2015.10.21.
Энэ удаа олон тайлбар бичмээргүй байна. “Эрдэнийн өргөөнөөс хийсэн жижигхэн сурвалжлага” үнэхээр ганц барилгын тухай байсаан. Арвангурван давхар уг барилга жилийн өмнө ашиглалтад орсон ба Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт, нийслэлийн төв хэсэгт байрлалтай.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийн талаар цөөнгүй жил цуврал сурвалжлага бэлтгэх явцдаа сургалтын ба нөхөн сэргээх орчин эдгээр хүүхдүүдэд хүрэлцээгүй юм гэдгийг алхам тутамдаа харж явлаа. Хүүхдийн паркийн хойно “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв баригдаж байна” гэсэн тайлбар бүхий барилгын ажил хэдэн жилийн өмнөөс эхэлж, эдүгээ өндөр сайхан “тауэр” босчээ. Гэхдээ тауэрт сургалтын ямар ч төв байсангүй. Ингээд “Эрдэнийн өргөөдийн” сурвалжлага эхэлсэн юм.
Өмнөх сурвалжлага цацагдсаны дараа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын Сайд С. Эрдэнэ фэйсбүүк хуудастаа тайлбар бичсэнийг эрхэм уншигч анзаараа байлгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэрээр сөөм газар аваагүй тухай тайлбар. Жирийн иргэнийг ч, төрийн Сайдыг ч үндэсгүй зүйлд сэтгүүлч гүтгэх ёсгүй юм. Тиймээс Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хуулийн хэлтсээс доорх тодруулгыг хүсээд, ном журмынх нь дагуу ажлын таван өдөрт багтаан хариуг өнөөдөр авав.
Сургалтын төв барих зориулалтаар анх газраа авчээ. Одоо оффисийн зориулалтаар метр квадратыг нь 45.000 төгрөгөөр тооцон, түрээслүүлдэг. Шонхор тауэрийн арвангурван давхар барилгад сургалтын ямар ч байгууллага байхгүй бөгөөд С. Эрдэнэ сайдын охины ажиллуулдаг төрийн бус байгууллага өнчин ядуу, хөгжлийн бэрхшээлтэй зарим хүүхдэд мөнгөн дэмжлэг өгөх зарчмаар “Төгс эрдэм сан” ТББ ажиллуулдаг. Тус төрийн бус байгууллага дэргэдээ “Гурван тамир” дунд сургуулийг ажиллуулдаг гэсэн учир дараа нь хорооллыг зорьсон билээ.
Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр, “Өргөө” кинотеатрын хойно байрладаг “Гурван Тамир” сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүртэл хүүхэд жилд авдаг ба бусад хүүхдийн ижил 1.800.000 төгрөгийн төлбөртэй сургалттай гэж Сургалтын алба нь хариулсан. “Гурван Тамир” сургуулийн барилгыг Та зургаас харж байна. Залгаа барилгад нь “Тамир холидэй төв” ажилладаг. Ер нь өмнөх сурвалжлагынхаа явцад “Тамир” хэмээх аварга сүлжээ Нийгмийн хамгааллын сайдад маань ямар хамаатайг сайн ойлгоогүй л явлаа.
Нийслэлийн тэргүүний нэг сайн сургуулиар ороод гарахдаа арай л жижиг талбайтай юм, яг залгаад караоке, зочид буудал байрладаг нь хүүхдүүдэд төвөгтэй байдаг болов уу хэмээн бодоод өнгөрсөн. Харин “Тамир” хэмээх шидэт сүлжээ нь С. Эрдэнэ сайдын гэр бүлийн бизнес болохыг хоёр дахь сурвалжлагынхаа явцад арайхийж нэг юм ойлгов.
Яагаад утасны үзүүр Хандгайт тийш хөвөрчихснийг уншигч Танд хэлье. “Тамир холидэй төв”-ийн эзэмшигч гэх “Молор трэйд” ХХК нь Сайдын үр хүүхдийн компани бололтой. Монголын улстөрчдийн түгээмэл жишээ ийм билээ. Сайдын хүүхэд бизнес хийгээ л биз…
Хандгайтын эцэст, нарсан ой бүхий үзэсгэлэнт байгалийн дунд сүүлийн хоёр жилд сүндэрлэн боссон олон объектийн захаас Та харж байна. Тийм ээ, энд өмнө нь зөвхөн “Их тамир” ахмадын амралт байсан. Одоо эргэн тойронд нь Сагсан бөмбөгийн ордон сүндэрлэж. Эрдэнэ сайд эцэг Д. Содномзундуйнхаа дурсгалд зориулж сайхан гэрэлт хөшөө босгожээ. Хүүгийн хувьд бахархалтай үйлс. Харин хаана нь бахархал, бизнесийн ялгаа оршиж буйг харах эцэсгүй болтол “Тамир” сүлжээ өргөжсөөр байгааг Та Хандгайт хотхоны шинэхэн барилгуудаас харж болно. Метр квадрат нь 1.500.000 төгрөгийн үнэлгээтэй 26 айлын, зургаан давхар лав хоёр шинэхэн сууц Сайдын эзэмшлийн газарт сүндэрлэн босоод байна. Борлуулалтаа ч эхэлж. Цаашид Хандгайт хотхон хэрхэн өргөжин дэвжихийг мэдэхгүй. Тэр талаар тодруулах хэрэгтэй бол “Өргөө” кинотеатрын хойно байрлах “Тамир төв”-өөс лавлаж болох гэнэ. Мэдээж Хандгайт хавийн эдлэн Сайдын нэр дээр биш байж таарна. Монголын улстөрчдийн үр хүүхдийн бизнес цэцэглэж байна. Нээрээ буруутгах үндэс алга л даа…
Монголын сагсан бөмбөгийн холбоо 50 жилийн түүхтэй гэдэг. Саяхнаас С. Эрдэнэ сайд Үндэсний сагсан бөмбөгийн холбоог шинээр үүсгэн байгуулж, Ордон байгуулсан, өөрөө Ерөнхийлөгч нь. Спортын холбоод статусын хувьд бодвол төрийн бус байгууллага байдаг байлгүй, тэгэхээр тэрбээр мөнхийн Ерөнхийлөгч нь гэсэн үг. Сагсны шинэхэн Ордны цагийн түрээс 250.000 төгрөг гэсэн. Бүтэн өдөр сагсдвал 2 сая төгрөг төлөх нь. “Олимп” нэртэй хоёр зочид буудал сүндэрлэжээ. Нэг хүний 50.000 төгрөгийн төлбөртэй. Залуусын заал авдаг газар, жишээ нь Гаалийн ерөнхий газрын спорт заал цагт 40.000 төгрөгийн төлбөртэй байдагтай харьцуулбал Хандгайтын Сагсны ордон үнэхээр шилтгээн лугаа үнэлгээтэй аж. За хүний орлого тооцох яамай, уг нь би Нийгмийн хамгааллын сайдаас хөгжлийн бэрхшээлтэй 12.000 хүүхдэд сурах, нөхөн сэргээх жаахан булан энд тэнд гаргаад өгөөсэй гэж сурвалжлагаа эхэлсэн чинь сүүлдээ дандаа Ордон, Хотхон-ы бүтээн байгуулалт дээр давхиж очиж таарав.
Хандгайтын эдлэн тэлсээр байгаа бололтой, ойн захад нүсэр объект ид сүндэрлэж байна.
Эдүгээ “Тамир төв”-д өөр нэг орон сууцны захиалга бас авч байна. 143 айлын орон сууц “Найрамдал” олон улсын хүүхдийн амралтын хашаан дотор сүндэрлэжээ. Хандгайт хотхоноос арай тансаг сууц юм болов уу, “Найрамдал”-ын шинэ орон сууцууд метр квадрат нь 2.500.000 төгрөгийн үнэлгээтэй гэх юм. Айлууд ч ороод эхэлжээ. Жил хагасын өмнө энд сууцны суурь байтугай газар шорооны ажил эхлээгүй байсан даа. Их л хурдтай өрнөжээ, Эрдэнэ сайдын бүтээн байгуулалт.
Жил бүрийн арванхоёрдугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэдэг. Манай улсын хувьд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн төслийг Засгийн газар удахгүй УИХ-д өргөн барих биз ээ. Мөн БНХАУ-ын 60 тэрбум төгрөгийн тусламжаар барих Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Хөгжлийн төвийн шавыг тун удахгүй тавих аж. Эдгээрийг онцлон дурдахын учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал нь Боловсролын, Эрүүл мэндийн, Нийгмийн хамгааллын салбар дундын зохицуулалт шаардсан өргөн хүрээтэй ажил байдаг. Хувь, хувьсгалын ажлын ялгаа зааггүй болтлоо хаанчлах цаг дууссаныг С. Эрдэнэ сайдад сануулах гэж ийнхүү хоёр бичил сурвалжлага хийлээ. Сайдаас тодруулга авахаар цөөнгүй удаа хүсэлт тавьсан хэдий ч ярих шаардлагагүй гэж үзсэн юм болов уу хариулсангүй. Улстөрчөөс урт яриа авах ажил Хэвлэлийн төлөөлөгчийнх нь, эсвэл Пи Ар багийнх нь үүрэг биз, тэдэнд ажлыг нь үлдээе.
Харин Сайд Таныг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалт, сэргээн заслын ганц хоёр газраар ороод гарна уу гэсэн хүсэлт дайя. Гол төлөв гадаадын элдэв төслийн санхүүжилтийн хүрээнд, орон сууцны 3-5 өрөөнд, хоёр гуравхан багштай ажилладаг тэдгээр бичил Төв нь бэрхшээлтэй нийт 12.000 хүүхдийн алинд нь ч хүрч ажиллах боломжгүй. Тухайлбал, Сайд та Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдийн холбооны дэргэдэх Төвд нэг заваараа зочилбол сайнсан. Энхтайваны гүүр гараад, “Говь” ХК тийш эргэдэг зам дагуу орон сууцны нэгдүгээр давхарт даруухан хаяг харагдана даа. Хоёрхон багштай энэ Төв саажилттай хүүхдүүдийг асарч, хичээл заадаг, бас зүгээргүй цаг зав гарган гэртээ хэвтэрт байдаг ясны сийрэгжилт-саажилт хавсарсан хүүхдүүдэд үлгэр уншиж өгч, чадах хэрээрээ тусалдаг гэсэн.
“Гар нь татчихсан саажилттай хүүгийн хуруунуудыг илбээд, үлгэр уншиж өгөхөөр таталт сулраад хэсэг тайвширдаг юм” гэж Мөнхчимэг багш ярьсан юм. Орон сууцны 5 өрөөндөө олон үйлчилгээ үзүүлж чаддаг юм байна лээ. Эцэг эхчүүдээс төлбөр авдаггүй. Нөгөө сууцныхаа түрээсэнд лав 2 сая төгрөг сард төлдөг шиг байгаа юм. Монако гэв үү нэг улсын төслийн санхүүжилттэй, мөд төслийн хугацаа дуусна гэв. Монгол улс маань ийм иргэддээ, тэр тусмаа хүүхдүүдэд туслах цаг болсон баймаар. Энэ Төвийн захирал ямар хүн байдгийг мэдэхгүй, лав маш чухал ажил эхлүүлж, олон хүүхдэд бодитой тусалж байгааг нь харсан. Энд тэнд илүү өрөө байр байвал Төвүүдэд туслаарай Сайд аа.