ЗАСГИЙН ГАЗРЫН 268 ДУГААР ТОГТООЛ

2014.10.9.

Сүйт бүсгүй сүрхий өтөлжээ. 2008 оны намар хэчнээн гоо бүсгүй байв!Дэлхийн коксжих нүүрсний хоёр дахь том орд буюу Тавантолгойн хуримын инж тэр үеэс үнэд хүрсээр ирсэн билээ. Тавантолгойтой өрсөлдөх “гүнж” зөвхөн Австралид бий гэцгээв.

Хорвоо дэлхийн өнцөг бүрээс 15 баян залуу “авъя чамайг, сууя аа хоёулаа” гэсээр Монголд ирсэнсэн. 2009 оны турш залуус өрсөлдөж, Тавантолгойн хувь заяаг шийдэх учиртай Засгийн газрын ааш аяыг харзнасан юм. Тавантолгойн олон улсын уралдаант шалгаруулалтын өмнөх анхны уулзалтуудад BHP ноён өөрөө морилон саатаж байсныг яана. Энэтхэгийн “Жиндал Стийл” хүртэл найдлага үл тасран 2010 он хүртэл Улаанбаатарт бууж мордсоор байлаа.

Нүүрсний үнэ нэмэгдэж, Хятадын эрэлт хязгааргүй мэт өссөөр. 2010 оны дөрөвдүгээр сард Монгол улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл Зөвлөмжөө гаргав. “Тавантолгой ордыг хамтран ашиглах стратегийн хөрөнгө оруулагчийг сонгохдоо юуны түрүүнд улс орны хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэх, улс төр, эдийн засгийн тэнцвэртэй харилцааг бэхжүүлэх хувилбарыг” гаргахыг Зөвлөмж болгосон.

Нэгэнт ҮАБЗ ногоон гэрэл асааж, чиг баримжаа өгсөн тул Парламент тогтоол гаргалаа. Түүнийг Монголын уул уурхайн түүхэнд УИХ-ын 39 дүгээр тогтоол хэмээн тэмдэглэсэн юм. Наадмын өмнөхөн, 2010 оны долдугаар сарын 07-нд гарсан тэрхүү тогтоолын үндсэн агуулга нь:

-ТТ ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваалгүйгээр эзэмшүүлэх

-ТТ ордын хувьцаанаас Монголын иргэд үнэгүй хүртэх

-ТТ ордын хувьцаанаас Үндэсний компаниуд нэрлэсэн үнээр авах зарчмыг нэн тэргүүнд зарлажээ.

Удаад нь, ТТ ордод хөрөнгө оруулах компаниудтай Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулах зарчмыг тусгав. Хөрөнгө оруулалтын гэрээг хэнтэй байгуулах вэ? Ингээд Засгийн газар сүйт охиндоо царайлаг нэгнийг шилж өгөхөөр зургаан гол нөхцөл тавьсан юм.

-Нүүрс тээвэрлэх төмөр зам байгуул

-Урьдчилгаа төлбөр өг (тухайн үед урьдчилгаа төлбөрийн дүнг 1 тэрбум ам. доллар гэж ерөнхий танилцуулдаг байсан)

-Далайн боомт ашиглах зөвшөөрөл олго

-Транзит тээврийн үнийн хямд санал өг

-Боловсруулах үйлдвэр байгуул

-Шилдэг технологи ашигла

Монголын Засгийн газар Тавантолгойн коксжих нүүрсний баялаг ордынхоо лицензийг эзэмшдэгийн хувьд сүйт залуугийн царай төрх, бэл бэнчинг ийн зааж зааварлалаа. Төдөлгүй 15 сонирхогчоос нэжгээд нь биеэ голсон уу яав гараад явчихсан. Үлдэх 6 компанийн нэрийг монголчууд “хураангуй жагсаалтын зургаа” хэмээн цээжилж үлдсэн билээ.

-БНХАУ-ын “Шенхуа Энержи”

-ОХУ-ын “Төмөр замуудын нэгдэл” тэргүүтэй оролцогчид

-АНУ-ын “Пибоди Энержи”

-Арселор Метал

-Вале

-Экстрата

ийм зургаан компани сонгон шалгаруулалтын хураангуй жагсаалтад тунасан. 2010 оны арванхоёрдугаар сар шүү дээ. Жагсаалт нэг л “сонин” харагдаад байгаа биз. БНСУ, Японы компаниуд хаачсан юм бэ гэж үү?

-БНСУ-ын Корес (11 компанийн нэгдэл юм)

-Японы Мицуи

-Японы Иточу ба Сожиц (Сожиц дотор нь Марубени, Сумитомо багтдаг)

Япон, Солонгосын дээрх компаниуд Тавантолгой ордын тендерт бүр анхнаас нь буюу 2008 оноос сонирхол тавьж сээтэн хаясан ба уул уурхайн үйлдвэрлэлийн туршлагагүй нэр дор “ад үзэгдсээр” явсан. Гэхдээ хөрөнгө чинээ сайтай, коксжих нүүрсний худалдан авагч орны компаниудын хувьд аль нэг туршлагатай компанитай Консорциум үүсгэн тендерт өрсөлдөх магадлал өндөр байсаар ирсэн.

Улмаар Оросууд БНСУ-ын компаниудыг өөртөө нэгтгэж, Консорциум үүсгэлээ. Цаад санаа нь Монголын уул уурхайн төмөр замын шинэ сүлжээний тал хувийг оросууд эзэмшихийг зорьсон хэрэг. Ингэхдээ мөнгө санхүүгээ солонгосуудаар гаргуулах санаа агуулжээ. Харин Америкийн “Пибоди Энержи” Тавантолгой ордын тендер яригдсан эхний жилүүдэд Хятадын “Шенхуа Энержи”-тэй хамтрах яриа хөөрөөтэй байсан. Аваргуудын нэгдэл гэж үзэж болохоор. Шенхуа, Пибоди нь Хятадын нүүрсний зах зээлд хамтран ажилладаг уламжлалтай. Харин Тавантолгой ордын тендерийн явцад санаа хувирцгааж, “Шенхуа Энержи” бие даахыг эрмэлзжээ. Монголын хил хүртэл татсан төмөр замын сүлжээнүүддээ эрдсэн болов уу. Ингэхдээ Шенхуа хажуудаа Японы Мицуи компанийг хавчуулж мөн л Консорциум хэлбэрээр хураангуй жагсаалтын тендерт орох юм болов.

Хураангуй жагсаалтад үлдсэн зургаан компани, консорциум нь Монголын Засгийн газрын угтуулан тавих нөхцөлд хэрэндээ биеэ бэлтгэсэн. Гэхдээ тендерийн ажил нэг л урагшилж өгөхгүй байсаар 2010 төдийгүй 2011 оныг ардаа орхисон юм. Яагаад ажил явахгүй байсан юм бэ?

Тавантолгой ордын Баруун Цанхи буюу олборлоход харьцангуй хялбар, сайн чанарын нөөцтэй хэсгийн коксжих нүүрсийг Хятадын зах зээлд гаргах, улмаар транзит тээвэрлэн гурав дахь зах зээлд хүргэх төмөр замын шугам, транзитын таатай үнэ, боомтын зөвшөөрөл аль аль нь тодорхойгүй, гэрээ хэлэлцээр нь Монгол, ОХУ, БНХАУ-ын улс төрийн хүрээнд гацаж байснаас Тавантолгой ийнхүү үүрэндээ өтөлж эхэлжээ. Нүүрсний үнэ ханш ч дандаа өндөр гялалзана гэж юу байх вэ, аажим унасаар. Зах зээлийн өрсөлдөөнд өнөө гоо бүсгүйн чамин гоё талууд бүдгэрсээр байв.

Тавантолгой ордын олон улсын тендерийг гацаах сонирхол ОХУ-ын талд хамгийн их байсан. “Дэд бүтцийн хөгжил” нэртэй Орос-Монголын хамтарсан компаниараа дамжуулан уг тендерт ялах сонирхол оросуудад байв. Одоо ч бий. Монголын уул уурхайн баялаг ордуудаас барих төмөр замын шинэ сүлжээний тал хувийг эзэмшилдээ байлгах гэсэн оросуудын сонирхол 2008 оноос хойш Тавантолгойн үнэ цэнийг хамгийн их унагааж иржээ.

Кызыл орчмын коксжих нүүрсний 4 том орд нь манай Тавантолгойтой өрсөлдөх “бүсгүйчүүд” юм. Тавантолгой ордынхоос хоёр дахин их нөөцтэй гэсэн статистик байдаг. Тэдгээр ордоос Алс Дорнод, Хятадын зах зээлд нүүрс зөөх Орост ашигтай төмөр замын сүлжээг эхэлж байгуулсны дараа Монголын Тавантолгойн нүүрс урагшаа Хятадын хэрэглэгчдэд очиг гэсэн тактикаар хойд хөрш тендерт хандсан билээ. Өнөөдөр ч Оросын ийм сонирхол хүчтэй хэвээр байна.

2011 оны Наадмын өмнөхөн бас нэг шийдвэрийг Монголын Засгийн газар гаргалаа. Энэ удаа хачирхалтай томъёоллыг хөрөнгө оруулагчид төдийгүй монголчууд сонсов. Хятадын компани Тавантолгой ордын 40 хувьд хөрөнгө оруулах, ОХУ- Монголын хамтарсан компани- “Дэд бүтцийн хөгжил” 36 хувь(18+18), үлдсэн 24 хувийг Америкийн “Пибоди Энержи” авбал яаж байна гэлээ. С. Батболдын Засгийн газар цүл палхийтэл ийм шийдвэр зарласан юм. Ингэхдээ Тавантолгой ордын ашиглалтын лиценз Монголын “Эрдэнэс Тавантолгой” компанид үлдэнэ гэдгийг өмнөхөн нь буюу 2011 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд С. Батболд тодруулан зарлачихсан байлаа.

Тавантолгойн тендер яригдсанаас хойш хоёр жилийн дараа МАН-ын Засгийн газар ийм хуваарилалт гэнэт гаргаж улс амьтны гайхшийг барлаа. Мөн оны зургадугаар сард Ерөнхий сайд Хятадад айлчилсны дараа уг шийдвэр гарчээ. Гэхдээ хуваарилалтыг ҮАБЗ дэмжээгүй юм. ҮАБЗ-д Ардчилсан намаас сонгогдсон Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, МАН-ын дарга, Ерөнхий сайд С. Батболд, МАН-ы ахмад гишүүн, УИХ-ын дарга Д. Дэмбэрэл нар багтаж байлаа.

Тавантолгойг нөхөрт гаргах ээлжит оролдлого бүтэлгүйтсэний дараа Экстрата, Вале, Арселор Митал нар Монголыг орхин гарав.

Ингээд монголчууд Орос, Хятадын аваргуудтайгаа туналаа. Америкийн Пибоди харзнаж бас хүлээв. Гэхдээ өнгөрсөн бүх хугацаанд Оросын тал гэдэг нэр дор дотроо “бүтцийн өөрчлөлт” цөөнгүй орсон билээ. 2008 онооос хойш Тавантолгойг сонирхогч оросууд ээлж дараалан солигдсон. Тэрхүү өөрчлөлтийг ажих бүрт Оросын олигархиудын тэмцэл ба уналт, Путинд ойр бизнесмэнүүдийн өнгө төрх тодхон харагддаг. 2008-2009 онд Тавантолгойн тендерийг Ренова, Базовый элемент, Газпром тэргүүтэй Консорциум сонирхож байсан бол төдөлгүй санаачлагыг “Оросын төмөр замуудын нэгдэл” гартаа авчээ. Олигарх Дерипаскагийн охин компаниудын нэр ч мөн хавчуулагдаж ирсэн. Хамгийн сүүлд Алс Дорнодод боомттой Суэк гэх компанийн нэр Оросын Консорциум дунд орж ирсэн билээ.

Түүх ингэж үргэлжилж байна. Орос, Хятадын хөрөнгө оруулагчид транзит тээврийн үнийн хөнгөлөлт ба боомт нээж өгөх асуудлаар ам нээхгүй байгаад шарлахсан монголчууд өөрийн бие даасан нүүдлээ 2012 оны хавар хийлээ. Баруун Цанхийн хөрсийг өөрсдөө хуулаад хаяв. Үндэсний операторуудаа оруулж байгаад, тууз хайчлаад олборлосон нүүрсээ ачаад урагшаа зөөчихөв. Телевизээр уг ёслолын ажиллагааг үзүүлж, ингэдэг юм даа хө гэх шиг “Эрдэнэс ТТ”, “Эрдэнэс Монгол” компанийн Захирлууд зоригтой гэгч нь ярилцлага өглөө.

Гэв чиг дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасаар байлаа. Мөн зуур Монголын улстөрчид Тавантолгойн Зүүн Цанхийн нүүрсээр дэнчин тавьж 350 сая ам долларын зээл аваад, нүүрсээ оронд нь өгч эхэлсэн юм. Түүхэнд түүнийг “Чалкогийн гэрээ” хэмээн нэрлэсэн ба тухайн үеийн МАХН, одоогийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр намын дарга, Ерөнхий сайд асан С. Баяр ийм шийдвэрт гарын үсэг зурав. С. Баярын сохор мухар шийдвэр Тавантолгойн үнэ цэнийг унагаж, түүнийг С. Батболд буухиалан үргэлжлүүлсэн. 2011 оны долдугаар сард Зүүн Цанхийн ордоос Нүүрс нийлүүлэх урт хугацааны гэрээг Чалкотой байгуулав. Ардчилсан намын Н. Алтанхуяг Ерөнхий сайдын гар дээр Чалкотой хийсэн Зүүн Цанхийн нүүрсний гэрээ 2012 оны намар очлоо. Н. Алтанхуяг уг гэрээг сайжруулах санаатай Хятадын талтай том дуугаар ярьсан биш гэрээний нөхцөлийг улам муутгав. Зүүн Цанхийн нүүрсний экспорт хэсэг хугацаанд зогсох хүртлээ байдал муу тал руугаа эргэсэн юм.

Зүүн Цанхийн уурхайн Операторын гэрээг Австралийн Макмахон компанитай 2012 оны нэгдүгээр сард сунгасан ба мөн л өндөр өртөгтэй, муу нөхцөлтэй гэрээ болсон юм. Дээрх хоёр гэрээ зах зээлийн муу үнэтэй хавсраад өдгөө Тавантолгойн Зүүн Цанхи хэмээх нурмайсан бүсгүй өгөөж ашиггүй сууж байна. Чалкод төлөх үлдэгдэл 110 сая ам долларын өр зээлээ бараагүй. Хажуугийн Баруун Цанхид байдал мөн л хэцүү. Хөгжлийн банкнаас 200 сая ам доллар зээлчихсэн. Арилжааны бусад банкинд 80 сая ам.долларын өртэй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнгөрсөн жилүүдийн менежментийн түүх ийм.

Тавантолгойг од болж байх үед түүнтэй сууна барина гэсэн хөрөнгө оруулагчид эхлээд ордын 51 хувийг авна гэж дор дорноо бардамнасан юм. Пибоди, Шенхуа, Оросын компаниуд бүгд 51 хувь авах санаатай Монголын Засгийн газрыг шахаж, тус тусын лообийг хийж иржээ. Дараа нь Орос, Хятад, Америк тус бүртээ 30 хувиас доошгүйг авна, танай Үндэсний аюулгүй байдлын бодлогод чинь “тэнцвэртэй харьцаатай хөрөнгө оруулалт” гэсэн өгүүлбэр бий хэмээн зааварлав. Ийм нөхцөл дунд Н. Алтанхуягийн Засгийн газар дахин нэг тогтоол үйлдэв ээ. 2014 оны наймдугаар сарын 20-ны 268 дугаар тогтоолыг бүрэн эхээр нь Та дор харж байна.

Юуны өмнө, 2010 онд манай Засгийн газрын томъёолж байсан угтуулан тавих нөхцөл өөрчлөгджээ. БНХАУ-ын дарга Си Жинпины Монгол улсад энэ оны наймдугаар сард хийсэн айлчлалын үр дүнд Монголын нүүрсийг Хятадын нутгаар дамжуулан өнгөрүүлэх транзит тээврийн үнэд дор хаяж 40 хувийн хөнгөлөлт өгөхөөр тохирсон юм. Үүн дээр Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудаар (Далиан, Инкгоу, Тянжин, Чинхуандо, Жинжоу, Хунхуа, Дандонг)дамжуулан бүтээгдэхүүн экспортлох тохиролцоонд хүрсэн. Ингэснээр Тавантолгой ордын олон улсын тендерийн нэг том гацаа нээгдэн, Ерөнхий сайд Н. Алтанхуяг ч овоо зориг орлоо.

Тэр дор нь Тавантолгой ордын тендерийн хураангуй жагсаалтад мартагдах шахсан компаниудад Засгийн газар урилга илгээв. 2010 оны арванхоёрдугаар сард урилга хүргүүлсэн 6 компанийн тал нь Монголд өдгөө байхгүй хэдий ч та нар дахин оролцоход асуудалгүй шүү гэжээ.

Тогтоолд зааснаар:

-Тавантолгой ордыг Баруун, Зүүн Цанхи хэмээн хуваалгүйгээр, цогцоор нь ашиглуулна. Ингэхдээ ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК эзэмшинэ.Тус компани Хөрөнгө оруулагчтай Хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээ байгуулна. Мөн Гэрээний төлбөрт тодорхой дүн төл гэжээ. Юун төлбөр, ямар хэмжээтэй юм бол?

2011 оны долдугаар сард С. Батболдын Засгийн газрын гаргасан шийдвэрт мөнөөх төлбөрийн хэмжээг “Ордын нүүрс тээвэрлэлтийн зардлыг хассан борлуулалтын орлогоос 5 хувьтай тэнцэх төлбөрийг Гэрээний төлбөрт өгч байна” хэмээн томъёолсон. Тухайн үед тээврийн зардлыг тооцох боломжгүй, транзитын үнэ, боомтын асуудал тодорхойгүй байсан. Харин одоо гэрээний төлбөр гэгчийн ерөнхий тооцоог гаргаж болохоор байна.

-Нэгэнт ордыг бүхлээр нь ашиглах, борлуулалт хийх тул “Эрдэнэс Тавантолгой”-н өр шир автоматаар шинэ хөрөнгө оруулагчид шилжинэ. Чалко-ийн 110 сая ам. долларын өрийн үлдэгдлийг нүүрсээр төлж барагдуулах, эсвэл уг гэрээг хүчингүй болгох гарцыг шинэ хөрөнгө оруулагч өөрөө олог гэв.

-Ордыг бүхлээр ашиглахын давуу тал нь уулын ажлын нэгдсэн төлөвлөлттэй явж, авто зам, төмөр зам, угаах үйлдвэр, цахилгаан станцын асуудлыг зардал хэмнэн шийдвэрлэх боломжтой гэсэн үг. Ухаа Худаг дахь “Энержи Ресурс” ХХК-ийн Баяжуулах үйлдвэрийн хүчин чадал жилд 15 сая тонн бол “Эрдэнэс ТТ”-н шинээр байгуулахаар төлөвлөсөн угаах үйлдвэрийн хүчин чадал жилд 20 сая тонн. Шинэ Баяжуулах үйлдвэр байгуулах зардал нь 570 сая ам доллар. Уг төслийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн зөвлөл баталсан.

Засгийн газрын 268 дугаар тогтоолд жилд 30 сая тонн хагас баяжуулсан бүтээгдэхүүн экспортлох даалгаврыг эхний 2.5 жилд хөрөнгө оруулагчид өгсөн нь тохиолдлын тоо биш. Ухаа Худагийн баяжуулах ба Эрдэнэс ТТ-н төлөвлөсөн шинэ үйлдвэрийн хүчин чадлыг хамтатган харсан үзүүлэлт. Одоогоос таван жилийн өмнө тендерийн нөхцөлд Тавантолгойн түүхий нүүрсний экспортын дүнг тооцоолдог байсан бол эдүгээ хагас боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хэмжээг –өртөг нэмсэн бүтээгдэхүүн хэмээн тусгаж буй нь дэвшил юм.

-Түүнчлэн 450 мВт хүчин чадалтай “Тавантолгой” цахилгаан станцын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалт зарлагдсан өөр нэг таатай баримт бий. Эдгээр нь Тавантолгой ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх бодитой хүчин зүйл билээ. Алдсан хэдий ч амжуулж хийсэн ажлууд бас байна.

-Одоо хамгийн гол асуудал нь Тавантолгой ордод хэн, хэдэн хувийг эзэмших вэ? Засгийн газраас 6 компанид явуулсан урилгад дурдсанаар шалгаруулалтын нөхцөлд нэмэлт нөхцөл орсон гэжээ. Энэхүү нэмэлт нөхцөл нь Тавантолгой ордын шинэ тендерийг асуудалд оруулж мэдэх хамгийн гол хүчин зүйл юм. Засгийн газрын 268 дугаар тогтоолд “Хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээний хүрээнд ордыг ашиглаж үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулагч компанийн 51 хувиас багагүй хувийг Монгол Улсад нүүрс олборлох, боловсруулах, тээвэрлэх, экспортлох үйл ажиллагааг 5-аас доошгүй жил эрхэлсэн туршлагатай, хувьцааных нь хяналтын багцаас доошгүй хувь нь Монгол Улсын иргэний өмчлөлд сүүлийн 5 жилийн хугацаанд байгаа хувийн хэвшлийн оператор компани болон компаниудын консорциум өмчилдөг байх

гэжээ. Өөрөөр хэлбэл Төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой”-д хувьцааны 51 хувь ногддог байсан бол энэ удаа Тавантолгой ХХК (жижиг ТТ), Монголын Алт компани (МАК), “Энержи Ресурс” гэсэн гурван компанийн аль нэг буюу эдгээрийн Консорциумд Тавантолгойн хувьцааны 51 хувь очих нь ээ. Ийм зарчмын өөрчлөлт орох ёстой гэдгийг Монгол улсын Ерөнхийлөгч хэдэнтээ давтан илэрхийлсэн. Олон улсын хөрөнгө оруулалтын хурлууд дээр ч Тавантолгойн ашиглалтыг хувийн компаниуд бүрэн хариуцах ёстой, төрөөс ямар ч зардал гаргах шаардлагагүй гэсэн байр сууриа илэрхийлсээр ирсэн юм. Эндээс, дээр дурдсан 3 компанийн аль нь, эсвэл ямар нэгдэл тендерт орох вэ гэсэн асуулт гарна. Дээрх гурван компани нь гурвуулаа тогтоолын нөхцөл шаардлага хангасан компаниуд.

Жижиг ТТ нь Тавантолгой ордын нийт талбайн 0.2 хувийг эзэлсэн хэсэгт үйл ажиллагаа явуулдаг. Харин “Энержи Ресурс”-ийн хувьд 2008 оноос Тавантолгой ордын Ухаа Худагт уурхайгаа байгуулан, 18 мВт хүчин чадалтай цахилгаан станц, усан хангамжийн систем, нүүрс тээврийн авто зам, Монголын анхны 3 модульт Баяжуулах үйлдвэр, орон нутгийн олон бүтээн байгуулалт хийгээд байна. МАК 20 жилийн туршлагатай уул уурхайн компани. МАК нь Шивээхүрэн нүүрсний орд дээр ажиллахаас гадна Цагаансуваргын зэсийн, Хөөтийн занарын, Адуунчулууны ордод түшиглэсэн нүүрс шингэрүүлэх мега төслүүд дээр судалгаа, санхүүжилт босголт, бүтээн байгуулалтаа эхэлсэн учир өөр том төсөлд нэмж оролцох нь юу л бол. Дашрамд хэлчихэд, Цагаансуварга буюу Монголын зэсийн гурав дахь мега төслийг эхлүүлэхээр олон жил ажилласан МАК-д ордыг эзэмшүүлэхгүй, заавал төрийн мэдлийн 51 хувь оролцуулна гэж ажлыг нь гацааж, Үндсэн хуулийн Цэцэд зарга мэдүүлж яваа улстөрчдөд улс орныхоо эдийн засгийг нэмж бүү сүйтгээч ээ хэмээн уриалчихмаар санагдана.

-“Туршлагатай менежментийн багт удирдлагыг шилжүүлнэ” гэсэн тогтоолын өгүүлбэр Таны анхаарлыг татаж буй биз ээ. АНУ-ын “Пибоди Энержи”-ийн 130 жилийн түүхийг хараад туршлагагүй гэж хэн хэлэх билээ. Монголын “Энержи Ресурс”-ын хийж буй барууны шилдэг менежментийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Шенхуа уул уурхайн 20 жилийн туршлагаа чамлалтгүй хэмээн үзнэ. Тэгэхээр олборлогчдын дунд хүчтэй өрсөлдөөн үүсэх нь хэмээн харж байна.

Үндэсний компаниуддаа 51 хувийг шууд эзэмшүүлэх Засгийн газрын шийдвэр, Ерөнхийлөгчийн байр суурийг монголчууд дэмжинэ. Ийм эерэг хандлага ч “Энержи Ресурс” буюу Mongolian Mining Corporation-ийн хувьцааны өсөлтөд нөлөөлсөөр байна. Тавантолгойн нүүрсний зах зээлд хүрэх төмөр зам, гурав дахь зах зээлд хүргэх боомтын асуудлыг гартаа атгаж буй Хятадын ашиг сонирхол, ТТ-г өрсөлдөгчөө гэж үздэг Оросын ашиг сонирхол, уг тендерийг хүлээж Монголыг арваад жил тэвчээртэй харсан “Пибоди”-ийн сонирхол, дээр нь Монголын цөөн улстөрчийн хувийн чанартай шантаажийг 268 дугаар тогтоол хэрхэн даван гарах бол оо.

Юуны түрүүнд Хятадын дарга Монголд айлчилсны дараа “Шенхуа Энержи”-ийн оролцоо хүссэн хүсээгүй баталгаажжээ. Цагаан хаднаас Ганц мод хүртэлх 18 км боомтын төмөр замыг Шенхуа хөрөнгө гарган байгуулахаар ид ажиллаж байгаа ба улмаар Тавантолгой орд хүртэлх 247 км үлдсэн зам дээр ч Шенхуа оролцох магадлалтай юм.

-Оросуудыг яана аа хэмээн Та бодож байгаа биз дээ. Оросын Төмөр замын нэгдлийн Ерөнхийлөгч В. Якунины сонирхолд Н. Алтанхуягийн тогтоол 2 хатуу хариулт өгөөд байна. Эхний 2.5 жил буюу Гашуунсухайт хүрэх нарийн царигийн төмөр зам ашиглалтад орсны дарааа Тавантолгойгоос Сайншанд хүрэх өргөн царигийн төмөр замын ажилд оролцох эрх нээгдэнэ гэж Тогтоолд тов тод дурджээ. Монгол улс төмөр замын өргөн, нарийн хос царигтай болоход ОХУ таагүй ханддаг. Гэхдээ Хятад, Оросын дарга нарын айлчлалын дараа хөрш 3 улсын хамтын ажиллагаа урт хугацаанд идэвхжих нь тодорхой болсон, БНХАУ-ын манайд олгосон худалдааны таатай нөхцөл зэрэгт хойд хөрш илээр саад хийх боломжгүй.

Засгийн газрын 268 дугаар тогтоол мөн В. Якунины хамгийн их зүтгүүлж буй Арцсуурь- Мөрөн-Эрдэнэт чиглэлийн хөндлөн төмөр замын талаар одоохондоо ярих шаардлагагүй гэсэн чимээгүй хариултыг өгчихөөд байна. Арцсуурь-Мөрөн-Эрдэнэт хүрэх өргөн царигийн төмөр замаар оросууд Кызылийн нүүрсийг тээвэрлэн, Хятадын зах зээлд хүргэх сонирхолтой. Тиймээс ч Транс Монголын буюу Улаанбаатар төмөр замд хөрөнгө оруулалт хийн, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхийг Оросын тал эн түрүүнд чухалчилжээ.

-Тогтоолын төсөлд Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг байгуулах санхүүжилтийг хөрөнгө оруулагч өөрөө гаргана гэжээ. Мөн 30 жилийн дараа төрд 51 хувийг буцаан олгох нөхцөлтэй. Яг ийм нөхцөлөөр Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг үндэсний “Энержи Ресурс” компани Германы Дойче Банны менежментээр 2010 оноос байгуулахаар бэлтгэл хангасан байсан. Уул уурхайн технологийн, Монголын мэдлийн, гадаад улс орноос хараат бус 267 км төмөр замтай болох боломж байсан. Одоо энэ зам Хятад ба Оросын оролцоотой баригдах нь бараг тодорхой болоод байна.

– Нийт 1800 км төмөр зам барих хөрөнгө босгохоор Зам, тээврийн сайд А. Гансүх 2012 онд тендер зарлуулсан. Зам, тээврийн яамны харъяа Монголын төмөр зам ТӨХК уг тендерийг зарлаж, шалгаруулжээ. Уг тендерт хоёр компани шалгарсан юм. Английн “Ашмор”, ОХУ-ын “ЕвроАзия” групп хөрөнгө оруулах Санамж бичиг зурсан гэдэг. Эдгээр компанийн төлөөлөгчид болох К. Илюмжинов тэргүүтэй хүмүүс Монголд тун саявтар морилон саатсан билээ. “Орос биш, халимаг шүү” гэсэн тактик болов уу. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын санхүүжилтийг хөрөнгө оруулагч нь гаргах тухай Засгийн газрын 268 дугаар тогтоол ба А. Гансүхийн шалгаруулсан гэх төмөр замын тендерийн оролцогчид өөр хоорондоо хэрхэн учраа олох нь мөн л асуудал дагуулж болзошгүй.

Засгийн газар эхний ээлжинд Гашуунсухайт хүртэлх 267 км төмөр замыг байгуулах тухай ярьж, харин Зам тээврийн яам 1800 км урт шинэ төмөр зам барих хөрөнгийг босгох, эхний ээлжинд Тавантолгой-Сайншандаар дамжин, Монголын зүүн хил хүрэх хөндлөн замыг өргөн царигаар тавина хэмээн зөрж зүтгэдгийг монголчууд сайн мэддэг болжээ. Энэхүү маргаан сүүлийн 6 жил Монголын улс төрд өрнөсөн ба одоо Ерөнхий сайд уг маргаанд цэг тавихаар шулууджээ. Зам, тээврийн сайд А. Гансүхийг Засгийн газрын бүтцийн өөрчлөлт дор танхимаас холдуулан, Монголын уул уурхайн төмөр замын эхний ээлжийн чиглэлүүдийг байгуулах шийдвэр гаргахаар Н. Алтанхуяг зориг шулуудсан бололтой. Үүнээс өөр гарц ч үгүй юм.

-Эхний 2.5 жилд 5 саяас доошгүй тонн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хоёроос доошгүй улсын зах зээлд гаргах гэсэн нөхцөлийг Та тогтоолоос мөн харж байна. Монголын коксжих нүүрс Хятадын зах зээлд эрэлттэй. Япон, БНСУ-д ч мөн хэрэгтэй. Тэгэхээр Хятад, БНСУ, Япон нь коксжих нүүрсний худалдан авагч-өрсөлдөгчид. Тендерт Япон, БНСУ-ын компаниудыг зайлшгүй хавчуулах шаардлага харагдаад байгаа биз. Эдүгээ “Пибоди Энержи” компанитай Япон ба БНСУ-ын консорциумууд зууралдах сонирхол бий. Тэдний гарт шилдэг технологи гэсэн давуу тал яах аргагүй байна.

-УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасан иргэдэд Тавантолгой ордын хувьцааг(Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа гэсэн үг) үнэгүй өмчлүүлэх гэсэн хэсэг мөн асуудал үүсгэж мэднэ. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 10 хувь ард түмэнд үнэгүй очих, бас цөөнгүй компани нэрлэсэн үнээр нь хямд авна гээд мөнгөө шилжүүлчихсэн байх магадлалтай. Өнгөрсөн жилүүдийн улс төрийн амлалтын алдааг давхар угааж цэвэрлэх үүрэг шинэ Хөрөнгө оруулагчдад ирэх нь. Хувьцааны нэрлэсэн үнэ нь тодорхойгүй, Ухаа Худагаас “25 дахин ихээр үнэлэгдэнэ” гэх мэт сэтгэлийн хөөрлөөр ярьсан төдий тооцоололтой. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хүлээсэн иргэн ба компани цөөнгүй байгааг харахул ар араасаа асуудал тасрахгүй байж мэдэх нь. Энэ бүх ээдрээг тайлах бус, улам орооцолдуулъя гэсэн улс төрийн явуулга ч идэвхжиж таарна.

Ийм олон оролцогчтой, эх толгой нь одоогоор сайн ойлгогдохгүй байгаа тендерт бэлтгэж эхэллээ. Ойлгомжтой байгаа нэг зүйл нь Хятадын нутгаар тээвэрлэх транзитын хөнгөлөлт, боомтуудын зөвшөөрөл, Тавантолгойн коксжих нүүрсний Австралитай өрсөлдөх өндөр чанар 3 давуу тал болсоор байна. Мөн Тавантолгойн эрчим хүч ба баяжуулах үйлдвэрийн асуудал шийдэгдэх шатандаа орсон нь сайн мэдээ юм. Хөрөнгө оруулагч -хамтарсан Консорциумын ТУЗ-д улстөрчид шургалахгүй нь гэсэн найдлага ч аслаа. Туршлагатай үндэсний компаниуд ба олон улсын нэртэй компаниуд нэг баг болох боломж бий.

Монголын нүүрсний компаниудын өрсөлдөөн энүүхэн Ганц модны боомт дээр өрнөж, бие биеийн үнийг унагаадаг явдал тасалбар болоход ойрхон байна. Хятадын Винсвэй, Пушин компанид нүүрсээ хямд заран өдөр хоногийг өнгөрөөх бус, далайн боомт дээр Австралийн нүүрстэй өрсөлдөх нь Тавантолгойн гол зорилго билээ.

Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл шороон замаар 1 тонн нүүрс тээх зардал 25 ам. доллар байдаг бол хатуу хучилттай зам тавьснаар тонн тутамд 10 долларын зардал гардаг болсон. Хэрвээ төмөр замаа байгуулбал өртөг улам хямдарч, өрсөлдөөний тухай үг хэлэх эрхтэй болно. Засгийн газрын 268 дугаар тогтоол хэрэгжихэд амаргүй боловч Тавантолгой ордын өрсөлдөх чадвар уначихаагүй байна. Ордыг бүхэлд нь ашиглаж, бизнесийн ур чадвартай компаниуд зах зээлийн жам ёсоор менежмент хийвэл Монголын коксжих нүүрс өрсөлдөх орон зай бий.