2009.10.15
Хөхөлбөр ягаан ч гэж түүнийг нэрлэдэг. Сонгох дуртай өнгө минь. Гэтэл энэ намрын алтан шаргал аязыг дарангуйлаад өнөөх чернилэн ягаан загварын ертөнцөд ороод иржээ. Зугаатай байна аа. Хаашаа л харна, хөхөлбөр ягаан суунаглах аж.
Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн зурагт хуудсууд хүртэл хөхөлбөр туяа ойлгоно. Загварын ертөнцийн хандлага улс төртэй учир жанцан сүлэлдэх агшинд хөнгөмсөг, хөөрүү, хаврын яргуйн өнгө яагаад ийм тод, улам хүчтэй утга учир агуулах болсныг гайхшрав.
Улс төр улам бүр шоуны өнгө аястай болж байна. Залуусын энэ намрын сонголт-violet! Чернилэн ягаан, тод хөх, бүр ногоон… анзаарвал эдгээрийг угаалгын нунтаг, гар утас, үс арчилгаа, гоо сайхны бараа бүтээгдэхүүний сурталчилгаанд түлхүү ашиглаж байна. Монголд бол нөхөн сонгуулийн сурталчилгааны гол деталь нь. Залуусын сонгох дуртай нэр дэвшигч энэ шүү хэмээн хөөрхийг хөхөлбөр ягааны дунд цэцгийн дэлбээ адил гоё харуулна.
Улс төрийн PR-ийн ухаан манайд угаалгын нунтгийн сурталчилгааны түвшинд байна. Тони Блэйр, Гордон Браун хоёр Парламентын хуралдааны нээлт дээр ээлжлэн илтгэл тавьж, нэг нь нөгөөгөөсөө дээш гарах гэж мэтгэлцэн байхыг үзээд гайхах хүн олон. Хөдөлмөрийн намын нөхөд өөр зуураа сөргөлдөж байна шүү гээд бөөн сенсаац! Нийгэмд ид хэлэлцэж буй аль нэг сэдвээр Ерөнхий сайд Тони Блэйр үг хэлсний маргааш Сангийн сайд Гордон Браун илүү хүчтэй илтгэл тавихыг чармайж, мань хоёр Их Британийн олон нийтийн өмнө цэц булаалддаг байлаа. Английн хэвлэлүүд асар хүчтэй. Зоригтой дуугарна, зад шүүмжилнэ. Өнөө хоёрын өрсөлдөөнийг томруулан харуулна. Эл халуун хэмнэлийн дунд Хөдөлмөрийн намын нэр хүнд олон нийтийн дунд унадаг гэж санана уу? Үгүй, эсрэгээрээ намын нэр хүчирхэждэг. Лидерүүдийн өрсөлдөөн нь тухайн намын үйл ажиллагааг тунгалагшуулан цэвэршүүлдэг. Хамгийн оновчтой шийдвэр гаргахын тулд, олон түмэнд хүрсэн үг хэлэхийн төлөө лейборист лидерүүд ийн ил цагаан мэтгэлцдэг. Нэг талаас, энэхүү өрсөлдөөнийг Хөдөлмөрийн намын PR-ийн бодлого гэж үздэг. Английн өглөөний сонинууд тасралтгүй нүцэглэн бичиж буй энэ л сэдэв өөрөө тухайн намын сурталчилгаа болж байх нь сонин. Нам амьд, хөгжин дэвшиж, илүү боловсронгуй арга замын төлөө өөр зуураа мэтгэлцэж байгаа нь тэр. Ийм намд дургүй хэн байх вэ.
24 дүгээр тойргийн чернилэн ягаан нэр дэвшигчид бол улс төрийн намууд шинэлэг харагдахыг, цаг үетэйгээ хөл нийлүүлж явааг зарлах санаатай оролдлого. Тэгвэл энэ цаг үеийн маань шаардлага, бодит хэмжүүр юү юм бэ?
Юуны түрүүнд Хувьсгалт нам рейтингээ барьж тогтоохыг оролдож байна. Хэдийгээр засаглалын бүхий л салаа мөчирт өөрийн хүчирхэг сүлжээтэй боловч энэ намыг гэх бодит сонгогчийн тоо цөөрсөөр байгаа. Хуучинсаг харагдахгүйн тулд хөх ягаан бодлого барилаа гээд нэг их амжилт олох нь юу л бол. Ямар “Гоёо” брэндийн даашинз сонгох гэж байгаа биш. Шинэчлэлийг Хувьсгалт намын дарга боловсон хүчний бодлогоосоо эхлэх санаатай юм. Намын Бага хурлын 255 гишүүний 50 гаруйг ямар ч байсан өөрчилж чадсан. Хэдийгээр төрийн албанд шилжсэн хүмүүсийн ор залгаж шинэ хүмүүс Бага хуралд сонгогдсон гэх боловч чухам тэрхүү орж ирэгсдийн багцаас МАХН боловсон хүчний ямар бодлого барихыг харж болно. Бага хуралд нөхөн сонгогдсон 52 хүн бол Хувьсгалт намын шинэ цус байх учиртай. Цус сэлбэлт цагаан сарын өмнөхөн явагдсан билээ. Ингээд Бага хурлын хуучинсаг төрхийг бизнесмэнүүдийн өргөн фронт өнгөлөв. Дээр нь МАХН-ын элит гэр бүлийн үр сад автоматаар сонгогдов. Хангайн Алтай, Пүрэвдоржийн Хангал, Отгонбилэгийн Содбилэг, Хурцын Оюунцэцэг гэхчлэн төрсөн цагаасаа намынхаа хайр энхрийллийг мэдэрч бойжсон, томчуудын дараа үе МАХН-ын Бага хуралд жинтэй саналын хувьтай байраа эзэлсэн. Бага хуралд суудал авсан цөөнгүй хүн бас л анхаарал татдаг. Энд Ерөнхий сайдын Зөвлөхүүд багтах ба намын дарга сэлбэлт хийхдээ хэддүгээр бүлгийн цус сонгохоо сайн мэднэ. МАХН-ын Бага хуралд бас ч гэж дуу хоолойтой болсон хэсэг бол Зүүний хүчний холбооны тэргүүн ба Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хослол. Ингээд энэ намын боловсон хүчний бодлого шинэчлэлийн гараандаа сар шинийн өмнөхөн орсон юм аа. Бага хурал болоод Удирдах зөвлөлийн хогийг туужуудахгүйгээр МАХН өөрчлөгдөнө гэж үгүй. Өөрчлөгдөөгүй цагт рейтинг өснө гэж худлаа.
Бага хуралд хийсэн эхний шинэчлэлийн үр дүн 24 дүгээр тойрогт нэр дэвшигчийг тодруулах үйл явц дунд хүчтэй илрэв. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын баг Бага хуралд хүчтэй ажилласан. Анхан шатны байгууллагаас, өөрөөр хэлбэл намын тулах цэг болсон хэсгээс нэг, хоёр, гурваар гарсан хүмүүс Бага хурлын шүлтүүрийг бараагүй билээ. Стандарт бус шийдвэр гэж түүнийг нэрлэе. Нам час улаан бус, чернилэн ягаанд уусах гэж чармайж байна. Тэгвэл мөнөөх стандартгүй шийдвэрийн үнэ цэн юү юм бэ? МАХН-ын нэр дэвшигч Д.Зоригт зөвхөн ялах даалгавартай. Энэхүү ялалт Парламентын суудал авчрахаасаа дутуугүй Монголын улс төрийн том намын шинэчлэлд итгэл төрүүлэх мандат болно гэж эдний дарга нар итгэчихээд байна. Цус сэлбэлт амжилттай болж гэмээнэ МАХН Их хурлаа зарлан хуралдуулах, улмаар нэрээ солих, авлигын сүлжээнээсээ ангижирна гэх мэтээр субботник төсөөлж байгаа юм. Олон түмний дунд явахаа больсон, “ардын” болоод “гавьяатууд” танхимд цуглаж дэмжихээс хэтрэхээ байсан энэ намын рейтингийг аврах алхмууд ийнхүү хийгдэж байна. Зоригтыг Их хуралд суулгахын зорилго нь намаа өөрчлөх учир жанцантай ингэж уялджээ. Сайн сайдыг ажлаас нь хөндийрүүлэн, Парламентын бүгчим танхимд давхар суулгах гэж улайран зүтгэхийн зангилаа нь ийм. Зоригт сонгуульд унавал намын дарга хамт ойчлоо гэсэн үг. Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа МАХН-ын дарга Бага хурал хуралдуулахгүй санаатай хэсэгтээ ажин түжин байж үзсэн юм. Нөгөө шуурхай түргэн хүн таг чиг болчихож билээ. Одоо хоёр дахиа өвдөг шороодвол дарга дархлаагүй болно.
Хэрвээ эдийн засгийн хямрал ужиграагүй, Оюутолгойн гэрээ байгуулах ажил удаашраагүй бол МАХН-ын дарга Их хурлаа энэ намар зарлах санаатай байв. Тэрбээр өнгөрсөн оны намар Бага хурал хуралдуулж, он гаргаад Удирдах ажилтны зөвлөлгөөн зарлан гишүүдээ хоёр өдөр семинардуулж, залгуулаад дахин Бага хурал хийсний учир нь намдаа хийх гэсэн шинэчлэлийн бэлтгэл ажлууд байсан юм. Тэр уг нь яарч байсан, Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахаасаа өмнө.
Улайрахын гор нь алдаа дагуулдаг. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг улс төртэй, тэр тусмаа нэг тойргийн нөхөн сонгуультай холбож, хэрүүлийн байнд дахин авчрах нь ухаалаг бодлого биш. Энэ гэрээг батлуулах ногоон гэрлийг иргэдээс гарч байсан шүүмжлэл, УИХ-ын 57 дугаар тогтоол асааж өгсөн билээ. Засгийн газар дангаараа зүтгээд гацаанд орсныг хэн ч мартаагүй. Зэлтэрийн гацааг манай нийгэм дэх олон талын ойлголцол л задалж өгсөн юм. Том түүхийг жижиг сонгуультай хүчээр уяж байгааг дэмжиж чадахгүй нь. Хэтэрхий стандарт бус байх гээд намын анхан шатны дэмжлэгээсээ хөндийрөн хөөрч, жингүйдэж эхэлснээ МАХН-ын дарга мэдрэх цаг болсон.
Чернилэн ягаанаар эмжиж, хөнгөдсөн сурталчилгаануудын тухайд ч дуугарахгүй өнгөрч чадахгүй нь. МАХН-ын Бага хурал болоод Удирдах зөвлөлд шинэчлэл хийх ёстой, үүнийг хэн ч дэмжинэ. Авлигын сүлжээнээс бүх хүн залхаж байна.Гагцхүү загвар төдий залуучууд нэмэгдсээр байх вий. Төрийн албанд зүтгэхээр шийдэн намаа орхисон хот, хөдөөгийн нийт 32 мянган гишүүн бол МАХН-ын оюуны цөм байсан юм. Жудагтай хэсэг нь байсан болов уу. Энэ шинэчлэлийг хүн бүр анхааран харж байгаагийн бас нэг учир нь улс төр, бизнес дэх дахин хуваарилалт эхэлж байгаатай холбоотой. Газрын, банкны мафи ажиллагааны эрин дуусч, загалмайлсан баячууд нь хоёрдугаар эгнээнд шилжиж байна. Одоо уул уурхай дагасан их мөнгөний дахин хуваарилалт хийгдэнэ. Арилжааны банкууд нэгдэн, хөдөлгөөнд орж буй үйл явц ч үүнтэй холбоотой. Мөнгө уг нь ард түмэнд зориулагдах учиртай хэдий ч МАХН өөрчлөгдөөгүй, Ардчилсан нам хяналт тавиагүй цагт Африкийн туршлага давтагдана. Улс төр ба уул уурхай хоёроосоо хэт хамаарсан орон болох бүхий л эхлэл манай нийгэмд тавигдсаар байна. Уул уурхайн улайрсан улс төр ч гэж хэлж болохоор… Зоригт сайдад ажлын их амжилт хүсье.Түүн шиг мэргэжлийн чадварлаг хүмүүсээр гүйцэтгэх засаглал дутагдсаар байгаа. Түүнийг стандарт бус шийдвэрийн золиос болгон, чернилэн ягаан цэцгэн дунд шигтгэхийн хэрэг юусан билээ. МАХН өөрийгөө шинэчлэхийн тулд цус сэлбэх учиртай болохоос биш, уул уурхайтай улс төрд ноёрхох гэж улайрвал алдаа давтагдана. Чернилэн ягааны дооз хэтэрч эхэллээ.