ЭНЕРГИЙН НОЁН МОНГОЛД БУУЖ МОРДСОН ТУХАЙ

2014.3.23.

В. Путиний Азийн марш эхэллээ. Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоныхоо дараа тэрбээр ЕвроАзийг дайлаар мордох амбийцтай төлөвлөгөөгөө ажил хэрэг болгож эхэлсэн юм. Энэ удаа “ЕвроАзи” төлөвлөгөөгөө “Зүүн Хойд Ази” болгон, илүү тодотголоо.

Путиний Азийн маршийн замын зургийг тодотгохоор төрийн мэдлийн “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн Ерөнхийлөгч Игорь Сечин Монголд цөөн цаг саатав. Сечин Улаанбаатарт товч танилцуулга хийгээд мордсон гэж болно. ОХУ-ын эрчим хүчний бодлого өнөөдрөөс эхлэн Зүүн Хойд Ази руу бүрэн эргэлээ, төлөвлөгөө шуурхай хэрэгжинэ шүү гэдгийг монголчуудад танилцуулсан юм.

Оросын энергийн ноён аяллаа цааш үргэлжлүүлж, Вьетнамын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нартай уулзав. Мэдээж “Петровьетнам”-ын Захиралтай гар барьсан байж таарна. Сөүлд үргэлжлүүлэн саатахдаа, Hyundai Heavy Industries, SK Trading International зэрэг томоохон корпорацийн боссуудтай санал солилцлоо. Дараа нь Токиод ОХУ-Японы бизнес форумд оролцон, Toyoto Motors, Mitsui& Co, JX Nippon, Marubeni корпорацийн удирдлагуудтай уулзжээ.

Украины хямрал цэрэг зэвсгийн хүчээр үргэлжлэхгүй. Харин их гүрнүүдийн эрчим хүчний дайн бодитой эхэлж буйг ОХУ-ын Азийн марш тод харуулна. Украины хямралын энэ өдрүүдэд АНУ, ОХУ аль аль нь байлдааны төлөвлөгөө боловсруулаагүй бөгөөд харин эрчим хүчний бодлогоо шуурхай өөрчилж байна. Энэ үйл явц дунд БНХАУ ч мөн эрчим хүчний бодлогоо илүү тодорхой болгох шаардлагатай болсон юм. Хятад улсын Дарга Си Жинпин эдүгээ Европын орнуудаар цуврал айлчлал хийж буй бөгөөд дэлхийн эрчмийн шинэ газрын зураг тус улсад ямар ашигтай тусч буйг сайтар мэдэрч яваа. ОХУ-ын гадаад худалдааны 50 хувь нь Европын зах зээлтэй холбоотой. Тэгвэл уг худалдааны зам Хятад руу аажмаар эргэхийг Си дарга үнэрлэсэн.

article 99

Хятадын эрчим хүчний хэрэгцээ ойрын жилүүдэд хэрхэн өсөхийг уншигч Та графикаас харж байна. Энэхүү хэрэгцээг хангахаар ОХУ байгалийн хий, нефтийн хоолойнуудынхаа маршрутыг төлөвлөсөн, одоо яаравчлах цаг…

Хятад улс эрчим хүчний бодлогодоо байгалийн хий, тэр дундаа занарын хийн хэрэглээг хэрхэн тусгах, шингэрүүлсэн түлшний үйлдвэрлэлийн талаар ямар бодлого баримтлахаас ОХУ ба АНУ-ын эрчмийн бодлого давхар хамаарах юм. АНУ-ын занар, Хятадын шингэрүүлсэн хийн үйлдвэрлэл ОХУ-ын байгалийн хийн хувьд том өрсөлдөгч, “дайсан нь” болоод байна. ОХУ нь Европын байгалийн хийн хэрэглээний гуравны нэгийг хангадаг. Өнгөрсөн жил рекорд түвшиндээ хүрсэн нийлүүлэлт хийсэн. Одоо Европ дахь Оросын орон зайг Америк занарын хийгээрээ нөхөж чадах эсэх талаар давхар тооцоо судалгаа хийж байна. АНУ-ын Эрчим хүчний сайд Ernest Moniz-ийн баасан гаригт мэдэгдсэнээр тус улс хийн нийлүүлэлт дээр одоогоор ямар нэг шийдвэр гаргаагүй байна.

 

download 16

Си Жинпиний Европын айлчлалын дараа Хятад улсын эрчим хүчний бодлогод тодорхой өөрчлөлт оруулах болов уу. Энэ оны тавдугаар сард В. Путин Хятадад айлчлах ба мөн үеэр Оросын Зүүн Сибириэр хийн хоолой дамжуулах аварга төслийг баталж, талууд гарын үсэг зурж болзошгүй. Путин яарч буйг бүгд харж байна. Монголд тоож ирдэггүй энергийн ноён хүртэл сайн дураараа буугаад мордлоо. Их гүрнүүдийн энергийн дайнд Монгол стратегийн нэг маршрут болно шүү гэдгийг мань Сечин манайд дуулгасан, эсвэл сануулсан гээд шулуухан хэлж ч болно.

Зүүн Сибириэс Хятад руу татах хийн хоолой нь жилд 38 тэрбум шоо метр бүтээгдэхүүн нийлүүлэх чадамжтай. 2018 оноос ашиглахаар ярилцсан төсөл. Хамгийн гол асуудал нь ОХУ-ын байгалийн хийн үнэ хэт өндөр байна гэж Хятад үздэг. Оросын Европт хөнгөлөлттэй нийлүүлдэг үнээс ч бага байлгах сонирхолтой. Тиймээс оросууд байгалийн хий, нефть бүтээгдэхүүнээ Хятадад шуурхай нийлүүлэх, улмаар зах зээлийг нь “эзэлж “авахыг тулд тээвэрлэлтийн хямд маршрутын талаар бодох шаардлагатай болсон хэрэг. Ингээд хоёрдугаар Украин буюу Монгол хэмээх стратегийн маршрутдаа оросууд анхаарал хандуулж эхэллээ.

ОХУ нь эрчмийн дайндаа үндсэн гурван зэвсэгтэй орж байна. Бүтээгдэхүүн нийлүүлэх бизнесийн хэлцэл. Хятад улстай энэ бодлогоороо харилцаж байна. Зэвсэг нийлүүлэх гэрээ. Тухайлбал Энэтхэг улстай зэвсэг нийлүүлэх чиглэлээр цаашид харилцах магадлалтай. Энэтхэг нь Хятадын дараа орох энергийн том хэрэглэгч. Хятад ба Энэтхэг улсад өдөрт 85.000 хүн хот суурин газарт шилжин суурьшдаг гэсэн судалгааг World Coal байгууллага гаргажээ. Энэ хэрээр цахилгааны хэрэглээ өснө гэсэн үг. ОХУ-ын тактикийн дараагийн зэвсэг нь улс төрийн аляанс. Жишээ нь Японыг Путин айхтар хүчтэй түнш гэж үздэггүй. Гэхдээ Зүүн Хойд Азийн аляансыг Японгүйгээр төсөөлөх аргагүйн учир янз бүрийн хамтын ажиллагаа санал болгоход бэлэн байгаа. Тухайлбал, Япон улстай LNG буюу шингэрүүлсэн хийн хамтарсан үйлдвэр байгуулах талаар ноён Сечин гуравдугаар сарын цуврал айлчлалын үеэрээ тодорхой ярилцжээ. ОХУ нь түүнчлэн Арктикийн баялгийг ашиглах асар үнэтэй, өндөр технологи шаардсан төслүүд дээрээ Японтой хамтрах сонирхолтой. Хариуд нь Японд Курилийн арлуудыг буцаан өгөхөд ч бэлэн байгааг Оросын зарим хэвлэл онцолсон харагдана.

Товчхондоо, Путин яарч байна. Болдогсон бол тэр Master, VISA-г орлох төлбөрийн картыг ЕвроАзийн шинэ орон зайд хэрэглэж, евро-долларын оронд рубль-юаний хэрэглээ бий болгохыг хүсч байна. Москваг санхүүгийн шинэ төв хэмээн зарлаж, Санкт Петербургийн хаврын уулзалт Давосыг орлоно хэмээн нотлохыг тэрбээр мөрөөдөж буй билээ. Гэхдээ Путиний амбийцтай төлөвлөгөө бүрэн хэрэгжих хүртлээ олон саадыг давна, тэр дунд жижиг улсуудын эрх ашиг хөндөгдөх эрсдэл бий.

Дэлхийн эрчим хүчний шинэ дайнд Путин ялагч болно гэж одоохондоо харагдаж болох. Гэхдээ АНУ өнгөрсөн хугацаанд зүгээр суугаагүй. Занар ашиглах технологийн шийдлийг сүүлийн 30 жилийн судалгааныхаа үр дүнд олсон. Одоо зах зээлээ тэлэх аянд шилжиж байна. Эстони, Польш зэрэг занарын нөөцтэй улсууд хэдийнэ Америкийн түшиц газар болжээ. Америкийн занарын хий Хятадын зах зээлд мөн л байр сууриа эзлэхээр үзэлцэж байна. Ийм нөхцөлд Си Жинпин хамгийн хямд эх үүсвэрийг сонгох нь дамжиггүй.

“Хятад нээлттэй байхад ОХУ-ыг дэлхийгээс тусгаарлана гэж хэн хэлэх вэ” хэмээн Хятад судлаач Василий Кашин онгирсон нь Оросын хэвлэлд гарчээ. Үнэхээр ОХУ-ын авангард төлөвлөгөө эдүгээ авантюрист өнгө төрхтэй болоход ойрхон ирснийг мэдэрч болохоор байна. Крымийн тусгаар тогтнолыг гадаад улс орнуудаас Казахстан хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн. ОХУ ба Хятадтай хиллэдэг, байгалийн баялаг арвин, гэвч бараг бүх төсөл нь хоёр хөршийнхөө хэрэглээнд тулгуурласан Казахстан хамгийн түрүүнд ийм мэдэгдэл хийсэн юм. Хийн хоолойн баруун шугамын төсөл Казахстаны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх учир Назарбаев ерөнхийлөгч хойд хөршдөө үнэнч гэдгээ яаран зарласан биз. Хожмын нэг өдөр Крым лугаа санал асуулга гарах тохиолдолд Монголын нутгаар Оросын нефтийн хоолой дамждагийн учир бид ч Назарбаевын дүрд хувирчихсан намирч суух болов уу.

Монгол улс нь эрчим хүчний эх үүсвэрийн баялаг нөөцтэй. Хүрэн, коксжих нүүрс, занар, шар нунтаг, сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй манай улс эрчмийн бодлогоо бие даан авч явах, улмаар экспортлох сайхан мөрөөдөлтэй. Гэхдээ мөрөөдлөө биелүүлэхэд улам бүр хүнд нөхцөл үүсч байна. Хүрэн нүүрсний нөөцдөө тулгуурлан шингэрүүсэн хий үйлдвэрлэхээр үндэсний гурван компани ТЭЗҮ-гээ хэдийнэ хийсэн байдаг бөгөөд тэдгээрийг ажил хэрэг болгоход Путиний шинэ крантууд саад учруулах нь тодорхой юм. Усан цахилгаан станц байгуулах, шар нунтаг экспортлох, нүүрс олборлох, шингэрүүлсэн хий Монголд үйлдвэрлэх эрмэлзэл болгон маань эрчмийн ноёны эгдүүцлийг хүргэсээр байх буй за.

Монгол улс төмөр замын бие даасан бодлого баримтлахад ОХУ-ын зүгээс таагүй хандаж ирсэн бөгөөд сүүлийн зургаан жилд өрнөсөн төмөр замын царигийн хэрүүлийн үр дүнг монголчууд өнгөрсөн баасан гаригийн Засгийн газрын хуралдааны шийдвэрээс сонссон юм. Гашуунсухайт хилийн боомт дээр ердөө 20 км төмөр зам байгуулах шийдвэр зургаан жилийн дараа гарав. Нарийн царигийн уг замыг сайндаа шийдсэнгүй. “Эрдэнэс Тавантолгой” компанийг өрнөөс хурдан салгахын тулд, нүүрс зарж төсөвтөө орлого олохоос аргагүй болсны учир боомтын 20 км замын трассыг гаргасан ба түүнээ нийт төмөр замын асуудлыг шийдчихсэн мэт сүртэй мэдээлж байна. Боомтын хориодхон км замыг Хятадын хөрөнгө оруулалтаар байгуулна.

Монголчууд бие даан 2010-2013 онд 247 км төмөр замыг өөрсдөө байгуулж, эзэмших боломж байсан бөгөөд ингэж чадсан бол улс төр, эдийн засгийн өнөөгийн шинэ орчинд 247 км зам маань бие даасан, хараат бус худалдааны бэлгэ тэмдэг болон өгөөжөө өгөх байлаа. Одоо Монгол улсын төмөр замын бусад хэсгийг ямар царигаар, хэний хөрөнгө оруулалтаар, ямар нөхцөлөөр байгуулахыг манай улстөрчид шийдэх шаардлагагүй шахам болжээ. Нэгэнт хоёр хөрш маань эдийн засаг, улс төрийн нягт харилцаатай байгаа үед тээврийн хамгийн хямд маршрут, технологийн аль ашигтай шийдлээ ОХУ, БНХАУ-ын тал хоорондоо тохиролцоод шийдчих нь тодорхой.

Путиний Азийн зам Монголд эдийн засгийн өгөөжөө өгч, тэр хэрээр хараат бус амьдрах гэсэн зуу зуун жилийн эрмэлзэл маань хумигдсаар байх юм.