2014.4.17.
-Зам, тээврийн яам Засгийн доторх Засаг бүү болоосой-
Зам, тээврийн яамны ажлын хурдаас Монголын нүүрсний өрсөлдөх чадвар шууд шалтгаалах мөч ирээд байна.
Ерөнхий сайд Н. Алтанхуягийн БНХАУ-д 2013 онд хийсэн айлчлалын дүнд Монголоос Хятад улсад нүүрс экспортлох дүнг баталгаажуулж, тээвэрлэлт, боомтын нэвтрэх хүчин чадлыг хамтын хүчин чармайлтаар нэмэгдүүлэх зарчмын тохиролцоонд хүрсэн билээ.
Одоо хамтын ажиллагааны 3 Хэлэлцээрийг талууд соёрхон батлах зайлшгүй шаардлагатай байгаа. Үүнд:
Монгол- БНХАУ-ын Засгийн газар хооронд Транзит тээврийн хэлэлцээр
Монгол- БНХАУ хооронд Төмөр замаар харилцан холбогдох хэлэлцээр
Монгол- БНХАУ хооронд Боомтоор харилцан холбогдох хэлэлцээр
Эдгээр Хэлэлцээрийг манай талаас Зам, тээврийн сайд, Гадаад харилцааны сайд нарын хэмжээнд БНХАУ-ын ижил түвшний Сайд нартай үзэглэх юм.
Хэлэлцээрийн явц ямар байгаа талаар Зам, тээврийн яамнаас тодруулах боломжгүй байгаа бөгөөд тус Яамны харъяа агентлаг болох “Монголын төмөр зам”-ын (МТЗ) удирдлага ч манай улсын нүүрсний томоохон ордуудаас бүтээгдэхүүн тээвэрлэх төмөр зам байгуулах асуудлаар хэвлэлд ямар нэг тайлбар хийхээс татгалзсаар байгаа юм.
Ерөнхий сайдын хийсэн айлчлалын хүрээнд МТЗ-ын доор тусгай зориулалтын шинэ нэгж байгуулахаар Хятадын талтай тохиролцсон. “Гашуунсухайтын төмөр зам” консорциумд Хятадын Шенхуа, Монголын “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Тавантолгой” ХК тус тус нэгджээ. Энэ бол зөвхөн боомтын 14-15 км төмөр замыг байгуулах нэгж юм. Өөрөөр хэлбэл, Тавантолгой нүүрсний ордоос Гашуунсухайт хилийн боомт хүртэл тавих 267 км төмөр замын ажил 2015 оныг дуустал нэгэнт бэлэн болохгүй нь тодорхой учир замын төгсгөл буюу хил дамнасан хэсэгхэн замыг компаниуд өөрсдийн хөрөнгө, банкны зээлээр түрүүлээд байгуулна гэсэн үг.
Монгол улс-БНХАУ-ын хооронд байгуулсан Төмөр замын 1956 оны хэлэлцээрийн дагуу хоёр улс боомтын хотууд руу тус тусын царигийн төмөр замыг оруулах боломжтой. Замын-Үүд олон улсын боомт дээр манай улсын хилээр Хятадын нарийн царигийн зам 8 км орчим орж ирсэн байдаг. Үүнтэй адил Гашуунсухайт хилийн боомт ба Хятадын Ганц модны боомт хоорондох 14-15 км төмөр замыг баривал, хамгийн гол нь дээр өгүүлсэн 3 Хэлэлцээрийг байгуулж чадвал манай улсын экспортын төмөр замын хамгийн ээдрээтэй хэсэг шийдэгдэнэ гэсэн үг. Төмөр могойг төгсгөлөөс нь татаж буйн учир энэ.
Нөгөө талаас энэ 14-15 км замыг түрүүлж байгуулан МТЗ-д хүлээлгэн өгөх гэж буй нь “аргаа барсандаа” хийж буй ажил гэж хэлж болно. Тавантолгой ордоос Гашуунсухайт хүрэх экспортын төмөр зам манай улсын эдийн засагт нэн чухал стратегийн чиглэл мөн боловч түүнийг байгуулах нь Зам, тээврийн яамны хувьд “хоёрдугаар зэргийн ач холбогдолтой” ажил байсаар ирсэн юм. Тиймээс ч санаачлагыг Ерөнхий сайдын түвшинд авч, дараа нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч. Сайханбилэгийн уулзалтуудаар ажлыг шуурхайлсан билээ.
Дээрх 3 Хэлэлцээр батлагдвал Хятадын Шенхуагийн төмөр замаар Бугатын гангийн үйлдвэр хүртэл ямар хэмжээний нүүрс Монголоос тээвэрлэх, цаашлаад далайн боомт хүртэл хэдий хэмжээний, ямар төрлийн нүүрсийг, ямар үнээр, ямар стандартын вагоноор тээвэрлэх тухай нарийвчилсан тохиролцоонд хүрэх учиртай. Түүнчлэн Хятадын нутаг дэвсгэрт Бугатаас гадна гангийн бусад үйлдвэрт Монголын нүүрсийг тээвэрлэн хүргэх талаар ч ярилцах боломж нээгдэнэ. Гурван Хэлэлцээрийн үр дүн Монголын нүүрсний өрсөлдөх чадварыг тодорхойлно гэсэн үг. Зам, тээврийн Сайд нарын түвшинд, хоёр улсын Төмөр замын агентлагийн хэмжээнд, мөн дараа нь Диспетчерийн үндэсний төвүүдийн хооронд шат дараатай яриа хэлэлцээр явсаар Тавантолгойн нүүрс баялаг болох уу, эсвэл үнс үлдэх үү гэдгийг шийдэх юм.
Боомтын төмөр зам байгуулах хамтарсан Консорциумын хувьд нэн даруй санхүүжилт босгох шаардлага тулгарч байна. Барилгын ажлаа 5-р сард эхэлж чадвал 10-р сар гэхэд Монгол нүүрс төмөр зам дээр гарч чадах юм. Төмөр могойн төгсгөл хэсэг хэдий ч манай нүүрсний хувьд авто тээврийн зардлыг 3-4 дахин хэмнэсэн амжилт болно, тэр нь. Тонн тутмын тээврийн 9 долларын зардлыг 1 доллар болгох нь амжилт биш гэж үү? Ядаад Монголын нутагтаа тээврийн зардлыг байж болох хэмжээнд хэмнэхийг нүүрс экспортлогчид эрмэлзэж байна. Бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг хадгалахын тулд экспортын компаниуд чадах бүхнээ хийж байгаа нь “Гашуунсухайтын төмөр зам” консорциум байгуулсан явдал билээ.
Зам тээврийн яам, МТЗ, Боомтын захиргаа, Консорциум бүгд нягт уялдаатай хамтран ажиллаж гэмээнэ Тавантолгойн нүүрс баялаг болно. Харин энэхүү экспортын үндсэн замыг хоёрдугаарт тавьсаар, зүүн хойш татах дараагийн 1100 км зам ба түүнд хэрэгтэй 5.2 тэрбум ам. доллар гэгчийг төрөөс нэхсээр суувал Зам тээврийн яамны хувьд Засгийн газрын доторх Засгийн газар болсонтой ялгаагүй явдал болно.
Зургийн тайлбар: Газрын зураг дээр ягаан өнгөөр ялгасан хэсэг бол Говийн бага дархан газрын “Б” хэсэг. Уг бүс нь хязгаарлалтын бүсээр эхэлж, улмаар тойрог дотогшлохдоо хамгаалалтын бүсийн дэглэмтэй болдог. Хамгаалалтын бүсийн дотор хилд багтсан хэсгийг Онгон бүс хэмээн нэрлэдэг бөгөөд энэхүү хэсгийг Төрөөс онголон хамгаалсан байдаг.
Говийн бага дархан газрын Онгон дэглэмийн бүсийг Гашуунсухайтын боомтын төмөр замын трасс дайраагүй болохыг Та зургаас харж байна. Зураг дээр тасархай цэгээр тэмдэглэсэн нь одоо баригдах боомтын 14-15 км зам ба цааш үргэлжлэх нь “Монголын төмөр зам” компанийн байгуулна гэж буй үндсэн маршрут юм.
Боомтын хэсгийн трассын зургийг БНХАУ-ын Зураг төслийн гуравдугаар институт хийжээ. Уг Институт нь Хятадын гангийн Бугат үйлдвэрээс тус улсын хилийн боомт хот Ганц мод хүртэл 360 км уул уурхайн төмөр замын зургийг гаргасан туршлагатай. Хятадын тал өнгөрсөн хугацаанд 360 км замаа шуурхай байгуулж, Монголын хилд хүргэсэн. Тиймээс манай экспортын төмөр замын трасс нь “Шенхуа”-ийн зам орж ирж буй тэр хэсгээс эхлэн татагдахаас өөр сонголт бидэнд үлдээгүй юм. “Шенхуа” компани төмөр замын барилгын тоног төхөөрөмжөө цааш татаж аваагүй, хилийн цаана ойрхон байгаа нөхцөлд ийнхүү Монголын хил рүү орсон боомтын төмөр замын бүтээн байгуулалтад үргэлжлүүлэн татан оролцуулах нь цаг хожно гэсэн үндэслэлээр хоёр улсын Засгийн газар хоорондын яриа хэлэлцээр өрнөсөн билээ.
2009-2010 онд “Энержи Ресурс” ХХК-ийн гаргаж байсан төмөр замын маршрут нь одоогийн тасархай цэгээс баруун тийш, Говийн бага дархан газрын хязгаарлалт, хамгаалалтын аль ч бүсийг дайраагүй трасс байсан билээ. Гэвч өнгөрсөн 6 жилд Монголын талын төмөр замын бүтээн байгуулалтын бүх ажил зогсч, харин Хятадын төмөр замын ажил тасралтгүй үргэлжилсээр эдүгээ Ганц модны хилийн жижигхэн боомт нь томоохон хот болон өргөжиж, “Шенхуа” компанийн төмөр замын шугам нэгэнт байгуулагдаад байна.
Одоо 2 улсын Засгийн газар хооронд Гашуунсухайтыг олон улсын хилийн боомтын статустай болгох яриа өрнөж буй бөгөөд ингэснээр Монголын угаасан нүүрсэнд Хятадын орон нутгийн Засаг захиргаа тонн тутамд нь 20 юаны хураамж авах зэрэг орон нутгийн чанартай бэрхшээлийг дахин үүсгэхгүй байх баталгаатай болно. Энэ дөрөвдүгээр сард 20 юаны хураамжийг цуцлах талаар талууд ярилцаад байна.