“БҮТЭН БИЕНИЙ ШИНЖИЛГЭЭ” ГЭДЭГ НЬ…

2013.6.4.

Шуудай дүүрэн эмтэй онгоцноос буудаг зорчигч олширчээ. Монгол улсын эрүүл мэндийн салбарын үйлчилгээг Сөүл, Бээжин, Хөх хотын эмнэлгүүд гүйцэтгэдэг. Жилд 140 орчим тэрбум төгрөгийг Монголын дундаж иргэд эрүүл мэндийн үйлчилгээндээ зориулан гадаадын эмнэлгүүдэд төлдөг. Энэ орлогын дийлэнх Сөүлийн эмнэлгүүдэд шингэдэг билээ.

БНСУ, тэр дундаа Сөүл хотын төрөл бүрийн эмнэлэгт монголчуудтай өдөр тутам тааралдаж болно. Заримдаа Улаанбаатарын Сонгдо эмнэлэгт явж байна уу гэж андуурмаар олон монгол хүнтэй тааралдах вий. Хэдхэн жилийн өмнө энэ урсгал Бээжин, Хөх хотыг чиглэж байсан бол өдгөө Солонгосын эмнэлэг, эмийн сангуудад монгол өвчтөний “оруулж буй хандив” огцом өсөөд байна.

Сөүл хотноо дундаж эмнэлгээс эхлээд, бүх төрлийн нарийн шинжилгээ хийж, эмчилдэг өндөр зэрэглэлийн сайн эмнэлэг олон бий. Эмнэлгийн чанарыг дагаад тэдгээрийн үйлчилгээний төлбөр илэрхий зөрүүтэй. Хоёр дахин зөрүүтэй гэх үү дээ. Ердийн эмнэлэгт 360.000 воноор хийдэг бүх биеийн багцын шинжилгээг сайн чанарын эмнэлгүүдэд 800.000 орчим воноор хийх жишээтэй. Хараад байхад монголчууд “бүтэн биений шинжилгээ өгөх” ерөнхий зорилготойгоор хилийн дээс алхаж байна. “Дээс”-ийг зүгээр алхаад гарчихдаггүйг уншигч Та юу эс андах вэ. “Байрны зээл”, “Солонгосын виз”, “Хүүхдийн цэцэрлэг” гэх мэт аймаар үгсийн сан Монголын дундаж иргэдэд танил зүйл. “Солонгосын визэнд орох” хэмээгч том хэрэг явдлын ард гарсан бол дундаж орлоготой монгол иргэн Та гадаадын эмнэлэгт төлөх төлбөрөө цуглуулж эхэлнэ. Эхлээд бүх зүйл учир битүүлэг…”Тэр эмнэлэг сайн гэнэ… энд хамаагүй хямд…монголчуудад 30 хувийн хөнгөлөлттэй үйлчилдэг эмнэлгүүдийн жагсаалт” гэх мэт сураг чимээ цуглуулна.

Танин мэдэхүйн үе шатыг давсан бол Таны өмнө бодит байдал их өөр харагдана. Хоёр одтой Hotel-ийн төлбөр дундаж монгол иргэнд өндөрдүү сонсогдох вий. Ердөө хоёрхон одтой буудалд бууя гэвэл өдөрт 70.000-80.000 вон гэнэ. Эмнэлэгт үзүүлэх хүн хамгийн цөөндөө долоо хононо, ганцаараа явахгүй нь лавтай. Ингээд зардал өснө. Тиймээс монголчуудын олонхи booking.com сайтаас ердийн hostel захиалдаг биз ээ. Зүгээр зугаалж яваа улсууд биш, ямар нэг өвчин шаналгаатай хүмүүс эмнэлэг барааддаг учир буух газрын тохь тух онцгой чухал юм. Зорьж ирсэн эмчилгээндээ хүртлээ зоос ингэж тэгж үрэгдсээр байна гэсэн үг ээ.

Орчуулагч үгүй бол оношлогоо, эмчилгээ гэж худлаа. Алхам тутамд солонгос хэлний орчуулга шаардагдана. Монголоос өндөр хөгжилтэй улс гэх боловч тэр бүр англиар ойлгохгүй. Тэгэх тусмаа эмнэлгийн үг хэллэгийг солонгос, монгол хоёр хүн хоорондоо англиар төгс нэвтрэлцэх боломжгүй.

БНСУ-д эмчилгээ хийлгэж илааршсан манай улсын мянга мянган иргэд бий. Тэд шаардлагатай эм, тариагаа тус улсаас авч ирдэг. Урт, богино хугацааны дараа давтан шинжилгээнд эргэн явдаг өвчтөнүүдийн тоо ч олширчээ. Эдгээр дээр сүүлийн үед том урсгал болон “бүтэн биеийн багцын шинжилгээ” өгөгсөд нэмэгдээд байна. Эрүүл мэндийн анхан шатны шинжилгээ өгчихийг хүн болгон л хичээдэг. Өвчин зовиур байсан байгаагүй, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахыг бүгд чармайдаг. Иргэн хүний ийм ердийн хэрэгцээг хангах эмнэлгийн цогц үйлчилгээ Монгол улсад байхгүйн улмаас ийнхүү мянга түмэн зардал чирэгдэл болон гадаадыг зоригсдын тоо жил ирэх тусам нэмэгдсээр ирлээ. Монголчуудын гадаадад төлж буй эмнэлгийн үйлчилгээний зардал өдгөө манай улсын эрүүл мэндийн салбарын нийт төсвийн талтай бараг тэнцэх гэж байна.

140 тэрбум төгрөгийг манай иргэд гадаадын эмнэлгүүдэд төлдгийг дээр дурдсан ба энэ тоо нь харьцуулбал хоёр том эмнэлэг шинээр байгуулах зардалтай тэнцэнэ. Зүгээр нэг эмнэлэг бус, орчин үеийн оношлогоонд шаардлагатай бүх тоног төхөөрөмжтэй, дунджаар 100 ортой, дэлхийн түвшний эрүүл мэндийн төв хоёрыг байгуулчих хэмжээний мөнгийг монголчууд жил тутамд гадагш гаргаж буй юм. Энэ урсгал гэнэт манай улсаас гараад явчихаагүй. Сүүлийн хорь орчим жилд эрүүл мэндийн салбартаа манай улс хөрөнгө оруулалт хийгээгүй, зөвхөн гадаадын тусламжийн хөтөлбөрөөр аргацааж ирсэн. Монгол улсын төсвийн үзүүлэлт сайжирсан тул өнгөрсөн жилээс эрүүл мэндийн салбарт өгдөг олон улсын гол хөтөлбөрүүд зогссон юм. Тиймээс эрүүл мэндийн салбар сүүлийн хорин жилд томоохон хөрөнгө оруулалтгүй, аргацаасан хэлбэрээр явж, өвчтөн гадагшаа явж эмчлүүлэх практик зүгээр л ердийн ойлголт мэт болоод байна.

“Манай улсад оношлогддогүй өвчин” гэсэн ойлголт монголчуудын тархинд суужээ. Багаж төхөөрөмж, ажиллах мэргэжилтнээ бэлтгэсэн ямар ч улсад “оношлогддогүй өвчин”-ий тухай ойлголт байхгүй. “Оношлогддогүй өвчин”-ий халдвар зөвхөн төсөв баталж буй улстөрчдөд илэрдэг. Улсын баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх зардалд 50 тэрбум төгрөг, Ерөнхий сайдын багцад 50 тэрбум гэх мэтээр том төсөв баталдаг улстөрчдөд “оношлогддогүй өвчин” хурцаар илэрдэг. Ийм хурц өвчтэй улстөрчид эрүүл мэндийн хамгийн энгийн эмчилгээ үйлчилгээнд зориулсан төсвийг иргэддээ зориулж баталдаггүй юм.

Олон улсын стандартын эмчилгээ, оношлогооны төв Улаанбаатарт ганцыг шинээр байгуулахад жилд 90.000-100.000 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулчихна. Солонгосын визэнд оролгүй, хүний нутагт хэлмэрчээр дамжуулж, хэрэгтэй хэрэггүй мянган зардал гаргалгүй, жил тутам урьдчилан сэргийлэх үзлэгтээ монгол хүн бүр хамрагдчих юм. Ийм төв байгуулах дундаж зардал нь 69 тэрбум төгрөг. Харьцуулбал, энэ жилийн наадмын зардлаас арай илүү. 2012-2013 оны төсвийн жилд Н. Алтанхуяг Ерөнхий сайдын багцад задаргаа нь тодорхойгүй тусгагдсан 50 тэрбум төгрөг дээр ялимгүй хэдэн төгрөг нэмээд байгуулчих юм. Хэрвээ хүсвэл хийхэд хялбар ажил гэсэн үг. Ийм эрүүл мэндийн ганц төв байгуулбал анхны зардлаа төвөггүй нөхнө. Жилд гадагшаа урсаж буй 140 тэрбумын тэн хагасаар зардлаа нөхнө гэсэн үг.

Тэгвэл яагаад Монгол улсын үе үеийн Ерөнхий сайдууд, Парламентад олонхи болсон намууд эрүүл мэндийн салбарыг сүүлийн хорин жилд анхаарлаасаа гадна орхиж ирсэн юм бэ?

Сөүлийн онгоцонд суухад олны танил хүмүүс заавал тааралдах вий. Урлагийнхан ч байж магад, гол нь улстөрчид заавал тааралдана. Тэд бурхан бус, хүн юм хойно бас урьдчилсан шинжилгээ энэ тэрд ордог. Аминдаа арчаатай тул ойр ойрхон онгоцонд тааралдаж ч мэднэ. Хамаатан саднаа дагуулаад VIP хаалгаар орж гарч ч харагддаг. Эрүүл мэндийн салбарын төсвийг баталдаг, хөрөнгө оруулалтын зардлыг нь хасдаг эрхмүүд ингээд VIP хэлбэрээр эрүүл мэндийн үйлчилгээгээ авчихдаг бөгөөд харин жирийн иргэд Сөүл байтугай Сонгдо эмнэлгийн багцын шинжилгээний төлбөрийг дийлэхгүй учир төрийн мэдлийн хэдэн эмнэлэгт үзүүлэн, аль манай аав ээжийн үед бичиж өгдөг байсан хэдэн эмийг үргэлжлүүлэн цохуулсаар яваа юм.

Төр эрүүл мэндийн салбараа анхаарахгүй байгаагийн уршгаар одоо монголчууд дотоодын хэдэн эмнэлгийг нурж унатал оочерлож, боломжтой нэг нь Ази ба Европын эмнэлгүүдээс үйлчилгээ авч байна. Үр дүнд нь Монгол хүний эрүүл мэндийн хачирхалтай зураглал гарч ирэх болжээ. Солонгосын эмнэлгүүдэд хагалгаа, шинжилгээ хийлгэсэн өвчтөн зөвхөн тэндээс эм тариагаа урт хугацаанд татаж авдаг. Давтан шинжилгээнд мөн эмнэлгээ зорино. Европын орнуудад эмнэлгийн тусламж авсан хүмүүс үйлчилгээг мөн газартаа үргэлжлүүлдэг. Хэрвээ Швейцарт бичиж өгсөн эмийн талаар Сөүлд очоод лавлавал “манайд ийм эм орж ирээгүй ээ” гэж хэлнэ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2003 онд сертификат олгосон эм юм гэвэл мөн л толгой сэгсэрнэ. Улс орон болгон Эрүүл мэндийн тухай хуультай, түүндээ нарийвчилсан маш олон зохицуулалттай. Тухайн улсын иргэний эрүүл мэнд, үндэстний аюулгүй байдлын төлөө бодож зохицуулсан маш нарийн заалттай. Тэр болгонтой “гадаадын өвчтөн” Та алхам тутамд тулгарна. Ойлгомжгүй зүйл олон. Зарим улсад хувийн эмчийнх нь тавьсан онош, эмчилгээ, бичсэн эм, зөвлөгөө чухал байдаг бол Азийн ихэнх улсад эмч-сувилагч-эмийн сангийн ажилтны шат дараалсан зааварчилгаан дор үйлчилгээгээ авна.

БНСУ-ын эмнэлгүүдэд анхан шатны шинжилгээ хийлгэсэн монголчууд яг тийм шат дараалсан зааварчилгааны дор бичиж өгсөн эмийг аптекаас худалдан авдаг. Өгсөн бүх шинжилгээний үнийн дүнгээс илүү гарсан зардлыг эмэнд зарцуулах тохиолдол элбэг. Учир нь тэр эмийг зөвхөн БНСУ-аас авдаг тул зарим өвчтөн эмээ хагас жилээр нь нөөцлөөд харина. Сонгдо эмнэлэгт өгдөг шиг уух дарааллаар нь савласан өнгө өнгийн үрлийг шуудайлаад харих шахна. Олон төрлийн шинжилгээ өгсөн Танд цөөнгүй эмчийн бичиж өгсөн эмнүүд цугласан байж таарна. Тэдгээр нь хоорондоо үйлчилгээ тохирох эсэх, тун дооз нь таарах үгүй, хагас жил хэрэглэх явцад ямар шинж тэмдэг илэрч болохыг нарийн сайн тайлбарлаад өгөх хүнгүйн зовлон бий. Ер нь эцсийн дүндээ солонгос хүмүүст маш сайн үйлчилгээтэй эм, эмчилгээ монголчуудад хэр зохицож, эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлж буйг судалсан байгууллага алга. Гол нь Солонгосыг чиглэсэн монгол өвчтөнүүдийн урсгал тасрахгүй, дахин давтан ирсээр байх нь илүү чухал болчихсон мэт ээ.

Өөр цаг агаар, өөр хоол ундны соёлтой ард түмний хэрэглэдэг эм танг монголчууд Ази ба Европоос их хэмжээгээр зөөсөөр байна. Харин Монголын эмийн сангууд Оросоос оруулж ирсэн, Европ чиглэлийн эмээр дагнадаг. Монголын эмнэлгүүдэд ч ийм эм хэрэглэдэг. Тэгвэл Монгол хүний өдгөө хоол унд шигээ “идэж” байгаа энэ их эмүүд хоорондоо хэр зохицож, бидний биед хэрхэн нөлөөлж байгаа юм бэ?

Бид үндэсний эрүүл мэндийн бодлогогүй явсаар байна. Хувь хүн бүр эрүүл мэндийн асуудлаа дор дороо зохицуулдаг. Чадалтай нь Америк, Европ, дундаж нь Солонгос мэт, боломжгүй нь Улаанбаатарын хэдэн эмнэлэгт ор олдвол дээдийн заяа болжээ.

Улаанбаатарын Сонгдо эмнэлэг нь БНСУ-ын эмнэлгүүдийн жишгээр байгуулагдсан бөгөөд анхан шатны шинжилгээг чанартай багаж төхөөрөмжөөр хийдэг. Гагцхүү энэ эмнэлгийн ачаалал өвчтөн байтугай эрүүл хүн зүрхшээмээр их болсон. Улаанбаатарын эмнэлгүүдэд эмчлүүлэхийн тулд заавал ямар нэг нарийн шинжилгээ өгч таардаг, тэр шинжилгээнүүдийг зөвхөн Сонгдод ирж хийлгэдэг учир эрүүл мэндийн байгууллага гэхээсээ илүүтэй, олны хөлийн хэцүү газар болчихоод байна.

Манай улс эрүүл мэндийн салбараа зөвхөн тусламжийн хөтөлбөрүүдээр аргацааж ирсэн өдрүүд өндөрлөж, одоо өөрсдөө хөрөнгө оруулалт хийх шаардлагатай үе ирээд байна. Хэрвээ эрүүл мэндийн салбар тодорхой бодлогогүй явсаар байвал монголчуудын өвчин бусдад сайн бизнес болсоор байх юм. Солонгосын эмнэлгүүдэд ердийн багцын шинжилгээнээс гадна төрөл бүрийн нэмэлт шинжилгээ авах үнэ тариф бий. Жишээ нь, Таны биед хавдрын сэжиг байгаа эсэхийг үзэх багц шинжилгээ нэг сая вонны өртөгтэй. Анхан шатны шинжилгээнээс гадна шүү дээ. Сонгдо эмнэлэгт шууд эхо оношлогоонд ороод тодруулдаг үйлчилгээнүүд Сөүлийн эмнэлгүүдэд эхлээд рентгенд харуулах, шаардлагатай бол дахин их хэмжээний мөнгө төлөн эхо оношлогоонд орох гэх мэт шат дараалалтай.

Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх бол 6 хүнтэй өрөөний төлбөр өдөрт 60.000 вон гэнэ. Монголчууд гол төлөв ийм өрөөг сонгодог. Харин манай VIP хүмүүс бол өдөрт 200.000 воноос дээш төлбөртэй хоёр хүний өрөөг сонгох нь элбэг. Солонгосын Их сургуулийн дэргэдэх болон Сөүлийн Их сургуулийн дэргэдэх арай өндөр зэрэглэлийн эмнэлгүүдэд хэвтэж эмчлүүлэх төлбөр ийм жишигтэй. Дээрх нь монголчуудад зориулсан хөнгөлөлттэй тариф гэж байгаа.

Улс орон бүрийн, тэр бүү хэл эмнэлгүүдийн эмчилгээний арга барил өөр. Монголын “Гялс” төвд цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгсөн бол Таны хеликобактерийн шинжилгээний хариу гарчихдаг шүү дээ. Харин Сөүлийн эмнэлгүүдэд ийм шинжилгээг ерөнхий шинжилгээнээс тусдаа нэмэлт үнээр, өөр аргаар хийдэг. Солонгосын Их сургуулийн дэргэдэх “Анам” эмнэлэгт бичиж өгсөн эмийн жороор Сөүлийн Их сургуулийн эмнэлгийн дэргэдэх аптекаас эм авч Та чадахгүй. Нэг өвчнийг эмнэлэг тус бүр өөр эмээр эмчилдэг тохиолдол бий гэж Танд тайлбарлана. Ер нь л хүний нутагт ойлгомжгүй зүйл олон. Солонгос иргэдийн эрүүл мэндийн төлөө боловсруулсан Эрүүл мэндийн хуультай, хатуу бодлоготой оронд хөөрхий монгол өвчтөн гайхах тохиолдол олон гарна. Мэдээж, эмчлүүлж, эдгэрсний баяр ч олон тааралдана. Тэдгээр том эмнэлгийн International Medical Center гэсэн хаягтай хаалгаар монгол хүн л хамгийн олон орж гарч харагдах вий. Бүтэн биений багцын шинжилгээ өгөөд, онц ноцтой зүйл илрээгүй гэх хүмүүс зөндөө олон. Зүгээр л Сонгдо эмнэлэгт хөлсөө гоожуулж байгаад оочерлоод үзүүлчих байж дээ гэх хүн ч таарна. “Сөүл явж эмнэлэгт үзүүлнэ” гэх ойлголт моодонд орж байгаа үед монголчууддаа бас үүнийг сануулахыг хүслээ.

Энд ирсэн монголчуудын байдлыг дор нь төсөөлж болно. Эмчилгээнд зориулсан мөнгөө бэлнээр голдуу авч явдаг. Хэрвээ Худалдаа хөгжлийн банкны виза карттай яваа бол түүнийг чинь унших ATM олдохгүй. Korea Exchange Bank гэгчийг эрж олох хэрэг гарна. Тэгсэн атлаа бүх төлбөр тооцоог виза картаараа чөлөөтэй хийж болно. Банк санхүүгийн бодлого нь ч гэсэн орлогыг Солонгост үлдээх чиглэлд ийнхүү үйлчилдэг. Аль ч улсад өөрийн эрх ашигт чиглэсэн бодлого бий.

International Medical Center-ийн орчуулагч охин “Grand” сэтгүүлийн шинэ дугаар гарчиглаж суугаа харагдав. “Энэ эмчилгээнд орсон хүн байна…” гэж хэлээд чимээгүй болох нь өвчтөний хувийн мэдээллийг нууцалдаг эрх, үүрэгтэй нь холбоотой биз ээ. Манай VIP хүмүүс тус эмнэлгээр тасралтгүй ирж үйлчлүүлдэг бололтой. Тэд бол Монголын эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг танадаг улстөрчид бөгөөд өөрсдөө хилийн чанадад эмчлүүлдэг юм.