2014.8.7.
Мөрдөн байцаагч дүнсгэр. Үүдээр нь дүүрэн хүн. Гадаа гудамжинд ч хүлээгсэд бий. Бүгдийг нь дуудчихсан юм, хуна. Мөрдөн байцаалтад ирэхгүй бол баривчилна. Ирсэн нь ингээд хүлээж бай.
Мань хүн ажил ихтэй, ачаалал өндөр. Хэрэг илрүүлэлтээр цалингаа авна. Гэхдээ сайн байна гээд нэмэх урамшууллын системгүй. “Төлөвлөгөө” биелүүлээгүй бол дор нь цалин хасна.
Мэдүүлэг үргэлжилсээр…Мэдүүлгээс хэргийн хувь заяа шууд шийдэгдэнэ. Хавтаст хэрэг хэмээн түүний нэрлэдэг. Хавтсыг Шүүгч гуай уншина. Наана нь прокурор уншина л даа. Хажуугаар нь өмгөөлөгч өрвөлзөөд жон жон гэнэ. Өмгөөлөгч яах вэ, өрөвдмөөр амьтан. Түүний гаргаж буй үндэслэл, нотлох баримт гээчийг хэн ч тоож харахгүй.
Эрх зүйн систем дотор ямар ч үүрэггүй яваа хүмүүсийг өмгөөлөгч гэж нэрлэдэг. Түүний ярьсныг хавтаст хэрэгт авдаг гэж бодож байна уу? Хариулт нь “хүнээсээ болно”. Мөрдөн байцаагч шударга эрхэм таарвал аль болох олон талын нотлох баримт олж авахыг, өмгөөлөгчийн хэлж буй буруугүй гээд байгаа үндэслэлийг хавтаст хэрэгт хавчуулна. Өөрөөр хэлбэл, хүнээс бүх зүйл хамаардаг эрх зүйн тогтолцоон дундуур та бид эмээн хулган амьдарч явна.
Мөрдөн байцаагч завгүй хэвээр…Өглөө үүдээр багширч байсан улсууд шингэрсэн нь үгүй. Гол нь тэр хүмүүсийн нүдний гал аажмаар унаж, ингээгүй тэгээгүй хэмээн үгээ хурцалж өглөө энд ирснээ мартагнаж эхэлнэ. Байцаагч байцаагч…түүнээс хувь заяа нь шалтгаалах гээд байна. Сайн хүн таараасай ээ…
Эвгүйтсэн нэг нь ачигдах болжээ. Баасан гаригт бол ачилт олон. Айдас хүйдэс их. Анх удаа шорон гээч рүү ачигдаж буй тэр амьтан баасан гаригийн золиос. Хагас, бүтэн сайнд мөрдөн байцаагч хэн гуай амардаг. Гаргаад авчих арга чарга хайсан ар гэрийнхэн ийш тийшээ утасдана, бүгд амарч байгаа шүү дээ. Ингээд шорон гээчид гурав хоночихсон нөгөөх “анхдагч” даваа гариг гэхэд давтсан мах, элдсэн гурил мэт эвлэгхэн мэдүүлэг өгнө. Мөрдөн байцаагчийн дуудсан цагт ирэх минь яалаа, түүнд юу гэж хэгжүүрхлээ гэхчилэн хорвоогийн бүх бурууг хар толгойдоо наахад бэлэн.
Мөрдөн байцаагч хавтаст хэрэг бүрдүүлж байна. Хэрхэн бүрдүүлснээс тухайн хэргийн, тодруулбал нөгөөх “аймхайгийн” амьдрал шууд шалтгаална. Баривчилъя хэмээн мөрдөн байцаагч тасхийсэнл бол та өмгөөлөгч мөмгөөлөгч гэж орилоод юу хийнэ. Америк кинонд л тэр өмгөөлөгч чинь чухал хүн юм байна лээ. Үйлчлүүлэгчийнхээ буруугүйг нотлох баримт хавтаст хэрэгт оруулж чадахгүй яваа өмгөөлөгч шарандаа сурвалжлагч нар дээр гүйгээд очих нь элбэг болж. Эцсийн ийм аргаас өөрөөр өмгөөлөгч эрх зүйн орчинд эн тэнцүү оролцох боломжгүй байна. Ингээд л өмгөөлөгч тайз дэлгэцийн од лугаа зурагтаар өмгөөллөө хийж, нотлох баримтаа хэвлэлийн хуудаснаа май май гээд дэлгэнэ.
Монголд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаа дэлхийн хамгийн хуучирсан системээр явж байна. Туйлын харгис технологи гэж ойлгож болно. Хүний эрхийг дээд зэргээр зөрчдөг уламжлал хэвээр.
Мөрдөн байцаагчийн бүрдүүлсэн хавтаст хэргээр Шүүгч уг хэргийг шийддэг. Хараат бус шүүх тогтолцоо гэсэн ойлголт ийм тохиолдолд байхгүй гэсэн үг. Шүүгчийн цалинг овоо хэдэн сая болгож нэмсэн. Ингээд л хараат бус Шүүгч болж хувирдаг гэж санана уу? Үгүй. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа Эрүүгийн байцаан шийтгэх болон Эрүүгийн хуучин хуулийн хүрээнд явагдаж байна. Нотлох баримт хангалтгүй хэмээн Шүүгч хэргийг мөрдөн байцаалтад буцаадаг практик байнга давтагддагийн шалтгаан юу вэ? Шүүгч, Прокурор дүрмээрээ ажиллахыг хүсч байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, наад дагжиж чичирсэн амьтныхаа буруутай гэдгийг нотлох баримтаа хангалттай бүрдүүлээч гэж мөрдөн байцаагчид хэлж буй юм. Хэрэг буцлаа…
Хүнээс бүх зүйл шалтгаалж байна хэмээн давтъя. Мөрдөгч “сайн” хүн таарвал нотлох баримтыг аль аль талаас нь хангалттай бүрдүүлж хавсаргана. Мөрдөн байцаагч болгон хорон муу улс биш. Бас прокурор болгон өөдгүй амьтан бус. Ийм ийм зүйлийг хавтаст хэрэгт заавал ав хэмээн туршлагатай прокурор мөрдөн байцаагчид үүрэг өгөх нь мэдээж элбэг.
Дээрх бүх үйл явц нэг өрөөнд, нөгөө гурван эрхмийн дунд л гол төлөв яригдаад байх нь тэр. Уг нь айж чичирсэн тэр амьтныг сэжигтэн гэж нэрлэдэг ба түүнд энэ бүх процесс ил тодорхой байх ёстой ёо? Ар гэрийнхэн нь бол бүр таг харанхуй. Байсгээд мөрдөн байцаагчийн үүдийг сахиж, царайчилж, аваад ир, үзүүл шалгуул гэсэн болгоныг нь шурд шурдхийн зөөнө. Ар гэрийнх нь хүн чухам ямар хэрэгт яагаад шалгагдаад, ямар баримтаар тэр нь нотлогдсоныг мөрдөн байцаагчийн харцнаас олж мэдэхийг хичээнэ. Амьсгалаас нь хүртэл айж дагжина. Гурван сар болсон амьтныг гаргаад авахсан гэж аяархан хэлж үзнэ. Хэдэн өдрийн дараа үргэлжлүүлэн хорих захирамж гарсныг олж сонсоно. Яагаад? Яагаад сэжигтнийг үргэлжлүүлэн хорьж байгаа юм бол? Ер нь ямар үндэслэлээр баривчилсан юм? Гол нь юугаар нотолсон бэ?
Ингэж асуух хүсэл бүх хүнд бий. Харин ингэж асуух эрх бидний хэнд ч байхгүй. Хуулиар бидний ийм эрхийг хязгаарлаад байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу бүх процесс хаалттай явагддаг. Хоёр гурван хүн өрөөндөө сууж байгаад хавтаст хэрэг бүрдүүлдэг. Мөрдөгчийн хувьд хавтаст хэрэг нь ажлын нэг үзүүлэлт бол харин тэр хавтсан дотор хүний амьдрал, ар гэрийнхээ хувь заяатай хавчуулаатай яваа юм. Тэр хавтсыг дэлгэж үзэх эрхийг иргэн болгонд олгох гэж Эрх зүйн шинэтгэлийг эхлүүлсэн. Одоо эхлэлийн шатандаа шинэтгэл гацчихаад байна.
Өнгөрсөн 2-3 жилд өрнөсөн баривчилгаануудыг эргэн санацгаая. Гэм буруутайг нь эхэлж тогтоосон тохиолдол байхгүй. Нэг хар өдөр хаалга нүдэж, цэрэг цагдаа гав гинж болон ачаад явдаг. Нөгөө баригдсан хүн өмгөөлөгчтэйгээ хамт байцаагдана хэмээн хэлж үзнэ. Америк кино эрхбиш үзсэн юм хойно өмгөөлөгчтэйгээ байцаагдах ёстой гэдгийг ой тоондоо шингээсэн байдаг. Монгол мөрдөгч хэ хэ…гэнэ. Үнэхээр Монголын эрх зүйн тогтолцоо дунд өмгөөлөгч шиг үүрэггүй хүн алга. Сэжигтний эрхийг тэгээд хэн хамгаалах болж байна аа? Ер нь тэгээд сэжигтэн юм уу, яагаад, ямар хэрэгт, ямар нотлох баримтаар сэжиглэж хорьсон юм бэ?
Сэжигтэн чигээрээ явсаар шоронд амь насаа алдсан талийгаач Д. Амарсайханы ар гэрийнхэн тэрхүү нотлох баримт гээчийг шүүх хурал дээр хавтаст хэргээс нь л сонссон болов уу. Эмгэнэлтэй. Эрх зүйн эрүүл саруул тогтолцоотой улс оронд Шүүх хурал дээр өмгөөлөгч, яллагч талын маргаан дунд Шүүгч бие даасан шийдвэрээ гаргасны эцэст шоронд хорих шаардлагатай эсэхийг шийддэг. Таслан сэргийлэх ёстой эсэхийг хурлаар шийддэг гэсэн үг. Маргаан мэтгэлцээн болж, нотлох баримт хангалттай гарч гэмээнэ Шүүгч шийдвэр гаргана. Ганц хүний хүчин зүйлээр бус, хурлын шийдвэрээр хүн хоригдох эсэхийг шийдэх учиртай. Ил тод хурал шүү. Ар гэрийнхэн, сонирхсон бүх хүн сууг. Ямар үндэслэлээр, юун баримт гарч ирээд тэр хүн хоригдож байгааг заавал олж мэднэ. Энэ бол хүний наад захын эрх. Хангалттай нотлох баримтгүй юм бол Шүүгч тухайн хүнийг хорихгүй. Хүний эрх!
Урьдчилан хориход гурван сар болсон сэжигтэн үргэлжлүүлэн хоригдох ёстой эсэхийг мөнөөх л талуудын мэтгэлцээний үр дүнд хуралдаж, ил тод шийднэ. Манайх шиг нэг өглөө “үргэлжлүүлэн хорьсугай” хэмээн хэн нэг нь ямар нэг “нууц” шалтгаанаар шийдэхгүй.
Өнөөдөр Монголд мөрдөн шалгах үйл ажиллагаа “баривчил-хориод бай-ямар нэг юм ол” гэсэн дүрмээр явж байна. Энэ бол дур зоргын явдал юм. Хүний эрх дээд зэргээр зөрчсөн үйлдлүүд гарсны дараа “Хэргийг хэрэгсэхгүй болголоо” гэсэн гурван үг хаяад өнгөрч байна.
Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах газар татан буугдсанаар цагдаагийн дур зоргын үйлдлийг хянах, хариуцлага тооцох үр дүнтэй бүтэц ч үгүй болжээ. Хууль шүүхийнхний үйлдсэн хэргийг хянадаг уг тогтолцоог задалж, хоёр хэсэгт хуваажээ. Авилга, албан тушаалын хэргийг нь Авилгатай тэмцэх газар хянадаг болж. Харин бусад “жижиг сажиг” асуудлаа Цагдаагийн байгууллага өөрөө хянахаар хуулийн өөрчлөлтийг өнгөрсөн хаврын чуулганаар Авилгатай тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулсан юм. Авилгатай тэмцэх газар (АТГ) гээч маань үнэндээ мөн л нэг төрлийн цагдаа нар. Нөгөө мөрдөгчид гэсэн үг. Ялгаатай нь АТГ-ын мөрдөн байцаагчид 3-4 сая төгрөгний өндөр цалинтай, хуулийн хамгаалалт дархлаа сайтай “онцгой” улсууд.
Ямар ч байсан “Сарангэрэлийн” хэрэг гээчид холбоотой Цагдаагийн хурандаа нарын асуудал хуулийн шинэ өөрчлөлтөөрөө АТГ-д шалгагдах болов уу.
Онцгой мөрдөгчид буюу АТГ-ын “Хурцын тасгийнхны” хувьд илрүүлсэн авилгын том хэрэг олон. Мөн хэрэгсэхгүй болгосон хэргүүд ч цөөнгүй. Баривчилгаа бол бүр сүржин. Өмгөөлөгч байтугай прокурор, шүүхийн шийдвэрийг үл ойшоох нь улам бүр элбэг болсоор байгаа. Учир нь АТГ хэмээх байгууллагад засаглалын гурван том эрх мэдэл төвлөрчээ. Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ хоёр даргыг нь сонгодог, тэдгээр нь өндөр имунитеттэй. Засгийн газраас айхгүй гэсэн үг. Тэгсэн атлаа Засгийн газрын хэрэгжүүлдэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хөрөнгө орлогын мэдүүлэг хянах мэтийн чиг үүрэгтэй, дээр нь хэрэг шалгана. Шүүх засаглалын эрх мэдэлтэй гэсэн үг. Саявтар нэмэгдсэн нэг том эрх нь цагдаа шүүхийнхний авилга, албан тушаалын хэргийг мөрдөх нь.
Ингээд нийтлэлийнхээ эхэнд дурдсан мөрдөн байцаагч боссоос хамаагүй том эрх мэдэлтэй онцгой мөрдөн байцаагчид бас бий болчихоод байна. Хүчирхэг уг машин хуучин хуулийн хүрээнд ажиллаж байгаа нь хамгийн их айдас дагуулдаг. АТГ өглөө болгон шахуу нэг азгүй амьтныг баривчилдаг болсон. Шалгуулаагүй бизнесийнхэн ч үлдээгүй. Айлгаагүй улстөрч ч үгүй болов. Хэрвээ Эрх зүйн шинэчлэлийг шуурхай хийж, нээлттэй ил тод, хувь хүнээс бус, шүүх хурлаас мэтгэлцээний шийдвэрээр хэрэг шийдвэрлэх зарчимд шилжихгүй аваас АТГ мөдхөн бүгдийг хэрчигч махны машин болно. Шүүх, Прокурор ч сүүлийн үед АТГ-ын мөрдсөн хэрэг дээр “нотолгоо аваад ир” гэж буцаахаасаа айдаг болжээ.
Хавтаст хэргийг хэн ямар сэдлээр бүрдүүлснээс хүний хувь заяа хамаардаг нийгэмд бид бүгд амьдарч байна. Ийм нийгмийг өөрчлөхгүй байх, айдас хүйдэс дунд байлгах сонирхол цөөн хүнд бий. Эрх зүйн шинэчлэлийг уг салбарт ажиллаж буй олон мянган шударга хуульч дэмждэг гэдэгт эргэлздэггүй. Тэд хурдан шинэчлэгдээсэй хэмээн хүлээдэг боловч гарч ирээд үгээ хэлж, хуучинсаг хар хүчинтэйгээ тэмцэхээс айдаг. Яагаад гэвэл тэд хавтаст хэрэг зохиох технологийг өөрсдөө маш сайн мэднэ. Буруутгах талын бүх баримтыг цуглуулж болдгийг мэднэ. Баримт үгүй бол зохиож чаддаг гашуун туршлагыг нүдээрээ харсан. Нэг хэргийг хүлээлгэх гэж нөгөөг зохиож байгааг Цагдаагийн хурандаа нарын үйлдлээс иргэд харсан. Эрх зүйн шинэтгэлийг эсэргүүцэгч хэсэг Цагдаагийн дарга нарын түвшинд байгааг салбарынхан төдийгүй, Монголын иргэд харж байна. Уг эсэргүүцлийг дээрээс нь өдөөдөг улстөрчид бийг Монголын нийгэм сүүлийн хагас жилд тод харлаа.