С. БАЯР: … ГЭХДЭЭ НАДАД ӨӨРИЙН ГЭХ БАГ БАЙХГҮЙ ЭЭ, АХ МИНЬ

2009.09.17

 

Р. Мугабе: Намайг аав аа гэсэн ч болно шүү, миний хүү

-С. Б: Сайн байна уу, эрхэм Ерөнхийлөгч өө. Юуны өмнө Танд баяр хүргэе. Есдүгээр сарын 16-ны өдөр нийт Африкийн түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал боллоо шүү.

-Р.М: Сайн уу, Баяр хүү минь…

-С.Б: Уучлаарай, намайг хүү гэх нь эвгүй юм биш үү.

-Р.М: Уго Чавес, Владимир Путин та хэдийг өөрийн эрхгүй ингэж нэрлэмээр санагдаад байх юм аа. Ах нь нас дээр гарчээ. Зимбабвегийн Ерөнхийлөгчөөр бараг 30 жил заларлаа даа. Араас минь мөр даран гарч ирж байгаа та нарыгаа нэг л өөриймсөөд байх болж.

-С.Б: Монгол Улс ардчилалтай орон шүү. Манайд “мөнхийн Ерөнхийлөгч” хэзээ ч төрөхгүй. Танд баяр хүргэе юү гээд залгатал та өөдөөс хадуураад байх юм.

-Р.М: Чамд ч бас баяр хүргэе гэж бодож суулаа. Зөвшилцлийн Засгийн газар байгуулж, тэргүүлэх болсныг дууллаа. Оргилуун дарс буудуулж, сөрөг хүчнийхэнтэйгээ эвлэрч чадна гэдэг их чухал шүү.

-С.Б: Ах таныг телевизийн мэдээгээр бас харлаа. Сөрөг хүчинтэйгээ зохицож чадсан бидний амжилт намрын сайхан өдрүүдэд ингэж давхцах гэж. Атрын III аяны хүрээнд энэ намар…

-Р.М: Хүү минь юу яриад явчихав аа?

-С.Б: Аа золиг гэж. Сүүлийн үед ингээд Элбэгдорж шиг хадуураад байх болсон юм. Атрын III аяны тухай танд дараа зөндөө их юм ярьж өгнө өө.

-Р.М: Элбэгдорж гэдэг чинь хэн билээ?

-С.Б: Яагаав танай сөрөг хүчний удирдагч нөгөө М. Цвангирай гэгчтэй яг адилхан этгээд бий. Бууж өгнө гэж байхгүй, дуугүй болно гэж үгүй чигээрээ амьтан.

-РМ: Цвангирайг минь одоо бүү элдвээр хэлээрэй. Бид хоёр түр зуур эвлэрсэн. Гар барьж, өөд өөдөөсөө инээж байгааг маань телевизээр хараагүй юу? Зимбабвегийн төдийгүй Өмнөд Африкийн мэдээллийн хэрэгслүүдээр энэ долоо хоногийн турш цацаж байгаа шүү дээ. Ах нь зурагтаар гарах их дуртай.

-С.Б: Харсаан. 30 жил ганцаараа телевизээр гарсан байж залхдаггүй юм уу.

-Р.М: Иш хүү минь…

-С.Б: Болиоч ээ, та

-Р.М: Аан за, дүү минь. Хүн эрх мэдэлтэй удах тусам ямар ч аргаар хамаагүй түүнээ хамгаалах гэж улайрдаг юм. Сүүлдээ хообий болно. Энэ золигийн Цвангирай гарч ирээгүй бол би чинь эрүү өвдөг нийлтлээ Ерөнхийлөгчөө хийгээд, эрх мэдлийг ганцаараа атгаад зурагтаар, сониноор магтуулаад л байхгүй юу.

-С.Б: Нээрээ ч сонин, телевизээр өдөр болгон магтуулахад хачин их урам орж, омогшдог юм байна лээ шүү. Олигтойхон магтаж өгөхгүй байхаар нь намын ухуулагчдадаа хэлж байгаад төлбөртэй магтаал сонинд олноор нь тавиулж байгаа. Ард түмэн асар далайцтай дэмждэг Ерөнхий сайд гэсэн итгэл үнэмшил хаа хаанаа төрүүлэх нь их чухал байна. Үнэнийг хэлэхэд би намаа сонгуульд ямар ч аргаар хамаагүй ялуулъя л гэж зүтгэсэн. Миний буруу биш биз дээ. Сонгуулийн хуулийн цоорхой, зохион байгуулалтын сул талыг ашиглаж чадсаны минь төлөө төрөлх намын минь байрыг галдаж болохгүй биз дээ. Үнэхээр гомдолтой байна.

-Р.М: Ах нь бол өөрөө галдчихдаг юм.

-С.Б: Болиоч ээ, та.

-Р.М: Юуг нь болиоч гэж. Цвангирай Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 50.3 хувийн санал аваад гараад ирсэн юм. Ах нь “янзалж” байж арайхийж 47 хувь болгосон. Тэгээд хоёр дахь шатны сонгуульд ёстой чиний хэлдгээр ямар ч үнээр хамаагүй ялах хэрэгтэй болсон юм даа. Юуны төлөө цагдаа, тагнуул ахынх нь мэдэлд байдаг билээ. Жар гаруй байшин галдан шатаагаад, сөрөг хүчин ингэлээ гэсэн худал мэдээлэл цацчихсан юм. Юуны төлөө сонин, радио ахынх нь мэдэлд байдаг билээ. Ер нь чадах бүхнээ л хийсэн дээ. Зимбабвечууд чинь радио их сонсоно оо. Мэдээнд нь итгэнэ гэж жигтэйхэн.

-С.Б: Хоёр дахь шатны сонгуульд ах та итгэлтэй ялсан шүү. Одоо би бас орон нутгийн сонгуульд 1.5 сая төгрөг хүн болгонд өнөө маргаашгүй өгнө гэж яриад л орчихъё гэж бодож байгаа. Монголчууд минь сайхан сэтгэлтэй л дээ. Дороо зөөлөрнө.

-Р.М: Хоёр дахь шатны сонгуульд ах нь ганцаараа өрсөлдсөн шүү дээ. Миний хүү Ерөнхий сайдын сунгаандаа сая ганцаараа өрсөлддөг шиг.

-С.Б: Элбэгдорж… бишээ, Цвангирай яасан юм?

-Р.М: Сөрөг хүчнийхнийг их баривчилсаан, бурхан минь. Сонгууль будилаантуулсан гээд манай Зимбабвегийн Үндэсний холбоо намын эсрэг нөгөөдүүл чинь жагсаад эхлэхээр нь олон хүн баривчилсан. Тэгээд Цвангирай дэмжигчдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадахгүй амьтан чинь яахав дээ, нэрээ татаад өөрөө ч хэсэгтээ Зимбабвегээс гарч зугтаасан. Тэр хойгуур нь сонгууль зохион байгуулаад ах нь ганцаараа өрсөлдөж, итгэлтэй ялсан. Зурагтаар харахгүй яасан юм бэ. Их гоё харагдаж байна гээд албатууд маань магтаад байсан.

-С.Б: Өө, Элбэгдорж бол тэгж зугтахгүй л дээ. Одоо парламент дотор орж ирчихээд янз бүрийн юм хийгээд байна. Надад хариуцлага тооцно гэх юм.

-Р.М: Ах нь наад хариуцлагын талаар чинь лекц уншсан ч чадна шүү. Цвангирайгийн Ардчилсан өөрчлөлтийн төлөө хөдөлгөөний намынхан надтай хариуцлага тооцно гэж ярьж л байсан юм. Хүчний байгууллагынхны өнгөрсөн хугацаанд хийсэн элдэв юмыг дахин сөхөхгүй гэсэн амлалт аваад л сөрөг хүчний удирдагчийг Ерөнхий сайд болгочихсон.

-С.Б: Цвангирайгийн амыг таглачихсан юм уу?

-Р.М: Хэлээд байна шүү дээ. Зурагтаар бид хоёр гар бариад инээж байгааг харсан биз дээ. Долдугаар сарын 24-өөс хойш сөрөг хүчинтэй хэлэлцээр хийсэн. Тэгээд Засгийн газраа Цвангирайд өгч, 31 сайдын 16 нь тэдний намынхан болсон. Бас сайдууд нь дэд сайдтай, Ерөнхий сайд өөрөө хоёр Шадар сайдтай болсон. Ерөнхийлөгч би вээр мөн л хоёр дэд Ерөнхийлөгчтэй. Ингэж сандал суудлаа олшруулахгүй бол Цвангирайгийн хэл амтайг яана. Янз бүрийн хэрэг сөхнө гээд амар заяа үзүүлэхгүй юм. Ядаж байхад гаднаас Америк, Их Британийн империалистууд янз бүрийн юм яриад.

-С.Б: НҮБ дээр үү?

-Р.М: Тийм. Долдугаар сард манай эсрэг олон улсын хориг арга хэмжээ авна гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд асуудал оруулсан шүү дээ. Орос, Хятад эсэргүүцэж байж болиулсан. Энэ хоёртоо талархаад баршгүй.

-С.Б: Дөрөвдүгээр сард хятадууд танайд туслах санаачлага бас гаргасан байх аа?

-Р.М: Туслах юу байхав. Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатны дүнг янзалчихаад байтал сөрөг хүчнийхэн эсэргүүцээд. Юмыг яаж мэдэхэв гээд зэвсэг ачсан хөлөг онгоцууд Хятадаас дуудуулсан юм.

-С.Б: Буруу шүү дээ. Монголчууд бол асуудлыг эв эеэр шийддэг ард түмэн.

-Р.М: Танайх ч гэсэн сайдуудынхаа тоог олшруулаад л, дэд сайдтай хэвээрээ байгаа гээ биз дээ. Тийм л мундаг юм бол есөн яамтай болно гээд сонгуулийн өмнө яриад байснаа сая хэрэгжүүлэхгүй яасан юм. Төрийн зардлаас болоод танай инфляц Азидаа хамгийн өндөр нь болсон гээ биз дээ.

-С.Б: Та өөрөө 12 сая хувь инфляц бий болгочихоод хүн шүүмжлэх явдалгүй.

-Р.М: Зимбабвегийн иргэд өлсөж, инфляц цаг минутаар өсч байгаад Их Британи, Америкийн империалистууд буруутай. Тэд манай газрын баялагт шунаад эзлэн түрэмгийлэх гээд байгаа учир би гадаадын тусламжийн бүх хөтөлбөрийг зогсоосон. Манай үржил шимт бүх газрыг Их Британийн цагаан арьст фермерүүд эзэмшиж байсныг би хурааж аваад ард түмэндээ май гээд өгчихсөн. Тийм болохоор хөдөөний ард түмэн миний төлөө дандаа саналаа өгдөг юм. Сонгуулийн өмнө би тэд нарт зөндөө олон трактор бэлэглэсэн.

-С.Б: Хөдөөнийхөн ч сайхан хүмүүс л дээ…

-Р.М: Миний хүү юунд бодлогошроов?

-С.Б: Манай намын байрыг империалистууд шатаасан байж магадгүй л юм байна даа. Таны яриаг сонсоход ингэж хардах үндэслэл харагдлаа. Монгол Улс бас их ашигт малтмалтай л даа.

-Р.М: За хүү минь тэр баялгаа л империалистуудад алдав.

-С.Б: Битгий миний хүү гээд бай.

-Р.М: Цвангирай бид хоёр хундага тулгаж Зөвшилцлийн гэрээнд гарын үсэг зурсны дараа Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Табо Мбек юу гэж хэлснийг сонссон уу? “Африк өөрийнхөө асуудлыг өөрсдөө шийдэж чадна. Бидний дунд ямар ч америк, англичуудын зуучлал хэрэггүй” гэж хэлсэн. Эр хүн!

-С.Б: Эр хүн юм аа. Би бас энэ үгэнд их дуртай. Сонгуулийн ерөнхий хорооны дарга маань зайлуул энэ зунжин хүмүүст загнуулсан юм. Тэгээд түүнд жаахан ч гэсэн зориг нэмэх санаатай “Баттулга эр хүн” гэсэн нийтлэл сонинд тавиулсан.

-Р.М: Өмнөд Африкийн Ерөнхийлөгч үнэхээр эр хүн. Тэр яриа хэлэлцээрийг зуучилсны хүчинд 16-ны өдөр Цвангирай, бид хоёр Зөвшилцлийн гэрээ байгууллаа. 30 хуудас зузаан Гэрээ байгаа.

-С.Б: Бид хэд есдүгээр сарын 12-нд Зөвшилцлийн гэрээ байгуулсан л даа. Үйл явдлууд их сайхан давхацжээ.

-Р.М:Гэрээний заалтыг биелүүлнэ гэдэг л хамгийн хэцүү эд дээ.

-С.Б:Та бид хоёрын зовлон адил юм аа. Ардчилсан намынхан эрдэнийн хувь гэж гэрээнд оруулсангүй гээд дургүйцээд эхэлсэн. Зүгээр л үгний ялгаагаар тоглочих юм.

-Р.М: Ялгаатай л даа, миний хүү. Эх орны хишгийг ганц удаа өгнө гэчихвэл “Май, нэг сая таван зуун мянгын хишгээ хүрт” гэсэн өглөг болоод дуусна. Ах нь ард түмэндээ тариалангийн газрыг май, май гээд бэлэглэчихсэн чинь одоо тэнд зэрлэг л ургаж байна шүү дээ. Харин хувьцаа эзэмшээд насан туршдаа ашиг орлоготой болох гэдэг эдийн засгийн утга, хувь хүний идэвх чармайлт, урам зоригийн талаасаа огт өөр зүйл л дээ.

-С.Б: Та чинь яасан мундаг зах зээлийн эдийн засаг мэддэг болчихоо вэ.

-Р.М: Гэргий минь хэлж өгсөн юм. Мугабе би сайндаа биш, гэргий минь улс орныг давхар удирдалцаж байна шүү дээ.

-С.Б: Надад бол өөрийн гэсэн тулах баг байхгүй ээ. Заримдаа маш их ганцаарддаг. Олимпийн аваргатай болсны дараа би ард түмнийхээ өмнө гарч ирэхдээ асгартал уйлмаар байсан. Олон сар маш их дарамттай явсныг минь миний ойрын хүмүүс гадарлаж байсан байх аа. Намаа сонгуульд ялуулахын тулд чадах бүхнээ хийсэн. Зарим зүйлийг арай л хэтрүүлчихснээ сэтгэлдээ ухамсарлаж байлаа. Ялангуяа тэр олон хүн намын байрны минь өмнө цуглаад МАХН болоод намайг эсэргүүцэж байхыг анх удаа чихээрээ сонсч, нүдээрээ үзнэ гэдэг хүнд цохилт байлаа. Үнэнийг хэлэхэд тэр үед л дангаараа Засгийн газар байгуулах зориг минь мохож, ард түмний энэ эсэргүүцлийн тусгалыг танхимдаа тоон харьцаагаар илэрхийлэхгүй л юм бол болохгүй нь гэдгийг гадарласан.

-Р.М: Цвангирай золиг уран цэцэн үгтэй гэж яана. Танай Элбэгдорж шиг. Зөвшилцлийн гэрээ байгуулсны дараа юу гэж хэлснийг сонссон уу. “Зимбабвегийн ирээдүйд итгэх итгэл минь өнгөрсөн хүнд өдрүүдийн зовлон гачаалаас илүү хүчтэй байгаа учраас л би энэ Гэрээнд гарын үсэг зурж байна” гэсэн. Нээрээ ч 12 сая хувь болсон инфляцтай ах нь ганцаараа тэмцэж чадахгүйгээ ойлгосон. Зургаан сая хүн өлсгөлөнгийн аюулд нэрвэгдчихээд байгаа.

-С.Б: Бид ч бас яг л ийм сэтгэлээр Зөвшилцлийн гэрээнд хоёр талаасаа гарын үсэг зурсан. Гэрээг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд л их бэрхшээл гарах бололтой. Үнэнийг хэлэхэд сүүлийн үед би “өөрийн бодол өөртөө зөв, өрөөл даавуу өмдөндөө зөв” гэдэг уриагаа жаахан өөрчлөх ёстойгоо ойлгосон шүү. Удирдагч хүн хувийн ялигүй зуумхай зангаа тавихгүй бол болохгүй юм билээ. Ардчилсан намын бүлэг тэр чигээрээ шахуу дэмжээд, Ерөнхий сайдаар баталж байхад хүртэл нөгөө муу араншин минь дийлээд Их хурлын индрээс хорон үг чулуудсандаа одоо жаахан ичиж байгаа. “Их хурлын танхимд үзэн ядалтаа чирээд орж ирсэн нь мэдрэгдэж байна” гэж хэлсэн маань Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёронтаа сонгогдсон хүний хувьд дэндүү жолдсон хэрүүл байлаа. Уучлаарай.

-Р.М: Halala Africa! гэж манай хар тивийнхэн хэлэх дуртай. Юу гэж байгааг нь мэдэх үү? Баяр хүргэе, Африк. Бид өөрсдөө үүнийг хийж чадлаа гэсэн санаагаар хэлдэг юм. Цвангирай, бид хоёрыг гар барьсны дараа тэр тасалгаанд байсан бүх хүн, Африк даяараа ингэж хашгирсан. Тэгэхэд л ах нь бас “өөрийн бодол өөртөө зөв, өрөөл даавуу өмдөндөө зөв” гэж үргэлж муйхарлах гарцгүй болсноо мэдэрч билээ. Түр баяртай, дүү минь.