2013.4.19.
“Оросын төмөр замууд” нэгдлийн Ерөнхийлөгч ноён В. Якунин Монгол улсын Ерөнхий сайдтай уулзахыг хүссэн тухай мэдээлэл төрийн тэргүүнүүдийн айлчлалаас илүүтэйгээр анхаарал татаж байгаагийн учир юу вэ?
Юуны түрүүнд, энэхүү уулзалтын тов нь Монголын талын сонирхол гэхээсээ илүүтэй Оросын шамдуу хүсэлтээр тодорхойлогдоно. Товчхондоо, Монгол улс төмөр замын суурь бүтэц барих шинэ компани байгуулах санаатай байгаа. Нэр нь “Шинэ төмөр зам” ХХК. Төмөр зам барих мөнгө байхгүй учир мөнөөх шинэ компанийн 49 хувийг гадаад, дотоодын компаниудад өгч, хөрөнгө босгох төлөвлөгөөтэй. Ийм зорилгоор хоёрдугаар сарын дундуур тендер зарласан билээ. Тендерт гадаадын 14, дотоодын 6 компани саналаа ирүүлээд байна. Тэд Монголын уул уурхайн төмөр замын суурийг, тодруулбал маш сонирхолтой, ашигтай энэ замыг байгуулах мөнгө гаргая, оронд нь тэр “гоё” замын суурь бүтцэд хувь эзэмшинэ гэсэн үг.
Уг тендерийг дүгнэж, мөнөөх 14+6 компани дундаас сонголт хийхээс урьтаж ноён Якунин Монголын Засгийн газарт бодлоо хэлэхээр яаравчилжээ. Өөрөөр хэлбэл, Монгол улсад шинээр байгуулах төмөр замын суурь бүтцэд Орос улс урьдын адил том хувь эзэмших ёстойг дуулгахаар шамдсан гэсэн үг. Тендер зарлаж олон компани урих тусам “Оросын төмөр замууд” нэгдлийн оролцоо хувь жижигрэнэ гэдгийг тайлбарлахыг тэрбээр хүсч байна. “Улаанбаатар төмөр зам” буюу Монголын хуучин төмөр замын талыг эзэмшиж буй загвараа, үгүй юм гэхэд 49 хувь байхаар шинэ төмөр замд оролцоогоо тодорхойлох гэсэн санаа юм.
Нэгэнт Монгол улс өргөн царигийн буюу Оросын царигийн бодлогыг 2010 онд баталсан юм бол “Оросын төмөр замууд” нэгдэл яагаад шинэ төмөр замын 49-хөн хувь дотор бусад компанитай хуваалцан байж өрсөлдөх ёстой юм бэ гэсэн логик түүний Ерөнхий сайдтай ярих сэдвийн гол агуулга байх биз ээ.
В. Якунины зөв. Тэрбээр үндэслэлтэй санал хэлж байна. Шинэ төмөр замаа барих мөнгө танайд байхгүй юу, тэгвэл санхүүжилт өгье май, хө. Яагаад бид танай суурь бүтцийн 49 хувь дээр дангаараа орж болохгүй гэж, Монгол улс өргөн царигийн бодлоготой шүү дээ, өргөн цариг дээр явдаг хөдлөх бүрэлдэхүүнийг зөвхөн Орос, Беларусь хоёр танайд нийлүүлж чадна шүү, хө. Нэгэнт Оросын боомтуудаар нэвтрэх танай шинэ төмөр замын зураг гарсан байхад транзит тээврийн хэлэлцээр энэ тэр хэрэгтэй юү, тэгвэл болноо хө, бид 49 хувийг эзэмших нөхцөлд.
Ийм үндэслэлээр В. Якунин “Оросын төмөр замууд” нэгдлийн давуу талыг Ерөнхий сайдад тайлбарлана. Монгол улсын шинэ төмөр замын бүтээн байгуулалтад зориулан 7 тэрбум ам. долларын санхүүжилт гаргах боломжтой гэдгээ Оросын тал нэг бус удаа илэрхийлсэн юм. Өөрөөр хэлбэл, нөгөө мөрөөдлийн буюу Монгол орны зүүнээс баруунтаа, өмнөөс хойд чигт татах төмөр замыг тэр чигт нь санхүүжүүлэхэд бэлэн гэжээ. Энэхүү “бэлэн” загвар нь яг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хувь заяатай ихэр байх юм. “Улаанбаатар төмөр зам” нь суурь бүтэц ба хөдлөх бүрэлдэхүүний хувьд В. Якунины РЖД-ийн бүрэн хамааралд байгаа. Харин шинэ зам нь суурь бүтцийн хамааралтай болно гэсэн үг.
Хуучин төмөр замынхаа хувь заяаг шинэ буюу мөрөөдлийн зам дээрээ давтах болсон учиг сонин. Монгол улсын Засгийн газар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тогтоол гаргаж, шинэ замынхаа суурийг төрийн өмчийн “Монголын төмөр зам”-даа хариуцуулна хэмээн шийджээ. Ингэхдээ Концессийн гэрээ буюу дэд бүтцийн өртөг ихтэй бүтээн байгуулалтыг хувийн компаниудаар бариулж аваад, тодорхой хугацааны дараа төрд буцаан авдаг зарчмыг өөрчилж “монголчлохоор” шийдсэн юм. Төр төртэйгээ Концесс байгуулж, харин барих мөнгийг нь гадаадын компаниудаар гаргуулах арга бодож олов. Үр дүнд нь Монголын нутгийг хөндлөн ба уртааш хэрсэн 1800 км (нэг ба хоёрдугаар чиглэлийн) төмөр замын суурь бүтцийн 49 хувь аль нэг гадаадын компанийн өмчлөлд очих санхүүгийн схем гаргасан билээ.
Одоо тэрхүү схем дээр шинэ зодоон эхэлж байна. Яг Тавантолгой ордын Баруун Цанхийн олон улсын тендер хэмээх хариу нь гардаггүй, толгой гашилгасан бодлого шиг хоёрдугаар төөрдөг байшинг төмөр зам дээр гаргаад ирлээ. Баруун Цанхийн тендерээс болж Орос, Хятад улсуудтай муудалцах шахаж, Япон, БНСУ манайд маш их гомдсоноо ярьж дуусаагүй байхад дахиад төмөр зам дээр зодооны ринг шинээр босгохын учир юу вэ?
Их хэмжээний хөрөнгө оруулалт шаардагддаг дэд бүтцийн төслийг хувийн компаниудаар гүйцэтгүүлж, Концессийн гэрээний дагуу тодорхой хугацааны дараа төрд шилжүүлдэг механизмыг Монголд хэрэгжүүлэх гэж хууль хүртэл 2009 онд баталсан юмдаг. Хожим, үндэсний төмөр замын суурь бүтэц хэмээх ашигтай бизнес байгааг гярхай харсан улстөрчид мэндэлж, төрийг төртэй нь Концесс хийлгэх шийдвэр ийнхүү гарчээ. Мөнөөх хуульд ч нэмэлт засвар ороод, мөн чанар нь үгүй болов. “Монголын төмөр зам” ТӨҮГ нь охин компанитайгаа “концессдох”, зардлыг нь Засгийн бондноос, гадаадын сонирхогчдоос татах загвар гарч ирэв. Геополитик, геотөмөр зам хэмээх тоглоомыг монголчууд өөрсдөө бодож олсон бичил түүх ийм. Тоглоом хэдий болтол үргэлжлэхийг бүү мэд. Тавантолгой ордын Баруун Цанхийн тендер хэмээх тоглоомын дүрэм нь тавантаа өөрчлөгдсөн өрөг лугаа, сүүлдээ шүүгч, үзэгч ч үгүй болсон тендерийн түүх давтагдах вий гэсэн болгоомжлол байна.
Өдгөө “Монголын төмөр зам” төрийн өмчит үйлдвэрийн газар нь бондын мөнгөнөөс 55 сая ам. долларыг өнгөрсөн жилүүдийн өр төлбөрт зарцуулах зориулалтаар аваад байна. Шинэ төмөр замын ТЭЗҮ хийлгэсэн зардалд McKinsey компанид их хэмжээний төлбөр хийжээ. Гэвч McKinsey-ийн хийсэн ажил ТЭЗҮ биш, түүнээс авах зүйл бараг үгүй гэж “Монголын төмөр зам”-ын дарга асан М. Энхсайхан хэлсэн удаатай.
“Монголын төмөр зам”-ын өөр хийсэн ажил нь хоёрдугаар сарын эхээр Зөвлөх компанийн тендер зарласан. Хуулийн, Санхүүгийн, Техникийн гэсэн гурван мундаг зөвлөх авах аж. Энэ мэт зардал нэмэгдэж, Засгийн газрын шийдвэрээр 200 сая ам. долларыг бондын мөнгөнөөс авах болжээ.
Орос улс том бодлоготой. Тиймээс В. Якунин энэ удаа зөвхөн Тавантолгой-Сайншанд чиглэлийн зам мэтийг ярьж Монголд ирэхгүй болов уу. ОХУ-Хятад улсын хооронд ачаа тээвэрт нэн чухал босоо чиглэлийн төмөр замын шинэ шугамуудын талаар ч саналаа хэлэх биз ээ. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд, хоёр хөршийн хооронд үр дүнтэй яриа хэлэлцээр өрнөж, шинэ төслүүд хэрэгжихэд бэлэн болсон. Монголчуудыг тэдгээр төсөлд оролцвол оролц, үгүй бол тойроод явлаа гэсэн хандлага хойд, өмнөд хоёр хөршөөс сүүлийн үед тодорхой харагдах болжээ. Баруун Цанхийн тендерийн хоёрдугаар хувилбар Монголын уул уурхайн шинэ төмөр замд давтагдах вий гэсэн болгоомжлол байна.