“ЧИНГИС”-ИЙН ГЭЗЭГНИЙ НАЙР

2015.9.23.

Даахийг нь үргээх цаг болжээ. Өлгийдөж авсан үр тань гурван ойдоо хүрч, хөлд орж, тусд зүтгэх үе ирлээ гэсэн үг. 2012 оны есдүгээр сарын намрын халуунд Монгол улсын Засгийн газар бонд “төрүүлэн”, Чингис хэмээн нэрийдье гэцгээн догдолсон билээ. Нэр нь хүндэдсэн хөөрхий бондод УИХ-ын 52 дугаар тогтоолоор арилжааны зөвшөөрөл аравдугаар сард нь олгов.

Нэг мэдсэн гурван хавар ээлжилж, гурван намар одож, одоо ямар “амьтан” бойжуулчихав хэмээн яриа хөөрөө олон нийтийн дунд чангарах тийшээ хандлаа. Чингисийн дүүг төрүүлнэ хэмээн УИХ-ын дарга урьдчилаад зарлаад явахыг бодвол өмнөх бондын өрийг хэрхэн дарах, зарцуулалтыг нь зарлах, үр дүнг нь хэлэлцэх сонирхолгүй аж. Харин дараагийн 2.1 тэрбумын бонд олж ирж, долларын ханшийг сонгууль өнгөртөл барих, АН-ын фракцид илүү тустай хэдэн төслийг шуурхай санхүүжүүлж авах яаруу давчуу салхи сэвэлзэж эхэллээ.

Гэвч дараагийн мега зээлийн наана өмнөх том өрөө ярилцахыг олон нийт шаардаж байна. Чингис бонд гурван ой хүрсний найран дээр гэзэг үс хөндөх, үг хэлэх үүрэгтэй эрхмүүдийг одоо нэрлэе. Бодлогын зөвлөл буюу 15 албан тушаалтан:

Н. Алтанхуяг (Ерөнхий сайдаар тухайн үед ажиллаж байсан)

Н. Батбаяр (Эдийн засгийн хөгжлийн сайд)

Б. Гарамгайбаатар (Эдийн засгийн байнгын хороо)

Ц. Даваасүрэн (Төсвийн байнгын хорооны дарга)

П. Цагаан (Ерөнхийлөгчийн Тамгын газар)

Д. Одхүү (УИХ-ын даргын ахлах зөвлөх)

Н. Золжаргал (Монголбанкны Ерөнхийлөгч)

Д. Баярсайхан (Санхүүгийн зохицуулах хороо)

Ч. Сайханбилэг (ХЭГ дарга)

Ч. Улаан (Сангийн сайд)

Х. Баттулга (Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд)

Ц. Баярсайхан (Барилга, хот байгуулалтын сайд)

М. Сономпил (Эрчим хүчний сайд)

А. Гансүх (Зам, тээврийн сайд)

Э. Бат-Үүл (Нийслэлийн Засаг дарга)

Энэ 15 хүн Чингис бондоос санхүүжүүлэх төслүүдийг эцэслэн сонгосон ба сонгох шалгуур үзүүлэлтийг мөн гаргасан, эрсдэлээс хамгаалан удирдах үүрэг хүлээсэн. Сонирхолтой нь Чингис бондоос хамгийн өндөр дүнтэй санхүүжилтийг захиран зарцуулах гарын үсгийн эрхтэй Сайдууд энд өөрсдөө багтсан юм. Төсөл сонгодог, мөнгө зарцуулдаг, өөрийгөө хянадаг гэсэн үг.

Чингис бондод дүү дагуулах тухай ярианаас өмнө Бодлогын зөвлөл үүргээ биелүүлсэн үү, эрсдэлээс хамгаалж удирдлагаар хангах үүргээ бондын хөрөнгийг гарын үсгээрээ гаргаж байсан Сайдууд биелүүлсэн үү гэдгийг төсөл тус бүрээр УИХ дээр нээлттэй хэлэлцэх ёстой. УИХ-ын Эдийн засгийн ба Төсвийн байнгын хорооны дарга нар Чингис бондын зарцуулалтад тавих хяналтаа хийж чадсан эсэхийг Чуулганаар хэлэлцэх учиртай юм. Тухайлбал, Байнгын хорооны дарга нар Б. Гарамгайбаатар, Ц. Даваасүрэн нарын хүлээсэн үүрэг энд яригдана. 1.5 тэрбум ам. долларын Чингис бондыг нийт арван төсөлд зарцуулсан. Тэгэхээр ухаан мэдрэл самуурахаар урт хэлэлцүүлэг болохгүй.

Бондын хүүнд 2013-2022 онд нийт 615 сая ам. долларыг улсын төсвөөс төлж байна, төлнө. Үндсэн төлбөр, хүүтэйгээ нийлээд 2.1 тэрбум ам. долларыг Чингистээ өргөх нь ээ. Бондын санхүүжилтийн тал хувийг өөрийн орлогоор зээлээ эргүүлж өгөх төслүүдэд зарцуулсан. Тухайлбал, МИАТ компани Боинг онгоц худалдаж авсан ба үйл ажиллагааныхаа орлогоор 84 сая ам. долларын зээлээ барагдуулаад дуусч байна. Үлдсэн 9 төслийн эргэн төлөлт одоогоор “Тодорхойгүй” гэсэн тодорхойлолттой яваа юм.

Чингис бондыг эргүүлж төлөх хугацааг хоёр ангилдаг. Эхний төлөлт 2018 оны нэгдүгээр сард хийгдэх бол сүүлийн төлөлт 2022 оны эцэст хийгдэнэ. Хорин хоёр он буюу “хол байна” гэж тайвшрах төлөлтөд Гудамж төсөл, Улаанбаатарыг аймгийн төвүүдтэй холбосон автозамууд, гэр хорооллын дахин төлөвлөлтөд зарцуулж буй нийт 667 сая ам. доллар орно. Энэ мөнгийг улсын төсвөөс төлнө. Үлдсэн нь орлогоороо зээлээ эгүүлэн төлөх учиртай төслүүд.

Зээлээ хугацаанд нь эргүүлж төлөх боломжгүй төслүүд олон байна. Шалтгаан нь янз бүр. Тухайлбал төмрийн хүдрийн нойтон баяжуулах 3 үйлдвэр Чингис бондоос хэрэгцээт санхүүжилтийнхээ гуравны нэгд зээл авч, үлдсэн мөнгөө өөрсдөө гаргасан. Үйлдвэрүүд хугацаандаа ашиглалтад орсон боловч зах зээл муудсан учир борлуулалтгүй, улмаар үйл ажиллагаа нь доголджээ. Үүнийг хүндэтгэх шалтгаантай төслүүд гэж үзэж болно. Хүндэтгэх шалтгааныг бид бие биедээ хэлж болох хэдий ч Чингис бондын төлөлтийн график шалтгаан асуухгүй, харин эргэн төлөлтийн шинэ хувилбар гаргах буюу Аргентиний араас алхам алхмаар орох эхлэл болно.

& тэмдэгтгүй буюу жинхэнэ Самсунг мөн үү?

Одоо хүндэтгэх шалтгаангүй төслүүдийн тухай илүү тодруулъя. Нөгөө 267 км төмөр зам. Монголчуудын “насаараа “ярьсан Тавантолгой ордын нүүрсний экспортын зам. Төмөр замын нийт өртгийг эхэн үедээ 700 сая ам. доллар хэмээн тооцоолж 200 сая ам. доллар гаргаж өгсөн. Орлогоороо эргэн төлөлт хийх төслүүдийн нийт санхүүжилтийн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний мөнгийг Чингис бондоос олгох Зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2012 оны арванхоёрдугаар сард буюу 1.5 тэрбум ам. долларыг манай төлөөлөгчид босгоод “хүү хаа” гээд ороод ирмэгц нь гаргасан юм.

“Хөгжлийн банкнаас олгосон 200 сая ам. доллар нь Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын ажлын гуравны нэгийн зардалд арай хүрэхгүй байгаа. Гэхдээ үлдсэн хөрөнгө оруулалтыг уг төсөл өөрсдөө босгох боломжтой. Найман жилийн дараа өртгөө нөхөх сайн төсөл” гэж Хөгжлийн банкны захирал Н. Мөнхбат ярьж байна. Хэрэв сайн төсөл юм бол хөрөнгө оруулагч яагаад олдоогүй юм бэ гэсэн асуулт гарна. 200 сая доллар зарцуулах эрхээ 2013 оны гуравдугаар сард бүрэн нээлгэчихсэн Тавантолгой-Гашуунсухайтын 267 км төмөр замын ажилд үлдэх хөрөнгийг гаргах компани олдоогүйн эхний шалтгаан нь Ерөнхий туслан гүйцэтгэгч шалгаруулах тендер зарлалгүй, БНСУ-ын Самсунг С&Т корпорацийн охин компанийг шууд сонгосон явдал гэж хөрөнгө оруулалтын шинжээчид үздэг.

200 сая ам. долларын ажил хийх Ерөнхий гүйцэтгэгчийг тендергүй шалгаруулаад, гар хөлийн үсэг зурсны учир юу вэ? Энэ төслийг гардан хариуцсан Зам, тээврийн сайд А. Гансүх “Энержи ресурс рэйл”-ийн төмөр замын төслийг гартаа авах үедээ мөн компанийн хийсэн Ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг тэр хэвээр нь шилжүүлж авсан гэж ярьдаг. 2013 оноос хойш энэ худал яриа олон нийтийг төөрөгдүүлж ирсэн.

Энержи ресурс рэйл ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг барих Ерөнхий гүйцэтгэгчийн тендерийг зарлаад, шорт листэд үлдсэн Самсунг С&Т корпорацтай Гэрээний нөхцөлөө эцэслэн тохиролцох шатанд явж байв. Энэ тохиролцоон дундуур А. Гансүхийн баг орж ирмэгцээ, хувийн компанийн гэрээний эрх үүргийг тэр чигт нь авлаа хэмээн хурдхан зарласан түүхтэй. Самсунг СТ-ийн охин компани SCTECM-тэй Монголын Төмөр зам ТӨХК тэр дор нь гарын үсэг зурж, эрх үүрэг шилжүүллээ болоод явчихлаа. Самсунг С&Т корпорац гэдэг нь одоо Шангри Лагийн барилгын ажил хийж байгаа, хэрэгжүүлж буй төслүүд нь олон улсад нээлттэй зарлагддаг компанийн бодит нэр. Харин А. Гансүх сайдын тэр дор нь “сонгож” орхисон охин компани хаанаас гараад ирсэн юм бол?

Манай Гадаадын хөрөнгө оруулалтын газарт 2012 оны арванхоёрдугаар сард бүртгүүлж, Улсын бүртгэлийн Гэрчилгээгээ авсан энэ шинэхэн компанийн бүртгэлийн нэр Самсунг СТ корпораци буюу “&” тэмдэгт нь орхигдсон байх юм. Энэ компанид эрх шилжүүлэх гурвалсан гэрээ ба Ерөнхий гүйцэтгэгчийн Гэрээг тойрсон их хэмжээний мөнгөний зөрүү гарч ирдэг ба энэ талаар хэвлэлээр шуугих тоолонд Сайд асан А. Гансүх БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанитай марга, надад хамаагүй маягаар хандаж иржээ.

Чингис бондын 200 сая ам. долларын зарцуулалт, менежментийг хариуцсан Сайдын хувьд энэ арга цааш нэг их удаан явахгүйг тэр сайн мэдэж байгаа. Хуульч хүний хувьд цэвэрхэн мултрах нүх сүвээ ч хэдийнэ бэлдсэн биз.

Монголын төмөр зам ТӨХК БНСУ-ын ямар компанитай гэрээ байгуулсан, тэрхүү Гэрээний нөхцөл яагаад Монгол улсад алдагдалтай болсныг өдийд Тагнуулын ерөнхий газар, бусад үүрэг хүлээсэн газрууд нь тодруулах ёстой.

Гэрээний зүйл заалт бүрээр, нийт арван удаа гарч зарцуулагдсан гэх гүйлгээ тус бүрээр аудит хийх ёстой юм. Гэхдээ саяын “Нүүрс” хөтөлбөрт аудит хийж улс төрийн захиалагчдадаа үйлчилдэг шиг хулхи гаруудыг оруулбал бодитой дүгнэлт хэзээ ч сонсохгүй. 2012 оны арванхоёрдугаар сард Улсын бүртгэлээс компанийн Гэрчилгээгээ авсан Самсунг СТ-ийн охин компанитай 480 сая ам. долларын ажил хийлгэх Гэрээ байгуулж орхидог юм байж. Тэрхүү шинэ тутам компанийнх нь өөрийн хөрөнгө ердөө 140 мянган ам. доллар гэж Гэрчилгээнд бичжээ. Хоёр зуун сая орчим төгрөгийн бэл чадалтай жижигхэн компанитай 800-гаад тэрбум төгрөгийн ажлын гэрээ хийлгэхдээ урьдчилгаанд нь 70 орчим сая ам. доллар буюу зуун хэдэн тэрбум төгрөгийг шууд шилжүүлсэн байх юм.

Монголд ийм ашигтай, ийм хялбар, ийм “бэлэглэлийн” тендер авч үзсэн компани байна уу?

Энержи ресурс риал ба Самсунг С&Т корпорац хооронд тохиролцож явсан нөхцөлүүдээс Самсунг СТ нь дохиолол холбоо, өртөөний барилга байгууламж хийлгэх ажлыг хасч гэрээ байгуулсан. Хоёр төрлийн ажил Гэрээний нөхцөлөөс хасагдсан атал Гэрээний үнэ Энержи ресурс риал ба Самсунг С&Т корпорац хооронд ярилцаж байсан саналаас 45 сая ам. доллараар өсөөд явчихсан. Энэ бол зүгээр зах зухаасаа бултайсан ганц баримт. Самсунг СТ-ийн нэг ажилтан өдөрт 400 ам. долларын дундаж ажлын хөлстэй байсан бол монголчууд 45 долларын үнэлгээтэй. Нэг куб метр газар шорооны ажлыг 9.9 ам. доллараар бодож Чингис бондоос 11.7 сая куб метр газар шорооны ажлын мөнгө авсан бол газар шорооны ажил хийсэн Монголын 13 компанид 5 доллараар бодож хөлсийг нь өгчээ. Дундаас нь унах энэ их мөнгө Чингис бондынх. Та бид эргээд төлөх өр. Гэрээг гардан удирдсан А. Гансүх сайд иймэрхүү асуудлыг өөрөөсөө холдуулан, Самсунг СТ-тэй шүүхийн маргаан болгох ажиллагаа зохион байгуулах муу аргаа сайн мэднэ. Гэвч энэ гэрээг зурах чиглэлийг өгч, удирдаж явсан Сайдын хувьд Монгол улсад олон тэрбумын алдагдалтай гэрээний хариуцлагаас мултарч чадахгүй.

Туслан гүйцэтгэгчээр ажилласан 13 дотоодын компанийн аравт нь нүүлгэн шилжүүлэлтийн зардал гэж арван хэдэн тэрбум төгрөгийн зардал Гэрээнд тусгасан, түүнээ Самсунг СТ Хөгжлийн банкнаас авсан. Гэтэл мөнөөх 13 компанийн арав нь аль эрт, Энержи ресурс рэйл ХХК-ээс нүүлгэн шилжүүлэлтийн зардал гэж тус бүрдээ 1 тэрбум төгрөгөө авчихсан байх жишээтэй. Монголын арван компанид нүүлгэн шилжүүлэх зардлыг давхардуулаад өгчихсөн бол яах вэ, дуугүй амаа хамхиж болох. Тэр зардлыг Самсунг СТ зардалдаа тусгуулаад авчихсан байгаа нь шог оо.

Твиттер, фэйсбүүкийн хуурамч аккаунт нээхдээ том, жижиг латин үсгүүдийн будилаан хийж, нүдэнд үл анзаарагдах хуурамч аргыг ашигладаг шиг “&”тэмдэглэгээний эргэн тойронд 2012 оны арванхоёрдугаар сард юу болоод өнгөрснийг өдий хүртэл хэн ч тодруулах сонирхолгүй байгаа нь энэ явдал улс төр, хууль хүчний шат бүртээ хамгаалагдсаных. Жинхэнэ Самсунг С&Т корпорацитай Гэрээний нөхцөл тохиролцоод явж байсан Энержи ресурс риал ХХК ч энэ тухай дуугарахгүй байгаа нь “айж явбал аминд өлзийтэй” гэсэн байр суурьтай болсных биз.

Чингис бондоос хамгийн их санхүүжилт авсан төмөр замын төслийн гараа ийнхүү хариуцлагагүй Гэрээ хийснээр эхэлжээ. Яг ийм хариуцлагагүй ажлуудыг анхнаас нь гарах вий гэж хянахаар дээр дурдсан Бодлогын зөвлөл байгуулагдсан ухаантай юм. Дээр нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид дурдсанаар олон нийтэд нээлттэй, хяналт дор нь Чингис бонд зарцуулагдах ёстойг дурдсан. Зөвлөмжийн 3.2 хэсэгт “Чингис бондын хөрөнгийн эх үүсвэрийн зарцуулалт, төсөл, хөтөлбөрийн сонголт, хэрэгжилт нь авилга, албан тушаалын үйлдэл, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх чиглэлээр прокурор, АТГ, Тагнуулын ерөнхий газар болон бусад холбогдох хууль хяналтын байгууллага уялдаатай ажиллах”-ыг сануулсан.

Хэрэв дурдсан байгууллагууд Зөвлөмжийн дагуу ажлаа хийсэн бол өмнө нь хэвтээ чиглэлийн 1100 км төмөр зам барих нэрээр үндэсний олон компаниар ТЭЗҮ-гүй төслийн шороо ухуулаад ажлыг нь хүлээж авахаас бултсан, зөвлөх үйлчилгээ нэрээр 55 сая ам. долларыг Хөгжлийн банкнаас гаргуулж авсан А. Гансүхийн багийг Чингис бондын төсөлд “ашиг сонирхлын зөрчилтэй” гэсэн ганц шалтгаанаар ойртуулахгүй байх бүрэн үндэслэлтэй байсан. Монголын төмөр замын суурь бүтцийн компанийг Хонконгт гадаадын компаниудтай хамтран байгуулахыг оролдож, Санамж бичиг зурж явсан энэ багт Чингис бондын төслийг хариуцуулж өгнө гэдэг чононд хонио хадгалуулснаас ялгаагүй.

Самсунг СТ компанитай ТТ-ГШ чиглэлийн төмөр зам байгуулах гэрээг Монголын төмөр зам ТӨХК-ийн дарга 2013 оны тавдугаар сард зурсан байдаг ба дансаар нь ганц төгрөгний гүйлгээ хийгдээгүй энэ Агентлагийн даргаар элдэв хариуцлагагүй гэрээнд гарын үсэг зуруулдаг, гэрээний нөхцөлийн ард өөрсдөө зогсдог туршлага Х. Баттулга, А. Гансүх сайдуудад бий. Өнөөдөр А. Гансүх сайд асан ТТ-ГШ төмөр замын төслийн ажлыг АТГ-аар шалгуулъя хэмээн зоригтой мэдэгдсэн тухай хошин шог үе үе сонсогддог. Монголын татвар төлөгчдийн халааснаас төлөгдөх Чингис бондын 200 сая ам. доллар, Хөгжлийн банкны 55 сая ам. долларыг зарцуулсан Яамны сайд, төслийг удирдлагаар хангах үүрэгтэй ерөнхий менежер, МТЗ-ын даргын гарын үсэг зурсан Гэрээнүүдийн ард чиглүүлж зогссон албан тушаалтны хувьд Та алхам тутамдаа, гүйлгээ гарах тоолонд аудитын шалгалтад орох үүрэгтэй. Шалгуулъя гэж хашгирдаг баатар эр биш, харин шалгуулах үүрэгтэй албан тушаалтан болохоо үргэлж мартаж ирснийг энд сануулъя.

2013 оноос хэрэгжсэн энэ төсөл өнөөдөр бидэнд юу үлдээсэн бэ? Төмөр замын доод бүтцийн ажил нь 86.6 хувьтай гэж мэдээлдэг. Гэвч энэ тоог баталгаажуулах шалгалт, аудит оруулдаггүй. Төр хүсвэл аудит, шалгалтыг хэрхэн шуурхай оруулан, шоронд хийж, шонд хатаадгийг Та бид сүүлийн хэдэн өдөр нээлттэй болсон “Нүүрс” хөтөлбөрийн шүүх хурлын бичлэгээс харсан. Төрийн аудиторууд гэж ямархуу хүмүүс байдгийг ч ойлгосон.

ТТ-ГШ төмөр замын доод бүтцийг хийхээр зарцуулсан 200 сая ам. доллар Хөгжлийн банкнаас гарсан атал Ерөнхий гүйцэтгэгч Самсунг СТ нь гэрээт туслан гүйцэтгэгч Монголын 13 компанид ердөө 70 орчим сая ам. доллар төлөөд “мөнгө нь дууссан” шалтгааныг хэн ч сонирхохгүй байгаа нь хачирхалтай. Энэ төслийн ерөнхий удирдагч Зам, тээврийн сайд асан А. Гансүх хуульч хүний хувьд өөрийн буруугүйг, Самсунг СТ-ийн асуудал болгон хялбар мушгих биз. Тийм учраас Чингис бондын хөрөнгөөр хийж буй бүтээн байгуулалтыг удирдлагаар хангасан төрийн Сайдуудад хариуцлагыг тус бүрд нь ярих ёстой дахин сануулъя. Дараагийн бондын тухай ярьж байгаа дарга болгон эхний Чингис бондын өгөөжийг хэрхэн дүгнэчихээд ийм зүйл хэлэв гэдгээ тайлбарлаг.

Шенхуа-д төмөр замын 49 хувиа энэ сарын сүүлээр өгнө

Самсунг СТ нь Монголын Төмөр замтай 27 сарын гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2015 оны есдүгээр сард дууссан ба манай хүсэлтээр гэрээг нь 10 сар хүртэл сунгажээ. Тавантолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний дагуу ТТ-ГШ чиглэлийн 267 км төмөр замыг Хятадын Шенхуа компани барьж байгуулахаар Засгийн газар шийдвэрлэж байна. Монголын компани байгуулаад, төрд 19 жилийн дараа 51 хувийг нь үнэгүй өгөхөөр 2009 оноос хойш хоёр удаа оролдсон энэ бүтээн байгуулалт эцсийн дүндээ Шенхуагийн 49 хувийн эзэмшлээр өндөрлөх нь тодорхой болжээ.

Хятадын аюулаар монголчуудыг айлгадаг Зам, тээврийн хоёр сайдын Монголын төмөр замын түүхэнд үлдээсэн тод мөр нь Хятадын төрийн өмчийн компанийн 49 хувийн өмчлөлд нэг шугамаа өргөн барих хүртэл нь шахалт хийсэн гунигт кейс болой.

Одоо Самсунг СТ-ийн МТЗ-тай байгуулсан гэрээний эрх үүргийг Хятадын компанид шилжүүлэх “ёслол” мөд болох биз. Ингээд 267 км төмөр замын овоолсон шороонд хийх аудит, удирдлагаар хангасан Сайдын хариуцлагын асуудлыг чимээгүй өнгөрөөх санаархал бий.

Зүүн Цанхид хятадууд олборлолт хийнэ

“Эрдэнэс Тавантолгой” ТӨК сайн ажиллаж байгаа гэж Их хурлын дарга З. Энхболд зориуд цохон тэмдэглэх хообийтой. Харин Тавантолгойн нүүрсний бассейний нэг хэсэг Зүүн Цанхийн уурхайн олборлогчоор ирэх аравдугаар сараас Хятадын компани орж ажиллахаар борлуулалтын үнэ дээр одоо тохиролцож явааг тэрбээр огт дурдахгүй байна. Зүүн Цанхийн ордод Австралийн Махмахон компанийн охин компани TTJV олборлогчийн гэрээ байгуулан ажиллаж байсан ба ажлын хөлсөө авч чадахгүй байгаа, сул зогсолт, алданги гэхчлэн “Эрдэнэс Тавантолгой” компаниас 107 орчим сая долларыг нэхэмжилсэн юм. Одоо энэ өрийг Хятадын Шин Юан группийн мэдлийн компани худалдан авч байгаа аж.

Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй хөрөнгө оруулалтын компани Шин Юан нь Хятадын Чалко компанитай цөөнгүй төсөлд түншлэн ажилладаг. Чалкод “Эрдэнэс Тавантолгой” 150 сая ам долларын өртэй, түүнээ нүүрсээрээ төлж байгаа. Тэгэхээр Чалкогийн түнш Зүүн Цанхид олборлолт хийж, Чалко нүүрсийг нь хүлээн авах хүртлээ Тавантолгойн ажил дампуураад байна. Энэ явдал “Эрдэнэс Тавантолгой” ТӨК гайхамшигтай ажиллаж байгаагийн шилдэг жишээ мөн биз?

Бид зөвхөн Чингис бондын талаар шуугин ярьдаг, хэрхэн төлөх вэ хэмээн санаа зовнидог. Тэгвэл Хөгжлийн банкны 580 сая ам. долларыг төрийн өмчийн ямар компаниуд авсан, тэд одоо яагаад хувьчлах объектийн жагсаалтад орцгоосныг дэлгэж ярилцаагүй явна. Тухайлбал, Дулааны цахилгаан станцуудын талаар ч бас дуугарах цаг болсон. Хөгжлийн банкны гаргасан евро бондоос “Эрдэнэс Тавантолгой” ХХК 200 сая ам долларыг үйл ажиллагааны зардалдаа гаргуулж авсан. Хөгжлийн банк энэ зээлийн хүүг одоо төлж яваа, 2017 онд бондоо эргүүлж төлөх ёстой. Гэтэл “Эрдэнэс Тавантолгой” эзэмшлийн уурхайнхаа үлэмж хэсгийг хятадуудын мэдэлд өгөөд, өрөө дарж явна. Тавантолгойн нүүрсийг зөөх төмөр зам Шенхуагийн 49 хувийн эзэшилд очиж байна. “Эрдэнэс Тавантолгой” ТӨК-ийн хаалттай хананы цаана ийм явдлууд өрнөж байна. Хаалганы гадна талд нь харин “сайн ажиллаж байгаа, онц” гэсэн хаяг хаджээ.

Чингис бонд, Хөгжлийн банкны бондын хөрөнгө ямар төслүүдэд зарцуулагдаж байгааг Хөгжлийн банкны вэб сайтаас тоон үзүүлэлтээр харж болно. Харин тооны цаана бодит зарлага, үр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийгдэж байна уу гэдгийг хэн ч сонирхоогүй байна.

Дүү бонд дараагийн Засгийг аврах гэнэ

Өмнөх бондоо яаж зарцуулснаа мэдэж чадахгүй сууж байтал дараагийн бондын найрын зар түгээд эхэллээ.

Чингисийг 4.1-5.1 хувийн хүүтэй гаргасан бол дараагийн бондын өгөөж хүү 8-9 хувь байх болов уу. Энэ оны тавдугаар сард Худалдаа хөгжлийн банкны гаргасан 500 сая ам. долларын бондын хүү 9.375 хувь байсан бол зургадугаар сард гаргасан Хятадын 160 сая долларын Dim Sum бондын хүү 7.5 хувийн хүүтэй байсан. Өчиглөр Уолл Стрит жорнал дээр нийтлэгдсэн өгүүлэлд Монголын бондын өгөөж 8 хувьтай байгаа гэжээ. Монгол шиг доллараас хамааралтай Замби 2012 онд 5.3 хувийн хүүтэй гаргасан бонд нь эдүгээ 9.73 хувийн өгөөжтэй, Эквадорын бондын өгөөж 7.9 хувиасаа 12 болж муудсан гэж бичсэн байна.

Дараагийн бонд бол амиа аврахаар хийж байгаа аргагүйдсэн алхам юм. Долларын ханшийг дарж тогтоох, сонгууль хүртэл аргалах, эрх мэдэлтэй байгаа дээрээ хэдэн төсөлдөө хөрөнгө босгож авах зорилготой. “Эдийн засаг тэлэх ёстой, их хөрөнгө оруулалт хэрэгтэй” гэсэн тайлбараар тагласан Монголын их өрийн эхлэл юм.

УИХ байтугай Засгийн газарт Чингис бондын өрийг хэрхэн барагдуулах тухай тодорхой төлөвлөлт одоогоор байхгүй байна. Учир нь Ч. Сайханбилэгийн Засгийн газар 2016 оны сонгууль хүртэл тогтвортой ажиллах баталгаагүй юм. Өнөөдөр Чингисийн дүү бондыг хамгийн ихээр ярьж буй улстөрчдөд дараагийн бондыг босгох, өөрийн Засгийн газраа эмхлэх төлөвлөгөө бий. Чингисийн дүү бондын тухай хамгийн их ярьж байгаа улстөрч өөрийгөө дараагийн Ерөнхий сайдаар зарлахаар яарч, Засгийн сангаа хэрхэн аврах гарцыг эрэлхийлж байна гэсэн үг.

Энэ удаа Ч. Сайханбилэгийн Засгийн газрыг Ардчилсан намын УИХ дахь гишүүд гар өргөн огцруулах шаардлагагүй болж. МАН, “Шударга ёс”-ын зарим гишүүн, Бие даагч хэд нийлээд Ч. Сайханбилэгийг хөнгөхөн огцруулна гэдгийг дараагийн Ерөнхий сайдад санаархаж байгаа хүн сайтар тооцсон бөгөөд санал хураалтын үед “алга болж тус болох” түгжилүүд АН-д цөөнгүй бий. Засгийн газрыг унагах энэ удаагийн операцийг өнгөрсөн жилийн детектив ажиллагаа шиг балмадаар хийх аргагүй болсныг сүүлийн ээлжийн ховдгууд сайн мэднэ. Эдийн засгийн хүнд нөхцөлөөр шахан, “соёлтойгоор” унагах шинэ төлөвлөгөө намрын Чуулганы өмнө хэдийнэ бэлэн болжээ.