Би гэж цээж дэлдэх хамгаас дургүй. Харин энэ богинохон гарчиг дор би гэж байн байн давтмаар байна. Би хэн юм бэ? Өөрийгөө илэрхийлэх гээд оролдоод үзье. Би өөрийгөө сайн мэдэхгүй. Бодож болгоож, өөрийгөө хянахдаа тааруу амьтан. Анхны сэтгэгдэл, харц торсон гоё сайхан болгонд татагдана. Бичиг цаасны ажилд ч ялгаагүй. Байн байн ноороглож заслаа гээд санаанд нийцэх нь ховор. Харин толгойд гялсхийсэн эхний санаа, анхны үг өгүүлбэр бүр гашилтал бодсоноос хавьгүй содон, сэргэлэн, шинэхэн, хурц хүчтэй байдаг юм.
Цэцгийн тухайд миний нэг төрөлх араншин юм болов уу. Ваар маань сарнайн дүрстэй. Үнсний сав, чихрийн тавиур, ханын цаас, цайны аяга, лааны суурь, орны хэрэглэл хаашаа л харнав том ягаан, цагаан цэцгүүдтэй. Цэцгэн хээтэй даашинзанд дурладаг гэмтэй. Хөнгөн шаахайн цэмцгэр өсгий товших тоолонд даашинз минь яагаад ч юм дэрвэнэ. Дэрвээгүй ч байж магад. Зүгээр л зүрх сэтгэл нэг тийм хонгор аялгуугаар дүүрч, би хурдан хурдан алхах ямар дуртай гэж санана. Болж өгвөл нэг хоёр алхааны хооронд гүйж ч мэднэ. Гэхдээ олны нүднээс далдхан явахдаа л даа. Хүмүүс намайг ойлгохгүй байж болох шүү дээ. Цэцэг дорхноо өнгөө орхихыг харж сууна. Харин дэлбээлж дэлгэрсэн цөөхөн өдрөө надад баяр бэлэглэж, би үүдэндээ гутлаа хааш яаш үлдээчихээд цэцэг хайсан харц дагаад гэртээ ороод ирнэ.
Дулаахан дотно миний гэр. Том гэгч шил саванд амьд цэцэг олон олноор нь байлгах би дуртай. Гэр минь амилж, зөөлөн бодлоор дүүрдэг. «Хонгор дулаан гэртээ…» гэж нэг удаа бичсэнийг минь Энхмаа ойлгоогүй хэмээн ярьж билээ.
Үгээр бүтэн илэрхийлэх боломжгүй нэг тийм амьсгалыг би мэдэрдэг. Түүнийг орон гэртээ бий болгож, тийм болохоор төмөр замын тосгон дахь бяцхан цайз руугаа яаран яарна. Нимгэн хөнгөн даашинз, энэ тэрхэн гээд хувцасны шүүгээ хөглөрсөн эдээр дүүрэн. Сольж өмссөөр байн байн өөрийгөө ядраана. Хэдхэн өрөө дундуураа салхи татуулан явсаар би ер тайвширч үл чадна. Нас минь төлөв төвшин явахыг тулгаж, бодож цэнэж ярихыг шаардана. Харин би хэн юм бол доо. Хамгийн үнэтэй бэлгэнд ухаан алдахгүй мөртлөө хэдхэн цэцэг навч мавч хараад уужимхан амьсгалах юм. Үл ялиг өсгийтэй цэмцгэр шаахай, өвдөг ялимгүй шүргэх, үнэ ихтэй биш ч өнгө өнгийн даашинзанд дурлаж орхино. Баруун гарт бугуйвч харагдвал миний бас нэг хэсэг, эмээгийн охины зан. Арслангийн ордных юм болохоор алтан шаргал өнгөнд татагдана. Нар мөн миний ордны ивээл гариг гэнэ. Ойлгомжгүй зүйл надад бас л их ээ. Дороо гомдож өөнтөглөнө. Тэгснээ цайрч зөөлөрнө. Уйлна, уучилна, хайрлана, харамлана. Хашгирч загнаж ч мэднэ. Өөрөөсөө хурдхан зугтах гэж хүнгүй газар өөд яаран гүйж магад. Ганцаардлаас тайвширч, гунигаар өөрийгөө угааж орхино. Гэгээн гуниг гэж юу байдгийг мэдэх үү? Шаналахын амтыг надаас асуугаач. Ядарч туйлдсан сэвхтэй царай толинд зэрвэс харагдах үе олон. Гэсэн ч, аз жаргал гийсэн шигтгээ шиг өдрүүдээ л санаж үлдэх юм. Дуртай ажил, хайртай гэрийн хооронд надад зөвхөн үзэгдэх жим тодорч өглөөд яаран, үдэш шөнөд хоргодон амьдарсаар.
* * *
Том дулаахан гар миний дэргэд үргэлж байсан шиг санагдана. Байхгүй үед нь бол мэдэрнэ. Яарч адган, уурлаж тэвдэх цагт тэр илч хүч намайг тайвшруулж ирсэн. Хар бор ажлыг нугалж дадсан, эгэл энгийн, их том, даанч дулаахан гарт хоргодон дасч эвлэрсэн миний амьдрал. Цэмцгэр цагаан гар сэтгэлийг хэзээ ч гижигдэж байсангүй. Энэ бүхэн «Би» хэмээх эвлүүлгийн нэг хэсэг. Нэрийг минь та мэдэх байлгүй дээ. Нөгөө талд нь харин Алигэрмаа гэх алдар ямагт явна. Миний найз, түшиг тулгуур, эмээ, бас охин. Бяцхан гараас нь ээж нь атгаад бид хоёр өвлийн үдэш «Ямаха» хөгжмийн сургуулиасаа төмөр зам чиглэн алхдагсан. Тавхан настай түүнээ том тайзанд гарч хөгжим тоглохыг хараад, хөшигний цаана хөөрч догдолж зогссон хөөрхий муу ээж нь. Чи амьдралыг минь учир утгатай болгож, ганцаардлыг нимгэлж, гайхалтай халуун зүрхээрээ сэтгэлийг цэнэглэдэг.
-Согтуу хүн ирвэл миний нөгөө талд гараарай. Нохойноос яагаад айж байгаа юм? Бяцхан Алигэрмаа ингэж яриад л гараас чанга гэгч атгаж аймшиггүй царай үзүүлэн товор товор алхана. Бидний алхсан зам урт даа. Гэсэн ч гэрэл гэгээ ямагт дагаж байсныг яана.
Би хэмээх эвлүүлгийг бүрэн бүтнээр нь та хэзээ ч харахгүй. Би хүртэл өөрийгөө сайн мэдэхгүй явна. Гэнэтийн шийдэл, санаандгүй явдалд тэмүүлэх хорхой, тууш шугамтай тэмдэглэлийн дэвтрүүд, аяга халуун кофе, ширээн дээр хэзээний хөглөрч орхих чихэр жимсний үлдэгдэл… өөр надаас юу үнэртэнэ вэ? Том цүнхийг минь тонгойлгоод сэгсэрч орхи. Бөөн новш асгарна. Би хэн юм бэ? Мэдэхгүй. Яарч байгаагаа л сайн мэднэ.
Сараачаад л тун ч муухай бичигтэй. Ар араасаа хөврөх шинэ санаанууд үзэг хөөж, үг урсч байна. Компьютерийн товчлуурт бол цаг зав гарсан үед л хүрнэ. Яаралтай сурвалжлагыг хүртэл компьютер дээр шивдэггүй байлаа. Тэр дөрвөлжин «хайрцаг» амтыг нь аваад хаячих шиг санагдаад. Тодхон гардаг сайн балаар цасан цагаан цаасыг цоохорлож, үзэж харсан, сонсч дуулсан, эргэцүүлж бодсоноо хурдхан шалавхан буулгах гэж адгасаар. Ийм үед минь элдвийн юм асуувал ууртай харц шидэж, утсаа тасалж ч мэднэ.