2015.4.21.
-Монголын Парламент Тавантолгойг зууж,
Оюутолгойгоос эмээж буйн учир-
Монголын улс төрийн амьдрал буцалж байна. Рио Тинто группийн CEO Сэм Уолш Монгол оронд амралтын өдрүүд тааруулж ирсний дараахнаас бужигнаан ширүүссэн юм. Ноён Уолш “ямар нэг” баримт бичигт гарын үсэг зурах зорилготой ирсэн. Түүнийг нь Санамж бичиг гэж зарим хэвлэл нэрлэсэн бол, нөгөө нь Эвлэрлийн гэрээ гэсэн сүртэй нэр хайрлав. Дөрвөн бүлэгтэй, 53 асуудал багтаасан “ямар нэг зүйл” дээр Рио Тинто-ийн Гүйцэтгэх захирал гарын үсэг зурах гээд байгаа аж.
Монгол улсын Засгийн газар Оюутолгой ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг (ХОГ) 2009 онд байгуулсан ба Хувь нийлүүлэгчдийн гэрээг мөн онд үзэглэж, 2011 онд өөрчлөлт оруулсан билээ. Энэхүү Хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай талаар олон нийтэд УИХ-ын гишүүн Н. Батбаяр анх мэдээлж, ярьж эхэлсэн цагаас “ОТ ордын гэрээ гэдэгт нууц далд зүйл байгаа юм байна” гэсэн ойлголт нийгэмд улам хүчтэй болсон юм. Хувь нийлүүлэгчдийн гэрээнд 2011 онд өөрчлөлт оруулснаар ОТ ордын гурав дахь гэрээ буюу Хувьцаа шилжүүлэхийг хязгаарлах гэрээ мөн онд шинээр байгуулагдсан. Гурван гэрээний талаар монголчууд ярилцдаг байсан бол энэ удаа өөр нэг баримт бичиг гарч ирлээ. Түүнийг Хөрөнгө оруулалтын шинэ Гэрээ хэмээн нэрлэе.
Mongolian Mining Journal дөрөвдүгээр сарын дугаартаа Рио Тинтогийн тавьсан саналууд ба тэдгээрээс гарах үр дагаврыг зүйл заалт бүрээр нь, тооцооллын хамт танилцуулж байна. 2014 оны аравдугаар сард Рио Тинто Монголын Засгийн газарт ОТ ордын Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх төслөө явуулсан юм. Уг төслийн хамт бас нэг баримт бичиг ирсэн. Тэр нь Татварын аргачлал байгуулах албан тоот гэсэн нэртэй. Татварын шинэ аргачлалаар Рио роялти, суутган, хөрөнгө оруулалтын татварын хөнгөлөлт эдлэхийг хүсчээ. Мөн ус, эрчим хүчний татварыг тогтворжуулахыг Рио Тинто эрмэлзэж байна. Өөрөөр хэлбэл энэхүү хүсэлт нь Монгол улсад өнөө мөрдөгдөж буй татварын хууль тогтоомжоос гадуур шийдэгдэхээс аргагүй хүсэлт юм.
2009 оны ХОГ-ээр ОТ ордын үйл ажиллагаанд нийт найман татварыг тогтворжуулсан бол одоо Рио-ийн хүсэлтээр ус, эрчим хүчнийхээ татварыг нэмж тогтворжуулах болно гэсэн үг. Зөвхөн татварын жишээн дээр харахад Сэм Уолшийн Монголын Засгийн газарт санал болгож буй Гэрээний шинэ хувилбар нь манай улсын хууль ба 2009 оны ХОГ-ий заалтуудаас давсан эрх зүйн зохицуулалтыг хүссэн явдал. Одоогоор энэхүү саналуудыг “хүсэлт” хэмээн Монголын тал зөөлөн нэрлэж байгаа. Харин Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн хурал хуралдах үед энэхүү шинэ “хүсэлтүүд” нь ТУЗ-ынхаа олонхийн саналаар батлагдаад гараад ирвэл хүсэлт бус шаардлага болж болзошгүйг сануулъя.
Татварын тогтворжуулалт, хөнгөлөлт нэмж эдлэх тухай хөрөнгө оруулагчийн саналыг зөвтгөх үндэслэл мэдээж гарна. 90 жил ашиглах Оюутолгой ордод яагаад гол татваруудыг нь тогтворжуулж болохгүй билээ хэмээн Монголын шийдвэр гаргагчдын төлөөллийн зарим хүн ч мөн үзэж байна. Тэгвэл өөр нэг асуулт давхар гарч ирнэ. 2009 оны ХОГ нь ордыг 65 жил ашиглах тухай гэрээ. Хувьцаа эзэмшигчид өгөөжөө 2019 оноос хүртэх тооцоололтой байсан юм. Төслийнхөө гуравны нэгийг монголчууд бодитой эзэмших, үр ашгийг хүртэх ийм нөхцөлтэй байсан. Анхны хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр ногдол ашиг авах эхний тов 2019 он маань хойшоо сунаж, 2045 он хүрээд, цааш талийсан билээ. Одоо ОТ төслөөс Монголын тал ногдол ашиг авах гэсэн ойлголт үндсэндээ үгүй болж, 34 хувь маань хоосон тоо, стратегийн үзүүлэлт төдий цаасан дээр хоцорчээ.
Сэм Уолшийн санал болгож буй Санамж бичгийн агуулгаар бол ОТ төслийн насжилт 90 жил болох нь. Монголын талын 34 хувь зүгээр бэлгэ тэмдэг. Яагаад ийм байдалд хүрэв? “34 хувиа Монголын төр тордож арчилж авч явж чадаагүй”гэсэн байр суурьтай хүмүүс бий. Асуудал үүсэх бүрт Рио-той цаг алдалгүй хэлэлцэж, зөвшилцөлд хүрч чадаагүй гэсэн санаа. Оюутолгой ордын ногдол ашгийн тухай ярих хэрэггүй болж, зөвхөн татвар, худалдан авалтуудын орлогоос төслийн өгөөжийг харах шинэ шатанд бид өнөөдөр иржээ.
Тэгвэл төслийн 66 хувийг эзэмшигч Рио Тинто нь шинэ гэрээний нөхцөлөөр өөрийн хүртэх ашгийг богино хугацаанд зээлийн эргэн төлөлт байдлаар эгүүлэн авах боломж нээгдэж байгаа. Оюутолгой ордын Далд уурхайн үе шатыг эхлүүлэхийн тулд хөрөнгө босгох ба тэрхүү зээлд Оюутолгой ХХК хөрөнгө, тусгай зөвшөөрлөөрөө баталгаа гаргана. Рио Тинто нь далд уурхайн санхүүжилтийн эх үүсвэр болох ёстой 4.2 тэрбум ам. долларын зээлийг өөрийн балансад авснаар анхны хөрөнгө оруулалтуудаа нөхөн авч, улмаар ОТ төслийн өмнө хариуцлага хүлээхгүй болох вий гэсэн болгоомжлол Монголын Засгийн газарт байна. Энэ бол зайлшгүй авч үзэх ёстой, ноцтой асуудал мөн.
Үндэстэн дамнасан компани Рио Тинто Монголын Засгийн газарт гэрээний ийм шинэ нөхцөлүүдийг тулгасаар сүүлийн бараг хоёр жилийг ардаа орхисон. Олон улсын санхүүгийн мэдээлэлд зөвхөн Монголын Засгийн газрыг буруутгасан ганц талын байр суурь түгсээр удсаныг Та бид сайн мэднэ. 2009 оны ХОГ-нд суулгасан хоёр талын ашиг хүртэх харьцаа 53:47 байсан юм. Сайн нөхцөл. Хэдийгээр амтай болгон С. Баярцогтыг ад үздэг боловч тэрбээр 2009 онд боломжийн гэрээ байгуулсныг өнөөдөр Рио-ийн өөрчлөх гэж тулгаад байгаа шаардлагуудаас харж болно. Ноён Сэмийн шинэ хувилбар Монголын талын хүртэх өгөөж 53 хувийг улам бүр тодорхойгүй болгох эрсдэлтэй. Ийм эрсдэл бодитой байгааг анхаарсан учраас Монголын Засгийн газар олон улсын Арбитрт Рио Тинтотой зарга үүсгэж мэдэх болзошгүй зардал 17 тэрбум төгрөгийг 2015 оны төсөвт суулгасан юм.
Ямар тохиолдолд Засгийн газар зарга үүсгэх вэ? Товчхондоо, хамгийн сүүлийн мөчид. Өөрөөр хэлбэл Сэм Уолшийн шинэ гэрээний нөхцөлийг зөөллөх “Эрдэнэс Монгол”-ын саналыг Рио хүлээж аваагүй тохиолдолд олон улсын Арбитрт хандах, улмаар “Оюутолгой” төслийн далд уурхайн үе шат тодорхойгүй хугацаагаар царцах нөхцөл үүснэ. Ийм хүнд байдалд хүргэхгүйн тулд талуудад ярилцах, хэлэлцэх шинэ ур чадвар хэрэгтэй болсон юм. Шинэ гэрээ буюу Санамж бичигт гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал Б. Бямбасайханаар ахлуулсан Ажлын хэсэгт Ч. Сайханбилэг өгчээ. Монголын Ажлын хэсэг Уолшийн шинэ гэрээг зөөллөх саналаа өдгөө Лондонд илгээгээд байна. Ажлын хэсгийн ахлагч Б.Бямбасайханы өгсөн товч байр суурийг The Mongolian Mining Journal-ийн дөрөвдүгээр сарын дугаараас мөн уншаарай.
“90 жилийн настай төслийн эдийн засгийн үр өгөөжийг Ил уурхайн үе шат, Далд уурхайн үе шат гэсэн хоёрхон ТЭЗҮ-д үндэслэн гаргаж болохгүй, үе шат болгонд, шинэ Гэрээнд дурдсанаар нийт 6 үе шатанд хуваан, үе шат болгонд хөрөнгө босголтын асуудал ярих ёстой, татварыг ч энэ урт хугацаанд тогтворжуулах шаардлагатай”гэсэн үндэслэлийг Рио төдийгүй Монголын талаас хэлэх цөөнгүй хүн бий. Хэлэлцэх тохиролцох эв дүй шаардсан өдрүүдийг ОТ төсөл туулж байна. Гэхдээ шинэ гэрээнийхээ бүх нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэсэн хатуу байр суурийг Рио илэрхийлэх магадлалтайг дахин сануулъя.
УИХ-ын хувьд ОТ гэрээг татан хэлэлцэхээс аль болох зайлсхийж байна. Далд уурхайн санхүүжилт босгоход Оюутолгой ХХК-ийн хөрөнгө, тусгай зөвшөөрлийг барьцаалж зээл авна гэдгийг Их хурлын гишүүд сайн мэдэж байгаа. Мөн Шинэ гэрээний нөхцөл нь 2009 оны “Баярцогтын гэрээнээс” хамаагүй хатуу болзолтойг ч болгоож байгаа. Гэвч Их хурал энэ шинэ Гэрээний талаар дуугарахаас эмээж байна. “Баярцогтын 2009 оны гэрээг” гадарлаж доторлон судалгаа хийсээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон С. Ганбаатар хүртэл Сэм Уолшийн шинэ гэрээний агуулгатай танилцсан хэдий ч таг дуугүй сууна. Тэр томоожсоных бус, улс төрийн дараагийн хуваагдлын өмнө ашигтай байршлаа эзэлснийх. Ерөөс ОТ төслийг нүдээ анин явуулах, харин ТТ төсөл дээр хуваагдсан байр сууриараа 2016 оны сонгуульд байршин оролцох дүр зураг өнөөдөр тов тод харагдаж буй юм. Монголын улстөрчид мега төслүүд дээр хэрхэн тохирсноороо хуваагдан 2016 оны сонгуульд оролцоно. Итгэл үнэмшил биш, том мөнгөний шинэ хуваарилалтын өмнө байна гэсэн үг.
УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолоор Засгийн газарт Тавантолгой ордыг ашиглах олон улсын нээлттэй тендер зарлах, шалгаруулах, төслийг эхлүүлэх чиглэл өгсөн. Гэвч Их хурлын даргад энэхүү тендерт шалгарсан Консорциум, бүр тодруулбал “Энержи Ресурс” ХХК таалагдаагүй ганц үндэслэлийг тэрбээр зарлаж, “яарвал даарна шүү” гэсэн түүний сүрдүүлгийг Ерөнхий сайд ч тэр дор нь хүлээн авсан юм. Засгийн газраа унагахгүйн тулд Ч. Сайханбилэг Намын даргатайгаа зөвшилцөх тактикт шилжээд байгаа нь энэ. Харин ТТ гэрээний талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүн Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Төслийн ажлыг нэн даруй эхлүүл” гэсэн байр сууриа хэд хэдэн удаа илэрхийлсэн. Оюутолгой ордын гэрээний өөрчлөлт дээр Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн гурван гишүүн “Төслийг явуулна” гэсэн нэгдмэл байр суурьтай байгаа бол Тавантолгой ордын ХОГ-ний талаар УИХ-ын даргын хэлэх дараагийн шалтгийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар харзнаж байна.
“Тавантолгой” төслийг урагшлуулахыг Монголын нийгмийн үнэмлэхүй олонх дэмжинэ. Ийм дэмжлэгийг саармагжуулах сонирхол төрийн Ордонд туйлын өндөр байна. Тавантолгой ордын бизнесийн гэрээнүүдийг нийгмийн хэрүүл талцалд өгөөш болгон шидэх, юу ч үгүй болтол нь замхруулан сарниулах улс төр хүчтэй явж байна. 2016 оны сонгуулиар гараад ирэх юуны магад хэмээн горилогсод, ганц хоёр гишүүнтэй намын дарга нэртнүүд Тавантолгой ордын гэрээг нулимах тусам улс төрд шинэ орон зайгаа олж авах боломжтойг хэдийнэ үнэрлэжээ.
Тавантолгой ордын гэрээ нь Монголын улстөрчдийн хувийн ашиг сонирхолд нийцэхгүй байх ганц үндэслэлээр Парламентийн хэлэлцүүлгийн явцад унах эрсдэл бий.
Рио Тинто, Туркойз Хилл нь биржийн хувьцаат компаниуд учир ОТ ордын шинэ гэрээг гарын үсэг зурах хүртэл нь дэлгэхгүй гэсэн байр суурийг “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал Б. Бямбасайхан баримталж байгаа билээ. Тэгвэл олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй өөр гурван компани ММС, Сумитомо, Шэнхуагийн хувьцаа эзэмшигчдийг үл ойшоож байгаа УИХ дахь тодорхой бүлэглэлийн хувьд Тавантолгой ордын хөрөнгө оруулагч дахин хэлэлцээрийн ширээний ард суухгүй байх нь чухал, магадгүй энэ бүлэглэлд өөр хөрөнгө оруулагч бэлээхэн бий. Тэд дараагийн сценарийг хүлээж буй биз ээ.