ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛЬ ХЭРХЭН ӨӨРЧЛӨГДӨХ ВЭ

2013.8.29.

Товчдоо “Үндэсний хөрөнгө оруулагчдад тэгш хандах хууль” хэмээн тодорхойлж болно. 1993 онд батлагдсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд зөвхөн гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан заалтуудтай явж ирсэн. Тэгвэл өнгөрсөн хугацаанд үндэсний хөрөнгө оруулагчдын бүтээн байгуулалт дотоодын нийт бүтээгдэхүүний дийлэнхийг бүрдүүлэх хэмжээнд өсчээ. Тиймээс хөрөнгө оруулалтын тухай шинэ ойлголт бүрдүүлэх хууль хэмээн харж болно.

Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг богино хугацаанд боловсруулсан нь анзаарагддаг. Энэ оны гуравдугаар сар гэхэд ийм хуулийн сураг сонсогдоогүй байсан. Харин Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хуульд хомроголон хамруулсан гадаадын хувийн өмчийн компаниудад тавих хязгаарлалтаа хүчингүй болгох тухай яригдаж байсан билээ. Зөвхөн гадаадын төрийн өмчийн этгээдийн хийх хөрөнгө оруулалтыг Монгол улсын нутаг дэвсгэрт хязгаарлах заалтыг уг хуульд үлдээх байдлаар нэмэлт, өөрчлөлт оруулсан төслийг Засгийн газар бэлтгэж байсан юм.

Харин хэдхэн сарын дараа Хөрөнгө оруулалтын цоо шинэ үзэл баримтлал ийнхүү бэлэн болж, дотоод гадаадын бизнесийнхэн, олон нийтийн анхаарал татсан сэдэв болов.

Юуны өмнө уг шинэ төсөл нь Хөрөнгө оруулалтын орчны тухай гэхээсээ илүүтэй зөвхөн Татварын тогтворжуулалтыг онцолсон хууль гэж харж болно. Хөрөнгө оруулалтын орчныг тэлэх эрхзүйн цогц тогтолцоо бүрдүүлэх гэхээсээ илүүтэй зөвхөн татвартай холбогдох санааг илэрхийлсэн, хялбаршуулсан хувилбар хэмээн харж байна. Магадгүй богино хугацаанд боловсруулсан баримт бичиг болоод тэр биз. Гол нь Монголын төрийн бодлого хөрөнгө оруулалтын салбарт шинээр томъёологдож байгаа учир аль болох цогц, өргөн хүрээнд, алсын хараатай боловсруулах учир шаардлагатай билээ.

Хөрөнгө оруулалтын шинэ хуулийн гол агуулга нь дөрвөн төрлийн татварыг 5-10 жилийн хугацаанд нэмэхгүй байх тухай санаа. Хэн ийм боломж эдлэх вэ гэвэл 10 саяас дээш ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн хэнбугай ч тэр. Мэдээж татгалзах зарим шалгуур бий. Тухайлбал гадаадын төрийн өмчит компани хөрөнгө оруулъя гэвэл илүү өндөр шалгуураар зөвшөөрөл авна. Гэхдээ хуулийн ерөнхий хандлага нь “10 сая ам. доллараас дээш хөрөнгө оруулсан гадаад, дотоодын компаниудад Эдийн засгийн хөгжлийн яамны дүгнэлтийн дагуу Тогтворжуулах гэрчилгээг Хөрөнгө оруулалтын Зөвлөл олгоно” 5-10 жилдээ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө /роялти/ нэмүүлэхгүй тогтвортой хэмжээнд төлөх боломжтой болох юм. Тогтворжуулалтын гэрчилгээ эзэмшиж буй жилүүдэд нь дээрх 4 төрлийн татварын хэмжээ багассан хууль гарвал тэрхүү “хямдралыг” мөн эдлэх бололцоогоор хангажээ. Ердөө ийм зарчмын гол өөрчлөлттэй. Цаашид Монгол улс аль нэг компанитай Тогтвортой байдлын, Хөрөнгө оруулалтын гэрээ шинээр байгуулахгүй гэсэн үг.

Уул уурхай, банк санхүү, хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны бизнест хөрөнгө оруулбал Стратегийн салбар хэмээн үзэж хатуу шалгуур тавьж эхэлсэн өнгөрсөн оны хаврын “урт нэртэй” хуулийг бүрмөсөн хүчингүй болгосон бас нэг “зарчмын” өөрчлөлт гарав. Харин гадаадын төрийн өмчит компани аль ч салбарт хөрөнгө оруулах байсан илүү хяналт, шалгалтад орно гэсэн ерөнхий агуулгатай болжээ.

Бодлого энгийн, ойлгомжтой байх нь сайн хэрэг. Гэхдээ Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд зохицуулаагүй орхисон, хэт ерөнхийлсөн санаа маш их. Тэр болгонд амьдрал дээр хуулийн зохицуулалт үгүйлэгдэн, янз бүрээр тайлбарлах магадлал, маргаан үүсэх билээ. Засгийн газрын энэ Баасан гаригийн хуралдаанаар, дараа нь УИХ-ын Ээлжит бус чуулганаар тунгаан шүүгдэхийн наана Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл дээр аль болох олон хүн санаа бодлоо илэрхийлээсэй хэмээн уг тоймыг тэрлэж байна.

Ялангуяа татварын Тогтворжуулалтын гэрчилгээ авах шалгуур илүү тодорхой, шатлалтай байх нь хөрөнгө оруулалтыг дэмжих төрийн бодлогын үндэс суурь юм. 10 тэрбум төгрөгөөс давсан хөрөнгөтэй хэн боловч ижил хэмжээнд татвараа төлөөд эхэлбэл Төрийн дэмжих чиглэл, тэргүүлэх салбар, их хэмжээний хөрөнгө оруулалтын өндөр эрсдэл зэрэг бизнесийн амин чухал эрх ашиг бүгд хялбарчлагдах магадлалтай. Тухайлбал, “нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих” төрийн бодлого бичиг цаасан дээр биш, яг энэ хуульд тусгалаа олж гэмээнэ хэрэгжинэ. Нэмүү өртөг шингэсэн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлогын тодорхой механизм хуулийн төсөлд одоогоор суугаагүй байна. Ядаад хуульдаа “нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэлийн” тухай томъёоллоо шигтгэж өгөх учиртайсан.

Дараагийн санаа нь, хөнгөлөлт эдлэх хөрөнгө оруулалтын хэмжээ 10 тэрбум төгрөг биш, харин түүнээс дээш, 50 тэрбумаас эхлэх, улмаар нэмэгдсэн хэмжээ тутамд тодорхой шалгуур заан, тогтворжилтын хугацааг сунгаж өгөх нь бизнесийн эрсдэлийн энгийн ойлголтод нийцнэ. Ялангуяа өндөр өртөгтэй боловсруулах үйлдвэр, уул уурхайн том төслүүдийг хэрэгжүүлэх компани 50 тэрбум бус, их наядаар хэмжигдэх санхүүжилтийг хийж гэмээнэ төсөл хэрэгжинэ. Тиймээс хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарсан шатлал тогтоон, шатлал тус бүрт тохирох Тогтворжуулалтын гэрчилгээний хугацаа олговол зохистой. 5-10 жил гэсэн ерөнхий ангилал дор, их бага бүхийл хөрөнгө оруулалтад Гэрчилгээ түгээж эхэлбэл урт хугацаандаа сөрөг үр дагавар гарах нь дамжиггүй.

Төрөөс Концессийн гэрээг 25-30 жилээр хувийн компаниудтай хийж эхэлсэн туршлага бэлээхэн байгаа тохиолдолд том хэмжээний бүтээн байгуулалтын төсөлд Тогтворжуулалтын гэрээг 15-18 жилээр хийх, төслийн өгөөжийг харгалзан хугацаа дахин сунгах зэрэг механизм чухал. Нэгэнт энэ нь “Төрийн бодлого” юм бол нэлэнхүйд нь нялзаах бус, чухлыг нь дэмжих санаагаа илүү тод болгомоор.

Өөр нэг санаа нь, зөвхөн 4 төрлийн татвар тогтворжуулахаар төсөлд заажээ. Тэгвэл Онцгой албан татвар, ялангуяа экспортын татвараар том хөрөнгө оруулалтуудаа дарамтлаад эхлэх цоорхой харагдана уу даа гэж бодогдов. Ялангуяа экспортод гарч байгаа бүтээгдэхүүнийхээ үнэ, хэмжээ, төрөлд манай төр хязгаар тавих оролцоо их байдаг учир их хэмжээний хөрөнгө оруулалтын хувьд эрсдэл хэвээр юм гэж харагдлаа.

Түүнчлэн, Тогтворжуулалтын гэрчилгээ олгохоос татгалзах үндэслэлийг, мөн төрийн захиргааны байгууллага ямар зарчмаар ажиллах ёстойг тодорхой зааж өгөлгүй зөвхөн “30- 45 хоногийн дотор Гэрчилгээ олгох эсэх хариуг өгнө…” гэх маягийн ерөнхий заалт хэвээр үлдвэл дараа нь гарах маргаан намжихгүй болов уу. Гэрчилгээ олгохоос татгалзаж буй үндэслэлээ тодорхой хугацаанд бичгээр уг компанид хүргүүлэх нь аль ч улсын Хөрөнгө оруулалтын Зөвлөлийн наад захын үүрэг билээ.

Хөрөнгө оруулалтын шинэ хуульд зайлшгүй анхаарах ёстой бас нэг чухал санаа нь компани нэгдэн нийлсэн, охин компанидаа толгой компани хөрөнгө оруулалт хийсэн бол Тогтворжуулалтыг аль аж ахуйд нь хэрхэн тооцохыг тодорхой тусгах шаардлага юм. Том хэмжээний төслийг хэрэгжүүлэхийн тулд, түүнчлэн бие биеэ дэмжсэн үйлдвэрлэлийн кластер бүтэц үүсэх тохиолдолд толгой компанийн үүрэг хариуцлага томорч, компаниуд нэгдэх нийлэх зэрэг бизнесийн наад захын хөдөлгөөн өөрчлөлт гарч таарна. Хуулийн төсөлд ийм үйл явцыг тодорхой нягтлаагүй бололтой.

Хөрөнгө оруулалтын Зөвлөлийн гишүүдийг хоёр жил тутамд сольж байх нь хэр оновчтой вэ, өмнө нь үндэсний компаниудын хийсэн том хэмжээний бүтээн байгуулалтыг татварын тогтворжилтод хамруулах бололцоо бий юу зэрэг хариулах асуулт төсөлд цөөнгүй бий.

Юутай ч 2012 оны дөрөвдүгээр сараас эхлэн Хятадын төрийн өмчийн “Чалко” компани SGS компанийн Монгол дахь нүүрсний төслийг худалдан авах хэлцлээс үүдэн боссон хөрөнгө оруулалтын хязгаарлалтын асуудал жил хагасын дараа энд хүрээд цэгцэрч байна. Гадаад улсын төрийн өмчийн компанийн хөрөнгө оруулалтад хязгаарлалт хийх нь Монголын төрийн үүрэг, монголчуудын эрх ашиг байлаа. Тэр утгаараа 2012 оны тавдугаар сарын “урт нэрт” хууль үүргээ биелүүлсэн. Санаачилж баталсан Гишүүдийг нь баалах биш, баяр хүргэчихье. Харин “төрийн өмчийн компани” гэсэн ойлголт дээр гадаадын хувийн компаниудыг нэмж хутгаад, нийт хөрөнгө оруулалтыг хүлээлтэд оруулсан алдаа бий. Тэр тухай өнөөдөр хүн болгон улиглан ярилаа,одоо гоншигонож дуусвал таарна. Гол нь энд Хөрөнгө оруулалтын цоо шинэ бодлого гарч ирэх гэж, мөн л цаг хугацаанд хавчигдан шамдуу батлах гэж байна. Тиймээс энэ төсөл дээр саналаа нэгтгэж, алсын хараатай, өргөн цараатай бодлого томъёолох нь өнөөдрийн гол ажил юм.

Хэдийгээр төсөл “ноорог” хэвээрээ, эцэслэн батлагдаагүй байгаа боловч хуулийн зарим гол заалтыг Уншигч танд дор хэсэглэн хүргэе. Монгол улсад хөрөнгө оруулагч гэдэг зөвхөн Рио Тинто, Чалко биш, үндэсний болоод гадаадын олон олон хөрөнгө оруулагч бий гэдгийг бодолцон, энэхүү хуулийн төслийг урт настай, өндөр өгөөжтэй зохицуулалт болгох нь бидэнд чухал юм.

…22.5.Гадаадын төрийн өмчит этгээд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаа явуулах эсхүл Монгол Улсын хуулийн этгээдийн хувьцааг худалдан авах тохиолдолд хөрөнгө оруулалтын хувь хэмжээ болон эдийн засгийн салбарын ангиллаас үл хамааран Зөвлөлөөс зөвшөөрөл авна.

…зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтээ шууд болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжээрээ дамжуулан хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах бөгөөд хүсэлтэд дараах бичиг баримтыг хавсаргана.

23.1.1.зөвшөөрөл хүсэгч гадаадын хөрөнгө оруулагчийн эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээний хуулбар

23.1.2.зөвшөөрөл хүсэгч болон зөвшөөрөл хүсэгч, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд, гуравдагч этгээд, гүйцэтгэх удирддлагын талаарх бүртгэлийн байгууллагын сүүлийн 2 жилийн лавлагаа;

23.1.3.урьдчилан тохиролцсон хэлцлийг төрөл /хэлцлийн талууд, шилжүүлж байгаа хувьцаа, хувь эзэмшлий хэмжээ, гэрээний үнэ болон хуулийн этгээдийн дүрэм, удирдлагад өөрчлөлт оруулахаар тохиролцсон бол энэ тухай тусгасан байх/

23.1.4.зөвшөөрөл хүсэгч байгууллагын болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, санхүүгийн тайлангийн тодруулга;

23.1.5.зөвшөөрөл хүсэгчийн Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, бизнес төсөл

Хөрөнгө оруулалтын зөвлөл

11.1.Зөвлөл нь энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээ олгох шийдвэр гаргах, энэ хуулийн 24.2-т заасан зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх үндсэн чиг үүрэгтэй байнгын бус үйл ажиллагаатай байгууллага байна.

11.2.Зөвлөл нь үйл ажиллагаагаа хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний өмнө хариуцна.

11.3.Зөвлөлийн ажиллах дүрмийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

12 дугаар зүйл.Зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, санхүүжилт

12.1.Зөвлөл нь дарга гишүүдээс бүрдэх 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байна.

12.2.Зөвлөлийн бүрэлдэхүүнд дор дурдсан байгууллагаас тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь хөрөнгө оруулалтын эрх зүй, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэшсэн, 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай, ял шийтгэл эдэлж байгаагүй Монгол Улсын иргэн байна:

12.2.1.үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба;

12.2.2.төв банк;

12.2.3.хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

12.2.4.хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

12.2.5.сангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;

12.2.6.шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар;

12.2.7.Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим.