“ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД АЛДАРСАН ИРГЭДИЙНХЭЭ ИТГЭЛИЙГ ЭРГҮҮЛЭН АВЧРАХАД БИД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА”

2014.12.28.

“Олон улсын JCI магадлан итгэмжлэлийг авсан үндэсний анхны эмнэлэг болох уриатай” хэмээн Т. Болормаа захирал онцлов. Зорилгодоо хүрэхийн тулд Америкийн United Family Health Care менежментийн багтай хамтран ажиллаж байна гэлээ.

“Интермед” эмнэлгийн төсөл дээр эхнээс нь өнөөг хүртэл 8 жил ажилласан захирал Т. Болормаатай ярилцлаа.

Интермед буюу United Family Intermed Hospital нь Монголын эрүүл мэндийн салбарт ямар шинэчлэл авчирч байна вэ?

Эрүүл мэндийн салбартаа анхдагч болсон цөөнгүй зүйлийг өнгөрсөн хугацаанд манай баг гүйцэтгэлээ. Олон ч жил судалгаа хийлээ, шинээр олж мэдсэн зүйлсээ ажил хэрэг болгохоор чармайлаа.

download 27

Бид өндөр технологи бүхий эмнэлгийг өөрийн оронд бий болгож байна. Саяхныг болтол манайхан эмнэлгийн тоног төхөөрөмжид л илүүтэй анхаарч ирсэн. Гэвч эмнэлгийн тусламж үйлчилгээ нь 3 чухал бүрэлдэхүүн хэсгээс зайлшгүй бүрддэг.Эхнийх нь, зориулалтын барилга байгууламж, эмнэлгийн тоног төхөөрөмж, технологи. Аюулгүй, шуурхай үйл ажиллагааг тав тухтай орчинд явуулах суурь нөхцөл гэж ойлгож болно. Хоёрдугаарт, үйлчилгээний өндөр чанар. Эмнэлгийн менежмент, аюулгүй үйл ажиллагаа, нотолгоонд тулгуурласан эмчилгээ үйлчилгээ, магадлан итгэмжлэл, судалгааны асуудлуудын нийлбэр дээр чанарын үзүүлэлт тогтдог. Гурав дахь чухал хэсэг нь боловсон хүчин. Ажилтнуудын боловсрол, мэргэшсэн болон давтан сургалт, дадлага туршлага үүнд хамаарна.

Интермед эмнэлгийн төсөлд 100 тэрбум гаруй төгрөг зарцуулсны бараг тал хувь нь барилга байгууламж, дэд бүтцэд нь зориулагдсан. Эрүүл мэндийн салбарын байгууллагууд маань ч манай дээр хамт олноо авчирч, эмнэлгийн барилга болоод үйлчилгээ, тоног төхөөрөмжийг үзүүлдэг. Бид ч сонирхсон байгууллагуудад бүх үйлчилгээгээ нээлттэй харуулдаг. Энд нэвтрүүлж буй шинэлэг орчин, үйлчилгээ, арга барил, мэдлэгээ аль болох олон мэргэжлийн байгууллагууддаа түгээж, улмаар эдгээр нь иргэдэд улам бүр хүртээмжтэй болоосой гэж хүсдэг.

Эмнэлгийн евро стандарт гэж юу вэ? Та өвчтөнд зориулан тайлбарлана уу?

Таны харж байгаа энэ олон шугам хоолой эмнэлгийн зориулалтын байшин барилга маш нарийн технологитой болохыг илэрхийлж буй юм. Евро стандартын эмнэлгийн барилгын зураг гэдэг их өндөр шаардлага шалгууртай. Тэдгээр стандартынх нь дагуу манай барилгад ашиглагдсан материалын 80 хувь нь Монголд урьд өмнө орж ирж байгаагүй зүйлс.

Барилгын агааржуулах систем гаднах агаарыг эко цэвэршүүлэгчээр шүүж чийгшүүлдэг, дуу намсгагчтай бөгөөд систем нь дотроо нянгийн ургалтаас урьдчилан сэргийлсэн халдварын хамгаалалт бүхий материалтай. Мөн усаа давхар цэвэршүүлж эмнэлгийн хэрэгцээнд ашигладаг. Барилга маань цахилгааны гурван давхар эх үүсвэртэй. Нэг ёсны “смарт билдинг” буюу “ухаалаг барилга”-ын шийдэлтэй. Бүх төрлийн шугам сүлжээний хэвийн ажиллагааг монитор дээр 24 цаг хянадаг. Түүнчлэн эмнэлгийн мэдээллийн удирдлагын нэгдсэн цогц системтэй, анхны цаасгүй эмнэлэг. Өндөр технологитой эмнэлгийн барилга Монголд анх удаа баригдсан гэсэн үг. Ийм барилгыг монголчууд маань өөрсдөө барьсан. Гэхдээ гадаад мэргэжилтнүүд гүйцэтгэлийг тогтмол нарийвчлан хянаж байсан л даа. Үндэсний 200 гаруй компани барилга дээр ажилласан. Тэд дараа дараагийн эмнэлэг барих туршлагатай боллоо.

Таны харж байгаа өрөө энгийн, хоёр ортой. Европ стандарт гэж юуг хэлээд байна вэ гэхээр эмнэлгийн орчин үеийн тоноглолтой байхын зэрэгцээ өрөөний бүхий л зохион байгуулалт өвчтөний тав тух, халдвар хамгаалал, аюулгүй байдлыг тооцоолон хангасан байдагт оршиж байгаа юм. Өвчтөн энэ өрөөнөөсөө сувилагчаа дуудах өрөөнийхөө температурыг өөрөө зохицуулах боломжтой. Интернэт үйлчилгээтэй. Давхар болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэргэнцэртэй хүн чөлөөтэй явах лифт, ариун цэврийн өрөөтэй байгаа.
МОНГОЛД ӨМНӨ НЬ ХИЙДЭГГҮЙ БАЙСАН 10 ОРЧИМ ТӨРЛИЙН ШИНЖИЛГЭЭ, 4 ТӨРЛИЙН МЭС ЗАСАЛ ХИЙЖ БАЙНА

Ямар хагалгаанууд хийж байгаа вэ?

Ерөнхий мэс заслын дурангийн хагалгаанууд нэлээн хийгдэж байгаа. Мөн элэг, нойр булчирхай, ходоод, улаан хоолой, уушгины хавдрын хагалгаанууд хийдэг. Монголд өмнө нь хийдэггүй байсан хагалгаанаас 4 төрлийг хийж байгаа. Ингэхдээ халдвар хамгааллыг олон улсын стандартын түвшинд хангадаг.

Өдөртөө амбулаториор 500 гаруй хүнд үйлчлэх, жилд 10000 орчим хүнийг хэвтүүлэн эмчлэх боломжтой. Амбулаторид 20 гаруй нарийн мэргэжлийн зөвлөгөө өгдөг. Эмнэлэг 90 ортой. Аль болох манай улсад хараахан хийгдэхгүй байгаа нарийн мэргэжлийн техник технологи, оношилгоо эмчилгээний арга барилыг нэвтрүүлэхийн төлөө цаашдаа ч мэрийн ажиллана.

Танай лабораторийн бусдаас ялгарах онцлог юу вэ?

Лаборатори маань биохими,бактерлоги, иммунологи, эд эсийн мөн молекул биологийн гэсэн хэсгүүдтэй. Манайд өмнө нь хийж байгаагүй 10 орчим төрлийн шинжилгээ хийж байна. Аутоиммунын төрлийн зарим өвчний, бамбай булчирхайн зарим төрлийн шинжилгээ, элэгний B, C вирусыг оношилно, тоолж идэвхжилийг хянана. Лабораторийн үйл ажиллагаанд Asian Quality Assurance for Laboratories гэсэн байгууллага тогтмол хөндлөнгийн хяналт тавьдаг. Шинжилгээний хариу зөв гардаг эсэхэд баталгаажилт хийж, чанартай холбоотой үр дүнг байнга хянадаг гэсэн үг.

Дүрс оношилгооны тасгийн онцлог юу вэ?

Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд ганц байгаа 128 зүсэлтийн хүчин чадалтай СТ төхөөрөмж манай эмнэлэгт байна. Богино хугацаанд,хүний биед бага хэмжээнд рентген туяа өгч зураг авна гэсэн үг. Нэг онцлог нь 2 замтай тодосгогч бодис хийдэг автомат шахуургатай. Хамгийн сүүлийн үеийн нарийвчилсан програм нь зүрхний титмийн судасны дутагдлыг эрт үед оношлохын зэрэгцээ стенттэй өвчтөнүүдийн хяналтыг хийх боломж олгож байна. Түүнчлэн ургийн гажгийн эрт үеийн илрүүлэлтийн шинжилгээ хийж байгаа.

Дүрс оношилгооны тасгийн эмч нар маань мэдрэл, нуруу нугасны, цээжний, хэвлийн хөндийн, үе мөч булчингийн дүрс оношилгооны чиглэлээр нарийн мэргэжил эзэмшихийн төлөө ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд оношийг гадаадын түнш эмнэлгүүдэд давхар баталгаажуулах бүрэн боломжтой. Заавал гадагшаа явж эмнэлгийн үйлчилгээ авч зардал чирэгдэл гаргалгүй, эх орондоо чанартай үйлчилгээг нь бүрдүүлэхсэн гэж хичээж ажиллаж байна.

СТ оношилгооны аппарат ямар үнэтэй вэ?

Сая гаруй долларын үнэтэй. Мөн 1.5 тесла хүчин чадалтай MRI-тай. Уг загвар нь 2013 онд үйлдвэрлэгдсэн учир дагаж ирж буй програм нь шинэ, хавдрыг эрт үед нь оношлох боломжтой, элэгний эрт үеийн хавдрын ялган оношилгоо, нуруу нугасны хавдрын үсэрхийллийн оношилгоог хийж байгаа. Энд авсан бүх зургийг дижитал хэлбэрээр 50 жил хадгалдаг. Мөн мамограмын аппаратын мэдрэмж сайн учир өвдөлт бага өгнө, биопси шинжилгээ давхар авчих боломжтой. Дийлэнх багаж төхөөрөмж маань Siemens-ийн бүтээгдэхүүн.

Дээрхийн зэрэгцээ бид дурангийн шинжилгээг анх удаа тайвшруулгатай хийж байгаа. Зовиургүй, хахаж цацахгүй, тодорхой хугацаанд өвдөлт мэдрэхгүй, үйлчлүүлэгчдээ ч, эмчдээ ч хүндрэлгүй. Урьдчилан сэргийлэх үзлэгийн хэсгийг хүмүүс их сонирхдог юм. Тухайн хүн, байгууллагын хэрэгцээнд нийцүүлэн санал болгодог 18 төрлийн багц үйлчилгээтэй. Урьдчилан сэргийлэх үзлэгийн дараа зөвлөгөө өгнө. Манай эх барих эмэгтэйчүүдийн тасагт уламжлалт хэлбэрийн үйлчилгээний зэрэгцээ эмнэлэгт ирэхээсээ эхлээд гарах хүртлээ гэр бүлтэйгээ нэг өрөөнд байж байгаад тэндээ амаржаад, мөн тэндээсээ гарч болдог сонголтыг ч санал болгодог. Сүүлийнхэд нь хүмүүс их дуртай байдаг юм.

Барилга байшингаа стандартын дагуу байгуулжээ. Эмч, сувилагч, техникийн ажилтнуудынхаа чадварт ямар баталгаа өгөх вэ?

Нийтдээ 250 ажилтантай, эдгээрийн 48 эмч, 110 сувилагч, 20 гаруй техникийн ажилтан байдаг. Удирдлагын багт дотоод, гадаад нийлсэн хориод хүнтэй, дийлэнх нь гадаадад мэргэшсэн. Эмнэлэг маань тасралтгүй сургалт явуулдаг. Бид үйл ажиллагаагаа эхэлснээс хойш мэргэжлийн нийгэмлэгүүдтэй хамтран олон улсын 4 хурал зохион байгуулаад байна. Олон улсын туршлага солилцох хуралд маань хөдөө орон нутгаас, нийслэлээс, 2 ба 3 дахь шатлалын эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар ирж оролцдог.

Бид төслийнхөө явцад Кореа Их сургуулийн Мэдикал Сентертэй хамтарч ажиллаж ирсэн. Одоо эмнэлэг маань United Family Health Care-тай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Америк менежменттэй эмнэлэг болж байна гэсэн үг. Боловсон хүчнийхээ чадавхийг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүд солилцох, шаардлагатай бол оношийн баталгаажуулалтыг давхар хийх, өвчтөн илгээх зэргээр хамтран ажилладаг. Интермед эмнэлэг олон улсын JCI магадлан итгэмжлэлийг авахын төлөө United FamilyHealth Care-тай идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм.

Магадлан итгэмжлэгдэхийн ач холбогдол юу вэ?

Энэ магадлан итгэмжлэлийг олон улсын шаардлагын түвшинд эмнэлгийн үйлчилгээгээ явуулж байж л авдаг. Тэгэхээр үүнийг бид авна гэдэг бол үзүүлж буй үйлчилгээ барууны эмнэлгүүдийнхтэй дүйцэж буйг гэрчлэх юм.

Эмнэлгийн үйлчилгээ гэдэг нь нотолгоонд суурилсан эмнэлзүйн практик, чанарын баталгаажилт, халдвар хамгаалал, өвчтөний аюулгүй байдал, тасралтгүй сургалт, хөгжил хангасан үйл явц байх ёстой. Энэ бүх үйлчилгээ, үйл ажиллагаа олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ном журмынхаа дагуу явж байгаа эсэхийг JCI-ийн магадлан итгэмжлэлээр олон улсад баталгаажуулдаг.

ЭМНЭЛЭГ БОЛ МАШ УРТ ХУГАЦААНЫ ДАРАА ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА НӨХДӨГ САЛБАР

Том хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. Ойрын хугацаанд нөхөж чадах уу? Эмнэлэг хэр ашигтай бизнес вэ?

Манай эрүүл мэндийн салбарт нэг асуудал нь шийдэгдээд, нөгөө нь орхигдоод явахаар гадаадад байдаг тэр чанартай цогц үйлчилгээ, технологийн шинэчлэл, гол нь эмчилгээний үр дүн гарч чаддаггүй. Эмчилгээний үр дүн гаргая гэвэл бүгдийг цогцоор нь авч үзэх, тухайлбал техник технологио шинэчлэх, судалгаа, шинжилгээ, эмч мэргэжилтнүүдийн сургалтанд байнга анхаарч, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Хөрөнгө оруулалтаа нөхөж ашигтай ажиллах хүртэл нэлээд хугацаа шаардагдана, ашиг оллоо гэхэд эргээд эмнэлэгтээ хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болно шүү дээ.

Эмнэлгийг нээх хүртэл манай төсөл 8 жилийн турш үргэлжилсэн. Эхний 5 жилд дотоод, гадаадын эмнэлгийн тусламж үйлчилгээний зах зээлийг нэлээн судалсан. 2005 онд гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол тийм таатай улс орон байгаагүй шүү дээ. Эмнэлэгт хөрөнгө оруулалт хийнэ гэдэг богино хугацаанд ашиг олох гэсэн хүмүүст сонирхолтой төсөл биш. Уул уурхайн салбарт дотоодын хөрөнгө оруулагчид маань идэвхтэй ажиллаж ирсний дүнд нийгмийн хариуцлагатай ийм төслүүдийг дэмжих, санхүүжүүлэх боломж бүрдсэн юм болов уу гэж боддог. Энэ эмнэлэг үүний л нэг эерэг үр дагавар нь. Төслийн гол санаачлагч нь М-Си-Эс групп. Харин хөрөнгө оруулагчид нь М-Си-Эс-ийн зэрэгцээ Энержи Ресурс, Шунхлай зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд. Манайд хөрөнгө оруулсан хувь хүн ч бий.

Энэ эмнэлэг бий болсноор гадагшаа явдаг хүмүүсийн урсгалыг сааруулна. Хамгийн гол үр дүн нь гадагшаа явж эмчлүүлэх боломжгүй маш олон иргэд эх орондоо эмнэлгийн чанартай үйлчилгээ хүртэх боломжийг нээж байгаа юм. Евро стандартын орчин бүхий байгууллагыг монголчууд өөрсдөө бий болгож, ажиллаж чаддаг юм байна гэсэн итгэлийг бий болгохыг манай хамт олон зорьж байгаа. Зөв үлгэр дууриал болоосой, эрүүл мэндийн салбарын шинэчлэлд хувь нэмрээ оруулахсан гэж мөн бодож хичээж явна. Шинэ хамт олон, цоо шинэ орчин болохоор ажил жигдрэх шатандаа явж байгаа. Хааяа бас зарим нэг дутагдлууд ажиглагдаж л байгаа. Бид цаг тухайд нь засч залруулахын төлөө уйгагүй ажиллана. Манайхаар үйлчлүүлж буй иргэд аливаа дутагдлыг цаг тухайд нь бидэнд мэдэгдэж байвал үргэлж талархана.

Сайн эмч чухал уу, эсвэл сайн баг бүрдүүлэх ёстой юу?

Тасралтгүй суралцах эрмэлзэл, хүний төлөө гэсэн сэтгэл их чухал. Мэргэжлийн ур чадвартай хэдий ч бага шиг амжилтдаа цадчихсан, үйлчлүүлэгчийн төлөө гэсэн ёс зүй, сэтгэлгүй, баг болон ажиллах чадвар эзэмшээгүй хүмүүс байдаг.Түүний оронд залуу хүнийг сургаад, бусдын төлөө гэсэн сэтгэлээр баг болж хамтраад ажиллах нь эмнэлгийн үйлсэд илүү ач холбогдолтой байдаг.

Интермед эмнэлэгт 3 үеийн эмч цугласан. Ахмад, туршлагатай эмч нар бий. Дунд үеийн сайн мэргэшсэн боловсон хүчин байна. Араас нь залуу эрч хүчтэй үе гарч ирсэн. Манай мэргэжлийн онцлог нь, тухайн хүний мэргэжлийн чадвар нь туршлага дээр суурилдаг учир ахмад үеийнхэн маань хүнд ярвигтай тохиолдол болгонд биднийг тулж дэмждэг. Дээр нь залуу үеийг залж хөгжүүлэхэд ахмадын арвин туршлага хэрэг болдог. Дунд үеийн болон залуу эмч нараасаа бид сайтар мэргэших, гадаадын нарийн мэргэжлийн эмч нартай эн зэрэгцэн ажиллах, олон улсын түвшинд мэргэжил нэгтнүүдтэйгээ харилцдаг, туршлагаа хуваалцдаг байхыг шаарддаг. Манай эмч нарын 85 хувь нь англи хэлтэй. Анагаах ухааны хувьд хөгжил маш эрчтэй явдаг, өдөр болгон шинэ нээлт, шинэ мэдээлэл орж ирж байхад энэ мэдээллийн баазыг бүрэн ашиглахын тулд англи хэл зайлшгүй сурах хэрэгцээтэй. Орчныг нь бүрдүүлээд, урамшууллын шударга тогтолцоотой байхад манай эмч, сувилагч, техникч нар аливааг хурдан сурдагт би баяртай байдаг. Эмч нартаа дэлхийн аль ч улсад ашигладаг, эмнэлзүйн сүүлийн үеийн нотолгоо судалгааны үр дүн, эмнэлзүйн удирдамжуудын Up-To-Date гэсэн мэдээллийн баазыг ашиглах боломжийг бүрдүүлж өгсөн.

Бүх эмч, сувилагч, техникийн ажилтнуудаа хариуцлагын даатгалд хамруулсан. Эмнэлзүйн удирдамж, стандартын дагуу тусламж үйлчилгээг үзүүлэхэд ерөнхийдөө үйлчлүүлэгчдийн 80 хувьд нь зохицож үйлчилдэг. Цаана нь 20 хувийн эрсдэл байнга байдаг. Тухайн хүний анатоми физиологийн онцлог, хэрэглэж буй эмийг хэрхэн хүлээж авах зэргээсээ хамаардаг зүйл. Тиймээс бид нийт мэргэжлийн ажилтнуудаа эрсдэлийн даатгалд хамруулж байгаа. Манайд эмчлэгдэхгүй, хөгжилтэй аль ч улсад эмчлээд эмчилгээний үр дүн гарахгүй тийм тохиолдол бас бий. Ажилтнуудаа энэхүү эрсдэлээс хамгаалж, өөртөө итгэлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөх үүднээс эрсдэлийн даатгалд хамруулсан.

Дутагдаж байгаа боловсон хүчин бий юу?

Эм зүйн чиглэлээр олон улсын түвшинд сурч бэлтгэгдсэн мэргэжилтэн ховор байна. Эмч, сувилагч, техникч нарыг нарийн мэргэжлийн чиглэлээр давтан сургах шаардлага гарч байгаа. Төслийн бэлтгэл үе шатанд эмч, сувилагч, техникч нараасаа 40 гаруй хүнийг Кореа их сургуулийн эмнэлэгт 1-3 сар сургасан. Нарийн мэргэжлийн эмч нарын хувьд хангалттай хугацаа биш. Бусад улсын туршлагыг харахад Сингапур, Тайланд, БНСУ сүүлийн 20-30 жилд эмнэлгийн тусламж үйлчилгээ нь өнөөгийн түвшинд ирчихээд байгаа шүү дээ. Тэд өндөр хөгжилтэй Америк, Англи зэрэгт эмч нараа 1-2 жилээр явуулж, сурсан зүйлээ хэрэгжүүлэх нөхцөлийг нь бүрдүүлсний үр дүнд өнөөгийн түвшинд очсон. Хүнээ сургасан хэдий ч нөхцөл нь бүрдээгүй бол сурсны үр дүн гарахгүй. Эсвэл орчин бүрдүүлчихээд хүнээ сургахгүй юм бол орчныхоо давуу талыг гаргахгүй. Байгаа технологи техникээ ашиглаж чадахгүй.

САЛБАРЫН ЖИЛИЙН ТӨСВӨӨС ДАВСАН САНХҮҮЖИЛТИЙГ ГАДАГШ АЛДАЖ БАЙНА

Ачаалал хэр их байна. Танай үйлчилгээний үнэ арай өндөр биш үү?

Нээгдсэнээс хойш үйлчлүүлэгч харьцангуй нэмэгдэж байгаа. Интермед зах зээлд өрсөлдөхүйц үнэ санал болгодог. Гадаадад эмчилгээ, үйлчилгээ авахаас хавьгүй бага өртөгтэй. Нөгөөтэйгүүр, чанартай тусламж үйлчилгээ гэдэг нь чанараа дагасан өртөгтэй шүү дээ.

Манайхан гадагшаа явж ирчихээд энд ингэдэг, тэнд тэгдэг гэж харьцуулах их дуртай. Гэтэл эм, эмнэлгийн хэрэгсэл, байшин сав, тоног төхөөрөмж, эмч сувилагч нарын сургалт, лабораторийн шинжилгээ бүгдийг олон улсын зах зээлийн хэмжээнд цогц бүрдүүлж байж чанартай үйлчилгээ бодитой гарна. Чанартай юм чинь өөрөө өртөгтэй. Тэр утгаараа манай эмнэлгийн урсгал зардал Монголд хаана ч байхгүй өндөр.

Цаг хугацааны дагуу эмнэлгийн тусламж үйлчилгээний бодит өртгийн ойлголт манай улсад яригдахаас аргагүй болж байна. Чанарын түвшинг дагаад өртөг гарч ирдэг. Буулгаж болохгүй өртөг гэсэн ойлголт эрүүл мэндийн салбарт бий. Хэрвээ буулгах юм бол эргээд технологийн шинэчлэл хийх, чанартай эм худалдан авах, боловсон хүчнээ мэргэшүүлэх зардлууд, мэргэшсэн сайн Багаа ажиллуулах тогтолцоо алдагдаад ирдэг. Энэ бүгд эцэстээ ямар дүгнэлтийг дагуулж байна вэ гэвэл Монгол улс эрүүл мэндийн даатгалынхаа тогтолцоог даруй боловсронгуй болгох хэрэгтэй байгаа юм.

Эм тариа, эмнэлгийн хэрэгслэлээ хаанаас авч байна вэ?

Дотоодын зах зээлээсээ авч болох бүхнээ хангахыг зорьдог. Төсөл хэрэгжүүлэх явцдаа бид сүүлийн үеийн эмнэлзүйн удирдамжаар хэрэглэгдэх бүх эм хэрэглэлийнхээ судалгааг гаргасан. 800 гаруй төрлийн эмний хэрэгцээ байсан. Монголын зах зээлийн судалгааг хийхэд шаардлага хангахуйц үйлдвэрээс оруулж ирдэг 500 гаруй төрлийн эмийг авч болж байна, 100 гаруй нь Монголд орж ирсэн боловч чанарын шаардлагын хувьд эргэлзээтэй, мөн 200 гаруй төрлийнх нь Монголд огт байхгүй гэсэн судалгаа гарсан.Сүүлд шинээр гарсан эмнүүд өртөг өндөр. Зах зээл жижиг улс учир ганц эмнэлэг өөрийн хэрэгцээндээ авъя гэхэд үнэтэй, дээр нь бага хэмжээтэй хэрэглэх учраас орж ирээгүй байдаг. Манайд татвар, тээвэрлэлтийн зардал гээд өртгийг давхар давхар нэмэгддэг шүү дээ.

Бид “Монос”, “Эм импекс”, “Ази фарм” гээд дотоодын томоохон ханган нийлүүлэгчидтэйгээ ярилцаад, энэ 200 гаруй төрлийн эмийг манайх зайлшгүй авч ашиглах хэрэгтэй байна, та бүхэн бүртгүүлээч гэсэн. Хууль дүрмийн дагуу тухайн эмийг бүртгүүлэх ёстой. Эм бүртгүүлнэ гэдэг нь өөрөө нэлээн хүнд сурталтай үйл явц. Ийм хүнд суртал байх ёстой юу гэвэл ёстой. Хүний амь настай холбоотой асуудал учир аль ч улсад эмийн асуудлыг төрөөс зохицуулдаг. Гэхдээ аливаа зохицуулалт үр дүнтэй байх хэрэгтэй. Олон улсын түвшинд үр дүнг нь нэгэнт баталчихсан эмийг манайд олон сараар туршиж үзээд чирэгдэл үүсгээд байх нь эргээд цаг хугацаа алддаг. Төр засгаас энэ асуудалд арай боловсронгуй зохицуулалт хийх гэж оролдож байгаа гэж найдаж байна. Хэрвээ бид эдгээр эмийг ашиглахгүй бол эмчилгээний үр дүн нь Монголд гарахгүй байгаа өвчтөн гадны эмнэлэгт очоод яг адил онош тавиулаад, нөгөө эмнүүдийг нь авч хэрэглээд 2-3 хоноод үр дүн өгөөд эхэлдэг. Ингэж эмчилгээ үйлчилгээний цогц чанар алдагдахаар гадагшаа явж өндөр зардал гаргадаг иргэдийн маань урсгал багасахгүй шүү дээ.

Урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг шинэ түвшинд гаргах ёстой юу?

Хүн ам цөөн ч гэсэн манай хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт түгших түвшинд хүрчээ. Хүн ам зүйн хувьд залуу атлаа өвчлөлт маш өндөр. Тухайлбал, цусны даралт, цусан дахь холестерины түвшин, сахарын хэмжээ ихсэх, илүүдэл жинтэй болох, архи тамхийг хэрэглэх зэргээрээ бид дэлхийд толгой цохиж байна. Эдгээр нь зүрх судасны өвчин, чихрийн шижин болон бусад архаг халдварт бус өвчний суурь эрсдэл юм. Манай эмнэлэгт гэхэд хийж бүтээх идэр насны өчнөөн залуу хүмүүс үзүүлээд 60,70 настай хүний өвчнөөр өвдчихсөн байх олон тохиолдол илэрдэг. Дээрхийн зэрэгцээ янз бүрийн халдварт өвчин их байна. Санаа зовоосон асуудал манай салбарт их байна аа.

Солонгосын Мэдикал туризм агентлагийн гаргасан статистик байдаг. Жилд 9000-10000 монголчууд БНСУ-ын эмнэлгүүдэд үзүүлж, 90 тэрбум воннын орлогыг эмнэлгүүдэд нь оруулдаг гэнэ. Ганц улсад л гэхэд ийм тооцоо гарч байна. Манай Анагаах ухааны их сургууль дээр саяхан хийсэн судалгаагаар жилд 50.000-60.000 хүн эмнэлэгт үзүүлэхээр гадагшаа явж, 500 сая гаруй доллар зарцуулж байна гэсэн дүгнэлт гарсан. Монголын эрүүл мэндийн салбарын жилийн төсвөөс давсан хөрөнгө санхүүг гадагшаа алдаад байгаа гэсэн үг. Гэтэл дэлхийн түвшинд орчин үеийн эрүүл мэндийн зардал өсөн нэмэгдсээр байгаа.

Тиймээс ард иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох,тодорхой хугацаанд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх, эх орондоо эмнэлгийн чанартай тусламж үйлчилгээ авах боломжийг бий болгохын төлөө нэлээн анхаарч ажиллах ёстой болж байна. Энэ олон бэрхшээлийг давахад “Интермед”-ийн шинэ алхмууд бага ч атугай хувь нэмэр болоосой хэмээн хичээн ажиллаж байна.