Алисиа

2013 он

Анхны номны минь хуудас болгонд Алигэрмаагийн мөр шингэж, ууган охинтойгоо хөтлөлцсөн өдрүүдийн дунд бид хамтдаа тэр сурвалжлагуудыг бичсээн. Ээж нь даашинзтай алхаж, бичиж, Алигэрмаа минь эрдэм номонд шамдан, төгөлдөр хуураа товшиж явсан цаг. Одоо бие даан, шат ахин өндийж явааг нь харах сайхан.

“Даашинзтай сурвалжлагууд”-ын дараа ээжийнх нь завгүй ажил цаг наргүй үргэлжлэв.  Миний бага охин ээжийнхээ амьдралын хамгийн хатуу өдрүүдэд хажууд байж, харин амьдрал тэгшрэх үед сургуулийн босго алхсан юм.

Өнгөрсөн таван жилд Алисиа бид хоёрт “Орчлон” цэцэрлэг, сургуулийнхан дасч, тэдний дулаан уур амьсгалд манай гэр бүл шингэжээ. Багш, захирал, тогооч, үйлчлэгч, харуул, жижүүр, эмч гээд эдний найрсаг хамт олон Алисиаг андахгүй. “Орчлон” сургууль дээр анх 2008 онд сурвалжлага бэлтгэхээр очоод Д.Батмөнх захиралтай уулзсан билээ. Д.Батмөнх захирал, Б.Сурмаажав багш нартай   анх ярилцсанаас хойш тэдний эрч хүч, оргилсон тэмүүллийг гүнээ хүндэтгэсээр явдаг. Кембрижийн хөтөлбөрийг Монголд анх оруулж ирсэн зоримог, ажилсаг хамт олон дунд охиноо өгснийгөө миний амьдралын хамгийн чухал сонголт гэж боддог.  Том охин Алигэрмаад маань “Ямаха” хөгжмийн хичээл зааж, анхны ноот сургасан багш Х.Энхзаяатай “Орчлон”-д дахин уулзсандаа баярладаг.

Алисиа өсч томорсоор, өмд гутал нь ганц улирал өнгөрөхөд хэзээний багадчих болж. Алисиа бид хоёр цэцэрлэгтээ явна, агаарт гарна, дэлгүүр хэснэ, эмнэлэгт очно, гэртээ ноолорно, гулсуур дээр өнжинө…Одоо сургуулийн хонхны дуугаар яаран гүйдэг, арай хариуцлагатай охин болоод байгаа.

Ингээд би хүн амьдрахын тулд ажилладаг болохыг ойлгож явна. Ажиллахын тулд амьдарсан мэт өдрүүд надад байсан. Алисиа надад амьдралын хичээл зааж сургаж байна. Би хэзээ ч баян амьдраагүй. Гэхдээ болгоё гэвэл бүх зүйл боломжтой. Маш олон бэрхшээл өмнө минь бий. Болгоно доо гэж бодож явдаг.

Ойн захын бяцхан байшинд тайван суугаад, зохиол бичих өдөр ирнэ гэдэгт итгэдэг шүү. Нэрийг нь ч оноочихсон. Завтай болохоороо…нэг сайхан кофе аягалж суугаад л эхлүүлэмз.