“НАМАЙГ БҮР ДУУЧИН ГЭЭД БОДЧИХСОН…”

2014.5.3.

download 19

Гантөмөрийн Батчимэг: Бид нар одоо Цэргийн музейд очиж дуулах юм аа, яараад байна.

Л.Б: За тэгвэл, 15 минут ярилцчих уу?

Г. Батчимэг: Болно оо.

-Мөнгөн-Эрдэнэ Та хоёрын тоглолтыг Глоб интернэшнлийн 15 жилийн ойн баяр дээр анх харлаа. Чи сайхан дууллаа, бас Мөнгөн-Эрдэнэ төгөлдөр хуур дээр тусдаа тоглож байна. Та хоёр хамтарсан уран бүтээл хийвэл илүү гоё биш үү?

-Угаасаа манай харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116-р тусгай сургуульд авьяастай хүүхэд олон. Бид хоёр юу ч биш ээ.

116 чинь дуу, хөгжмийн тусгай сургалттай юм байна, тийм үү?

-Төгөлдөр хуурын мэргэжлийн 4 жилийн сургалттай. Энэ сургалтдаа орохын өмнө сарын бэлтгэл хийнэ, шалгалт авна. Төгсөхөд нь сертификат өгнө, тайлан тоглолт хийнэ.

Чи хотынх уу?

-Үгүй. Мөнгөн-Эрдэнэ хотынх. Хараа нь хасах 14-15 гэсэн. Би бол зуун хувийн хараагүй ээ. Төрөхдөө л ингэж төрсөн гэсэн. Уг нь манай удамд хараа муутай хүн байхгүй л дээ. Би Ховдод ерөнхий боловсролд сурдаг байсан. 2008 онд 5-р ангиасаа шилжээд ирсэн. Ховдын арван жилийн Балтсүх багш маань анх 116-р сургууль дээр ирсэн. Тэгээд барэйл үсэг энэ тэр заалгаад, сарын сургалтад хамрагдаад, хараагүй хүүхдүүдийн хичээлийн хэрэглэгдэхүүн дээр өөрөө ажиллаж сурсан юм. Зун нь хотод ирж заалгаад л намар, өвөл, хавар надад тэр сурснаа заадаг. Ховдын арван жилд хараагүй хүүхэд ганц би л байсан.

Их сайн багш юм аа. Чиний төлөө Ховдын Манхан сумаас нийслэлд ирж өөрөө сурч аваад, түүнийгээ чамд заадаг.

-Тийм ш дээ. Багш маань Ховд аймгийн Манхан сумандаа одоо ч байгаа. Хоёрдугаар ангитай байгаа гэсэн. Багштайгаа уулзаагүй удсан байна. Хамгийн сүүлд 2010 онд уулзсан.

-Танай гэрийнхэн Манхан сумандаа байгаа юу?

-Одоо Ховдын төвд шилжээд ирсэн. Эгч маань Дарханд байдаг. Бас ах, дүүтэй.

-Хичээл хийхэд дуу хөгжим, уран сайхны ажил нь саад болдог уу?

-Юу гэж дээ. Манай сургууль, дотуур байр хоёр хамтдаа. Аль алинд нь тайван чөлөөтэй хичээллэх боломжтой. Хөгжмийн ангидаа Ямаха хөгжимтэй. Хажууд нь компьютерийн өрөө бий. Програмууд дээр ер нь ажиллачихдаг. Өрөөндөө зургуулаа амьдардаг. Хичээлээ хийнэ, дурсгалтай зүйлсээ ярина…

download 20

-Чам шиг төрөлхийн хараагүй, бас маш сайхан хоолойтой Оросын дуучин байдаг, мэдэх үү?

-Хэн гэдэг юм?

-Диана Гурцкая.

-Аан…сонсоно оо.

-Чи СУИС-ийн Уртын дууны ангид элсэхээр хичээллэж байгаа юм байна. Яагаад ийм төрлийг сонгосон юм бэ?

-Уртын дуу бол бүх дууны оргил. Хоолойны цар, цэвэр тод өнгийг багтаадаг. Уртын дуугаар мэргэшсэн хүн их хатуужил тэвчээртэй болсон санагддаг. Би нодлин намар Сүхбаатар дүүргийн сургуулиудын урлагийн үзлэг дээр “Оломгүй далай”уртын дуугаар гоцлолоор орсон.

-“Оломгүй далай”-гаа дуулахад чамд юу дүрслэгддэг юм бол?

-“Оломгүй далай онгоцоо дүүрээд мэлтэрнэ ээ” гээд нэг бадаг нь дуусч байгаа юм. Ийм өрөөнд дуулахад жоохон хүндрэлтэй байна. Үгийг нь хэлээд өгчихье.

“Орчлон хорвоогийн амьтан бүхэн эндэлгүй жаргаасай” гэдэг. Уул тал сайхан юм төсөөлөгдөж байгаа биз дээ?

-Хэн зааж өгөв?

-СУИС-ийн Болормаа багш. Хоолойны өнгө гаргахад надад тийм ч хэцүү байгаагүй. Болормаа багш намайг цаашдаа дуулах боломжтой хүүхэд гэсэн.

-Тайзан дээр гарах, явах суухад хараагүй хүмүүст их бэрхшээлтэй гардаг байх даа?

-Манай сургуулийн хүүхдүүд их туршлагатай болчихсон байдаг юм аа. Энд тэнд их уригддаг, тоглолт хийдэг. Багш нар маань байнга тусалдаг. Манай дуу хөгжмийн багш Б.Батболд, бас Эрдэнэбилэг багш, Захирал, ер нь л бүх багшаараа бахархдаг.

-Аав нь сайн уу, ярьж байгаа юу?

-Байнга холбоотой байдаг. Манай дүү аравдугаар ангид сурдаг юм. Эгч бол над дээр ирдэг. Аав тэр болгон ирж амждаггүй. Одоо аав “Тулга” компанид менежер хийж байгаа юм шиг байна лээ. Ах бол гагнуур, сантехникийн анги төгссөн.

-Танайхан сайхан дуулдаг удамтай байх тийм үү?

-Ээжийн ээж нь сайн дуулдаг хүн байсан гэсэн. Олон уралдаан тэмцээнд орж, байр шагнал их авч байсан гэсээн.

-Дуугаа чи өөрөө сонгодог уу?

-Тэгдэг. Үг нь ямар утгатайг л гол нь сайн төсөөлдөг. Бодож байж дуулдаг. Амжилтад хүрэхийн тулд маш их бэлтгэл сургуулилалт хэрэгтэй. Би одоо 11-р ангийнх. Би СУИС-д дуулаачийн чиглэлээр элсэхийн тулд за за… гээд амархан орчихгүй гэдгийг ойлгодог. Дууг бас маш их цаг гаргаж бэлтгэх ёстой. Төгөлдөр хуур тоглож чадна. Хөгжмийн ангиа 9-р ангидаа төгссөн.

-Чи үеийнхээ хүүхдүүдийн хамтлагийн дууг сонсдог уу?

-Жишээ нь “Адтай жаал”-ынхан гээд л үү?

-Тийм.

-Тэд нарыг сонсдог. Өөртэйгээ харьцуулалт их хийнэ ээ. Ер нь морин хуурын аялгуу сонсох илүү дуртай.

-Чиний өмнө суугаад чамайг сонсч байгаа хүмүүсийг хэрхэн төсөөлдөг вэ? Биднийг Батчимэг яаж төсөөлж байгаа бол гэж тайзан дээр дуулахад чинь би бодсон?

-Тайзан дээр гарах үед яаж хүлээж авах бол гэж сандардаг. Глобынхон сайхан хүлээж авсан. Уур амьсгал, дотоод орчин нь гоёор мэдрэгдэж байсан. Хүмүүсийн хандлага их урам зориг өгдөг юм. Жирийн хүмүүсээс илүү аягүй сайн мэдрэмж бид нарт байдаг шүү дээ Жишээ нь хараагүй хүмүүс илүү их сэтгэлийн тэнхээтэй юм шиг санагддаг.

-Одоо хэдэн настай билээ?

-18-тай

-Чи тайзан дээр цэнхэр дээлтэй гарсан. Тоглолтын хувцсаа, өөрийгөө төсөөлдөг үү?

-Надад олон даашинз бий л дээ. Жишээ нь “Сурагч насны он жилүүд”-ийг дуулах бол би цэнхэр даашинз өмсөнө дөө гэх мэт дотроо төсөөлдөг. Сая Глобын 15 жилийн баярт явахдаа “Ээждээ очно доо”-г дуулна гэж бодоод дээл өмссөн юм.

Ямар даашинз байх ёстой вэ гэвэл, биед маань тохирсон, урт нь яг өвдөгний доогуур байх ёстой гэж. Тэгээд дэрвэгэр хормойтой. Цэнхэр өнгөтэй гэж түрүүнд хэлсэн, энгэртээ баантиктай бол дуунд маань яг зохино.Тэр палаажийг өмссөн үед үсээ жаахан долгиотуулбал зүгээр. Даашинзныхаа өнгөтэй тохирсон цэнхэр ээмэгтэй байх энэ тэр гээд. Гутал дээр их асуудал үүснэ ээ. Ямар трико сонгох вэ гээд. Бид нар багш нараасаа их зөвлөгөө авдаг.

-Хэнтэй дэлгүүр явах уу?

-Ойр дотныхоо хүмүүстэй л. Их Дэлгүүр явж байсан, Сандэй ч ордог юм. Нэг дэлгүүр явбал яг тохирсон хувцсаа олох гэж гурван цаг ч хамаагүй явна ш дээ.

-Тэгвэл хааяа хоёулаа тааралдах л юм байна. Би бас Их дэлгүүрээр их тэнэнэ ээ. Чи яг одоо торон захтай гоё форм өмссөн байна?

-Манай сургуулийн дүрэмт хувцас. Надад монгол дээл шиг зах нь дажгүй санагдаад өөрөө сонгож авсан юм.

-Үсээ өөрөө самнах уу?

-Тэгнэ ш дээ.

-“Ээждээ очно доо” дуугаа яагаад сонгосон юм?

-Ээж минь намайг 16-тай байхад нас барсан. Ээждээ зориулж дуулсан юм аа. Хүмүүс намайг ээжтэйгээ их адилхан, хоолойны өнгө нь ч ижилхэн гэдэг. Би жоохон байхдаа их олон барбитай байсан. Ээж л…Манай эгч бол дэлгүүр явах дургүй. Намайг дууны уралдаанд орох болохоор ээж өдөржин дэлгүүр дагуулаад явдаг байсан. Тохирсон хувцсаа олтлоо л хоёулаа явдаг байсан.

Хүмүүс бас намайг хацар дээрээ мэнгэтэй гэж хэлдэг юм. Хоолой дээрээ мэнгэтэй, энэ яг дуучин болохоор хүүхэд ч гэдэг байсан.

-Ховдын ангийнхантайгаа холбоотой байдаг уу?

-Холбоотой ш дээ. 1-5-р ангид гоцлол дуунд дандаа нэгдүгээр байр эзэлдэг байсан болохоор манай ангийнхан намайг бүр дуучин гээд бодчихсон…Сургууль намайг их дэмждэг байсан. Сансрын нисгэгчдийн баярын өдрөөр дуулах болоод, надад ардаа далавчтай их хөөрхөн палааж хийж өгснийг мартдаггүй, би гуравдугаар ангид л байсан байх. Манай ангийнхан бол завсарлагаанаар намайг хөтлөөд явдаг, бүр хоорондоо булаацалддаг байсан, хэ хэ.

-Манхан сумаа юугаар нь төсөөлдөг вэ?

-Салхиар нь төсөөлдөг. Манханы салхи их гоё. Нодлин сумын 80 жил болоод би очиж дуулсан.

-Энэ зун ямар төлөвлөгөөтэй байна?

-Ажил ихтэй. Энэ зун уртын дууныхаа багшийг авна. Мөн Оюутны холбооноос санаачлаад 35 хүүхдийн хамтлаг байгуулж байгаа гэсэн. Манай сургуулиас 10 хүүхэд шалгаж авч байгаа. Зургадугаар сараас эхлээд 10-р сар хүртэл хичээллэх болов уу, яах бол. Завгүй байх тусмаа их ажил амжуулдаг юм, зүгээр.

download 21

-Дуу хөгжмөөс бусад хичээлдээ дажгүй биз дээ?

-Гайгүй. Англи хэл, нийгмийн хичээлд дуртай. Англи дээр дуу сонсох гоё.

-Хоолоо өөрсдөө хийх үү?

-Тэгнэ. Хоол хийж сурах гэж бөөн юм болсон. Одоо гоймонтой шөл, гурилтай шөл, ногоотой шөл, будаатай шөл хийж чадна.

-Баахан шөл хийж сураа юу?

-Цагаан сараар банш чимхсэн. Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг юу ч хийж чаддаггүй гэж боддог байх. Гэхдээ одоо ойлгож эхэлж байх шиг байна, хөгжлийн бэрхшээлтэй хүн их юм хийж чаддагийг. Гол нь над шиг хүүхдүүдэд мэргэжлээ зөв сонгоорой л гэж хэлмээр санагддаг. Хэрэгтэй мэргэжлээ сонгоорой л гэж хэлье. Хүүхдүүд эцэг эхээрээ сонгуулах гээд байдаг. Аав намайг хөгжмийн багш болохгүй юу даа миний охин гэдэг байсан.

Тэгэхээр нь, ааваа би дуучин болмоор байна, хүмүүст өөрийгөө хүргэж ойлгуулмаар байна гэсэн. За тэг ээ л гэсэн.

Ер нь би олон юм мөрөөдчихсөн байгаа. Хоёрдугаар курст байхдаа яг 4 сарын 1-нд тоглолтоо хийнэ дээ гэж. UB Palace-ийн Концертийн танхимд. Гадаад улсад уртын дуугаараа тоглолт хийгээд, Монголоо таниулна ч гэж бодож байна. Надад гадаадаас урилга ирээд…за за…Бас өөрийн гэсэн шавьтай болно гэж боддог. Сайн дуучин юм бол бусдад зааж өгөх ёстой.

-Та хоёрын тоглолтыг тааралдвал үзэж байна аа?

-Таван сар гаргаад манай сургууль дээр ирэхгүй юу. Бид нар 5-р сарын дундуур тайлангаа тавина. Манай сургуулийнхан тоглолт хийдээ Студиэсээ гол тусламж авдаг. “Рондо” студийг манай сургуулийг төгссөн ах нар байгуулсан гэсэн.

-Чөлөөтэй гүйх, явахад хэцүү байдаг байх даа?

-Сурчихсаан. Сургууль дотроо бол гүйж мүйгээд, биеийн тамирын хичээл дээр ч бас гайгүй чөлөөтэй байдаг. Ер нь над шиг зуун хувийн хараагүй хүүхэд цөөхөн л дөө.

-Чамайг 15 минутын завтай гэсэн болохоор эгч нь айгаад энд дуусгалаа.

-За зүгээр зүгээр. Хавар тайлангаа тавих үед ирнэ биз.