ЭДИЙН ЗАСАГ ЭРЭМБЭЛЭГДЭНЭ

2009.09.28

Засгийн газрын лхагва гаригийн ээлжит хуралдаанаас онцгой чухал шийдвэр гарах гэж байна. 200 сая ам. доллараас багагүй хөрөнгө шаардагдах бүтээн байгуулалтын төслүүдийг зарлах юм. Эхлээд олон нийтэд, гол нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад тэдгээр төслийн жагсаалтыг идэвхтэй сурталчилна гэсэн үг. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригийн хуралдаанаараа танхим тэрхүү төслүүдийг эхний удаад авч хэлэлцсэн ба жагсаалт тэр үед дахин өөрчлөгдсөн юм. Эцсийн байдлаар энэ долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэнэ.

200 сая ам. доллараас багагүй хөрөнгө шаардагдах төсөл гэдэг маш том бүтээн байгуулалт гэсэн үг. Тэгвэл ийм 15 төслийг Монгол улс зарлах гэж байна. 15 төслийг эцсийн хувилбараар батлахын тулд олон дахин хэлэлцэв. Эхлээд яамдаас санал авсан. Дараа нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тэдгээр саналд 7-8 төслийн түвшинд нэмэлт болон өөрчлөлт хийсэн. Сүүлийн хувилбар нь мөн л Засгийн газрын хуралдаан дээр өнгөрсөн долоо хоногт задрав. Төслүүдийг эрэмбэлсээр байна гэсэн үг. Эргэж буцах, маргах, лообийдох шалтгаан байгаа. Учир нь эдгээрийг Монгол улсын Хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр болгон тунхаглах билээ. Тэрхүү том хөтөлбөр бол манай улсын эдийн засагт урсан орж ирэх хөрөнгийг эрэмбэлэх газрын зураг болох юм. Ойрын болоод холын ирээдүйг заагч чиг зүг тэр болно.

Хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр нь төслийн тухай монголчуудын дунд нэгэнт тогтсон ойлголтыг өөрчилнө. Бодлого чиглэлгүй, хүн болгон шахуу төсөл хэрэгжүүлэгч болсон өмнөх олон жилийн туршлагыг маань хална. Аливаа төслийг үр өгөөжөөр нь тооцож байж үнэлж эрэмбэлдэг олон улсын туршлага манайд хэрэгжих гэж байна. Энэхүү Public Investment Program гэгчийг Монголд өмнө нь Азийн хөгжлийн банк, Жайка, Дэлхийн банк зэрэг байгууллага хэрэгжүүлэх гээд чадаагүй юм. Төсөл олдвол аваад л байдаг. Хурал, бичиг цаасны зардал, төслийн менежерүүдийн цалинд хамаг санхүүжилт нь урсаад дуусдгийг тооцох сөгөөтэй хүн байсангүй ээ. Тэгвэл одоо PIP манай улсад олон улсын жишгийн дагуу хэрэгжих гэж байна. Төслийн өгөөж тооцох процесс ил тод нээлттэй явагдана. Аргачлалыг нь Засгийн газар батална. Шаардлагатай бол УИХ-д оруулна. Ингээд хамгийн өгөөж өндөр, эх орны хөгжилд хүч өгөх төслүүд эрэмбэлэгдэнэ гэсэн үг ээ.

Энэ ажилд яам, агентлагийн мэргэжилтнүүд тийм ч чих зөөлөн хандаагүй. Яамдаас санал авах явцад салбарынхаа болсон болоогүй төслүүдийг зүтгүүлэх хандлага гарсаар байв. Бэрхшээл ихтэй ажил ажээ. Ямар ч байсан хамгийн том 15 төсөл эрэмбэлэгдэж явна. Том шүхэр дэлгэгдэнэ гэсэн үг. Араас нь дунд хугацааны төслүүд жагсах ба ач холбогдлоор нь эрэмбэлсэн уг шүхрэн бүтэцтэй жил жилийн улсын төсөв уялдах учиртай. Тэгэхээр УИХ-ын гишүүд тойрогтоо “тогоо шанага” хуваарилуулдаг ажил бас эмх цэгцэндээ орох юм.

Улсын төсвийн төсөл хэлэлцдэг уламжлалт хэрүүл ч учир зүйтэй болох биз.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос бэлтгэн Засгийн газарт хүргүүлээд байгаа 15 төслийг аж үйлдвэрийн ба дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлийн төслүүд хэмээн хоёр хувааж болохоор байна. Хар болон өнгөт металлургийн үйлдвэрлэлийг шинээр бий болгох, говийн дэд бүтцийн авто зам, төмөр зам, дулааны цахилгаан станц, Улаанбаатар хотын авто замыг сайжруулах, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам барих, аялал жуулчлал, өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хүн амын хүнсний хэрэгцээг бүрэн хангах зэрэг төсөл эхний шатанд бичигдэж байна. Түүнчлэн Хятадын Хөгжлийн банкны зээлээр Шивээ-Овоогийн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам барих, нийслэлийн цахилгааны “Их тойруу сүлжээ” болон Улаанбаатар хот орчмын авто замын сүлжээг шинэчлэх төслийг хэрэгжүүлнэ.

Нэгэнт 200 сая ам. доллараас багагүй хөрөнгө шаардах төслүүд учраас санхүүжилт хамгийн гол асуудал нь. Тиймээс төслүүдийг эцэслэн баталмагц гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад идэвхтэй танилцуулах аж. Дээр дурдсан гурван төсөл дээр Хятадын талаас санхүүжилт нь шийдэгдэх шатандаа яваа бол үлдэх дийлэнх төсөлд санхүүжүүлэгч хэрэгцээтэй болно. Олон улсын санхүүгийн байгууллагууд чухам ийм далайцтай, Монголын төр засаг дэмжиж, эрэмбэлсэн тогтвортой хамтран ажиллаж болохуйц бүтээн байгуулалтад оролцохоор хүлээж байгаа.

Олон улсын санхүүгийн байгууллагуудаас гадна гадаадын компаниуд төслүүдэд хамтран оролцох боломж нь нээлттэй. Ингэхдээ санхүүжилтийн боломжит бүх хувилбарыг Засгийн газар санал болгоод байгаа юм. Тухайлбал, хөрөнгө оруулагчаас урьдчилгаа төлбөр авах, төр ба хувийн хэвшлийн түншлэлээр хөрөнгө оруулалт гаргах, бонд борлуулах, ашигт малтмалын түүхий эд, бүтээгдэхүүнээр урьдчилан төлбөр хийх замаар санхүүжилт босгохоор Засгийн газар тогтоол гаргав. Уг тогтоол долдугаар сарын 22-ны өдөр батлагджээ.

Ойрын өдрүүдэд Монгол улсын хөгжил дэвшлийн тулах цэг болох олон асуудал шийдэгдэх гэж байгаагийн нэг том хэсэг нь энэхүү Хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр билээ. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо байгуулагдаад хийсэн хамгийн гол ажил нь. Гагцхүү хорооноос боловсруулсан саналд яамдаас өөрчлөлт оруулах сонирхол байж болзошгүй. Яамдын саналыг анхан шатанд нь Шинэтгэлийн хороо нэгтгэн зангиддаг төрийн бодлого боловсруулах үйл явцын эрэмбэ дараалал эрхбиш тогтоно хэмээн найдаж байна. Монгол улс хөгжлийн ойлгомжтой төлөвлөгөө, тогтвортой хөтөлбөртэй болох цаг айсуй. Яг ийм алхмыг дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагууд удтал хүлээсэн билээ.