Д.ДАВААСАМБУУ: ТЭТГЭВРИЙН САНГИЙН ТОМ БОДЛОГО ДЭЛХИЙ ДАХИНАА ДОНСОЛГООН ДУНД ЯВАГДАЖ БАЙНА

2009 оны 11 сарын 23

 

Стратегийн орд газруудын ашиглалтын орлогоос ард түмэндээ нэг удаагийн хишиг тараах, эсвэл үнэт цаас эзэмшүүлэх хэлбэрээр насан туршид нь хувь хүртээх арга замын талаар УИХ дахь хоёр том намын бүлэг ид хэлэлцэж байна. Хувь болоод хишиг нь Ардчилсан нам, МАХН-ын сонгогчдод амласан зүйлс билээ. Намууд амлалтаа биелүүлэх боломжтой эсэх, ард иргэддээ мөнгө хөрөнгө тараах бол ямар хэлбэр, арга зам байж болох талаар манай нийгэм олон талаас нь хэлэлцэж буй үед УИХ-ын даргын Зөвлөх Д. Даваасамбуутай ярилцлаа.

-Сан гэж юу вэ? Ямар зарчмаар санг бүрдүүлж, зарцуулалт хийдэг вэ?

-Сан гэдэг өөрөө чөлөөтэй мөнгөн хөрөнгө гэсэн үг. Тодорхой мөнгөн хөрөнгө бол төрийн мэдэлд байж болно. Аж ахуйн нэгж байгууллагын мэдэлд байж болно. Хувь хүний мэдэлд байж болно. Байгалийн баялгийн орлогоос ард түмэнд тараах сангийн тухай л асуух гээд байна аа даа. Түүхий эдийн үнэ эдийн засгийн өсөлтийн мөчлөг дагаад өөрчлөгдөөд байдаг учраас байгалийн нөөц бүхий орнууд нь Тогтворжуулалтын сан байгуулдаг. Сайн цагт байгуулаад, хүнд үед түүнийгээ ашиглах зорилго бүхий сангуудтай. Шинээр хөгжсөн болон хөгжлийн манлайд хүрсэн орнуудын эдийн засгийн бодлогоос аваад үзэхэд аль аль санг байгуулдаг, гэхдээ эхний ээлжинд ард түмнийхээ мэдэлд байдаг санг илүү үр дүнтэй арга зам хэмээн үзэж байна.

-Ард түмний мэдлийнх гэдэг нь төр менежмент хийдэг гэсэн үг үү?

-Ард түмний өөрсдийнх нь хуримтлалын сан гэсэн үг. Төрийн мэдлийн сангийн хувьд улстөрчид, улс төрийн намууд, эсхүл тодорхой нэг диктаторын хүсэл эрмэлзлэлээр, улс төрийн зорилгоор ашиглагдах эрсдэл байж болзошгүй гэж үздэг. Гэхдээ улс оронд хөрөнгө мөнгөний боломж байх юм бол төрийн мэдлийн, ард түмний мэдлийн аль аль сан байх хэрэгтэй. Аль нэгийг нь үгүйсгэж болохгүй. Ард түмний өөрсдийн хуримтлал гэдгийн цаана юу байна вэ гэвэл, дэлхийд их алдартай, хамгийн их хөрөнгийн эх үүсвэртэй сан бол Тэтгэврийн сан. Байгалийн нөөц бүхий орнуудын ийм сангууд их хүчтэй байдаг. Тухайлбал, Норвегийн Тэтгэврийн сан, Австралийн Тэтгэврийн сан байна. Англи улс 2014, 2015 оноос өндөр насны тэтгэврийн асуудлыг Тэтгэврийн сандаа шилжүүлэх гэж байна. Норвеги улс нь хойд далайн нефтийн их баялгаа ашиглаж буй үедээ хүмүүсээ мөнгөжүүлэх бодлого баримталж байна. Тэтгэврийн сан гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр байгалийн баялаг ашиглаж байх үед та өндөр насандаа гараагүй бол хуримтлуулсан мөнгө тань ашиглагдахгүй, ирээдүйд таны ашиглах сан болоод үлдчихнэ.

Өнөөдөр УИХ-ын гишүүд, манай улстөрчид амлалтынхаа хүрээнд ард түмэндээ олгох Эх орны хишгийг хүргэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг яаж бүрдүүлэх вэ, хэрхэн хуваарилах вэ гэж ярьж байна. Энэ талаар би УИХ-ын даргын Зөвлөхийн хувьд өөрийн санаа бодлыг мэдээж хэлнэ. Гэхдээ энд миний дэвшүүлж буй санаа бол арай ангид зүйл юм шүү.

-Юугаараа ангид санаа байх вэ?

-Монгол улсын ирээдүйн хөгжлийг хангах боломжийг бүрдүүлэхэд бас бодолцох ёстой, арай холын ирээдүйг харсан санаа гэдэг утгаар нь ярьж байгаа юм.

-Парламентын хоёр том нам орд газрын ашгаас ард иргэдэд боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, орон сууцны зээлийн баталгаа зэргийг гаргаж өгөх тухай хуулийн төсөл хэлэлцэж байна. Эдгээр амлалтаас Таны санал юугаараа өөр вэ?

-Эхний ээлжинд үүнийг олгохын тулд улс төрийн намууд зүтгэх хэрэгтэй.

-“Үүнийг” гэдэг нь сонгуулийн амлалтыг хэлж байна уу?

-Тийм. Ард түмэн хамгийн түрүүнд амлалтаа биелүүлэхийг хүлээж байгаа.

-Ард түмэн бэлэн мөнгө авахаар хүлээж байгаа шүү дээ?

-Мэдээж. Бэлэн мөнгө өгнө өө гээд амлачихсан. Гэхдээ энэ амлалтыг өгснөөс хойш байдал нэлээн өөрчлөгдсөн. Дэлхий даяар санхүү, эдийн засгийн хямрал боллоо. Дэлхийн томчуудын хэлж байгаагаар 1930-аад оны хямралтай зүйрлэж ярьж байна. Ялангуяа уул уурхайн салбарт асар том уналт болсон. Уул уурхайн компаниудын хувьцаа дээд тал нь 80 хувь, доод тал нь 60 гаруй хувиар унасан. Үнэлгээ нь багасчихлаа гэсэн үг. Дээрээс нь үнэ тариф унасан. Ийм үйл явцтай уялдаад Монголын стратегийн том ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил удааширсан. Энэ нөхцөл байдал бол эхний шалтгаан. Тэртээ тэргүй хүндрэлтэй үед бүх ард түмэнд бэлэн мөнгө тараана гэвэл нэгдүгээрт эдийн засаг даахгүй, хоёрдугаарт эдийн засгаа бүр сүйрэлд хүргэнэ гэсэн болгоомжлол манай улстөрчдөд байгаа байх. Тэгэхээр янз бүрийн хэлбэр, арга замаар хишиг, хувь тараах сангаа бүрдүүлэх гээд улстөрчид оюун санаагаа уралдуулж байна шүү дээ. Та бид хоёр болохоор сангийн мөнгийг нь хэрхэн зөв, үр дүнтэй зүйлд зарцуулах тухай ярьж байна.

-Бүрдүүлэх зарчим, зарцуулалтын хооронд уялдаа байх ёстой юу?

-Бүрдсэн хэмжээгээр мөнгө өгнө шүү дээ. Тэгэхээр холбоотой гэдэг нь ойлгомжтой. Хуримтлагдсан мөнгийг хэнд эхэлж өгөх вэ гэдгийг асуух гэж байна уу?

-Тийм.

-Байгалийн хишгээс орж ирж буй орлогыг насан өндөр ахмадууддаа эхний ээлжинд өгөхийг бодмоор байгаа юм. Жаахан хуримтлал бүрдвэл юуны түрүүнд өндөр настай хүмүүстээ өгөх нь хоёр шалтгаантай. Тэр хүмүүс байгалийнхаа өгөөжийг эдлэхгүйгээр насан өөд болчихож болзошгүй. Цаана нь хуримтлалын нөөц үлдвэл орлогогүй иргэдээ бас бодох байх л даа.

-Ингэж ялгавартай хандах нь зарчмын хувьд зөв юм уу. Нийгэм даяараа хүлээлттэй байгаа шүү дээ?

-Хүн болгон байгалийн баялгаас хувиа авахыг хүсч байгаа. Гэтэл хөрөнгийн боломж хүрэлцэхгүй байна шүү дээ. Тэгэхээр хүн бүхэнд тэгшхэн бага мөнгө өгөх үү, эсвэл цаг хугацааны ялгавартайгаар боломжийн хуримтлал бүрдүүлж өгөх үү гэсэн асуулт гарч байна. Миний хэлж буй зүйл бол боломжтой хэсэг нь хүлээгээч ээ гэсэн санаа. Байгалийн хишгээс насан өндөр ахмадууддаа заавал амсуулах ёстой. Хоёрдугаарт, хүн болгонд мөнгийг бэлнээр нь олгож эдийн засгийг хүндрүүлэх хэрэггүй. Боломжтой чадалтай хүмүүсийн үрэлгэн хэрэглээг бий болгож, ийм хэрэглээг урамшуулж бас болохгүй шүү дээ.

-Баялаг ихтэй улс орнуудад энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Австралийн Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын санаачлагаар 1980-аад оны сүүлээр шийдвэр гаргасан байдаг. Байгалийн баялгаа ашиглаж орлоготой байх үедээ иргэдээ тэтгэврийн хадгаламжтай болгоё гэж тогтсон. Өөрөөр хэлбэл, иргэд хадгаламжаа тэтгэврийн насанд хүрэхдээ авна гэсэн үг. Австрали улс 20 сая хүнтэй. Жилдээ 25-30 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Тэтгэврийн сандаа хуримтлуулж баяжуулдаг.

-Тэтгэврийн сангийн орлого нь зөвхөн уул уурхайн ашиглалтаас орж ирэх үү?

-Сангийн орлого ажил олгогч, хувь хүн, төр гэсэн гурван субьектээс бүрддэг. Төрийн оруулж буй хувь нэмэр гэдэг нь уул уурхайн салбарын орлогоос л орж байгаа хэрэг шүү дээ. Чили улсад сүүлийн арваад жилд Тэтгэврийн сангийн арга хэмжээ хэрэгжиж байгаа. Гэхдээ Чилид Тэтгэврийн сан дахь хүн амын хамрагдалт харьцангуй бага юм. Өөрөөр хэлбэл, ажил олгогчид нь Тэтгэврийн санд ажилчдаа хамруулаад, ажилгүй хүмүүс уг санд хамрагдаж чадаагүй гэсэн үг. Норвегид бол бүх иргэнээ Тэтгэврийн санд хамруулсан.

Манай улсын тухайд Засгийн газраас нэг бодлого яриад байна шүү дээ, хүн амаа бүртгэлжүүлээд авъя гэж. Тэр бүртгэлжсэн бүх хүндээ 1.5 сая төгрөгийн хэмжээтэй Тэтгэврийн сангийн эрхийг нээж өгөөд, энэ систем рүүгээ орчихоосой гэж би эдийн засагч хүний хувьд хүсч байгаа юм. Хүн болгонд ийм эрх нээж өгөөд, залуучууд болон өнөөдөр хүлээзнэх боломжтой хэсэгт нь ойлгуулан тайлбарлаж, ирээдүйд чинь тэтгэврийн мөнгө болгоод өгчихье. Одоо хүлээх боломжгүй байгаа хөгшчүүддээ эхлээд анхааръя гэсэн санаа. 2016 оны үеэс манай томоохон ордууд бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орж ашгаа өгнө. Тэр болтол цаг хугацааны зохицуулалт хийгээд, хүмүүстээ ялгавартайгаар хуримтлал өгөөд явж болно.

Өнөөдөр хямралаас хамгийн түрүүнд хэн гарч чадаж байгааг анхаарах хэрэгтэй юм. Зүүн Азийн БНХАУ, БНСУ, БНЭУ, Сингапур тэргүүтэй хөгжиж буй болон шинээр хөгжлийн манлайд хүрсэн орнууд хамгийн түрүүнд хямралаас гарч байгаа. Шалтгаан нь ард түмэн нь их хуримтлалтай байсан. Төр нь гадаад валютын нөөц ихтэй байна шүү дээ. Жишээ нь, Хятад улс гэхэд хоёр триллион ам.долларын нөөцтэй. Ард түмэн нь бас хуримтлалтай. Тийм учраас доллар татаж авах эх үүсвэртэй гэсэн үг. Хоёр триллион доллараа бас зүгээр хадгалахгүйн тулд АНУ-ын Засгийн газрын бонд, саяхан ОУВС-гаас гаргасан анхны бондыг Хятад улс худалдан авлаа. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ард түмний хадгаламжийн мөнгийг гадаад валют болгоод, түүнийгээ олон улсын зах зээл дээр хамгийн найдвартай хөрөнгө оруулалтад хийж, бонд болгон хөрөнгийнхөө өгөөжийг үүсгэж байна. Ингээд дотоодын хуримтлал өндөртэй орнууд хямралаас гарч чадаж байна.

Монгол улс энэ орнуудын хажууд хуримтлал муутай орон. Социализм гэж харайлдацгаагаад, бүгдийг төрөөс хариуцна гээд хүмүүс маань хуримтлал бий болгох эрмэлзэлгүй болчихсон. Нөгөө талаар, дэлхийн ихэнх улсад, ялангуяа хөгжингүй орнуудад үрэлгэн хэрэглээ ихсээд хуримтлалын төлөө зүтгэх зүтгэл багасаад ирсэн. Ийм учраас ард түмнийхээ ирээдүйг баталгаатай харахын тулд улс орнууд тэтгэврийг хадгаламжийн хэлбэр рүү оруулан, хуримтлалыг хүчээр бий болгодог ийм том бодлого дэлхий даяар донсолгоон дунд явагдаж байна. Энэ хандлагыг хараач ээ гэсэн үүднээс би ярьж байгаа юм. Өндөр насандаа хэрэглэх мөнгөтэй байвал танд хэрэгтэй. Өндөр насанд хүрэхээс тань өмнө улс нөгөө санг үржүүлээд, хөгжлийнхөө гол тулгуур болсон хуримтлалтай болоод авдаг. Тэгэхээр нэг сумаар хоёр туулай буудах үр дүнтэй юм байна шүү дээ.

-Нийгмийн даатгалын санд байвал зохих 2 их наяд төгрөг байхгүй болчихсон ийм үед манай иргэд Тэтгэврийн хадгаламжийг дэмжинэ гэж Та бодож байна уу?

-Ард түмэндээ зөв тайлбарлаж чадвал дэмжинэ.

-Намууд боловсрол, эрүүл мэнд, орон сууцны зээлийн баталгаа гээд хүмүүсийн санаа сэтгэлийг урвуулсан сайхан зүйлс ярьж байна. Эднээс илүүтэй тэтгэврийн хадгаламж чухал юм аа гэдгийн хэрхэн ойлгуулах вэ?

-Нэг л юм хэлье. Боловсрол, эрүүл мэнд, орон сууц гэдэг чинь хүн бүрт байдаг хэрэглээ бас биш. Тэгэхээр нэгэнт хүн болгонд өгнө гэсэн амлалтаа ингэж боловсрол, байшин гэх мэтээр ялгавартай хандаж хуваарилахад төвөгтэй шүү дээ. Харин тэтгэвэрт гарч насан дээр болох үед бүх хүнд мөнгө хэрэгтэй. Хөгширнө гэдэг хүн болгонд хамаатай асуудал. Манайх чинь Эрүүл мэндийн тухай хуультай, Боловсролын хуультай улс. Эдгээр хуулийнхаа хүрээнд л боловсрол, эрүүл мэндийн асуудлаа шийдэх ёстой болохоос биш, өөр нэг сантай холиод, тэртээ тэргүй улсын төсөвт суудаг санхүүжилтийг хуримтлалын сангийн мөнгөтэй хутгаад ирэхээр удирдлага менежментийн хүрээнд ч гэсэн төвөгтэй. Жишээ нь, нэг малчин ганц хүүгээ заавал дээд сургуульд өгөхгүй байж болно оо доо. Харин тэр нөхөрт чинь ирээдүйд тэтгэвэртээ гарахад нь мөнгө хэрэгтэй. Баян хүн ч гэлээ хүүхдийнхээ боловсролд зарцуулах мөнгийг өнөөдөр улсаас заавал авах гээд байх биш, харин миний хүү намайг үгүй болсноос хойш хөрөнгө мөнгөө идээд дуусчих вий гэсэн болгоомжлол бол байж л таарна шүү дээ. Тэгэхээр баян, хоосон гэлтгүй хүн болгонд ирээдүйн тэтгэврийн баталгаа чухал юм.

Их Британид анх гарсан эд л дээ, улстөрчдийн холын хараа буюу Strategic Vision гэсэн ойлголт их моодонд орлоо. Ирээдүйгээ их сайн харж чадвал Монголын байгалийн баялгийг ашиглах ирэх 5-80 жил дотор буюу хоёр үе дотор ийм боломж байгаа юм. Ийм бололцоотой үед нь Монгол улсад дутагдаад байгаа хуримтлалыг бий болгоод, хүмүүсийнхээ тэтгэврийн дансыг мөнгөтэй болгохгүй юм бол өнөөдрийнх шиг хямралын үед маш олон хүн тэтгэврийн хадгаламжгүй, ирээдүйн амьдралын баталгаагүй болчихлоо. Малчид, ажилгүй хүмүүс, хувиараа хөдөлмөр эрхлэгчид ч гэсэн тэтгэврийн хадгаламжийн эх үүсвэргүй явж байна. Тэгэхээр иргэдээ бодох, ирээдүйн хөгжлөө харах юм бол тэтгэврийн хадгаламж хамгийн зөв гарц байж болно. Үүнийг ард түмэнд зөв ойлгуулах хэрэгтэй гэж би боддог.

-Тэтгэврийн нэрийн дансанд иргэдийн итгэх итгэлийг хэрхэн бий болгох вэ?

-Хоёр триллион шахуу төгрөг 1960 оноос хойш төрсөн хүн бүхэнд хуваарилагдах ёстой. Ядахдаа, дор хаяж энийг нь ч гэсэн нөгөө Тэтгэврийн сангаасаа мөнгөжүүлээд явах ёстой.

-Өнөөгийн залуужсан хүн амтай Монгол улсад хэдэн жилийн дараа эргээд хөгшрөлт эрчимтэй явагдана гэсэн судалгаа гарсан байна. Ийм нөхцөлд тэтгэврийн хадгаламжийн ирээдүй хэр ач холбогдолтой вэ?

-Маш ач холбогдолтой. Нэгдүгээрт дотоодын хуримтлал хэрэгтэй байна. Хүмүүс их үрэлгэн болчихож. Тэгэхээр иргэдийн ирээдүйд зориулж ажил олгогчид мөнгө хуримтлуулдаг, тэр хүн өөрөө мөнгө хураадаг болчих юм бол насжилт, ер нь л нийгмийн амьдралын их хүнд үеүдэд маш чухал. Тиймээс энэхүү Strategic Vision гэдэг бодлогоо ард түмэндээ ойлгуулах хэрэгтэй. Ард түмэн ойлгосон, хүлээн авсан цагт л улстөрчийн алсын хараатай алхмуудыг дэмжинэ.

– Тэтгэврийн сангийнхаа менежментийг улс орнууд хэрхэн хийдэг вэ?

-Аж ахуйн нэгж, үйлдвэрийн газарт ч тэтгэврийн сан байдаг гэж дээр хэлсэн. Өрнөдийн орнуудын ажил олгогч нар хүмүүстээ зориулсан тэтгэврийн сантай байдаг. British Petrolium гэхэд тэнд хүн ажилд орохдоо миний тэтгэврийн дансанд ажил олгогч та төдийг, би өөрөө тэдийг төлнө, улсаас тэдийг төлнө. Миний тэтгэврийн хадгаламж BP-ийн харъяанд байна аа гээд тохирдог. Том үйлдвэрийн газрууд дэргэдээ ийм тэтгэврийн сантай. Тэтгэврийн сангийн хөрөнгийг нь үржүүлж, хөгжүүлж байдаг санхүүгийн байгууллагуудтай гэрээтэй ажилладаг. Аж ахуйн нэгжийн дэргэд ийм сан байхаас гадна хувь хүмүүсийн өөрсдийнх нь сан ч бий. Менежментийг нь улс хийдэг гэсэн үг. Нийгмийн даатгалын сан, Төрийн сан зэрэгт иргэд мөнгөө байршуулдаг. Уг мөнгийг нь манайхан шиг арилжааны банкинд байрлуулан үржүүлнэ гэж худлаа ярилгүй, харин Засгийн газруудын найдвартай сайн бонд худалдаж аваад явбал тухайн хуримтлал эрсдэлд орохгүй, дээр нь хоёр гурван хувийн хүү нэмж аваад, сангаа өргөжүүлэх боломжтой. Яахав, манай санхүүгийн байгууллагуудын мөнгө үржүүлэх чадвар сайжирсан үед бол тухайн сангийн хөрөнгийн тав, арван хувийг эргэлдүүлж болох байх л даа.

-Ажил олгогч өөрөө ажиллагсдынхаа тэтгэврийн санг хариуцаж байгаа нь хүмүүсийн тогтвор суурьшил, ирээдүйдээ итгэх итгэлийг хангах, улмаар бүтээмж урам зориг нэмэгдэх сайн талтай юу?

-Хоёр эерэг тал үүсч байгаа юм. Хүн бүхнийг бүртгээд, тэтгэврийн сандаа та төдийг хий, бид иймийг хийнэ гээд хуваагаад төлөхөөр тухайн байгууллагадаа үнэнч, зүтгэлтэй тогтвортой ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм. Нөгөө талаас, хүн бүхэн талын нэг тарж амьдралгүй харин ч хаа нэгтээ ажил олгогчид харъяалагдах хүсэл сонирхол төрүүлснээр тухайн нийгмийг тодорхой хэмжээнд зохион байгуулалтад оруулах хөшүүрэг болдог. Ингэхээр иргэн хүн ганц төрөөс биш, ажил олгогчоос дэмжлэг авдаг, амьдралын баталгаа сайжирна.

-Тэтгэврийн сангийн менежментийг манай нөхцөлд хэн хариуцах нь зөв бэ?

-Бий болгосон санг үржүүлж ашиглах чадавхтай санхүүгийн байгууллага манайд бий болж чадаж уу, үгүй юү гэдэг чухал асуудал. Сангийн менежмент хийдэг байгууллагаас их зүйл хамаарах юм. Норвегийн сан ч юм уу, Сингапурын сан гэж ярихаар тэнд санхүүгийн салбар нь маш хүчтэй хөгжсөн учраас амжилттай яваад байна. Манай нөхцөлд, ер нь хөгжиж буй орнууд, хуучны социалист орнуудад миний ойлгож байгаагаар ямар ч байсан хөрөнгөө эхний ээлжинд Төв банкиндаа төвлөрүүлж авах нь зөв. Төв банк хоёр триллион төгрөгтэй боллоо гэхэд гадаад валют худалдаж аваад доллартай болчихож байна. Тэр валютын нөөцөөрөө найдвартай бонд худалдаж авна гэх мэт санхүүгийн механизм л манай нөхцөлд хийгдэнэ гэж төсөөлж байгаа. Менежментийг нь Төв банк хариуцаад, Япон, Хятад, Америкийн Засгийн газрын бонд зэрэг хэлбэрээр байршуулна гэсэн үг.

-Төсвийн цоорхойг нөхөхөд зарцуулчихна гэсэн болгоомжлол байна?

-Төрийн том сангуудын хөрөнгийг бол тэгээд үрчихэж магадгүй. Харин Тэтгэврийн хадгаламжийн сан бол хувь хүмүүсийн мэдлийн мөнгө шүү дээ. Өөрт чинь опшин гаргаж өгнө. Хувь хүн танд опшин гаргаж өгөхдөө 2-3 хувилбараар л гаргаж өгнө гээд хуульчилчихна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр, Та Японы Засгийн газрын бонд авах уу, эсвэл Америкийн Засгийн газрын бондыг сонгох уу гэсэн найдвартай цөөн эх үүсвэрийг зааж өгдөг. Мэдлэг боловсролгүй улсуудыг өөрөө сонголтоороо шийдээрэй гээд орхих юм бол дампуурах гэж байгаа банкны хувьцаа цуглуулчих эрсдэл гарахыг хэн яаж мэдэх вэ. Тэгэхээр сонголтын хувилбарыг нь хуульчилж зааж өгөх ёстой. Яагаад ийм хариуцлагатай хандах ёстой вэ гэхээр Тэтгэврийн сангийн хуримтлал гэдэг хүний хувийн, ард түмний мөнгө шүү дээ.

-Тухайлбал, Сингапурт ямар байгууллага нь сангийн менежментийг хариуцдаг вэ?

-Санхүүгийн корпорац нь хариуцдаг. Төрийн өмчит компани гэсэн үг.

-Тухайн байгууллагын эрх, үүрэг нь ямар байх вэ?

-Сингапурын тохиолдлыг би нарийвчлан судлаагүй байна. Ямар ч байсан төрийн өмнө хүлээсэн үүрэгтэй, аливаа эрсдэлийг маш их хуваарилан ажилладаг байгууллага. Даатгалын систем нь сайн хөгжсөн учраас ямар санхүүжилтэд оролцох вэ гэдгээ сайн тооцоолж, давхар даатгуулчихдаг. Манайд энэ мэт санхүүгийн байгууллага, харилцаа хөгжөөд ирсэн үед бол менежмент нь өөр болно. Харин миний ярьж байгаа Төв банкинд байршуулах тухайд бол манай өнөөгийн байдалд маань таарах, тав, арван жилийн доторх асуудал юм. Ер нь тэтгэврийн хадгаламж чинь улс орнуудад бол албан журмын шинжтэй шүү дээ.

-Сангийн хөрөнгийн хөдөлгөөнд хяналтыг хэн тавих вэ?

-Гадаадад бол Итгэмжлэгдсэн байгууллагууд байдаг. Траст фонд гэдэг шүү дээ. Манай түрүүний зарчим дээр бол Сангийн яам хяналт тавих ёстой.

-Тэтгэврийн албан журмын даатгал гэдгийг тодруулна уу. Хуульчилсан, албадлагын тэтгэврийн даатгалын сантай гэсэн үг үү?

-Тийм ээ. Жишээ нь Их Британид 22 настай буюу ажил эрхлэх насны хүн өөрийн тэтгэврийн хадгаламждаа мөнгө хуримтлуулах үүрэгтэй. Ингэж Английн хуульд заасан байдаг.

-Тэгвэл мөнгөө хадгалуулж буй иргэн ямар эрх, үүрэгтэй байх вэ?

-Зайлшгүй үүрэг нь, Та хамгийн бага хэмжээгээр ч атугай тэтгэврийн хадгаламжид хамрагдах ёстой. Хоёрт танд бас эрх бий. Таны хадгаламжид улсын өгдөг шимтгэлээс илүүг өөр газар, тэтгэврийн хувийн сангуудад бодож өгч байгаа бол тэр газрыг сонгох эрх тань хязгаарлагдахгүй. Мөн нэг зарчим байдаг. Тэтгэвэрт гарахад таны хамгийн сүүлийн цалингийн гуравны нэгээс доошгүй хэмжээний мөнгийг сар тутам, улмаар 20 жил хэрэглэхээр хэмжээний хуримтлалтай байна аа гэсэн ерөнхий тооцоо байдаг. Жишээ нь, Англид хүн тэтгэвэрт гарснаасаа хойш дунджаар 20 жил амьдарч байна. Японд 25 жил амьдардаг гэсэн дундаж тооцоо бий. Энэ бүх хугацаанд өнөөгийн авч буй цалингийнхаа гуравны нэгээс доошгүй хэмжээтэй тэнцэх мөнгөний эх үүсвэртэй байна. Хэрвээ та үүнээс их буюу цалинтайгаа тэнцэх хэмжээний тэтгэврийн хадгаламжтай байна аа гэвэл илүү мөнгө төлнө өө гэсэн үг. Тэтгэврийн хувийн даатгалын сангуудад нэмж мөнгө төлж болно гэсэн үг. Харин улсын, албадлагын тэтгэврийн даатгалын санд хуримтлуулах минимум хэмжээ энэ шүү хэмээн хуульчилсан байдаг.

-Тэтгэврийн даатгал эзэмшигч нас барвал яах вэ гэх мэт маш олон харилцааг давхар зохицуулах шаардлагатай болох нь ээ?

-Тэгэлгүй яахав. Маш олон зохицуулалт шаардлагатай.

-Наана нь тухайн хүн өвдөж зовлоо, мөнгөө авч болох уу гэвэл яах вэ?

-Тэр чинь таны эрүүл мэндийн даатгалын системээр зохицуулагдана.

-Тэтгэврийн сангийн мөнгийг хүүтэй хадгалах уу?

-Хүүтэй байлгүй яахав. Хэрэв гадаад валютын эх үүсвэр болгон төр таны мөнгийг хадгалж байгаа бол гадаад валютын ханшийн эрсдэлд оруулахгүй байх хэмжээний хүүг төлж явах ёстой. Гэхдээ зарим улсад сангийн хөрөнгөний арав ч юм уу, хорин хувийг нь арилжааны эргэлтэд оруулах эрх зүйн процедур хийдэг.

-Тэтгэврийн сангийн ийм сонгодог зарчим хөгжиж буй, ядуу орнуудад хэрэгжих хэр боломжтой вэ?

-Хөгжиж буй орнууд хөрөнгийн эх үүсвэр муутай учраас хэрэгжихэд хэцүү. Монголын хувьд тав, арван жилийн дараа баялгийн боломжийн эх үүсвэртэй болох гээд байна шүү дээ. Энэ хөрөнгөө Монгол улсын Хөгжлийн том санд хийх л байх. Гэхдээ иргэд өөрсдөө хуримтлалын сантай болчих юм бол амьдралын илүү том баталгаа гэсэн үг. Илүү их сонирхол татах ч хуримтлал мөн. Нэг үгээр, Тэтгэврийн сангаар дамжуулан манай ирээдүйн хөгжилд шаардлагатай маш том асуудал шийдэгдэнэ дээ.

-Сонирхолтой сэдвээр ярилцсанд баярлалаа.