Зуун төгрөгний хийл

2010 он

Зүрхэн чанадад урсан одох аялгуун гайхамшиг миний сэрээгүй мөрөөдөл. Тэр аялгуу тэнгисийг үймүүлж, өвлийг дулаацуулан, гараа өгөв. Түшиг нөмөрт нь би тайтгараад, эргэлдэн бүжих нь үл таних дүр төрх. Төрөлх зан минь засаршгүй мөрөөдөгч.

Долоон настай байсан болов уу даа. Төмөр замын барааны дэлгүүр гэсэн тодотголтой хоёр давхар шар байшинг Та ч мэдэхгүй л байх даа. Одоо тэнд “Рэйлком” холбооны компани төвхнөсөн байна лээ. Дээр үед хоёр давхар шард төмөр замынхан бараа авах гэж ордог байлаа. Долоон настай би дэлгүүрийн тавиур дахь жижиг хийлээс  харц салгадаггүй байсан юм. Хааяа хааяа хийлээ харах гэж очно. Хүн авчихаагүй л байлаа, ашгүй. Бага гарын хийл 100 төгрөгний үнэтэй. Их өндөр үнэ байлаа, тэр үеийнхээр бол. Хүрэн бор өнгөтэй хийлийг тавиур дээр ялимгүй хажуулдуулсхийн тавьжээ. Үлгэрийн хийл. Зүрхэнд өнөөдөр ч хоргодох хонгорхон мөрөөдөлсөн.

 

100 төгрөгний хийл авахсан гэж би хэнд ч хэлээгүй. Ер нь л би бодсон санаснаа чөлөөтэй хэлж чаддаггүй байсан юм. Ийм хүүхдүүд мөрөөдөмтгий, түүгээрээ амьдардаг байх. Хамаатны маань үеийн охиныг Солонго гэдэг байл уу даа. Гэртээ төгөлдөр хууртай. Дээр үеийн хэмжүүрээр бол баян айлын охидын нэг. Эмээ бид хоёр хааяа айлчилж очиход “Алив Солонгоо хөгжим тоглож үзүүлээч” гээд л гэрийнхэн нь охиныг дуудна. Цэдэнбал даргын жолоочийнх гэсэн билүү, яамны сайдаас дутуугүй амьдралтай айл байв аа, тэднийх.

 

Солонго охины эмээ нь манай эмээ бид хоёрт төгөлдөр хуураа гайхуулаад ч байгаа юм шиг, үгүй ч байж магадгүй, би жаахан охин юм болохоор “энүүн шиг хууртай болохсон…” энэ тэр гэж бодогдоно оо. Хожим тунгаахад хөөрхий эмээ минь бас дотроо над шиг зүйл бодоод л айлаас гардаг байсан шиг.

 

Уншиж, бичиж чаддаггүй миний эмээ уран гартай, дэгжин, зоригтой эмэгтэйсэн. Бичиг үсэггүй, бид хэдийн горшооктой ноцолдоод гэртээ суудаг мөртлөө бардам гэж юүхэв, зангий нь мэдэхгүй хүн бол “Оюун гуайгаас айгаад…” гэдэг юм. Сайхан даашинзууд нэхнэ, оёно, хатан хааных мэт дэгжин бүрх урлачихдаг. За ингээд эмээ гангалаад гараад ирэхэд нь хүмүүс “Оюун гуай…” хэмээн авгайлж хүндэлдэг байж билээ. Эмээ гоё сайхны торгон мэдрэмжтэй, тэмцэж босохын хат чанартай. Ийм эмээ бид хоёр Солонгоо охины гэрээс дор дороо өөрсдийн бодлыг зүрхэндээ тээсээр гарч ирнэ.

 

Тэгээд Хөгжим бүжгийн сургуульд орохсон гэж хүлээж эхэлсэн. 100 төгрөгний бяцхан хийл зүрхэн чанадад аялгуу нэмж байлаа. Намайг ямар сургуульд оруулах тухайд манай гэрийнхний дунд өрнөсөн маргаан сэтгэлээс үл гарна. Долоон настай байхдаа амьдралынхаа хариуцлагатай сонголтын талаар анх ингэж сонсов. Эмээ  намайг Хөгжим бүжигт оруулна аа гэж байна. Аав, ээж маань яахав тэр үеийнхний сонголтоор “сайн сургуульд” сургах шийдвэр гаргасан. Тэгээд л би жирийн дунд сургуулийн бэлтгэл ангид гүйж эхэлсэн, гэхдээ миний зүрхэнд жирийн бус аялгуу ямар олон жил эгшиглэсэн гээч.

 

Алигэрмаагаа би “Ямаха” хөгжмийн сургуулийн нэгдүгээр ангид тавхан настай байхад нь хөтлөөд очсон юм. Зах зээлд дөнгөж шилжсэн хэцүү цагт Монголд нээгдсэн хамгийн өндөр төлбөртэй тусгай сургалт байлаа. Тэр цагийн баячууд, олны танил оддын бяцхан үрс “Ямаха”-д сурч, Япон арга барилаар, Япон сурах бичиг, электрон Ямаха дээр хичээл заалгаж байсан. Миний тавхан настай охиныг багш нар нь мянгад ганц тохиолддог ховор сонсголтой, гоц авьяастай хэмээн магтдаг байлаа. Сар бүрийн төлбөрийн мөнгийг нь олох гэж би зовдог. Өвлийн хувцас өөртөө авч чадахгүйдээ гутарч байсангүй. Харин миний охин “Ямаха” сургуулийн онцгой сайн сурагч байгаад л ээж нь хязгааргүй бахархсан. “Харанга”-ын Лхагваагийн хүү Алигэрмаагийн ангид сурдаг. Лхагваа хүүтэйгээ хамт хичээлд суудаг байж билээ. Мянганбаярын хүүхэд явдаг гэх мэт Монголын шинэ цагийн баячуул тэр өндөр төлбөртэй сургуульд хүүхдээ өгдөг байсан. Айлын хүүхдүүд том машиндаа суугаад сүнгэнээд одоход ард нь Алигэрмаа бид хоёр алхаад үлддэг, гэхдээ бүгд охины минь авьяасыг үнэлэн магтдагт бид хоёр сэтгэл хачин хангалуун. Эцэг эх нь хүүхдүүдийнхээ хамт хичээлд суудаг их гоё сургалттай. Би мөрөөдлөө гүйцэлдүүлэх гэж энд ирсэн юм шиг атал миний охин хөгжмийн ховор авьяастай болохыг харах юутай бахархалтай.

 

100 төгрөгний хийлийн үлгэр ингэж цав цагаан төгөлдөр хуурын мөрөөдлөөр солигдсон. Алигэрмаагийн “Ямаха” хөгжмийг Алисиа одоо нэг их тоохгүй байна аа. Хааяа нэг хуурын товчлуур дээр хэвтэж байгаад залхуутайяа дүн дан хийлгэх аж. Ноот моотны дэвтэр дээр бол ноороглоод л базах жишээтэй. Алисиа өөрийгөө нээхээр гайхамшгийн орноор аялж яваа юм. Шинэ цагийн охин маань дүрсхийсэн зантай. Хангинатал дуулчихдаг. Хэнэггүй, эргэж тойрох зууртаа заавал нэг юм татаж унагана. Тас тас хөхрөхөд нь цонхон дээр нойрмоглох хэдэн цэцэг өөрийн эрхгүй дэлбээлэх мэт ээ. Тэгж байгаад Алисиа өөрийнхөө мөрөөдлийн замыг олоод алхчих нь дамжиггүй.

 

Амьдрал яг үлгэр шиг. Нэг үзэгдлээс нөгөөгөөр үйл явдал солигдох агшнууд. Энэхэн амьдралаа хөвсгөр алчуур дэрвэх лугаа эгэлгүй болгож сурах хэрэгтэй мэт. Гоё амьдраасай гээд охиддоо Алигэрмаа, Алисиа нэр өгсөн юм. Нөгөө хоёр маань бие биенээ ямар их санадаг гээч. Удахгүй зуны амралт  дуусаад эгч нь сургуульдаа явна. Алигэрмаадаа цэмцгэр даашинз цуглуулаад, Алисиадаа өнгө өнгийн зүүлт хайгаад би дэлгүүрт явж байгаа шүү. Хурдан хурдан алхаад л…Өөртөө бас дэгжин цүнх авахаа юу гэж мартах вэ. Амьдрал баяр шүү дээ.