2015.11.1
Таны харж байгаа гурван тасалгаанд нийт 120 хүүхэд хүмүүждэг. Тус бүр хорин хүүхэдтэй зургаан бүлэгт хуваагдаад, өдрийг ээлжээр өнгөрөөдөг. Хорин хүүхдээс 15-ыг нь гардан хооллодог. “Гардан хооллодог” гэдэг нь багш, асрагч нарынх нь хэрэглэсэн хэллэг. Учир нь энэ хүүхдүүд тархины саажилттай. 2-5 настай эдгээр хүүхэд нийслэлийн бүх дүүргээс ирсэн. Хар хол Налайхаас өдөр бүр ирдэг хүүхэд ч бий. Мөн Баянхонгор, Баян-Өлгий аймгаас саажилттай хүүхдээ аваад ирсэн ээж аав байна. Тэд Улаанбаатарт түрээсийн байранд амьдарч, хүүхдээ энэ цэцэрлэгт өгдөг. Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор нэртэй.
Цогцолбор гэхийг бодоход том байшин, төрөл бүрийн үйлчилгээ мэт ойлгогдоно. Харин энэ 120 хүүхэд гэрэл зурагт харагдах гурван тасалгаандаа чихээтэй даруй гурав дахь жилийнхээ нүүрийг үзэв. Тархины саажилттай хүүхдэд хамгийн чухал зүйл юу вэ? Ийм бэрхшээлийн талаар ямар ч ойлголтгүй наад захын хүн ч шууд хэлнэ. Цэвэр агаар хамгийн чухал! Монголчуудын олонх амьдардаг угсармал байрнуудын стандартын зочны өрөөнөөс ялимгүй том талбайтай энэ гурван тасалгаанд цэвэр агаар хомс.
“Өнөөдөр бид хэд Алтан намар урлагийн арга хэмжээгээ хийсэн. Хоёр бүлгийн нийт 40 хүүхэд дээр дөчин аав ээж нь ирээд, агаараа булаацалдаад, зарим хүүхэд царай нь хөхрөөд сандраад тэгээд арга хэмжээгээ сая дуусаад гайгүй хүүхдүүдээ эртхэн явуулчихаад байж байна аа…” гэж 10-р цэцэрлэгийн багш бидэнд сунжруулан ярьсан юм. Тархины саажилттай байтугай эрүүл хүүхэд ч бүтэн өдрийг өнгөрөөхөд давчуу ийм гурван тасалгааны зургийг Та харж байна. Гэрэл зургийн чанар тааруу байгаад хүлцэл өчье. Гол нь уншигч Танд бодит байдлаар нь харуулчихъя.
Сувиллын 10-р цогцолбор гэдэг нь Монгол улсад ганц байдаг улсын хэмжээний байгууллага юм. Гуч гаруй жилийн өмнөх барилга нь хуучраад, ашиглах боломжгүй болсон аж. Шинэ цогцолбор барина гээд энэ хэдийг нүүлгээд, одоо гурав дахь өвөлтэйгээ золгох нь. Шинэ цогцолборын барилгын тендерийг саявтар л зарласан бололтой. Ремикон компани шалгарсан гэж байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт асуудал сунжирсан уу, Боловсролын яам анхааралгүй байсан уу, Хүн ам, нийгмийн хамгааллын яам ийм хүнд нөхцөлийг мэдсээр яагаад шаардлага тавиагүй вэ гэсэн асуултууд гарч ирнэ.
Төрийн захиргааны дээрх гурван байгууллагад гурвууланд нь шууд хамаатай асуудал. Гэвч гурвуулангийнх нь дунд хайхрах эзэнгүй хаягдан явсаар өнөөдрийг хүрсэн. Тархины саажилттай хүүхдэд чухал дараагийн зүйл нь юу вэ? Дасгал хөдөлгөөн. Дахиад зургийг хараарай. Давчуу өрөөний хаана нь нөхөн сэргээх дасгалуудаа хийх вэ? “Хийх ёстой дасгал хөдөлгөөн бүрэн хийгдэх боломжгүйгээс эмчилгээний өмнөх үр дүн байхгүй болж байна” хэмээн багш нар ярьсан юм. Энэ цэцэрлэг “ердийн” статустай учир Боловсролын яаманд харъяалагддаг. Тусгай цэцэрлэгийн стандарт дүрэм журам Монголд байхгүй гэнэ. 2012 оноос ердийн сургууль, цэцэрлэгүүд Нийслэл, дүүргээс төсвөө авдаг болсон. Саажилттай хүүхдүүд ба тэдний эцэг эхэд сар бүр тэтгэмж өгдөг Сан нь Хүн ам, нийгмийн хамгааллын яамны мэдэлд байдаг. Ингэж тал талд харъяалагддаг, гэсэн атлаа аль алинд нь хаягдсан тусгай цэцэрлэг, сургуулийн амьдрал ийм. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол-эрүүл мэнд-нийгмийн хамгааллын гурван цогц асуудал зохицуулалтгүй, уялдаагүй орхигдсон байна.
Асаргаа шаарддаг хүүхэд сард 115.000 төгрөгийн тэтгэмж авах эрхтэй, эцэг эх нь 56.000 төгрөгийг Тэтгэмжийн сангаас авах боломжтой. Асаргааны мөнгө хэмээн түүнийг нэрлэдэг. Нөгөө хөдөөнөөс ирээд түрээсийн байранд амьдарч байгаа эцэг эх иймэрхүү тэтгэмжээр хэрхэн амьдардаг нь ойлгогдоно. Хүнд өвчтэй хүүхдүүд асаргааны хэдээ сард аваад байдаг юм байж. Тэгвэл арай гайгүй хөнгөн хэлбэрийн бэрхшээлтэй хүүхдээ Тусгай сургуульд өдөр зөөж сургууль дээр сахиж суусаар орой нь авч харьдаг, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй ээж аав юугаараа амьдардаг юм бол оо. Ядарсан хэсгийн амьдрал иймэрхүү тарчиг. Харин задарсан хүмүүсийн талаар хойно өгүүлэмз. Хүн ам, нийгмийн хамгааллын яамны мэдэлд байдаг баян Сангуудын мэдээллийг ч энэ нийтлэлдээ өгнө.
За ингээд олон том яамны харъяалалтай мэт боловч түмэн асуудлыг нь шийдэх эзэнгүй үлдсэн Сувиллын цэцэрлэгийн сурвалжлагадаа эргэн оръё. 120 хүүхдийн эмэнд жилдээ 167.000 төгрөг төсөвлөдөг. Тийм ээ, та андуурсангүй. Ердөө 167 мянган төгрөг. Эрүүл мэндийн яамны оролцоо хаана байна аа гэж Танд бодогдож байгаа. Чухал шаардлагатай эмийн хэрэгцээнд гэж ийм төсөв баталдаг. Ингээд болоо. Сэргээн засах үйлчилгээний зардал нойл. Тархины саажилттай хүүхдүүдийн амьдралд Эрүүл мэнд, спортын яамны оролцоо өчүүхэн. Уг нь хамгийн түрүүнд оролцох ёстой ёо. Ийм сонин тогтолцоон дунд 120 хүүхэд гурван тасалгаандаа өдрийг өнгөрөөж байна.
Гадаа жижиг саарал микро ирж зогслоо. Хүүхдүүдээ бүх дүүргээр зөөдөг унаа гэнэ. Энэ их түгжрэл дунд өдөржин явдаг унаа нь. Сувиллын цэцэрлэг яслийн 10-р цогцолборынхон түр хоргодсон байр уг нь Баянзүрх дүүргийн Асрамжийн 58 дугаар цэцэрлэгийн нэг жигүүр юм. “Өнөр бүл” төв ч гэж ярьцгаадаг. Дүүргийнхээ хүүхдүүдийг авах учиртай. 10-р цэцэрлэгийн байшин “газарт орсон” учир ингээд ганц жил хамтдаа тэсье гэсэн нь одоо гурав дахь жилдээ оржээ. Байрныхаа зүүн жигүүрт дөрвөн өрөө гаргаж өгсөн. Дөрөв дэх өрөөнд эмч үзлэг хийдэг. 58-р цэцэрлэгт авах харъяалалтай хүүхдийн тоо нэмэгдээд байгаа, танай шинэ байшин хэзээ ашиглалтад орох бол гэж эднийхэн байнга асуудаг гэж сувиллын багш нар нэмж хэлэв. Тендерийг сая шалгаруулж Ремикон ХХК шинэ барилгыг барих болсон гэсэн шүү дээ. Концессийн нөхцөлөөр барих жагсаалтад орсон юм шиг байна, ашгүй. Одоо л хуучин барилгыг нурааж, ажил нь эхлэх байх гээд багш нар итгэл гэрэлтсэн нүдтэй ярив аа.
10-р цэцэрлэгийн багш “Зөвхөн энэ Баянзүрх дүүрэгт гэхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй саажилттай дахиад 120 орчим хүүхэд бий, тэд гэртээ байдаг” гэсэн юм. Нэг дүүрэгт байдал ийм. Бусад дүүрэг, хөдөөд ямар байгаа бол? Бодитой судалгааг манай аль ч Яам яг таг хэлж чадахгүй. Зөвхөн тархины саажилт гэлтгүй хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдийн тоог Хүн ам, нийгмийн хамгааллын яам 11.365 гэсэн бол Боловсролын яам 15.000 гэв. Харин төрийн бус байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй 30.000 хүүхэд Монгол улсад бий гэж байна. Нэгдсэн статистикгүй гэсэн үг.
Төрийн бус нэлээд байгууллага тархины саажилттай хүүхэд асаргааны төвүүдийг хувиараа ажиллуулдаг юм байна. Хувиараа ч гэж, голдуу гадаадын төслийн тусламжаар ажиллуулдаг. “Дэлхийн зөн”-гийн дэмжлэгээр Налайх дүүрэгт Хүүхдийн хөгжлийн төвийнхөн барилгаа барьж дуусгах гэж хөрөнгө мөнгөний маш их хүндрэлд орсноо бас ярив. Уг яриа Төрийн Ордны “Г” танхимд болсон. Энэ сурвалжлагуудаа би УИХ-ын Нийгмийн бодлогын Байнгын хорооноос томилогдсон Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж явахдаа хийсэн юм. Гишүүн Д. Арвинаар ахлуулсан Ажлын хэсэг Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургууль, Сувиллын 10–р цогцолбор, 55-р тусгай сургуулиар тус тус орсон. Дараа нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын уулзалт Ордонд болов. Мөнөөх Налайх дүүрэгт байрладаг Хөгжлийн төв төсөвгүй болох үе олон, хүүхдүүдийнхээ хоолны махыг дэлгүүрээс зээлээр авч байсан тухай Ажлын хэсгийн уулзалт дээр хэлж байлаа. “Бид Халамжийн сангаас дэмжлэг хүссэн боловч тэндээс санхүүжилт хийх боломжгүй гэсэн” хэмээн Төвийн тэргүүн өгүүлэв.
Халамжийн сан гэж хүмүүс ярьж заншсан. Ядарсан хэсгээ халамжлах мөнгө л гэж хардаг. Монгол улс нийгмийн хамгааллын таван том Сантай. Зүгээр том биш шүү, маш том Сантай. Яагаад маш том гэж тодотгосноо тоогоор илэрхийлье.
1. Тэтгэврийн даатгалын сан
2. Тэтгэмжийн даатгалын сан
3. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан
4. Ажилгүйдлийн даатгалын
5. Эрүүл мэндийн даатгалын сан
Одоо энэ Сангуудын жилийн орлого ба зарлага, санд үлддэг их хэмжээний мөнгийг сонирхоно уу.
Цалингаасаа бид нийгмийн даатгалын шимтгэл суутгуулдаг. “Суутгуулдаг” хэмээн хүнийрхүү хөндий хэлсний учир нь энэ олон жил ажил хийгээд сар бүр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төллөө гээд тэтгэврийн даатгалын дансандаа ямар хуримтлалтай болсноо би ч мэдэхгүй, та ч мэдэхгүй. Хуримтлал гэдэг үгийг хүү гэсэн ойлголт ямагт дагалддаг. Бидний хорь гучин жилээр төлж цугларсан мөнгөний хадгаламжийн хүү нь хэд болж байгаа вэ? Энэ хүүг иргэн Та яагаад хянах эрхгүй вэ? Цалингаасаа бидний төлсөн мөнгөний хүүг хэн хэрхэн захиран зарцуулж байна вэ?
Тэтгэврийн даатгалын санд 2015 оны есдүгээр сарын байдлаар 710 тэрбум төгрөгийн орлого орсон байна. Тэтгэмжийн даатгал 61 тэрбум төгрөгийн орлоготой. Ослын дааталын сан 71 тэрбум, Ажилгүйдлийн даатгалын сан 21 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сан 179 тэрбум төгрөгийн тус тус орлоготой. Эдгээр том тоог Нийгмийн даатгалын ерөнхий газрын нээлттэй цахим хуудаснаас авав. Одоо зарлагад анхаарал хандуулна уу. Мөн л өндөр өндөр дүн гаргаж. Гол нь үлдэгдэл нь хэд вэ? Тэтгэврийн даатгалын сангийн харилцах дансны үлдэгдэл 67 тэрбум, Тэтгэмжийн даатгалын сангийнх 12 тэрбум, Ослын даатгалд 252 тэрбум, Ажилгүйдлийн даатгалд 120 тэрбум, Эрүүл мэндийн даатгалд 332 тэрбумын үлдэгдэлтэй байна. Налайх дүүргийн Халамжийн төвд хоолны махны мөнгө яагаад өгч болохгүй вэ гэдгийг сонирхъё. Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийг ирэх долоо хоногт Гишүүд хэлэлцэх үедээ эдгээр Сангийн үлдэгдэл ба зарцуулалтад анхаарал илүү хандуулахыг хүсье. Ялангуяа хүүгийн орлогоос нь халамжид зарцуулах бололцоо нээх хуулийн өөрчлөлтийг бодолцоорой. Сангуудын хооронд мөнгө шилжүүлээд байдгийг харвал бас бусад зарцуулалт хийж болдог юм шиг байна.
Сангуудын энэ их үлдэгдэл хаана байдаг юм бэ. Арилжааны банкуудад хадгалаастай бий. Арижлааны банк гэхээр хадгаламжийн хүү гэсэн үг шууд бодогдож байгаа биз дээ. Арилжааны нийт 11 банкинд ( Голомт, Капитал, Капитрон, Төрийн банк, Төрийн сан, Улаанбаатар хотын, Үндэсний хөрөнгө оруулалтын, ХААН, Хас, Худалдаа хөгжил, Чингис хаан) Нийгмийн даатгалын газрын дансууд байршдаг. Дээр нь БНСУ-ын дөрвөн банкинд (Үрий банк, Кеб, Шинхан, Күкмин) Ниймийн даатгал харилцах данстай. Арилжааны банк тус бүр дээр таван сан тус бүрийн хадгаламж ба харилцах гэсэн тус тусдаа данстай. Нэг үгээр Нийгмийн даатгалын ерөнхий газар их олон данстай.
Хадгаламжид ямар хүү бодогддогийг иргэд мэднэ. Банк бүр ялимгүй зөрүүтэй. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 11 банкин дахь хадгаламжийн нийт үлдэгдэл 457 тэрбум төгрөг байна. Хүү нь хэд вэ? Банк тус бүр нийгмийн даатгалтай тусдаа гэрээтэй учир хамаагүй хэлж болохгүй л гэж байна. Гэхдээ хадгаламжийн дундаж хүүгээр бодоод гаргахад нэг их ядах юмгүй.
Харилцах дансдын хувьд дунджаар 5.5 хувиар хүү боддог гэнэ. Харилцахын үлдэгдэл нийт банкинд 195 тэрбум төгрөг байгаа. 5.5 хувиар бодвол өндөр тоо гараад ирж байгаа биз? Даатгал төлөгч хүн бүр энэ тоог бодоод үзээрэй. Харин сэтгүүлч би Нийгмийн даатгалын ерөнхий газрын вэб хуудаст байгаа даатгалын сангуудын үлдэгдэл ба арилжааны банкуудын нийт үлдэгдлийн зөрүүг илүүтэй сонирхов. Банкуудын үлдэгдэл ба нийгмийн даатгалын тайлан дээрх үлдэгдэл 140 тэрбум төгрөгийн зөрүүтэй байна.
Зөрүү нь үнэт цаас хэлбэрээр байдаг юм аа хэмээн Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажилтан хариулж байна. Дэлхийн баян сангуудын жишгээр бас бонд монд болгоод үржүүлээд явдаг юм байлгүй дээ. Гол нь хаанахын ямар үнэт цаас авснаа Сангууд нээлттэй зарладгийг нь дуурайвал сайнсан.
Өөр нэг зүйлийг тодруулах ётой. Арилжааны банкууд дээр байгаа Нийгмийн даатгалын хадгаламж ба харилцахын хүү нь хэрхэн бодогдож, юунд зарцуулагддаг вэ. “Бусад орлого” гэсэн хэсэгтээ орчихдог юм гэсэн бүрхэг хариулт сонсов. За бусад орлогыг нээж үзнэ ээ. Тэтгэврийн даатгалын сангийн бусад орлого хэсэгт 26 тэрбум төгрөг бичигдэж. Тэтгэмжийн даатгалд 1 тэрбум, Ослын даатгалд 12 тэрбум, Ажилгүйдлийн даатгалд 7 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн бусад орлого нь 26 тэрбум төгрөг болсон байна. Эндээс яг хэд нь хүүгийн орлого юм бэ? Таван тэрбум орчим төгрөгийн нийт хүүгийн үлдэгдэл байгаа юм шиг ерөнхий хариулав. Задаргааг нь авъя…… хэлдэггүй ээ. Уг нь Нийгмийн даатгал төлж буй хүн болгон мэдэх эрхтэй тоо. Хэрэв Та нийгмийн даатгал төлдөг бол асуугаад үзээрэй. Ажилтнуудынхаа нийгмийн даатгалыг төлөх гэж чардайж яваа манай бизнесийнхэн лавлаарай. Нийгмийн даатгалын сангийн 2016 төсвийн хэлэлцүүлгийн явцад Гишүүд ч гэсэн сонирхоорой. Намайг ингэж лавлаад сонирхоод яваад байхаар Эрдэнээ сайд энэ сэтгүүлч намайг байн байн сурвалжиллаа гээд гомдоод эхэлдэг юм.
(http://bolormaa.niitlelch.mn/content/7366.shtmlhttp://bolormaa.niitlelch.mn/content/7338.shtml)
Үнэхээр би С. Эрдэнэ сайдын эдлэнгүүдийг, оффисийн зориулалттай өндөр тауэрийг сурвалжилсаан. Энэ удаа Нийгмийн даатгалын сангуудын үлдэгдэл, хүүгийн орлого юунд зарцуулагдаж байгааг мэдэхийг хүсч байна.
Ядарсан ба задарсан улсуудын орлогын хооронд сансар галактикийн ялгаа гарчихсныг би сурвалжлагуудаараа хэлж байгаа юм.
Нийгмийн даатгалын дансдыг шилэн болгоё
Бидний төлсөн мөнгөний зарцуулалт дээр гарч буй гажигийн тухай ганц хоёр баримт хэлье. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан. Та цалингийнхаа 3 хувийг энэ Санд өгдөг. Сангийн жилийн орлого 70 тэрбум давж байгааг дээр харсан. Жилийн зарцуулалт нь дунджаар 27 тэрбум. Үлдэгдэл нь хаана байна. Байгаа л гэж байна. Жилийн орлого 70 тэрбумын талыг уул уурхайн компаниуд төлдөг. Уул уурхайн компаниудын ажиллагсад цалин харьцангуй өндөр. Сангийн 40-50 хувийг тэдний цалингаас бүрдүүлдэг. Уул уурхайн үйлдвэрлэл эрчимжсэн 2010 оноос энэ сангийн орлого огцом өссөн байж таарна. Удаад нь барилгын салбарынхны төлсөн 3 хувиас уг сангийн 10 орчим хувь бүрддэг. Энэ хоёр салбар юугаараа ижил билээ? Үйлдвэрлэлийн осол гэмтэл их гардаг. Тэгвэл аюулгүй ажиллагааны сургалт, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдэд энэ сангаас зарцуулах ёстой. Хөдөлмөрийн яамнаас авсан мэдээллээр Ослын даатгалын сангаас тус Яаманд 1 хувийн санхүүжилт олгодог гэнэ. Нөгөө 70 тэрбумын орлогын ганц хувиар сургалт, бусад арга хэмжээ зохион байгуулдаг. Бага тоо. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарцуулалт нь Хөдөлмөрийн яамандаа харъяалагддаг БНСУ шиг улсуудын жишээ байна. Тэд урьдчилан сэргийлэх арга хэмжээнд ихээхэн хөрөнгө зарцуулдаг. Сангийн гол зориулалт ийм байх учиртай.
Нийгмийн даатгалын сангуудын зарцуулалтыг УИХ нээлттэй хэлэлцэх, тэр тусмаа Нийгмийн даатгалын багц хуульд өөрлөлт оруулахаар бүсчилсэн хэлэлцүүлэг хийж эхэлсэн энэ үед салбар бүрийн байр суурийг, ажил олгогчдын, даатгал төлөгч бүрийн өмнө Сангийн зарцуулалтын өнөөгийн байдлыг ил гаргаж ярилцах ёстой юм. Арилжааны банкуудад байгаа үлдэгдэл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим хуудаст тавьсан дүнгийн зөрүү 140 тэрбумын задаргааг ч ярих ёстой. Тагнуулын ерөнхий газрын данс шилэн байхад нийгмийн даатгалын дансдын орлого, зарлагыг цалингаасаа шимтгэл төлдөг иргэд хянах нь ердийн явдал.
Сангуудын үлдэгдэл тэрбум тэрбумаар хэмжигдэж байх атал нэг сургууль дээр эмийн зардалд аравдугаар сард 8000 төгрөг үлдсэн тухай сурвалжлагынхаа явцад сонсов. Энэ бол харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 сургуулийн дансанд үлдсэн зайлшгүй шаардлагатай эмийн төсөв. Энэ мөнгөөр нүдний ганц дусаалга авч хүрэхгүй шүү дээ гэж Захирал нь ярьж байна. Тусгай сургууль, цэцэрлэгийн хүүхдийн сургалтын онцлог нь хүүхэд болгонд тус бүрд нь хэрэглэгдэхүүн чухал. Харааны бэрхшээлтэй хүүхдийн сурах бичиг дэвтэр хэвлэдэг брайл цаас дууссан гэнэ. Баатум цаасан дээр, эсвэл орос зургийн дэвтрийн хатуу цаас ашиглаж сурах бичгээ хэвлэж байна хэмээн багш нар нь ярив. Нөгөө л Ажлын хэсэг маань тусгай сургууль, цэцэрлэгүүдээр яваад байлаа. Зуун айлын замаар түгжирсээр барилгын материалын “100 айл” нэртэй том дэлгүүрээр баруун эргэв. Хэдхэн метр замд түгжирч бөглөрсөөр арайхийн тусгай 116, 29-р сургууль, 186-р цэцэрлэг байрладаг хашаанд нэвтрэв ээ. Ногоон хантааз өмссөн бүсгүй хашааны хаалгыг манаад зогсчихсон, бүдүүн олсны үзүүрээс чадлаараа атгачихсан үзэлцэж байна. Сургуулийн хашаанд машинаа тавих гэсэн барилгын материалынхантай хэрээрээ хэрэлдэж байлаа. Цаг минут тутамд энд ийм дажин болдог. Хараа, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн хашаанд дотор дайрч орж ирээд машинаа тавих нь ердийн явдал. Бүр чингэлгээ байрлуулчихсан газрууд бий. Ядарсан ба задарсан хүмүүсийн дараагийн жишээ ийм. Энд дотуур байранд амьдардаг хүүхдүүд яахав сургуулиасаа гарахгүй аргалаад болоод байдаг бололтой. Харин хотын бүх дүүргээс ирж хичээлдээ суудаг хараа сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эх өдөр бүр ийм зодоон тэмцэл дундуур зүтгэсээр хүүхдээ хичээлд нь оруулж, орой аваад харьдаг. Унаатай нь азтай, явган нь яалтай!
Барилгын материалын дэлгүүрүүдийг 100 айлаас нүүлгэх Хотын даргын шийдвэрийг хэрэгжүүлэх хангалттай үндэслэл энд харагдаж байна. Сүхбаатар дүүргийн Хүүхдийн нэгдсэн эмнэлэг рүү орох гарах гарц битүү хэвээр, мөн л олс дээсээр зогсоолоо манаастай. Эмнэлгийн орчны стандарт энд байхгүй. УИХ-ын байнгын хорооны Ажлын хэсгийн ахлагч Д. Арвин Боловсролын яаманд үүрэг өглөө. Хөгжлийн брэхшээлтэй хүүхэд сургуульдаа ирж очих таатай нөхцөлийг нэн даруй бүрдүүлэх чиглэл өгөв. Боловсролын яам ч Замын цагдаагийн газартай ярилцан хориглох тэмдэг тавин, Замын хөдлөгөөний хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ даруй хэрэгжүүлэх шийдвэрийг газар дээр нь гаргаж байна.
Тусгай сургалттай 55- р сургуулийн захирал Г. Ганбилэг Ажлын хэсэгт “Оюуны бэрхшээлтэй хүүхдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа. Яалангуяа аутизм оноштой хүүхэд их ирж байна”гэсэн юм. Гэхдээ хүнд, хөнгөнийг нь ялган оношилж чаддаггүй. Уг нь оношлогоо үнэлгээг олон улсын стандартын тестээр хийх учиртай Комисийг хоёр жилийн өмнө байгуулсан. Одоо хүртэл ажилдаа жигдэрч ороогүй гэв. Яагаад ажиллаагүй вэ гэтэл Хүн ам, нийгмийн хамгааллын Сайдын багцад 300 сая төгрөг төсөвлөхөөс дөнгөж 100 сая нь суусан, салбар комисоо ажиллуулж чадахгүй байгаа гэж Яамны дарга нар танилцууллаа. Зуун сая төгрөг гэдэг бага тоо гэж үү? Байгуулагдаад хоёр жил болоход энэ Комисын дарга хоёр удаа солигдсон. Өөр дорвитой ажил хийснийг мэдэхгүй юм. Төслийн шугамаар Америк явсан дарга нар цөөнгүй, туршлага ч нэлээн судлаа биз. Гол нь ажил хэрэг болгох сэтгэл дутаж байгааг цөөнгүй жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэдвээр бичихдээ харж явлаа.
55-р сургууль Өдөр өнжүүлэх төвөө энэ жил нээжээ. Чехийн Элчин сайдын яам 22 сая төгрөгөөр тусалж. Хүүхдээ сургуульд хүргэх, авах гэж өдрийн явдал болдог олон хүнд Өдөр өнжүүлэх төв боломж олгон, нэлээд нь ажил хийх цаг завтай ч болсон гэв. Эднийх 452 хүүхэдтэй. Бага ангийнхан үдийн цайгаа уудаг юм шиг байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй бүх суралцагч өдрийн хоол идэх эрхийг Нийгмийн хамгааллын хуулиар нээсэн боловч хэрэгжээгүй. Боловсролын яамныхан ирэх жилээс хэрэгжинэ ээ л гэж байна. Журам нь гараагүй удсан юм уу, төсөвгүй юм уу, хэн мэдэх вэ. Гэхдээ гэдэс хонхолзоод сургууль дээрээ өдрийг барах хэцүүг бүгд гадарлана даа…
Ердөө 22 сая төгрөгөөр Өдөр өнжүүлэх төв байгуулан том асуудлыг давхар давхар шийдэж болж байгаа жишээг энд харлаа. Хөгжлийн брэхшээлтэй хүүхдийн боловсрол- эрүүл мэнд- нийгмийн хамгааллын асуудал бүгд гадаадын тусламжийн байгууллагуудын хийдэг ажил болсон байна. Мөнөөх оношлогооны Комисын ажлыг зүгшрүүлэхээр Нээлттэй нийгэм хүрээлэн дээр Америкийн төсөл хэрэгжсэн бол одоо Японы Жайка төсөл хэрэгжүүлнэ гэнэ дээ. Чехийн Элчин өдөр өнжүүлэхийнх нь санхүүжилтийг гаргаад өгчихсөн…БНХАУ-ын буцалтгүй тусламж 30 сая ам доллар буюу 60 тэрбум төгрөгөөр Ордон барина гэв. Дандаа буян хандиваар ажил явж байна аа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв хэмээх 60 тэрбум төгрөгийн (30 сая доллар) төсөвтэй Ордны талаар өмнөх сурвалжлагууддаа нэлээн дурдсан. Хүн ам, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д. Амарсайхан Төрийн ордонд болсон Ажлын хэсгийн хоёр дахь уулзалт дээр Ордныхоо тухай презентэшн хүртэл бэлтгээд ирж. Овоо шүү. Төрийн бус байгууллагын төлөөллүүдэд ингээд аль эрт л танилцуулж саналыг нь авах ёстой байлаа. Нийт 14.990 метр квадрат талбайтай, 240 ортой нөхөн сэргээх эмчилгээний тасгийг олон улсын стандартаар байгуулна гэж байна. Тэгэхээр Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллах ёстой гэсэн үг. Дотор нь ажиллах мэргэжилтнүүдийн зардал мөнөөх 60 тэрбум дотор багтсан гэв. Тэгэхээр Боловсролын яамтай нэгдэж ажиллах хэрэгтэй. Салбар дундын зохицуулалт шаардсан ажил гэдгийг давтан хэлье.
Сайдыг нь шүүмжилсэн сэтгүүлч намайг Ажлын хэсэгт ороод яваад байгаад Амарсайхан дарга эмзэглэсэн байж магад. Ийм шүү, тийм шүү гээд л тайлбарлаад байна. Энэ мэдээлэл сэтгүүлчид бус, харин төрийн бус байгууллагынханд онц чухал юм. Тэдэнд зориулсан,тэдний гардан ажилладаг бэрхшээлтэй иргэдэд илгээсэн тусламж учир.
Төсөв хэлэлцэж байгаа энэ өдрүүдэд тусгай 6 сургууль, хоёр цэцэрлэгт хэрэгцээтэй наад захын мөнгийг хасуулалгүй батлуулчих юмсан гэж Ажлын хэсэг ийнхүү байдлыг газар дээр нь үзэж, нэгдсэн уулзалт ч хийлээ. Богино хугацаанд ажлыг шуурхай зохион байгуулсан Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д. Батцогт, Ажлын хэсгийн ахлагч Д. Арвин, Ажлын хэсгийн гишүүн З. Баянсэлэнгэ, Д. Хаянхярваа, мөн дэмжин ажиллаж буй гишүүд Ч. Улаан, Р. Амаржаргал, Л. Гантөмөр, С. Одонтуяа, С. Оюун нарт талархал илэрхийлье.
Ядарсан хэсэгт хэрэгцээт мөнгөн дүн гэж дээд тал нь 200 сая төгрөгийн асуудал энэ хэд хоногт яригдав. Цэвэрлэгээний воок савангүй болсон мэтийн “жижиг” асуудал ч дэгдэв. Төрийн Ордноор нэг цуурайтах их наяд миллион триллион бондуудын дэргэд найман мянган төгрөгний нүдний дусаалга, 167.000 төгрөгийн эмний төсөв хумхийн тоос лугаа сонсогдож байгаа биз.
Ядарсныг айлгасан нь
Ордны амьдрал, гадуурх ядуурлын зааг ялгааг, бас холбоо сүлбээг хөдөө орон нутгийн жишээн дээр энэ хэсэгт өгүүлье. The Mongolian Mining Journal орон нутгийн сэтгүүлчдэд зориулан цуврал сургалт зохион байгуулж, уул уурхайн сэдвээр мэргэшин бичих сэтгүүлчдийн дунд уралдаан зохион байгуулсан юм. Уул уурхайн үйлдвэрлэл явагдаж буй хөдөө нутгаас хотын бидний олж мэдээгүй сонин хачин бүхий материалууд ирсээр байна. Тэдний нэг “Өнөөгийн Баянхонгор” сонины Эрхлэгч П. Санаадагвын манай Редакцид илгээсэн сурвалжлагыг энд онцлохыг хүслээ.
Баянхонгор аймгийн Баян-Өндөр суман дахь Аман голын хүрэн нүүрсний ордыг эзэмших, улмаар цахилгаан станц байгуулахаар Шанхайд төвтэй Эпитод компани ажиллаж, харин нутгийнхан эсэргүүцэж байгаа тухай сурвалжлага. Эпидот ХХК нь TBF international групийн охин компани гэнэ. Энэ нэр анхаарал татсан билээ. Тавантолгой ордын олон улсын тендерийг Засгийн газар шалгаруулж,шалгарсан консорциумтай ид хэлэлцээр хийж байх үед буюу энэ оны хоёрдугаар сард TBF international хэмээх баян групийн нэр анх сонсогдон, Монголын телевизүүдээр “Тавантолгой ордод бид 5 тэрбум доллар оруулъя” хэмээн цочир зарлаж билээ. Гэтэл нөгөөдүүл маань аль хэдийнэ Баянхонгорын Баян-Өндөрт ажлаа эхэлсэн юм байж.
“Эпидот” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж. Жэйсоны яриаг уншигч танд хүргэе. (Эрхэм Жэйсоны зургийг нь та бас харж байна)
“Энэ ордыг ашиглах цаг хугацаа, үр шимийг нь хүртэх хамгийн тохиромжтой хугацаа тохиогоод байна.
Нөгөөтэйгүүр бид төслөө зогсооно гэснээр бүх асуудал дуусчихгүй. Өнөөдрийг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтын асуудал сөхөгдөнө. Дан ганц Баян-Өндөр сумын асуудал биш юм. Бид Шанхайд Монголын Соёлын төв байгуулсан. Сайншандын аж үйлдвэрийн паркийн техник, эдийн засгийн үнэлгээг хийсэн. Ган хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хийсэн. “Шинэ Улаанбаатар” төслийн мастер төлөвлөгөөг гаргасан. 14 сая тонн нүүрс угаах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг мөн хийсэн. Эдгээрт хөрөнгө оруулсан асуудал сөхөгдөөд зогсохгүй Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд унах аюултай” (MMJ#082) хэмээн Ж. Жэйсон захирал малчдыг айлгасан нь хамгийн их анхаарал татсан юм.
Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын ТЭЗҮ-ийг Шанхайн TBF хийсэн тухай ийнхүү анх удаа сонсов. Мөнгөө нэхнэ шүү гэж нутгийн иргэдийг айлгахыг бодвол Сайншанд АҮЦ төслийнхөн TBF-ээр “юм хийлгэсэн” хөлсөө төлөөгүй юм шиг байна. Хөгжлийн банкнаас Сайншанд АҮЦ-ын зөвлөх үйлчилгээнд 9.2 тэрбум төгрөг гаргуулахаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам мөнгө нэхсэнийг санаж байна. Хөгжлийн банк одоогоор 6.3 тэрбум төгрөгийг бондоос олгоод байгаа билээ. Ер нь 2010 оноос хойш энэ мэтээр хийгдсэн ТЭЗҮ, зөвлөх үйлчилгээний хөлсний дүн олон тэрбумаар хэмжигдэж, тэдгээр цаасыг одоогоор ойшоосон хөрөнгө оруулагч байхгүй байгаад дүгнэлт хийх ёстой юм.
П. Санаадагва сэтгүүлчийн сурвалжлагад нэр дурдсан эрчим хүчний инженер залуу “…Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан байгууллагын үйл ажиллагааг зогсоовол зарцуулсан хөрөнгө оруулалтыг орон нутгаас гаргах зохицуулалт бий. Хэрэв энэ компанийн төсөл ингээд зогсох юм бол Баянхонгор аймаг маш өндөр хэмжээний төлбөрт унахад хүрнэ” гэсэн нь мөн л эгдүүцэл төрүүллээ. Нутгийнхантай Шанхайн TBF-ийн төлөөлөгчид хоёр удаа уулзалт хийгээд ойлголцолд хүрээгүй аж. Бүр УИХ-ын гишүн С. Ганбаатар, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны төлөөлөгч хүртэл очоод орон нутгийнхан “ойлгоогүй” бололтой. Баян-Өндөр сумынхны ярианаас Санаадагва сэтгүүлч цөөнгүй эшэлсэн ба энд нэг ярианаас хүргэе.
Сумын ИТХ-ын төлөөлөгч, малчин А.ДУНДУЛАМ:
“Манай аймаг, сумын удирдлагууд мэдээллийг хааж, бүрхэгдүүлсэн нь өнөөдрийн асуудлыг үүсгэсэн. Баян-Өндөр сумын 2800 гаруй хүнийг төлөөлж бидний 10 хүн эсэргүүцлээ илэрхийлж, хэлэлцээрийн ширээний ард суун, байр сууриа хамгааллаа. Манай сум, орон нутгийн удирдлагууд “Эпидот” ХХК-тай хэрхэн хамтарч ажиллах, ямар шийдвэр гаргасан талаараа тодорхой мэдээлэл өгөөгүй.
Өнгөрсөн оны аравдугаар сарын 6-нд “Эпидот” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Жэйсон манай суманд ирж мэдээлэл хийснээс хойш сумынхан бужигнаж эхэлсэн. Энэ үйл явдлаас хэдхэн хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 2-ны өдөр тухайн орд газрыг тусгай хэрэгцээнээс хасчихсан байсан. Юу болсныг лавлахаар дээрээс шийдвэр гаргаж, үүрэг өгсний дагуу гарын үсэг зурсан гэж орон нутгийн удирдлагууд тайлбарладаг. Өнгөрсөн оны наймдугаар сарын 26-нд манай сумын иргэдийн 80 гаруй хувь нь эсэргүүцэж гарын үсгээ зурсан бичгийг аймагт өгсөн юм” гэжээ.
Эдүгээ TBF international нь Рокмон билдингийн аравдугаар давхарт офистой, “Ти Би Эф Монголиан Пауэр” ХХК нэртэй болж. Мөд Тавантолгойн сэдвээр дахин яриад эхэлбэл гайхах зүйлгүй.
Задарсан хүмүүсийн сонирхдог сэдэв
Томчуудын сонирхдог сэдвийг үргэлжлүүлье. 10-12 тэрбум ам. долларын өртөгтэй автозамын аварга төслийн Гэрээг Оросын талын зарим хамтрагчтай үзэглэсэн тухай УИХ-ын даргын Хэвлэлийн албаны мэдээг эрхэм уншигч санаж буй биз ээ. ОХУ-Монгол-БНХАУ-ыг холбосон авто тээврийн транзит зам мэдээж маш чухал бүтээн байгуулалт. Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н. Батбаярын эхлүүлсэн “Талын таван зам” буюу гурван улсыг транзит шугамаар холбох таван төрлийн төслийн нэг нь юм. Гагцхүү энэ мега төслийн тухай мэдээлэл эхнээсээ Монголын олон нийтэд хаалттай байсан, харин хамгийн сүүлд З. Энхболд даргын саявтар ОХУ-д хийсэн айлчлалын дараа дээрх товч мэдээ хальт харагдаад өнгөрч билээ.
Тэгвэл ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын Эдийн засгийн зөвлөх Б.Б. Дагбаин The Mongolian Mining Journal (#083) –д өгсөн ярилцлагадаа: “Чингис Лэнд Девелопмент” группын хэрэгжүүлэх гэж буй “Чингисийн автозам” төслийн талаар Монгол улсын эрх бүхий байгууллагууд болох Гадаад хэргийн яам болон Зам тээврийн яамнаас Оросын талд албан ёсоор мэдээлээгүй. Тиймээс Оросын Засгийн газарт Монголын төлөвлөгөөний талаар бүрэн гүйцэд мэдээлэл байхгүй” гэжээ.
Гадаад яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газарт өмнө нь Зам тээврийн яаманд байсан баг ажилладаг. Тэгэхээр Ардчилсан намын фракцууд том төслүүдээ хуваан авсан хэдий ч бие биеэ дэмжихгүй байдал анзаарагддаг. “Талын зам уг нь Монголд чухал төсөл. Манайхан дотроо толхилцоод ойлголцохгүй байгаагаас хамаг асуудал үүсч байгаа” гэж Н. Батбаяр гишүүн нэгэнтээ ярьсныг санаж байна.
Өөр нэг мега бий. 2013 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн Сайдын дэргэд өдөлсөн. Нүүрс шингэрүүлэх бусад төслөөс оройхон мэндэлж, хурдтай ажил нь урагшилсан уг төслийг сая Германы Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ядаад Санамж бичгийн хүрээнд тохироод авах эрмэлзэл байсан байх. Гэвч Герман, Япончууд тооцоо судалгаах хийж байж шийдвэр гаргадгаараа А. Гансүхийн олж ирдэг “хөрөнгө оруулагчаас” ихээхэн ялгаатай юм.
Том төслүүдийн явцаас томчуудын толхилцооны өнгө аясыг харж болно. Ардчилсан намын дара З. Энхболд намынхаа тулгын гурван чулуу хэмээн Шонхор, МоАХ, МҮДН фракциудаа эрхлүүлдэг бөгөөд энэ тулга нь их том төслүүдийн эрх ашиг дээр тэнцвэрждэг. Хэрвээ төслүүд бүтэхээ боливол АН хэд хуваагдахад бэлэн байна. Гол Яамд, Мега төслүүдийг гартаа авсан дээрх гурван фракцийн ард Ардчилсан намын аядуу хэсэг амаа ангайн хоцорчихоод байгаа. Юм юмнаас хоцорсон энэ хэсэг бол УИХ-ын гишүүн, засаг төрд алба хашиж байсан хүмүүсийн бүлэг. Улайн цайм ажиллагаануудад оролцдоггүй, ном журам ярих дуртай тэрхүү “элит” хэсэг одоогоор АН-ын суурийг авч үлдэх цөм нь юм.”Алтан гадас” фракцийн хувьд мөнгө зангидаж явсан 2012-2014 оны алтан үеээ өнгөрөөгөөд, Парламентын сөрөг хүчин шахуу болоод шарталттай хэвээр явна. Тэднийг хэрхэн эрх мэдэл, Засгаас холдуулсныг эргэн сануулъя.
2014 оны тавдугаар сарын 14-нд Байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Х. Баттулга “Би давхар дээлээ тайллаа” хэмээн халууцсан дүртэй ханхалзаж суусныг уншигч мартаагүй биз. Хэд хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 28-нд “Нүүрс” хөтөлбөрийн нягтланг ажил дээрээс нь баривчилсан. “Алтан гадас-ын эсрэг ажиллагаа эхэлж буй нь тэр. Төдөлгүй Наадмын өмнөхөн Хууль зүйн сайд Х. Тэмүүжингийн найз бүсгүйгээс яриа авах ажиллагаа үргэлжилж, хэн хаанаас юуг онилоод буй нь ерөнхийдөө тодорхой болсон. УИХ-ын гишүүдийн утаснаас иргэдэд мессеж нисч очдог эвгүй явдал Төрийн ордонд тархаж, одоо ч энэ асуудлын учрыг Тагнуул тайлахгүй байхыг бодоход Монголын төрд гудамжны ажиллагаа ердийн явдал болсон. Тэр өдрүүдэд мэдээллийн гол сайтуудыг хакердаж байсныг сэтгүүлчид мартаагүй. Эвгүй… гэхээс илүү үг ганхийсэн хүн үгүй. Бүгд айн болгоомжилсон. Дуугаа ч хураацгаасан. Харин аравдугаар сард Засаг огцрох араандаа орж билээ. Засаг огцруулах технологи ийм дараалалтай.
Энэ бүх явдлуудын дараа нэг жил тойрч, өдгөө дараагийн гудамжны зодоон эхлэх шатандаа орж байна. Хэрвээ том төслүүдээ тохирч хувааж чадахгүй бол АН мөд хуваагдах нь тодорхой юм. Томчуудын тохироо үргэлжилж байна. Энэ долоо хоногийн турш Төрийн Ордонд 2016 оны төсвийг хэлэлцээд гишүүд тун чиг завгүй байх ёстой. Гэхдээ ядарсан олонд зориулсан багахан төсвийн хэлэлцүүлэг дээр АН-ын “мега”-нууд үзэгдэхгүй байгааг Та харж байгаа. Нөгөө номой элитүүд төсвөө ярилцана биз. Ядарсан нь эндээ найман мянган төгрөгний нүдний дусаалганы асуудлаа яриг. Харин задарснууд нь хот орчмын эдлэндээ цуглацгаан, мега, гега төслүүдээ тохирох сүүлийн хагас жил эхэлж байна.