АМЖИЛТ ХҮСЬЕ

2009.08.16

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанд амжилт хүсье. Нэгдсэн хуралдааны наана Байнгын хороод чухал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Төсвийн, Эдийн засгийн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хуралдаан дээр энэ долоо хоногт гишүүдийн хэлэлцэх сэдэв Монголын олон нийтийн анхаарлын төвд байна.

УИХ-ын 2009 оны хаврын чуулган үргэлжилсэн хугацаанд хэлэлцсэн, баталсан бүх асуудал манай ард иргэдийн анхаарлыг маш их татаж байлаа. Улс орны эдийн засаг, үндэсний аюулгүй байдлын ирээдүйтэй холбогдох багц сэдвүүд Парламентын хаврын чуулганаар хэлэлцэгдэж эхэлсэн юм. Тэгвэл тэдгээр чухал сэдэв УИХ-ын энэ удаагийн ээлжит бус чуулган төдийгүй намрын чуулганы хуралдаануудаар үргэлжлэн хэлэлцэгдэнэ.

Эх орон энэ зун амарсан мэт санагдахгүй байна. Алжаалаа умартсан энэхэн зун бидний ирээдүй, хөгжил дэвшилтэй холбогдох том төслүүдийн эргэн тойронд манай нийгэм талцан хуваагджээ. УИХ-ын 57 дугаар тогтоолыг дэмжсэн болоод шүүмжилсэн байр сууриуд нарны халуунтай зэргэцэн, сүүлдээ уянгын халилтай сүлэлдэн, эрүүл саруул өнцгөө гээж эхлээд байна. Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр шийдвэрээ гаргасан бөгөөд тэрхүү 57 дугаар тогтоол бол манай парламентат ёсны түүхэнд гарсан хамгийн бие даасан, зоригтой шийдвэр байсан юм. Оюутолгой ордод байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээг ямар зарчмаар томъёолохыг тодорхой чиглүүлж өгснөөрөө, монголчууд дотроо байр сууриа нэгтгэж чадсанаараа чухал шийдвэр болсон юм. Үүнээс өмнөх бүх хугацаанд Оюутолгой, ерөөс стратегийн орд газарт Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах зарчмыг манай нийгмийн хэсэг бүхэнд өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж, асуудал Парламентын түвшинд хүрч хэлэлцэгдэх боломж бүрхэг байсаар ирсээн.

УИХ-ын 57 дугаар тогтоол батлагдсаныг зарлан алх түнших мөчид Монгол улсад хөрөнгө оруулалтын орчин, хөрөнгө оруулах зарчим үндсээрээ өөрчлөгдөв. “Монгол улсын хуулийн хүрээнд хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах” зарчмыг тэрхүү алхны товшилт тунхаглажээ. Ингэснээр манай улсад хөрөнгө оруулалтын орчны үндсэн зарчим шинэ буюу гуравдугаар үедээ шилжин оржээ. Зөвлөлтийн дотацаар амьдарч байсан монголчууд ерээд оны эхэн үед донор орнуудын буцалтгүй тусламжаар тэтгүүлж эхэлсэн ба тэрхэн үедээ хөрөнгө оруулагч эрхмийн тухай бурхан багшийн хэмжээний хүндэтгэлт сэтгэхүйтэй байлаа.

Монгол оронд “манцуйтай зах зээл” чадан ядан бүрэлдэж асан хоёрдугаар үе шатанд хөрөнгө оруулагч, донор орнууд бидэнд хөнгөлөлттэй зээл харамгүй өгч эхэлжээ. Хариуд нь бид хөрөнгө оруулалтын таатай нөхцөлөөр тэднийг урин залж, татварын хөнгөлөлт эдлүүлж ирсэн юм. Тэгвэл хөрөнгө оруулагчдад хандах монголчуудын шинэ буюу гуравдугаар үе шатанд “татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг цуцалсугай” хэмээх хандлага газар аваад байна. Ийм зарчмыг Парламент долдугаар сарын 16-ны хуралдаанаараа олонхийн саналаар батлав. Олонхио дагадаг хуульт ёсны дор бид аж төрж буй билээ.

УИХ-ын 57 дугаар тогтоол Монголын парламентын нэр хүндийг дотоодод төдийгүй гадаад ертөнцөд өргөсөн юм. Энэ бол Монгол орон өөрөө толгой өндийж байна гэсэн үг. Төр байна. Шийдвэрээ гаргаж байна. Хөрөнгө оруулагчид хандах зарчмыг томъёолж чадаж байна. Хууль тогтоох дээд байгууллагын шийдвэрийг Засгийн газар биелүүлэх ажилдаа орж байна. Энэ бол Монголд засаглалын тогтолцоо байр байрандаа орж буйг илэрхийлнэ. 57 дугаар тогтоолын гурван заалт хатуу. Гэхдээ “хамраа сөхсөн” тэрхүү заалт бидний дээр төр байгааг, манай нийгэм дэх түмэн янзын байр суурийг нэг урсгалд оруулах төрийн шийдвэр гарч буй утгаараа туйлаас чухал билээ. Хэлэлцээрийн ширээний нэг талд суугч нь дотроо байр сууриа нийлүүлж орж ирэхгүй юм бол нөгөө талд суугаа эрхмүүд нүдний шилнийхээ дээгүүр биднийг харсаар, хүлээсээр байх болно.

Монголын парламент үүрэгт ажлаа хийх гэж байна. Гишүүд Хөрөнгө оруулалтын гэрээний заалт зүйл бүрээр Ажлын хэсгээс тайлбар авч, маргаж хэрэлдэж, зодолдож ч болно. Энэ бол тэдний бидний өмнө хүлээсэн үүрэг. Ажлын хэсгийнхний өмнө самбар авчраад тоо бодуулж болно. Парламент зөв шийдвэр гаргахын тулд бүхий л нөхцөлийг судлах үүрэгтэй.

57 дугаар тогтоол гарсны дараа монголчууд Ерөнхийлөгчийн байр суурийг сонсохыг хүлээж байлаа. Гэвч Монгол улсын Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр байр сууриа илэрхийлсэн юм. Түүний ийм алхамд талархъя. Ерөнхийлөгч тэртээ тэргүй талцан хуваагдсан халуунтай нийгмийн дунд хэрүүлийн алим нэгийг нэмж шидээгүй юм. Төрийн тэргүүн аливаа сэтгэлийн хөөрлөөс ангид байж, ийм үед алтан дундаж дээр тэнцвэртэй зогсох ёстойгоо өөрийн үйлдлээрээ харуулжээ.

Хөрөнгө оруулагч тал өндрөөс буух тактик баримталж ирсэн. 2008 оны арванхоёрдугаар сард Монголын талын Ажлын хэсэгтэй анхны уулзалтаа хийж байх үеэс тэд бие халаалтын бэлтгэлийг өндөр хангасан байлаа. Тэдний давуу тал нь нэгдсэн байр суурьтай, тохиолдол бүрт санал болгох тооцоо үндэслэл сайтай хувилбаруудаа зэхсэн явдал юм. Дэлхийд нөөцөөрөө тэргүүлэх том орд зах зээлийнхээ яг хажууд нь байгаа хоёр үндэслэл Рио Тинтог Монголд уяж байна. Том хэлэлцээр хугацаа болоод тэвчээр шаарддагийг Рио Тинто өөрөө бидэнд зааж сургаж байна. Том хэлэлцээрийн ширээний ард биеэ хэрхэн авч явахыг Рио Тинто бидэнд зааж өгч байна. Тохиолдол болгонд хувилбар гаргах чадамж, хүлээцтэй хэлэлцэх тэвчээр, эсрэг талтай хамгийн хатуу хувилбараас эхлэн тухайн үеийн нөхцөл байдалд зохицон уян хатан буух зарчим, нэг хөзрөө алдахдаа нөгөөг шахаж оруулах тактик зэрэг нь монголчуудад нэг ёсны хичээл юм.

Ийм туршлагатай багтай хэлэлцээрийн ширээний ард сууж байгаа Ажлын хэсгийнхнээ монголчууд дэмжих ёстой. Ажлын хэсгийн Ажлын албаны мэргэжилтнүүдэд урмын үг хэлэх ёстой. Одоо энэ баг дараа дараагийн хэлэлцээрүүдэд нэгэнт туршлагажсан Ажлын алба болон оролцоно. Зууны хэмжээний төсөл дээр монголчууд бие даан хэлэлцээр хийж, алдаа оноог нь Монголын хууль тогтоох байгууллага шүүн чиглүүлж буй үйл явдлыг хэн ч харлуулан үгүйсгэж чадахгүй.

Одоо 57 дугаар тогтоолын дагуу хийсэн гуравдугаар шатны хэлэлцээрийн дүн бэлэн болоод байна. Монголын баг дотроо санал нэгтгэн хатуу чигтэй орж ирсэн нь гуравдугаар шатны хэлэлцээрт ахиц авчирчээ. Тиймээс 57 дугаар тогтоол үүргээ биелүүлэв. Хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг байгуулахын тулд нэр бүхий дөрвөн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг Засгийн газар өнгөрсөн хавар тайлбарлаж байсан ба тэр дагуу хуулийн төслүүд бэлэн болжээ. Төслүүдийг Байнгын хороод хэлэлцэх гэж байна. Тэр тухай мэдээллийг УИХ-ын Хэвлэлийн алба ард иргэдэд нээлттэй түгээг. Мэргэжлийн хүмүүс, хууль тогтоогчид ажлаа хийх цаг ирсэн байна. Ээлжит бус чуулганы ажилд амжилт хүсье.