2015.10.12.
Түүнийг Эрдэнэ гэдэг. Баянгол дүүргийн Засаг дарга асан. Нийгмийн хамгааллын салбарыг нэвтэрхий мэдэх нэгэн. Хүн ам, нийгмийн хамгааллын сайд Эрдэнээс хүүхдүүд их зүйл хүлээдэг. Хөгжлийн бэрхшээлтэй 11.000 орчим хүүхэд Монголд бий гэдэг юм. Боловсролын яамны өгсөн статистик. Гэхдээ бодитой биш. Учир нь хэнийг хөгжлийн бэрхшээлтэй гэх вэ гэдгээ Монгол улс оношилж үнэлэх арга зүй байхгүй. Лав 1990 оноос хойш албан ёсны тооллого, статистик гараагүй хүн амын хэсэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд. Багцаагаар тэд 11.000-уулаа болсон ба нэмэгдээд байна уу, цөөрөөд байгаа юу гэх хандлага судлах амьтан алга. Тоог нь мэдэх байтугай сурах сургуульгүй, сэргээн дэмжих үйлчилгээ хүрэлцээгүй нэг ийм нийгэмд хаягдсан хүүхдүүд бий.
Хүүхдүүд Сайдыг хүлээгээд л сууж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв барьж өгнө гэсэн юм аа. Уг нь Сайдын бэлэг биш, БНХАУ-ын тусламж. Даруухан хэлэхэд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Төв. Зураг төслийг нь сонирхвол бүх төрлийн нөхөн сэргээх үйлчилгээ, сургалт, бусад тусламж авч чадах их том цогцолбор.
Хятадын тусламжаар баригдах том цогцолборын газрыг Баянгол дүүрэгт хэмээн товлосон гэж байна. Эрдэнээ сайдтай маань их ойр дотно дүүрэг билээ. Түүний ирэх сонгуулийн сурталчилгааны далайцтай реклам энэхүү цогцолборын шав дээр ч төвлөрөх биз. За яахав, яахав. Хурдан босч, хүүхдүүд очих газартай, дэмнэх зорилготой л болж байвал барав. С. Эрдэнэ сайд хөөцөлдөлгөө сайтайдаа Хятадаас авах 30 гаруй тэрбум төгрөгийн тусламж бүтээсэн ч юм билүү.
Саяхнаас бас нэг Ордны сураг гараад ирэв. Өнгөрсөн амралтын өдрүүдээр “Шонхор тауэр” шуугиан дэгдэв ээ. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв” гэдэг чинь аль хэзээний ашиглалтад орчихсон шүү дээ хэмээн олон нийтийн сүлжээгээр шаагиж байна. “Шонхор тауэр” хэмээх цоглог нэртэй болсон гэнэ. Хотын төвийн А зэрэглэлийн бүст боссон гэж онгироов. Хүүхдийн парк руу ордог байсан хэсгийг санаж байгаа биз дээ. Нийслэлийн хойморт, нөгөөх Шангри Ла гэгчийн яг хажууд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шууд “тауэр”-тэй болсон гэж байна.
Ийм хүүхдүүдэд сургалт-хөгжлийн төв яагаад чухал байдгийг уншигчид тэр бүр мэдэхгүй нь аргагүй. Дээр өгүүлсэн 11.000 хүүхдийн 1900 нь сургуульд хамрагддаг. Тусгай нэртэй зургаан сургууль байдгийг та дуулаа байлгүй. Үлдсэн 8000 нь хаана сурч, хэрхэн хөгжиж дэвшиж яваа нь бүү мэд. Жирийн багачуудтай зэрэгцээд сурч чадахгүй, хамт суръя гэсэн нь хавчигдаж гадуурхагддаг ийм л хувь заяатай. Тэдэнд хэрэгцээндээ таарсан боловсрол олж авах орчин, нийгэмд өөрийгөө аваад явах наад захын дадал суух сургалт юутай чухал вэ гэдгийг давтан хэлүүлэх хэрэггүй биз ээ.
Сургуульгүй гэртээ цоожлуулдаг тэд гэнэт “тауэр”-тэй болсон түүхийг сурвалжиллаа.
Ингээд Эрдэнэ засгийн тауэрт хүрч очив. Ам метр нь 45.000 төгрөгийн үнэтэй оффис болж хувирав. Ашиглалтад ороод нэг жил болж байгаа, авто зогсоолоо шийдэхийн тулд парк руу ордог хаалганаас цааших газрыг “ярьж” байгаа гэв.
Бэрхшээлтэй хүүхэд залууст хамаатай юм хум энэ байшинд байна уу гэж үүдний жижүүрээс лавлав. Нэг төрийн бус байгууллага дөрөвдүгээр давхарт бий гэлээ. “Хүүхэд залуусын боловсролыг дэмжих Төгс эрдэм сан ТББ” хэмээх асар том хаяг гаднаа байруулсан байсан. Асуулаа. Танайх ийм хүүхдүүдийг хэрхэн дэмждэг юм болоо гэж. Сан бололтой юм. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэрэгтэй бол манай захирлууд ярилцаж байгаад дэмжлэг гаргаж болдог гэх зэргээр хариулав. Боловсролыг дэмжих төв гэсэн хаяг байх юм сургалт явуулдаг уу хэмээн лавшрууллаа. “Аан, хорооллын Өргөө кинотеатрын хойно “Гурван тамир” дунд сургуульд сургадаг юм” гэж байна. Овоо доо, дэргэдээ дунд сургууль нээчихсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд авдаг болжээ хэмээн баярлалаа.
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Нийслэлийн тэргүүний “Гурван тамир” бүрэн дунд сургууль гэж байх аж. Авсаархан байртай, тохь тухтай энэ сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүртэл хүүхэд авч сургадаг, энэ жилийн орон тоо дууссаан гэж байна. Жирийн хүүхдүүдтэй ижил хөтөлбөрөөр хичээллэдэг, тусгай хэрэгцээт боловсролын багш байхгүй ээ гэв. “Төгс эрдэм сан”-тай юугаараа холбогддогийг ойлгосонгүй. Нэр ус нь Архангай нутгийн юм гэлтэй биш…
OK. Ийм сургуулиуд бусад дүүрэгт ч мэр сэр байдаг. Голдуу тухайн ерөнхий боловсролын сургуулийн захирлын нийгмийн хариуцлагаа ухамсарлах нинжин чанар дээр суурилж энд тэнд ганц нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ийнхүү сургадаг. Тэдний нэг “Гурван тамир” сургуульд жилдээ хоёрхон ч атугай хүүхэд аваад, сургуулийн орчиндоо байлгаад байдагт баярлав.
Гол нь нөгөө Эрдэнээ сайдын маань эхний яриа юу болоод явчихав?Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв байгуулна хэмээн нийслэлийн хоймрын А зэрэглэлийн бүст газар авсан Нийгмийн хамгааллын гол хүн маань яг яасан байх нь уу?
Шонхор тауэрийн нэгдүгээр давхрын Бэнэ кафегаас аятай үнэр хамар цоргиж, гуравдугаар давхартаа мөн хоолны газартай бололтой, за яахав дөрөвдүгээр давхар хавиар хөгжлийн бэрхшээлтэй биш юм аа гэхэд ядаж хүүхэд залуусын хөгжилд зориулсан ямар нэг “юм” байгаа болов уу хэмээн найдан өгсөв. Нөгөө Төгс эрдэм сан ТББ гэдэг хандив үзүүлдэг газрын хаяг байна. Хажууд нь Архангай аймгийн нутаг орны байгууллага бололтой өөр нэг хаяг харагдав. Үндэсний сагсан бөмбөгийн холбоогоо мөн дөрөвдүгээр давхартаа байрлуулсан бололтой.
Монголын Сагсан бөмбөгийн холбоо хэмээх 50 орчим жилийн өмнө байгуулагдсан холбоотой өрсөлдөн С.Эрдэнэ дарга Үндэсний сагсан бөмбөгийн холбоо байгуулж орхисон, одоо хоёр холбоо олон улсын тэмцээнд тамирчнаа явуулах гэж би чи хэмээн булаалдан үе үе хэрэлддэгийг спортын андуудаас сонсч байсан билээ. Ер нь улстөрчид маань их спортын элдэв холбооны ерөнхийлөгч болох хообийтой болжээ, сүүлийн үед. Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэ аппаратын ажилтнуудаа Шонхор тауэртээ байрлуулдаг бололтой. Цамхагтай хүн чинь тэнд юугаа оруулах нь өөрийн хэрэг. Гол нь анх барилгын хашаан дээр дурайж байсан “Энд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв баригдана” гэдэг бичигтэй хамаатай ямар нэг “зүйл” байна уу гэсээр цааш дээд давхарт гарах гэвэл “ийшээ дандаа оффис бий” гэж байна. Дээшээ байгууллагууд ороод дүүрчихсэн юм уу, Шонхор фракц үүрээ зассан уу, мэдэхгүй. Ямар ч байсан анх газрын зөвшөөрөл авахдаа өмнөө барьсан бэрхшээлтэй хүүхдүүдэд нь хамаатай ширхэг сандал “Шонхор”-оос олдохгүй нь тодорхой боллоо.
Нийслэлийн төвийн газар нэг иймэрхүү байдлаар анх олгогдож, нэр хаяг өөрчлөгдсөөр өндөр үнэтэй оффисийн бизнес болсоор байна. Янз бүрийн аргаар газрыг анх авдаг биз. Эрдэнэ сайдын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нэр барьж газар аваад, нидэр дээрээ түрээсийн бизнес хийж суугаа нь жаахан жудаггүй юм даа. Бодвол мань эр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвийг Хятадын тусламжаар ирэх жил барина, Баянголын хүүхдүүдийг Найрамдал зусланд зуу зуугаар нь амраадаг, “Монголын залуучуудын эвсэл” гэдгийг идэвхтэй ажилладаг болгосон гээд хэлэх үг, хийсэн зүйл бий л байлгүй. Гагцхүү нийтийн төлөө хийгээд байна уу, бизнес, сонгууль фракцийн ажил нь шуудраад явна уу гэдэг ялгаа заагтай болохгүй бол горьгүй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийг энэ Намрын чуулганаар хэлэлцэх учиртай. С.Эрдэнэ сайд мэргэшсэн хүний хувьд уг төслийг өргөн барина. Монголд анх удаа хөгжлийн бэрхшээлтэй мянга мянган иргэнээ ялгаварлан гадуурхах явдлаас хамгаалах, нийгмийн бусад хэсгийг үүрэгжүүлэх заалтууд төсөлд орно гэсэн найдлага бий. Уг төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрийг барьж элдэв бизнес хийдэг явдлыг хязгаарлах санаа нэмээд оруулбал бас зүгээр санагдчихлаа. Эрдэнэ сайд өөрөө энэ талаар юм бодно биз. Ямар ч байсан Сайдаас ирэх жил Баянгол дүүрэгт баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын төв ба Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн төслийн талаар тодруулга авах цаг хүслээ. Цаг өгөх болов уу хэмээн найдаж байна.
БНХАУ-ын тусламжаар баригдах цогцолборын төлөвлөлт, түүнчлэн хуулийн төсөлд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн чиглэлээр ажилладаг маш олон төрийн бус байгууллагууд саналаа хэлэх болов уу гэж хүлээж байна. Дашрамд тэсэлгүй хэлчихэд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо, Хүүхэд хөгжил төв, Дауны холбоо, Аутизмын хоёр ч холбоо, миний мэдэхгүй өөр олон байгууллага унтаа нойрноосоо сэрж, үр хүүхдийнхээ сурах, ялгаварлуулахгүй байх, бусад үйлчилгээ авах эрхийн төлөө олигтойхон ажиллах болоогүй юу? Та нар ажлаа хийхгүй бол өмнөөс чинь нэр бариад бизнес хийдэг хүмүүс олширчих вий дээ.
Жижиг сажиг төсөл хөөцөлдсон тоо томшгүй төрийн бус байгууллагууд хэн нь юуны төлөө ажиллаж байгааг ч тодруулах хэрэгцээ байж мэднэ. Ингэж хэллээ гээд эмзэглэхгүй хэмээн найдна Эрдэнээ сайд, бас элдэв Холбоонууд аа.
Энэ багахан сурвалжлагын төгсгөлд өөр нэгэн санааг Боловсролын яаманд даймаар санагдлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үнэлгээ оношлогооны төвийг Хүн ам, нийгмийн хамгааллын яамны дэргэд биш, харин Боловсролын яамны дэргэд байгуулах нь зөв шийдэл юм шүү гэдгийг уламжилъя. Жайкагийн төсөл тэнд хэрэгжих гэж байгаа юм билээ, Эрдэнэ сайдыгаа идчихнэ гэж байгаа юм биш шүү, гол нь энэ хүүхдүүдийг эмгэгтэй согогтой гэж гоочилдог хуучин хандлагыг өөрчлөхийн тулд, хөгжиж боловсрох дэмжлэгийг хүчтэй болгохын төлөө Боловсролын яамны идэвхтэй оролцоо зайлшгүй болоод байна.