2014.3.1.
Корпорацийн менежментийн тухай их ярьдаг болжээ. Төрийн өмчийн аж ахуйнуудаа хувьцаат компани болгон, менежментийг нь сайжруулах алхмыг ч мөд хийж эхлэх гэнэ. The Mongolian Mining Journal нь хоёрдугаар сарын дугаартаа дэлхийн олон орны төрийн мэдлийн компаниуд үйл ажиллагаагаа хэрхэн явуулдаг талаар цогц материал нийтэлсэн билээ. Төрийн оролцоо ямар зарчимд үндэслэдэг, компани ямар нөхцөлд амжилттай менежмент хэрэгжүүлдэг вэ. Тэрхүү амжилтын үр шим буюу татварын орлогыг тухайн улсын ард иргэдэд төр нь хэрхэн хуваарилдаг тухай цөөнгүй жишээн дээр өмнөх дугаартаа өгүүлсэн юм.
Төр ба компани ямар зарчмаар харилцаж гэмээнэ хоёулаа ашиг хүртэх вэ гэсэн гол асуулт тэдгээрт бий. Монгол улс Төрийн өмчийн хороогоо татан буулгаж, Сангийн хэлбэрт зохион байгуулан, төрийн мэдлийн компаниуд дахь улс төрийн оролцоогоо хумих гэж байна. Энэ ажлыг хэрхэн үр дүнтэй хийх вэ? Туршлага судлахаас ажлын гараа эхэлжээ. Сингапурын “Темасек холдинг”, Малайзын “Казанах Насионал”, Казахстаны “Самрук Казына” зэрэг компанийн менежментийн зарчмыг манай Засгийн газар судалж байна. Монголд оновчтой хувилбарыг сонгон хэрэгжүүлэх аж. Төрийн мэдлийн компаниудын Төлөөлөн удирдах зөвлөл дэх Яамны Төрийн нарийн бичгийн дарга нар, улстөрчдийн багийг юуны түрүүнд татан буулгах шаардлагатай болох нь. Олон улсын жишгээр салбарын мэргэжлийн хүмүүс, судлаач, санхүүчид, чадварлаг менежерүүдээр төрийн мэдлийн компанийн ТУЗ-ийг нэн даруй бүрдүүлэх ёстой юм. Одоо бол төрийн өмчийн аль ч компани Яамны мэдлийн аж ахуй болчихоод байгаа.
Түүнчлэн төрийн мэдлийн олон компанийн өнөөгийн дампуу үйл ажиллагаа нь корпорацийн нээлттэй ил тод ажиллагааг эхлүүлэх цаг болсныг харуулдаг. Тухайлбал, МИАТ, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ТУЗ-д (Ерөнхий хороо) зөвхөн улстөрчид ажиллаж, эдийн засгийн үр ашиг гаргахаас илүүтэй тэдгээрт хувийн, улс төрийн сонирхол нуугдах болсныг сүүлийн үед дэд бүтцийн салбарт өрнөж буй шуугиан тод харуулсан.
Төрийн өмчит компаниудын эзэмшлийн тодорхой хэсгийг хувьчлах тухай ид яригдаж эхэлсэн энэ үед олон нийтийн хувьцаат компанийн цөөн жишээг татъя. Хөрөнгийн зах зээлд гарч, үнэт цаасаа олон нийтэд санал болгосон, улмаар үйл ажиллагаа, санхүүгийн бүх тайлан нь ил байдаг компаниудын талаар товч өгүүлье. Дэлхийн хөрөнгийн том биржүүдэд үндэсний болоод Монгол улсад орд газар эзэмшдэг гадаадын компаниуд хувьцаагаа арилжиж байна. Тэдгээрийн санхүүгийн бүхий л мэдээлэл, хувьцааны хөдөлгөөн ил тод, олон улсын нэр хүндтэй байгууллагууд хувь эзэмшдэг.
Лондон (LON)
Лондонгийн Хөрөнгийн бирж дээр “Петро Матад” (MATD) хувьцаагаа арилжсан нь үндэсний анхдагч болсон юм. Дэлхийн зах зээлийн ааш аяг дунд “Петро Матад”-ын үнэт цаас хэдэнтээ унаж, боссон. Харин хамгийн гол зүйл нь “Петро Матад”-ын үйл ажиллагаа олон нийтэд шилэн данс мэт нээлттэй байж ирэв. Тус компанийн үнэт цаасыг хэн хэдэн хувийг эзэмшдэгийг Та хүснэгтээс сонирхож болно.
Petrovis Matad Inc 33%
Европын Сэргээн босголт, Хөгжлийн банк 11.36 %
Монголын хөрөнгө оруулагч нэр бүхий 5 иргэн нийлээд 13.1 % эзэмшдэг ба эдгээр нь томоохон хувийг эзэмшигчид юм. Харьцангуй бага хэсгийг худалдан авсан гадаадын хувь хүмүүс ч бий.
Нийтдээ Петро Матад-ын Лондонгийн бирж дэх үнэт цаасыг холдинг, хувь хүмүүс ба банк, хөрөнгө оруулалтын зөвлөх компаниуд гэсэн 18 субъект эзэмшдэг. Эдний дунд Их Британи, Швейцар, Ирландад төвтэй нэр хүндтэй хөрөнгө оруулагчид байна.
Хоёрдугаар сарын 28-ны Баасан гаригийн хаалтын ханшаар тус компанийн хувьцаа 8.21 болж өссөн ба харьцуулбал долоо хоногийн өмнө 7.01 хаалтын ханш зарлаж байв. Өнгөрсөн долоо хоногт Монголын олон ордын үнэт цаас өсч, “үхлийн уналт” ёроолоосоо өндийх хандлага ажиглагдсан билээ.
Нью Йорк (NYSE)
Нью Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Turquoise Hill Resources Ltd (TRQ)-ийн хувьцааны ханш хэрхэн дээш, доош болж буйг монголчууд сайн мэддэг. Манай улсад болж буй улс төрийн гол үйл явдлууд, хууль, шийдвэрийг даган хувьцааных нь график хэлбэлздэг агаад тэрхүү савлагаа нь зөвхөн Рио Тинтогийн асуудал мэт бид хөндий хандсаар өдийг хүрчээ. Одоо тус компанийн хувьцаа эзэмшигчид буюу Монголд болж буй улс төрийн үйл явдлыг дагаж ашиг, алдагдал нь өөрчлөгдөж байдаг субъектуудыг товч танилцуулъя.
Rio Tinto Plc 50.79%
Temasek Holdings Private Ltd 8.52%
RS Investment Management 6.35 %
Goldamere Holdings Srl 1.69%
Mason Capital Management LLC 1.32%
Wellington Management Co LLP 0.86 %
тус тус эзэмшдэг. Дээрх нь хамгийн том хувийг эзэмшигчид. Их Британи, Сингапур, Хойд Америкт төвтэй нэр хүндтэй хөрөнгө оруулагчид байгааг Та харж байна. Эднээс Wellington Management Co LLP-ийн нэр манай уншигчдад илүү танил байж болох. Тун ойрмогхон Mongolian Mining Corporation-ийн (0975)Хонконгийн бирж дэх хувьцаанаас 2.634.000 ширхгийг тус бүрийг нь 0.8 хонконг доллараар худалдан авсан компани.
Turquoise Hill-ийн нийт үнэт цаасны 2.51 хувийг ноён Роберт Мартин Фридланд эзэмшдэг аж. Тус компанийн томоохон хувьцаа эзэмшигчид дунд Сингапурын хөрөнгө оруулалтын Temasek Holding байна. Сингапурын Сангийн яам анхны хөрөнгө оруулалтыг нь хийж байгуулсан тус компани нь манай улсын Оюутолгой ордын хөрөнгө оруулагчийн үнэт цаасны 8.52 хувийг эзэмшиж буй аж. Ийм утгаараа Оюутолгой ордтой холбоотой гарч буй улс төрийн шийдвэрийн үр дагавар Сингапурын төрийн мэдлийн уг компанид мөн шууд нөлөөлдөг гэсэн үг.
TRQ үнэт цаас “сайн долоо хоног”-ийн төгсгөлд 3.78 ханштай хаагдлаа. Өмнөх долоо хоногт нь 3.31 хаалтын ханш зарласан юм.
Хонконг (HKQ)
Хонконгийн Хөрөнгийн бирж дээр 2010 онд гарч, Монголын уул уурхайн загвар төслийг хэрэгжүүлсэн Mongolian Mining Corporation нь мөн л олон хувьцаа эзэмшигчтэй, нээлттэй компани юм. MMC-ийн нийт хувьцааны 33.5 хувийг үндэсний М Си Эс групп эзэмшдэг ба Монголын компани ба хувь хүмүүс тус компанийн хувьцааны ойролцоогоор16 хувийг мөн эзэмшдэг.
Харин MMC-ийн нийт хувьцааны 29 орчим хувийг дэлхийн нэр хүндтэй хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Тэдгээр нь Европ, Хойд Америкийн нэр бүхий хөрөнгө оруулалтын сан, банкууд болохыг Та хүснэгтээс харж байна. Дээр дурдсан Бостонд төвтэй Wellington Management хөрөнгө оруулалтын зөвлөх компани нь хоёрдугаар сард MMC дэх эзэмшлийн хувиа нэмэгдүүлж, 5.1 хувь болгожээ.
MMC-ийн үнэт цаас эзэмшигч Монголын олон иргэн, аж ахуй 28-ны баасан гаригийн хаалтын ханшийг ( 0.930 ) санаж буй нь лав. Мөн л өмнөх долоо хоногоосоо өссөн (0.790) үзүүлэлт.
Торонто (TSE)
Одоо дэлхийн өөр нэг том бирж дээр Монголд ордтой компанийн хувьцаа ямар ханштай байгаа болон хувь эзэмшигчдийн талаарх шинэ мэдээллийг сонирхъё. Нэгэн үе Торонтогийн биржид Монголтой холбоотой үйл ажиллагаа явуулдаг хамгийн олон компанийн хувьцааг арилжиж байв. Тэдгээрийн үнэт цаасны хэлбэлзэл хамгийн өндөр байж ирсэн. Монгол оронд өрнөсөн улс төрийн үйл явдал, нөхцөл байдлыг даган тэдгээр компанийн хувьцаа савлаж иржээ. Нэг төлөөлөгч болох SouthGobi Recources Ltd (SGQ)-ийн хувьцаа Стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль 2012 оны тавдугаар сард батлагдсан үеэс унасаар байгаа.
Тус компанийн хувьцааг эзэмшигчдийн дийлэнх нь Канад, Америк, мөн Швейцар, Герман, Их Британи, Швед, Норвегийн хөрөнгө оруулагчид юм. 55.95 хувийг нь Turquoise Hill Recources Ltd эзэмшдэг. SouthGobi-ийн хувьцаа эзэмшигчдийн дэлгэрэнгүй жагсаалтыг дараагийн хүснэгтээс үзнэ үү.
Баасан гаригт 0.800 хаалтын ханш зарлажээ. Долоо хоногийн өмнө SGQ 0.780 дээр хаагдсан. УИХ-ын Ээлжит бус чуулганаар 2013 оны есдүгээр сард Хөрөнгө оруулалтын шинэ хуулийг баталсан. Хууль батлагдсанаас хойш нэг улирлын дараа үр дүн нь харагдана гэсэн хүлээлт байлаа. Харин эерэг хандлага тийм чиг амар харагдаагүй ба уг хуулийг хэрэгжүүлэх журмыг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар баталсны дараа хөрөнгө оруулагчдад итгэл төрж эхэлсэн болов уу. Уг журмын найруулгыг шинэ долоо хоногт эцэслэн, нээлттэй зарлах бөгөөд Засгийн газар бараг хагас жил хилийн чанадад сурталчилсан хуулиа ийнхүү хэрэгжүүлэх замдаа орох нь. Оюутолгой ордын далд уурхайн санхүүжилтийн нөхцөлд Монголын Засгийн газар ногоон гэрэл асаах гэж буй тухай мэдээ ч хувьцааны ханшийн өсөлтөд хувь нэмэр болсон байж таарна.
Монголд орд бүхий компаниудын дэлхийн томоохон 4 бирж дэх үнэт цаасаар жишээлэн хувьцаа эзэмшигчдийнх нь бүтцийг харууллаа. Европ, хойд Америкийн институционал хөрөнгө оруулагчид зонхилж байна. Тухайн компанийн үйл ажиллагаа, хувь эзэмшлийн хөдөлгөөн шилэн данс мэт нээлттэй байх корпорацийн засаглал гэж ийм. Амжилт, алдагдал нь дэлхийн том, жижиг бүх хувьцаа эзэмшигчдэдээ хамаатай. Монголд өрнөж буй улс төрийн үйл явдлууд ханшид хамгийн эмзэг нөлөөлдгийг хувьцаа эзэмшигч сайн мэднэ.
Манай улсын экспорт, эдийн засагт гол үүрэгтэй төрийн мэдлийн компаниудад корпорацийн менежментийг шат дараатай төлөвшүүлэхээр Засгийн газар ажиллаж байна.“Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-д юуны түрүүнд өөрчлөлт оруулах бололтой. Өдөр тутмын үйл ажиллагаа болон санхүү нь Засгаас хараат бус болно гэсэн үг. Дараагийн алхам нь “Эрдэнэс Монгол”-ыг олон нийтийн нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэх буй за. Хөрөнгө оруулалт босгон, ашигтай төслүүд худалдан авах зэргээр бизнесээ өргөжүүлэх боломж нээгдэх юм.
Төрийн өмчийн компанийн үр ашигтай менежментийг хэрэгжүүлэх ажлууд ийнхүү шат дараатай эхлэх нь. Хувьчлалын явц харин олон нийтэд нээлттэй явагдах ёстойг онцолъё. Тухайлбал, МИАТ компанийн 49 хувийг хувьчлах тухай бүр 2012 оны намраас улстөрчид ярьж эхэлсэн бөгөөд улстөрчдийн хэт их сонирхож буй уг хувьчлал арай өөр зорилго, сценариар өрнөх магадлалтай юм. Монголын иргэний агаарын тээврийн салбарыг хувьчилж авах сонирхол хэсэг бүлэг хүний гарт илэрхий төвлөрч эхэлсэн ийм үед МИАТ улам бүр хаалттай компани болох уу, эсвэл олон нийтэд нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих үү гэдгийг онцгойлон хянах ёстой гэж бодож байна.
Төрийн мэдлийн компаниудын тодорхой хэсгийг амжилттай ажиллуулахын тулд хувьчлах гэж байна уу, эсвэл хэсэг бүлэг хүн ашиг орлого олохоор дамлах нь уу гэдгийг анхааралтай ажиглах цаг ирлээ. Их хувьчлалын хоёрдугаар давлагаа буюу хэн, хэдэн хувийг эзэмших вэ гэсэн шинэ хуваарилалт эхэлж байна.