендерт оролцох зоригтой замын компани нэгээхэн ч үлдээгүй тул тендерийн нөхцөлийг зөөллөжээ. Ажлынхаа 70 хувийг хийсэн компанид төсвөөс санхүүжилтийн тал хувийг олгож байхаар, ашиглалтад өгмөгц үлдсэн мөнгийг өгч байхаар шийдвэрлэв. Ийнхүү УИХ-ын “алдарт” 47 дугаар тогтоол жаахан зөөлөрсөн билээ.

Тоос тоос гэж таван жил орилолдож, эцэст нь эколог сүйтгэж байгаа замын асуудлын мөн чанар руу нь одоо л нэг юм анхаарч эхэлж байх шиг байна даа, хүүхдүүд минь. Уг нь ахынх нь амьдралын хар ухаанаар бодох юм бол 47 дугаар тогтоол могтоолоос илүүтэйгээр тэр Концессийн хуулиа даруйхан баталчихвал дэд бүтцийн их том бүтээн байгуулалт яг олон улсын жишгээр яваад эхлэх юм даа. Дээрээсээ зөв бодлогоор шуурхай удирдахгүй бол одоо энэ орон нутаг зуураа Хятадын компаниуд эргэн төлөгдөх нөхцөлөөр чинь зам тавиад өгье л гээд байх шиг. Уг нь Монголын маань замын энэ олон компани ажилгүй байхад гүйцэтгэгчийг дотоодоосоо шалгаруулбал зүгээр дээ.

Орон нутаг хүчин мөхөсдөхөөрөө урд хөршийг царайчилдаг хандлага жишиг болчих вий. 2004 онд анх уурхайд ажиллуулахаар баахан хятад ажилчид оруулж ирэхэд нутгийн ард түмэн тун таагүй хүлээж авсан юм. Өмнөговь аймгийн тухайн үеийн удирдлага Хятадаас уурхайд ажиллах хүчин оруулах шийдвэр гаргаж байх үеэс л болгоомжлол төрж эхэлсэн дээ. Одоо монгол дугаартай, Хятад жолоочтой машин манай нутагт 247 километрт чөлөөтэй яваад л байгаа. Тэгсэн манай том, жижиг ямар ч тэрэг Хятадын хилээр ороход саадтай хэвээрээ байна. Тэгэхээр энэ чинь хар ухаанаар бодсон ч гэлээ хоёр улсын хооронд байгуулсан Автотээврийн хэлэлцээр гэж юмыг авч үзмээр болсон байгаа биз дээ. Шадар сайд М. Энхболд удахгүй Автотээврийн хэлэлцээрийг шинэчилнэ гэсэн агуулгатай зүйл ярьсан гэж сонссон, одоо ямар шатандаа шинэчилж яваа юм бол доо, зайлуул. Хятад жолоочтой машинуудад хэн монгол номер өгөөд байна вэ гэдэг ч бас ноцтой асуудал шүү.

Юу эсийг бодох вэ, цагийн уртад. Үрчлээтэн тогтсон боржин уулсын тэргүүнийг ажаарай даа. Говийн бор уулсын гайхамшигт тогтцыг гэрэл зургийн хальсандаа таануус буулгаад л явчихдаг шүү. Өчил үгийг минь хэрвээ гүйцэд сонсдогсон бол ах нь гарц хэлээд өгчих юмсан. Ашигт малтмалын тухай хуульдаа, Төсвийн тухай хуульдаа, Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хуульдаа өөрчлөлт оруул аа. Тэр Концессийн хуулийн төслөө гишүүд сайн унш аа. Болвол хурдан баталчих. Боомтуудын үүрэг стратегийн түвшинд ирлээ шүү. Гаалийн байцаагч нар нь тэгэхэд гурав гурваараа умгар өрөөнд чихэлдээд амьдарч байна. Нутгийн ардын араншин ч өөрчлөгдөж эхэллээ. Нүүхгүй гэж тоосон дунд амьдраад, нөхөн төлбөр нэхэж амьжиргаа залгуулах аргад тэд суралцчих вий. Хязгаар нутагт тань төр, засгийн том бодлого үгүйлэгдэж байна. Энүүгээр хэрэв өнгөрвөл үрчлээт уулсаа нэг тогтож хараарай. Өчил үг нь салхин чимээнд сонстох вий.