2014.5.15.
Өрийн удирдлагын тухай хууль батлагдвал өчигдрийн Х. Баттулга сайд шиг ичих нүүргүй царайлж хэн ч чадахгүй. Монгол улсын Засгийн газрын бонд, төсвийн мөнгийг сүүлийн 6 жилд хамгийн ихээр, хамгийн хэрэггүй зүйлд, дур зоргоор цацсан Сайд хэрхэн малилзахыг өчигдөр харлаа. “Намайг хэн хэлэхэв” гэж Монголын төрөөр тохуурхаж байгаа Баттулга сайд шиг хүмүүст хариуцлага тооцдог болохын тулд Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-ын хэлэлцүүлэгт оруулахаар бэлтгэжээ.
Бондын менежменттэй холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Зөвлөмж гаргасан. Уг Зөвлөмжид “Засгийн газрын үнэт цаасыг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн улсын нэгдсэн төсөвт оруулан тооцох асуудлыг боловсруулж УИХ-д оруулан шийдвэрлүүлэх” хэмээн чиглэл өгчээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн зарчим нь:
-Улсын төсвийн тогтвортой байдлыг хангах баталгаа болохын зэрэгцээ
-Монгол улсад зээлийн цонх нээх гарц олгодог.
Цонх буюу зээлийн шугамыг 60-70 хувь хүртэл тэлж өгөх эрх зүйн орчныг (17.1 Засгийн газрын өрийн үлдэгдлийн нэрлэсэн үнээр илэрхийлэгдсэн дүн нь тухайн төсвийн жилийн оны үнээр тооцсон ДНБ-ий… хувиас хэтрэхгүй байна) Өрийн удирдлагын хуулийн хүрээнд нарийвчилсэн зохицуулалтаар оруулах гэж байгаа юм. Хуулийн хамгийн чухал үзэл баримтлал нь Засгийн газрын арилжааны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ нь зураг төсөв, ТЭЗҮ хийгдэж баталгаажуулсан байх шаардлагыг тусгасан.
Монгол улс анх удаа арилжааны зээл авсан. Чингис бонд нэртэй. Засгийн газрын баталгаатай зээл. Өөрөөр хэлбэл татвар төлөгч болгон төлөлцөх үүрэгтэй. Тэгвэл бидний эргэж төлөх зээлийн мөнгийг дураар цацаж дунд чөмгөөрөө жиргэсэн Сайд малилзах биш, хариуцлага үүрч байхын тулд хуулиар түүнийг хаших гэж байна. Н. Алтанхуягийг дээрэлхэж болно, Ц. Элбэгдорж бөөрөнхийлөөд өнгөрнө гэж малигар эрхэм бодож байж болно. Харин Монгол улсын хуулийн хүрээнд хариуцлагыг албажуулсан цагт мөнгөндөө маасайсан Сайдууд сайн дураар чөлөөлөгдөх хүсэлтээ эхнээсээ ингээд өгөөд эхэлнэ.
Бонд Засгийн газрын дураараа цацдаг хөрөнгө бус, УИХ-ын шүүлтүүрт орж ирэх юм.
Өрийн удирдлагын хууль, тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэсэн 45 дугаар зүйл нь Чингис бондын мөнгийг казиногийн рулетктэй андуурч яваа Сайдуудад улаан гэрэл болно. Х. Баттулга сайдын араас Зам, тээврийн сайд “сайн дураараа” чөлөөлөгдөхөөр мөн ороод ирэх биз ээ. Гэхдээ Л. Гансүх сайдаас Засгийн газар хоорондын төмөр замын транзит тээврийн Хэлэлцээрт ахиц гаргахын утлд Зам, тээврийн сайд ямар хүчин чармайлт гаргасныг нь заавал асуугаарай. Төмөр замаар харилцан холбогдох хэлэлцээр ба Боомтоор харилцан холбогдох хэлэлцээрийг урагшуулахын тулд ямар чармайлт гаргасныг нь лавлаарай. Эдгээр нь зам тээврийн бодлого атгаж яваа Сайдын хамгийн их сэтгэл чилээх үүрэг нь байсан, олон тоо жагсаасан хүснэгт үзүүлж ажлаа “тайлагнахаас нь” илүүтэй.
“Манайхан ажлаа өгнө гэж ярьж байгаа” хэмээн Баттулга сайд сэтгүүлч Б. Ганчимэгт өгсөн ярилцлагаараа дамжуулан Засгийн газрыг, Ардчилсан намыг айлгасан юм. Энэ бол түүний хэрэглэдэг гол арга шантааж. Хариуцлага яриад байвал дараагийн алхамдаа орно шүү л гэсэн ердийн арга нь. Мөн хэн нэг нь шүүмжлээд эхэлбэл Эрүүгийн хуулийн Гүтгэлэг, доромжлол гэсэн 110,111 зүйлээр шүүхэдчихнэ шүү, “хэлсэн үгээ хамгаалаарай” гэсэн заналхийлэл. Эрүүгийн хуулийн иймэрхүү зүйл заалтыг хасахаар хуулийн шинэ төслийг Хууль зүйн яам өргөн барьсан. Эрх зүйн шинэтгэлийн ажлууд мөн сүрдүүлэг, шантааж дор гацсаар байгаа та бид сайн мэднэ.
Засгийн газар, УИХ-ыг хэн нэг нь шантаажилдаг дур зоргыг халахын тулд эрх зүйн зохицуулалтын хашлага чухал. Тэдгээрийн нэг нь Өрийн удирдлагын хууль.
Зураг, ТЭЗҮ-гүй төсөлд Засгийн баталгаатай арилжааны зээлээс хуваарилахгүй болсон цагт Сайншандын аж үйлдвэрийн парк хэмээх үлгэрийг Ардчилсан нам Мөрийн хөтөлбөрөөсөө авч хаяхаас аргагүй болно. Үлгэрийн паркийн үндэслэлийг Америкийн Bechtel компани хийсэн бөгөөд Хөгжлийн банк хөлсөнд нь 14.2 тэрбум төгрөг, мөн улсын төсвөөс 11.8 тэрбум зарцуулсан гэдэг. Гэхдээ одоо Флуор компани өнөөх өндөр өртөгтэй мастер төлөвлөгөөг дахиад нарийвчлан эхнээс нь хийж байна. Флуорын ажлын хөлс хэдэн тэрбумаар хэмжигдэхийг хэлж мэдэхгүй. Сайншандын үлгэр цаасандаа тэрбумаар нь хийсгэсээр байгаа, цаашид 11 тэрбум ам. долларын нийт хөрөнгө оруулалтаар уг Цогцолборыг босгоно хэмээн Bechtel айлдсан билээ. Bechtel-ийн 2012 онд хийсэн уг мастер мөрөөдөлд давхар хяналт хийсэн Монголын байгууллага байхгүй. “Шинэ төмөр зам”-ын ТЭЗҮ ч мөн адил, аудит хяналт, аливаа дүгнэлтгүй, гэхдээ асар өндөр өртгөөр хийгдсэн цаас. Уг цаасан дээр Х. Баттулга сайдын Зөвлөх, ойрын эрхэм Ч. Ганбатын гарын үсэг дурайдгийг нь харахул Сайдад тун чухал цааснууд юм. Харин Монгол улсад өгөөжөө өгөөгүй.
Цаасан дээр байгаа тоонууд бариад өнөөдөр дурын хүн дуртайгаа цэцэрхэж байна. Тухайлбал, Сайншандад жилд 3-5 сая тонн ган хайлуулдаг үйлдвэр байгуулах гэж байсан юм хэмээн Үйлдвэр, хөдөө аж ахуйн Сайд өчигдөр шогшров. Монголын төмөрлөг үйлдвэрлэгчид энэ яриаг нь сонссон бол онигоо гэж ойлгоо биз. Жилд арматур төмөр хэрэглэх ханасан хэрэглээ маань 600.000-800.000 тонн орчим. Бас бус тоног төхөөрөмж, бараа сав хийлээ ч Монголын зах зээлд 3-5 сая тонныг шингээхгүй. Гаргаад зарна гэв үү, хэн авах вэ? Төмрийн хүдрийн нөөцөөрөө дэлхийд эхний тавд явдаг Орос, Хятад хоёр уу. Гангийн үйлдвэрүүдээ хойд нутгууддаа төвлөрүүлж байгаа Хятад улсад хүчээр өгөх үү Ерөөс усны эх үүсвэргүй Сайншандад хүнд үйлдвэрийн цогцолбор барина гэдэг үлгэрийн дэргэд харин Үндэсний төмөрлөгийн үйлдвэрүүдийн өдийд босгоод эхэлчихсэн Нойтон баяжуулах үйлдвэрүүд түрүүлээд өгөөжөө өгнө. Саяхан болтол хуурай баяжмал хилээр хямд зөөж, төмөр замгүйн гачланг үзэж ханасан Монголын төмөрлөгийнхөн өдгөө Нойтон баяжуулах үйлдвэрүүдээ энэ онд эхнээс нь нээнэ. Дараагийн шатанд хорголжин үйлдвэрлэж, өртөг нэмэх ажлуудаа ч төлөвлөсөн. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчдэдээ Чингис бондын хөрөнгөнөөс 50 сая ам. долларыг хагас боловсруулсан бүтээгдэхүүн эхний ээлжинд хий хэмээн өгөхөөр Засгийн газар төлөвлөөд байна. Гангийн үйлдвэр гэдэг ганц цаасан макет наагаад хийдэг ажил биш. Өнөөдөр хагас боловсруулсан бүтээгдэхүүн экспортолж, хуримтлал туршлагатай болсон үндэсний бизнесийнхэн маргааш үйлдвэрлэлийн дараагийн дамжлагыг эцсийн бүтээгдэхүүний хэсгийг босгоно. Эдийн засгийн өгөөжөө өгөх төсөл гэж тэдгээрийг хэлдэг. Хөгжлийн банк шиг газрууд ийм л үндэслэлийг харж байж Чингис бондын мөнгөнөөс “арай гэж нэг юм” гар тэнийдэг байх ёстой. Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрийг Концессийн гэрээгээр авсан QSC компани тус үйлдвэрт 63.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулахаар амласан. Энэ мөнгөний эхний хэсгийг хэдийнэ гаргасан гэж байна. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг түшиглээд Гангийн том үйлдвэр босоод ирэх үүд нээгдсэн гэсэн үг. Улсаас мөнгө нэхэлгүй, хөрөнгө босгох чадвартай аж ахуйн нэгж өөрөө ажлаа хийгээд, эрсдэлээ үүрээд, 30 жилийн дараа төрд хүлээлгэн өгөх Концессийн гэрээ, BOT нөхцөл гэж үүнийг хэлдэг. Яагаад Сайншандын цаасан макетанд итгэж бондын мөнгө цацаад, бид түүнийг нь төлж суух ёстой билээ?
Тавантолгой ордоос Чойбалсан руу татах, цааш Хятадын Дандонг боомт хүргэх зорилготой 1100 км төмөр замын бичиг цаасыг “МакКинсэй энд Консалтинг” компани хийсэн гэдэг бөгөөд дөрвөн сарын ажлынхаа хөлсөнд Монголын Засгийн газраас 5.5 сая ам. доллар авчээ. Зөвлөх үйлчилгээний баг гэдэгт нь мөнөөх л Ч. Ганбат мутраа үлдээсэн байдаг. Уг хөлсийг Хөгжлийн банк төлөхөөс татгалзсан билээ. Хөгжлийн банк бол Алтанхуягийн танхим биш учир шантаажинд орохгүй, эдийн засгийн үр ашгийн тооцоо л хийнэ. Ашигтай гэж үзвэл мөнгө өгнө. МакКинсэй компанийн Зөвлөх үйлчилгээний хөлсийг Баттулга сайд Хөгжлийн банкнаас хүчтэй нэхэж, нэмээд Чойбалсан хүртэл хийсэн төмөр замын газар шорооны ажлын хөлсөнд 55 сая ам. доллар авахыг хүссэн юм. Хөгжлийн банк эдийн засгийн үр ашиг нь харагдахгүй ажлуудад мэдээж санхүүжилт олгоогүй. Эцэст нь Хөгжлийн банкны тухайн үеийн Гүйцэтгэх захирал Б. Батжаргал зарчим дээрээ хатуу зогссоныхоо төлөөсөнд ажлаа хүлээлгэж өгсөн түүхтэй.
Эдүгээ Чингис бондын зарцуулалтыг ийм тийм зүйлд өгсөн гэсэн хүснэгтүүд УИХ-д танилцуулагдах нь мэдээж. Телевизээр ч чамгүй сурталчилгаа хийх биз. Өгөөж муутай гэсэн болгон руу шантааж, хар PR ч онилж таарна. Эцсийн дүндээ Монгол улсын Засгийн газрын баталгаагаар авсан арилжааны зээл бол аль нэг Сайдын хувийн сан биш, улс төр хийж шантаажилдаг шалтгаан ч биш.
Өнөөдөр маш тодорхой байгаа зүйл нь 2018 онд Чингис бондын 500 сая ам. долларыг төлнө. 2022 онд үлдэх 1 тэрбум долларыг эргүүлж өгнө. Дээр нь, 2017 онд Хөгжлийн банкны 580 сая ам. долларын бондын зээлийг төлөх ёстой. Нөгөө Б. Батжаргал даргын “эдийн засгийн тооцоог нь үзэж байж өгнө” гэж гүрийсэн мөнгө гэсэн үг. Дорнод тийш ухаад орхисон олон нүхийг одоо харвал эдийн засгийн тооцоо нь харагдах байх даа. 2023 онд Самурай бондын 30 тэрбум иенийг мөн төлөх үлдэж байна. Дээр нь Өрийн удирдлагын тухай хуулийг батлуулж, өрийн босгыг 60-70 хувь болгомогц дахин 3.5 тэрбум ам. долларын бонд босгох бодол Засгийн газарт бий. Эндээс эрхэм Та Өрийн удирдлагын хуулийн босгыг Н. Алтанхуягт нээж өгөхөөсөө өмнө ХАРИУЦЛАГЫН тухай өгүүлсэн хамгийн сүүлийн 7 дугаар бүлгийг улам бүр чангалах ёстойг харж байна. Энэ бүлэг чанга байж, хэрэгжиж гэмээнэ Засгийн мөнгөөр барьцаалж улс төрийн шантааж хийдэг арга алга болно. Зүгээр л өөрсдөө ингээд чөлөөлөгдөх өргөдлөө бариад гүйгээд ирдэг болно.
Монголын улс төрд үнэн үгээр зарчим тавьдаг хүн үгүй болсон үед хуулийн хашилт хамгаас чухал юм. “Давхар дээлээ тайлах гэсэн юм уу, за тэг ээ хө, их сайн байсан шүү…” ийм бөөрөнхий үгсийг улстөрчид өчигдөржин үсчүүлснийг Та харсан. Өнөөдөр ч үргэлжилнэ. Үнэнийг, зарчим ярьсан улстөрч өөрөө хар PR-ын бай болно гэдгээ маш сайн мэдэж байгаа. Тиймээс АН, МАН, МАХН, ИЗНН- ын гишүүд байтугай Спикер, Ерөнхийлөгчөө дуустал Х. Баттулга сайдын чөлөөлөгдөх асуудлаар бөөрөнхийлөх нь тодорхой. Ц. Нямдорж шиг баримттай ярьчих хүн сөрөг хүчин гэх МАН-д ч үгүй. Улстөрчид ч, сэтгүүлчид ч хатуу үнэнээс зугтаадаг болжээ. Харин Чингис болон бусад бондын өрийг арилжааны зарчмаар төлнө, зугтах аргагүй хатуу үнэн тэр. Монгол улсын зээлжих зэрэглэл Standard and Poor’s-ийн үнэлгээгээр ВВ-ээс В+ болж дөрөвдүгээр сард шатлал буурсан. Амьдрах, бизнес эрхлэх орчин маань муудсаар байгаа нь хатуу үнэн, хаашаа зугтах вэ.
Шантааж хийгчид, түүнээс нь айсан улстөрчдийн бөөрөнхий чалчаа үгийг сонсохоор үзэгч, уншигч Та өнөөдөр битгий яараарай. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр болох жүжиг тов тодорхой. Төрийн ордноос гадна сурвалжлах түмэн асуудал байгаа шүү, сэтгүүлчид ээ.