2015.4.2.
“Оюутолгойн далд уурхай оны эцсээр хөдөлнө” гэж Монголын Парламентын спикер хэлжээ. З. Энхболдын ярилцлага гуравдугаар сарын 9-ний “Өдрийн сонин”-д хэвлэгдсэн. Гэхдээ түүний энэхүү чухал эшлэлийг олон улсад тоогоогүй.
Харин Рио Тинто групийн СЕО ирэх мэдээ болон түүний Монголын хэвлэлд нийтлүүлсэн, урьдчилан бэлтгэсэн ярилцлагын агуулга дэлхий даяар шуурхай түгэв.
Дараагийн жишээ авъя. Монгол Улсын Ерөнхийлөгч Германы Канцлертай уулзсаны дараа Оросын мэдээллийн агентлаг ташаа мэдээ цацав. Оросын сэтгүүлч А. Меркел үг хэлсний дараа Ц. Элбэгдорж ярьсан дарааллыг өөрчлөөд, бяцхан хачир нэмээд “send” товчийг дарчих нь тэр. Төдөлгүй “Монгол улс ОХУ-аас асууж барилгүй төмөр замаа Хятадаар дамжуулаад Европ тийш татчихна” хэмээсэн хэгжүүн “стэйтмент” болон өнөөх мэдээллийн өнгө аяс хувираад түгчихэв ээ. www.president.mn сайтад Ерөнхийлөгчийн хэлсэн үг англи, монгол хэлээр шуурхай тавигдсан байх атал олон улсад түүнийг түрүүлж эшилсэн ганц ч агентлаг үгүй.
Монголын дуу хоолой дэлхий дахинд цацагддаггүй. Харин Монголын тухай мэдээллийг янз бүрийн өнгө аясаар олон улсад тасралтгүй цацаж байна.
З. Энхболдын ярилцлагаас ОТ-н далд уурхайн асуудал оны сүүлээр хөдлөх тухай өгүүлбэрийг эшилж, олон улсад Та бүхэн цацсан уу? хэмээн МОНЦАМЭ агентлагийн Захирал А. Баатархуягаас асуулаа.
-МОНЦАМЭ энэ мэдээллийг дамжуулсан. Гэхдээ яг харанхуй хар нүхэнд хаяж байгаа юм шиг… хэмээн тэрбээр хариулсан юм.
МОНЦАМЭ бол 1921 онд байгуулагдсан, дэлхийн мэдээллийн агентлагуудын дунд ахмадад орно. Монголын албан ёсны дуу хоолой, эх сурвалжийг нь дахин нягтлалгүйгээр эшлэх статустай нэр хүндтэй байгууллага. Гэхдээ энэ дуу хоолой дэлхийд хүрэхгүй байна. Баатархуяг захирлын хэлснээр МОНЦАМЭ-ийн цацдаг мэдээллүүд харанхуй хар нүхэнд унах мэт хаана хүрсэн нь үл мэдрэгдэнэ.
Засгийн газар Оюутолгой ордын хөрөнгө оруулагчтай мэдээллийн чимээгүй дайн хийдэг. Энэ дайн 2013-2014 онд оргилдоо хүрснийг Та бараг мэдэх болов уу. Рио Тинто-ийн Олон нийттэй харилцах алба Монголын Засгийн газартай мэдээллээр ил дайтахгүй нь тодорхой. Энэ үүргийг дэлхийн нэгдүгээр мэдээллийн Агентлаг Ройтерс “өөрийн мэдэлгүй” гүйцэтгэж байна. Уг үүргийг олон улсын санхүүгийн мэдээллийн олон суваг давхар гүйцэтгэж байна. Учир нь тэдний Монголоос дамжуулдаг мэдээллийн эх сурвалж, олон улсын хурал уулзалтаас эшилдэг гол эх сурвалж нь Рио Тинто байдаг. Манай Засгийн газрын байр суурийг эш татсан тохиолдол тун цөөн.
Блүүмбергийн терминалын өнгөрсөн оны гуравдугаар сараас өнөөх Уолшийг сая ирээд явсны дараах хүртэл нэг жилийн мэдээлэлд анализ хийгээд үзье. Минут тутам шинэчлэгдэн орж буй мянга мянган мэдээллээс нь зөвхөн “ОТ, Сэм Уолш” хэмээн нарийвчлан сонголт хийгээд харъя. Монголын мэдээллийг бэлтгэж гаршсан гадаадын ганц хоёр сурвалжлагчийн нэр мэдээж тасралтгүй давтагдана. Michael Kohn, David Stringer нарын дамжуулсан мэдээ зонхилжээ. Тэд Сэм Уолшийн ОТ төслийн талаар хэлсэн үгийг шууд эшилсэн мэдээллийг нийт 12 удаа өнгөрсөн нэг жилд дамжуулсан байна. Харин Монголын Засгийн газраас ОТ төслийн талаар байр сууриа илэрхийлсэн эх сурвалж тун цөөн. Н. Алтанхуяг Ерөнхий сайдын үгийг цөөн тохиолдолд, үлдсэн хэсэгт нь УИХ-ын гишүүдийн байр суурийг эш татжээ. Гол төлөв англиар ярьдаг УИХ-ын гишүүд Блүүмбергийн сэтгүүлчдийн эх сурвалж болсон аж.
Эндээс Монголын тухай мэдээлэл дэлхийд тэнцвэргүй цацагдаж байгааг харж болно. Мэдээллийн өнгө аяс хөрөнгө оруулагчийн тайлбарыг түлхүү дамжуулж, харин манай Засгийн газрын байр суурь олон улсад ойлгомжгүй хоцорч байна. Блүүмберг нь дэлхийн санхүүгийн ертөнцийн гол мэдээллийн суваг. Тэд баталгаатай эх сурвалжийн мэдээ цацахыг эрмэлзэнэ. Ийм эрэлтэд нийцсэн мэдээлэл нийлүүлэхийн тулд юуны түрүүнд манай төрийн байгууллагуудын албан ёсны мэдээг англи хэл дээр шуурхай бэлтгэн цацах үндэсний хүчирхэг сувгууд үгүйлэгдсээр байгаа юм.
Эргээд МОНЦАМЭ-ийн тухай ярих хэрэг гарч байна гэсэн үг. Засгийн газрын харъяа уг агентлагийг татан буулгахыг хүсэгчид олон бий. Ийм байр суурьтай огт санал нийлдэггүй. МОНЦАМЭ-г татан буулгах, Гадаад яамны Мэдээлэл, сурталчилгааны газрын хавсарга болгох бус, харин эсрэгээр чадавхжуулах, төрөөс онцгойлон дэмжих зайлшгүй шаардлагатай.
Ц. Элбэгдоржийн Германд хэлсэн үгийн өнгө аясыг гуйвуулан цацсан Оросын мэдээллийн агентлагт монголчууд юу ч хэлж чадахгүй. Орос орон өөрөө мэдээллийн дайнд маш эрчимтэй бэлтгэн орсон, одоо уг сувгууд хүчээ аван, хатуухан хэлэхэд “нахаалдахад” бэлэн байна. Оросын төрийн мэдээллийн агентлагуудыг татан буулгаж, 2013 оны 12 сард шинээр хүч сэлбэн, ухуулгын мангас болгон тоноглож эхэлснийг та бид сонссон. “Россия сегодня” гэсэн том малгай дор РИА Новости, Оросын дуу хоолой радио станцыг нэгтэгжээ. Уриа нь “Оросын тухай үнэнийг аль болох олон хүнд хүргэнэ”. Энэ жилийн төсөв нь 6.48 тэрбум рубль. Өмнөх РИА Новости- д жилдээ төсвөөс 2.67 тэрбум рубль олгодог байсан.
Тэгвэл Монголын тухай бодит мэдээллийг хэрхэн далайцтай цацах вэ? Орос орон барууны ертөнцтэй үзэл суртлын хүйтэн дайндаа эргэн орсон бол Монгол улс хөрөнгө оруулалтын өөр орчинд, мэдээллээ шинэ өнцгөөр өгөх зайлшгүй шаардлагатай болоод байна. Өнөөдөр Рио Тинто, Сэм Уолшийн тухай ярьж байгаа бол маргааш шинэ шинэ хөрөнгө оруулагч, олон том төслийн санхүүгийн орчинд монголчууд дэвшин орно. Бодит мэдээлэл цацахгүйгээр, наад зах нь төрийн байгууллагуудынхаа шийдвэр, байр суурийг шуурхай хүртээмжтэй дамжуулахгүйгээр санхүүгийн ертөнцөд итгэлтэй ажиллаж чадахгүй юм.
Дээр өгүүлсэн Блүүмбергийн нэг жилийн мэдээ дунд анхаарал татсан эшлэл бий. 2014 оны арваннэгдүгээр сарын 14 буюу АПЕК-ийн Дээд хэмжээний уулзалт Бээжинд эхэлсэн өдөр Рио Тинто групийн СЕО Сэм Уолш“Монголын Засгийн газар солигдож байгаа нь төсөлд нааштай өөрчлөлт авчирна хэмээн найдаж байна” гэжээ. Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж АПЕК-т мөн уригдсан мөч. Монголд Н. Алтанхуягийг огцруулж, дараагийн Засгийн тэргүүний талаар ид шуугисан үе. Ноён Уолш уг нь төслийн ирээдүйд итгэж байгаагаа илэрхийлсэн биз. Гэв чиг уг эшлэл нь дипломат хариулт гэхээсээ илүүтэй гүнзгий өнгө аяс агуулсан мэдээлэл болон олон улсад цацагдсан билээ. Монголын Засгийн газарт асуудал байсан байх нь ээ…хэмээн Блүүмбергийн мэдээг дэлхий хүлээж авна.
Өнөөдөр монголчууд дотоод дахь мэдээллийн дайндаа учиргүй омогшиж, өөр зуураа байлдаж явна. Нэг нь нөгөөгөө эрүүл ухаанд багтамгүй гүтгэж, пад хараар будах тусам аая яа яа ахиад цааш нь… хэмээн улам улангасч байна. Монголчуудын нүдийг магадгүй зориуд таглаж байгаа энэ харанхуй омогшлын нөгөө талд нийтээрээ нэгдэж хүргэх ёстой Монголын дуу хоолой гэж бий. Үүнийг харин АСЕМ-ын хурлын тухай Монголын бүх сэтгүүлч сайн мэдээ цацна гэж хадуурсан хэвлэлийн хуралтай андуурах хэрэггүй. Редакциуд өөр өөрсдийн өнцгөөр мэдээллээ бэлтгэдгээрээ бэлтгэх нь дамжиггүй. Харин Монголын дуу хоолой болсон гадаад мэдээний сувгуудаа хүчирхэгжүүлэх зайлшгүй шаардлага бий.
Юуны түрүүнд МОНЦАМЭ агентлагт техник, технологийн иж бүрэн шинэчлэл үгүйлэгдэж байна. Жилд 1 тэрбум төгрөгийн төсөвтэй МОНЦАМЭ нь төсвийнхөө 90 хувийг цалинд зарцуулдаг. 110 ажилтантай. Мэдээллийг англи, орос, хятад, япон хэл дээр түгээдэг. Солонгос хэлээр мөн түгээх хэрэгцээ бий. www.montsame.mn сайтын хандалт 10 саяд хүрсэн удаатай. Хөрөнгө оруулагчтай “мэдээллийн дайн” хийж байх үед хуурамч хандалт огцом нэмэгдэж, техникийн бэрхшээл үүсэн, хурд удааширсан тохиолдол ч гарсан гэдэг.
МОНЦАМЭ нь гадаадын найман хэл дээр мэдээлэл хүлээж авдгийн хувьд төрийн байгууллагуудад судалгааны маш сайн түүхий эд бэлтгэж өгдөг. Цөөнгүй товхимол хэвлэж, төрийн байгууллагуудын хэрэгцээнд хүргэдэг. Харин түүнийг нь ашигладаг түшээ тун цөөн. МОНЦАМЭ-г дэмжинэ гэдэг нь мөнгө төгрөг хуваарилахаас илүүтэй албан ёсны мэдээллийн нэгдсэн Сан болгох асуудал юм. Статистикийн шаардлагатай мэдээллүүдийг энд нэгтгэх,www.president.mn сайт шиг албан эх сурвалжуудыг холбох, мега төслүүдийн олон улсын тендерийн заруудыг МОНЦАМЭ-ийн сувгаар дамжуулах эрхийг нь өгч, өөрийгөө санхүүжүүлэх нэг бололцоо нээх, МИАТ-ийн нислэгт тухайн чиглэлийн орны хэл дээр бэлтгэдэг товхимлыг нь түгээх зэрэг наад захын дэмжлэгийг үндэсний Агентлагтаа үзүүлэх цаг болсон байна. Мэдээж тус Агентлагийн ажлын арга барилыг шинэчлэх шаардлага ч хурцаар тавигдаж байгаа. Сэм Уолш өнгөрсөн баасан гаригт Монголд морилон саатсан мэдээг даваа гаригийн үдээс хойно МОНЦАМЭ цацаж байгаа нь яав чиг дундат зуундаа яваагийн жишээ.
МОНЦАМЭ-ээс гадна Оросын төрийн мэдлийн RT телевизтэй адил олон улсад мэдээлэл түгээдэг телевизийн суваг үгүйлэгддэг. Ийм төсөл дээр Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз (MNB) ажиллаж эхэлсэн гэсэн сайн мэдээ бас дуулдлаа. RT-ийг оросууд РИА Новости-н дэргэд 2005 онд байгуулсан ба тус агентлагийн Ерөнхий редакторын өгүүлснээр “Оросыг баруунд коммунизм, цас, ядуурал хэмээх гурван үгээр ойлгодгийг өөрчилнө” гэсэн уриатай. Англи хэл дээр, барууны телевизийн форматаар,BBC, Euronews-тэй өрсөлдөх телевизийн суваг байгуулна гэдэг амаргүй ажил байсан буй за. Гэвч өдгөө RT дэлхийн олон оронд, ялангуяа Америкт эрэлттэй суваг болж чадсан.
Төрийн мэдлийн телевизийн сувгийг дэлхий дахинд цацах төслийн өөр амжилттай жишээ цөөнгүй. Алжазира сувгийг Катарын Эмир 137 сая долларын санхүүжилтээр анх байгуулахдаа эхний таван жилд тогтвортой ажиллах бүх нөхцөлийг нь хангаж өгчээ. Одоо тус суваг “гурав дахь ертөнцийн тухай англоамерикийн өнцгөөр харсан мэдээллийг өөрчлөх” уриагаа хэрэгжүүлснээр үл барам Apple, Google, Ikea, Starbucks-ийн дараа тавд жагсдаг дэлхийн брэнд болжээ.
Ираны Засгийн газрын мэдлийн PressTV, Венесуэлийн телевиз зэрэг олон улсын сувгууд нь улс төрийн нөхцөл шаардлагаар үүссэн нь мэдээж. Монголын хувьд хөрөнгө оруулалтын орчинд бодит дуу хоолойгоо хүргэх, байр сууриа тэнцвэртэй хамгаалах шаардлагаас гадна түүх, соёлоо сурталчлан аялал жуулчлалын салбараа дэмжих зэрэг ач холбогдлыг олон улсын суваг агуулах юм. Өдгөө Гадаад харилцааны яамны Мэдээлэл, сурталчилгааны хэлтсийг томруулж Газар болгон орон тоог зургаа болгон нэмэгдүүлж байгаа, мөн гадаад сурталчилгааны төсвийг Засгийн газрын ХЭГ, Хөрөнгө оруулалтын газар, Гадаад яаманд хэмээн хэд хэд таслан хуваарилдаг арга барил төдийлөн үр дүнгээ өгөхгүй юм. Монгол улсыг гадаадад сурталчлах Үндэсний зөвлөл хэмээх бүтэц мөн Гадаад харилцааны Сайдын дэргэд ажилладаг юм байна. Бас л өөрийн гэсэн жижиг төсөвтэй. Яам, Агентлагууд ч дэргэдээ Гадаад харилцааны хэлтсүүдтэй. Эдгээр олон бүтцээс МОНЦАМЭ, олон улсын телевизийн суваг нь илүү хүртээмжтэй, өгөөжтэй ажиллах нь дамжиггүй. Гагцхүү Монголын мэдээллийг олон улсын мэдээллийн форматаар цацаж гэмээнэ дэлхийд танигдах хэмжээнд хүрнэ. Сэтгүүл зүйн талаасаа, технологийн түвшинд хийх ажил их бий гэсэн үг.
Монголын мэдээг гадаадад түгээдэг хувь хүмүүс, сэтгүүлчид, хувийн жижиг агентлаг манайд цөөнгүй бий. Ройтерс, Франс Пресс зэрэг нь өөрийн товчоо буюу нэг хоёр төлөөлөгчөө Улаанбаатарт ажиллуулдаг. Эдгээрийн мэдээллийн стандартаас дутахгүй, бодит байдлын хувьд Монголын эрх ашигт илүүтэй нийцсэн мэдээллийн олон улсын сувгийг төрийн байгууллагууд өөрсдөө нэгдэж дэмжихээс ажлаа эхлэх ёстой билээ.
Өнөөдөр Төрийн ордонд нээгдэж буй Монголын Эдийн засгийн чуулганы нэг салбар хуралдаанаар “Мэдээллийн ёс зүй” гэсэн сэдвийг хөндөн ярилцах гэж байна. Уг нь “Мэдээллийн өнгө аяс” хэмээн нэрлэсэн бол илүү оновчтой байсан байж болзошгүй. Энэхүү хуралдаан дээр дотоодод түгээж буй мэдээллийн чанар чансааны талаар түлхүү ярилцах биз ээ. Дутахгүй чухал сэдэв бол гадаадад түгээх Монголын бодит мэдээлэл билээ.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард манай талд өгсөн Санамж бичгээ үзэглэх эрмэлзэлтэй Улаанбаатарт ирсэн Рио Тинто-ийн Захирал Сэм УолшБлүүмбергийн эх сурвалж болсоор буцлаа. Харин Монголын Засгийн газар ямар байр суурьтай байгаа гэнэв? Энэ бүтэн сайнд Ерөнхий сайд зурагтаар ярина гэв үү? Уолшийн захианы хариуг зурагтаар өгөх юм болов уу? Манай талын мэдээ харанхуй хар нүх рүү унасаар байх уу?…Хүн байна уу…